Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2024/0865

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А*******” ХХК, РД:2*******, захирал Б.Б*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э*******, Ж.Б*******

Хариуцагч: Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн М эмнэлэг, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, өмгөөлөгч Д.Б,

Хариуцагч: Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн М эмнэлгийн үнэлгээний хороо, дарга Д.Эр,

Гуравдагч этгээд: “Г” ХХК, РД:, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р нарын хоорондын “Манай компанийн тендерээс тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д заасан шаардлагыг хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлж хийгээгүй гэж үзэж байгаа тул Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мы эмнэлгийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 697 дугаар мэдэгдэл болон шалгарсан “Г” ХХК-д олгосон гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б*******, хариуцагч Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн М эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, түүний өмгөөлөгч Д.Б, хариуцагч Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн М эмнэлгийн үнэлгээний хорооны дарга Д.Эр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн М эмнэлгээс 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “Бичиг хэргийн материал худалдан авах” Багц-2 “Принтерийн хор нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” тендер шалгаруулалтын зарлаж, “А*******” ХХК-д 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 610 тоот мэдэгдлээр “... сонгон шалгаруулах тендерт ирүүлсэн танай компанийн тендерийн баримт бичгийн дараах шаардлагыг хангаагүй байна” гэсэн,

1.2. Сангийн яамны 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 03/5600 тоот албан бичгээр “... захиалагчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 606 болон 610 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж байна. Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтыг үндэслэн мэдэгдье” гэж захиалагчид мэдэгдсэн.

1.3. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн М эмнэлгээс 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 697 дугаар албан бичгээр “А*******” ХХК-д “...танай компанийн ирүүлсэн ижил төстэй ажлын туршлагад 2022.05.31-2023.03.16 хугацаанд Ттай 519,696,000 төгрөг, 2023.01.02-2024.01.02 хугацаанд Г******* ХХК-тай 148,673,000 төгрөг гэрээний туршлага, захиалагчийн тодорхойлолт ирүүлсэн боловч гэрээний хэрэгжилт буюу гэрээг дүгнэсэн акт ирүүлээгүй, барааг нэр төрөл тоо хэмжээгээр хүлээн авсан бараа хүлээлцсэн акт ирүүлсэн нь шаардлага хангахгүй байна” гэж дахин мэдэгдсэн.

1.4. “А*******” ХХК-иас 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мы эмнэлгийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 697 дугаар мэдэгдэл болон шалгарсан “Г” ХХК-д олгосон гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.       

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч “А*******” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Тус компани нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мы эмнэлгээс 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зарласан АШУҮИСЭ/20240102001 дугаартай Бичиг хэргийн материал худалдан авах тендер шалгаруулалтын “Багц №2: Принтерийн хор”-д оролцсон болно. Уг тендер шалгаруулалт нь 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нээгдсэн ба тендерт 4 компани буюу Ш******* ХХК, А******* ХХК, Г ХХК, Т******* ХХК-иуд оролцсон. Энэхүү тендер шалгаруулалтын эхний үнэлгээгээр манай компанийн тендерийг шаардлага хангахгүй гэж үзэж татгалзсан ба энэ тухай Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мы эмнэлгээс 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 610 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн бөгөөд тендерт “Г” ХХК шалгарсан болно.

Бид дээрх 610 дугаар мэдэгдэлд дурдсан манай компанийг тендерийн 1 шаардлагыг хангаагүй гэж татгалзсаныг үндэслэлгүй гэж үзэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу Сангийн яаманд хуулийн хугацаанд нь буюу 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан.

Сангийн яам гомдлыг хянан үзээд 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 03/5600 дугаар шийдвэрээр захиалагч буюу Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мы эмнэлгийн шийдвэр үндэслэлгүй тул хуулийг зөрчсөн гэж үзэн, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59.10.2 дахь заалтыг үндэслэн мэдэгдсэн. Энэ шийдвэрийн дагуу Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мы эмнэлэг тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 697 дугаар мэдэгдлээр мөн манай компанийн тендерээс татгалзаж шийдвэрлэсэн. Энэхүү 697 дугаар мэдэгдэлд эхний тендер шалгаруулалтын үнэлгээгээр татгалзсан шалтгааныг яг хэвээр нь бичээд зөвхөн он, сар, өдрийг өөрчлөөд ирүүлсэн болно.

Гэтэл энэхүү мэдэгдэлд дурьдсан шалтгаанаар манай компанийн тендерийг шаардлага хангаагүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэдгийг Сангийн яам 03/5600 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн байтал үл тоож дахин өөрсдийн шийдвэрээ үндэслэлгүй гаргасан байна. Сангийн яамны 03/5600 дугаар шийдвэрээр манай компанийн тендерээс татгалзсан нь үндэслэлгүй гэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.9-д “... Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасны дагуу манай компанийн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь захиалагч тендерийн 1 шаардлагыг л хангаагүй гэж үзсэн ба түүнийг Сангийн яам үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн болно.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох” гэж заасан. Гэтэл манай компанийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үнэлснээр энэ хуулийн заалт мөн зөрчигдөж, “Хамгийн сайн” тендер ирүүлээгүй оролцогчид буюу үнийн санал өндөр оролцогчид гэрээ байгуулах эрх олгосноор бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

Бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгаа тайлбар:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “... Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж, мөн хуулийн 27-р зүйлийн 27.1-д “... Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ” гэж тус тус заасан. Гэтэл манай компанийн тендерийг хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу “Хянан үзэх” үе шатанд тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д заасан шаардлагыг хангаагүй гэж хууль бусаар татгалзсанаар хуулийн 27 дугаар зүйлд заасан “Тендер үнэлэх” үе шатанд үнэлэгдэхгүй гэсэн үг юм.

Өөрөөр хэлбэл, ингэснээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1.3-т “... шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж заасны дагуу манай тендерээс татгалзахаар болж байгаа юм.

Гэтэл бид Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 18.1-д “... Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага:” “Шаардлагатай” “2022, 2023 онуудын аль нэг жилд тухайн багцын батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 80 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ доод тал нь 1 удаа нийлүүлсэн байх. Туршлагад гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолт ирүүлнэ. Тухайн багцад орсон нэр төрлийн барааг туршлагад тооцно” гэж заасны дагуу ижил төстэй ажлын шаардлагыг хангах доорх баримт материалын хуулбарыг илгээсэн болно. Үүнд:

1. Ттай 2022 онд байгуулсан “Принтерийн хор нийлүүлэх” ТБ/202201157-1689 дугаартай 519,696,000 төгрөгийн гэрээ, уг гэрээний “бараа ажил, үйлчилгээ хүлээлцэх акт”, гэрээний үүргээ биелүүлсэн болохыг тодорхойлсон захиалагчийн тодорхойлолт;

2. “Г*******” ХХК-тай 2023 онд байгуулсан “Принтерийн хор” нийлүүлэх 20830012 дугаартай 148,673,000 төгрөгийн гэрээ, уг гэрээний “бараа хүлээлцэх акт”, гэрээний үүргээ биелүүлсэн болохыг тодорхойлсон захиалагчийн тодорхойлолт;

Энэхүү “Багц №2: Принтерийн хор”-ын төсөвт өртөг 83,873,000 төгрөг бөгөөд 80 хