Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 00092

 

 

 

 

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00092

 

 

И.Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/02670 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И.Хын хариуцагч Г.Е.Гт холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 16 958 324 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвадулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Х нь Г.Е.Г даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/312 тушаалаар Ухаа худаг дахь Гаалийн салбарын эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан. Гэтэл Г.Е.Г даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/626 дугаар тушаалаар түүнийг Ухаа худаг дахь гаалийн салбарын эрхлэгчийн албан тушаалын үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлж, мөн өдрөөс Шивээхүрэн дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажил, албан тушаал, ангилал, зэрэглэл, цалинг бууруулан томилсон. Г.Е.Г даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/626 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, Ухаахудаг дахь Гаалийн салбарын эрхлэгчийн ажил албан тушаалд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин бусад нэмэгдлүүдийг нөхөн олгуулах талаар нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Тус шүүх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зуйлийн 11.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Г.Е.Г даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/626 дугаар тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дээрх хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол Г.Е.Г даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/626 дугаартай тушаалыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Г.Е.Г нь шүүхийн шийдвэр гарснаас хойш 3 сарын хугацаанд шинээр ямар нэгэн акт гаргаагүй төдийгүй И.Хыг хуучин ажилд нь буцаан ажиллуулаагүй олон cap хүлээлгэсний эцэст Г.Е.Г даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/123 тоот тушаалаар 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс Улаанбаатар хот дахь Гаалийн газарт Гаалийн улсын байцаагчаар ажил, албан тушаал, ангилал, зэрэглэл, цалинг бууруулан томилсон. Одоогоор И.Х нь дээрх ажил албан тушаалыг гүйцэтгэж байна. Иймд И.Хын ажилгүй байсан 2019 оны 02 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг гаргуулна. Үүнд: 2019.03.01-нээс 2020.01.01-нийг хүртэл нэг сарын үндсэн цалин 845,212 төгрөг, нэмэгдэл цалин 65% буюу 549,387 төгрөг бүгд нэг сарын цалин 1,394,599 төгрөг х 10 сар=13,945,990 төгрөг, 2020.01.01-нээс үндсэн цалин нэмэгдэж 912,329 төгрөг болсон ба нэмэгдэл цалин 65% буюу 593,338 төгрөг. Нэг сарын цалин 1,506,167 төгрөг х 2 сар=3,012,334 төгрөг, Нэмэгдэл цалин буюу 65%-ийн задаргааг тооцбол: Төрийн тусгай албаны 10%, Хил дээр ажилласны 25%, Үр дүнгийн 15%, Улсад ажилласан жилийн 15% нийт 13,945,990 төгрөг + 3,012,334 төгрөг = 16,958,324 төгрөг, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтийг хийлгэж дэвтэрт бичилт хийлгэх шаардлага гаргасан ба 3 дугаар сарын 19-нийг хүртэлх 19 өдрийн цалин 953,905 төгрөгийг тооцож нэмээгүй дутуу бичсэн байх тул үүнийг нэмэгдүүлж, нийтдээ 17,912,229 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвадулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн И.Хын тус шүүхэд гаргасан Г.Е.Гт холбогдох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4 дэх хэсэгт батлагдсан төсөв, сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан агентлагийн орон тоо, цалингийн санг тогтоох гэж заасан байдаг. Гаалийн байгууллага нь улсын төсвөөс санхүүждэг төрийн байгууллага тул Г.Е.Г дарга тухайн жилд батлагдсан төсөв, бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан ажилчдын цалин хөлсийг тогтоон томилдог. И.Х нь Г.Е.Г даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/626 дугаар тушаалаар Г.Е.Г харьяа Гашуунсухайт дахь гаалийн газрын Ухаа худаг дахь гаалийн салбарын эрхлэгчээс Шивээхүрэн дэх гаалийн газрын Гаалийн улсын байцаагчаар томилсон болохоос ажлаас нь чөлөөлөөгүй болно. И.Х нь Г.Е.Г даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/626 дугаар тушаалын дагуу 2 cap ажилласан боловч 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажил албан тушаалаа эрхлээгүй буюу ажиллаагүй нь Гаалийн ерөнхий газраас ажил олгоогүй бус харин иргэн И.Х нь үндэслэлгүйгээр ажил тасалсан гэж үзнэ. Үндсэн хуулийн 17 дүгээр зүйлийн 17.2 дахь заалтад Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн, Захиргааны ерөнхий хуульд Төрийн байгууллага тасралтгүй, шуурхай байхаар тус тус заасан. Гэтэл төрийн жинхэнэ албан хаагч болох И.Х нь ажил хөдөлмөр эрхлэлгүй амралтын байдалтай дээрх хугацаанд өөрөө ажлаа хаяж, дур мэдэн явчихаад, эрх нь зөрчигдсөн нэрээр Гаалийн ерөнхий газрыг буруутган Төрийг хохироож ямар нэгэн ажил эрхлээгүй, хөдөлмөрлөөгүй байж ажилгүй байсан хугацааны цалин буюу дээрх нийт хугацааны цалинг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3-д зааснаар Төрийн албан хаагчийн цалин хөлс нь Тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн нэмэгдлээс бүрддэг. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Төрийн тусгай албаны 10%, үр дүнгийн 15%, улсад ажилласан жилийн 15%-ийн нэмэгдэл цалин Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжид огтоос тусгагдаагүй байна. Иймд иргэн И.Хын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Гаалийн ерөнхий газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 17,798,974 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И.Хт олгож, нэхэмжлэлийн үлдэх 113,255 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч И.Хын ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл, мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу даатгуулж, холбогдох даатгалын дэвтэрт бичилт хийхийг Г.Е.Гт хариуцуулж, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,742 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 246,945 төгрөгийг гаргуулж, 4,203 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, үлдэх 242,742 төгрөгийг нэхэмжлэгч И.Хт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлаж, түүндээ дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4-т батлагдсан төсөв, сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан агентлагийн орон тоо, цалингийн санг тогтоох гэж заасан. И.Х нь 2019 оны 3 сарын 01-ний өдрөөс хойш ажил албан тушаалаа эрхлээгүй буюу ажиллаагүй нь Гаалийн ерөнхий газраас ажил олгоогүй бус харин нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр ажил тасалсан. Төрийн жинхэнэ албан хаагч болох И.Х нь ажил хөдөлмөр эрхлэлгүй амралтын байдалтай дээрх хугацаанд өөрөө дур мэдэн явчихаад, эрх нь зөрчигдсөн нэрээр Гаалийн ерөний газрыг буруутган Төрийг хохироож ямар нэгэн ажил эрхлээгүй, хөдөлмөрлөөгүй байж ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.Хишигбаяр нь хариуцагч Г.Е.Гт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 16 958 324 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 953 905 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 17 912 229 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтийг хийлгэж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Ц.Хишигбаяр нь Г.Е.Г Ухаа худаг дахь гаалийн салбарын эрхлэгчээр ажиллаж байгаад, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/626 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 524 дугаар шийдвэрээр, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/626 дугаар тушаалыг дахин шинэ акт гаргаагүй бол Г.Е.Г даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/626 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн нь зохигчдын тайлбар, шүүхийн шийдвэр зэрэг баримтуудаар тус тус тогтоогдсон. /хх 1-2, 4-7/

            Иргэний хэрэг шүүхэд хяиан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

            Хариуцагч Г.Е.Г даргын 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/123 дугаар тушаалаар И.Хыг Улаанбаатар хот дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилсон, уг ажил албан тушаалд ажилтан ажиллаж байгаа зэрэг нь  зохигчдын тайлбараар нотлогдсон ба энэ талаар талууд маргаагүй. Нэхэмжлэгч урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлээ 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гурван сарын хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.  /хх9-10/

            Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах учиртай. Нэхэмжлэгч нь 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гэхэд гомдлоо гаргах байтал гаргаагүй, хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн болон уг хугацаа тасалдсан, сэргээх хүсэлт гаргасан талаар баримт хэрэгт авагдаагүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/02670 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч И.Хын  хариуцагч Г.Е.Гт холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 17 912 229 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтийг хийлгэж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Г.Е.Г нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

                                       ШҮҮГЧИД                                Г.ДАВААДОРЖ

                                                                                       Б.НАРМАНДАХ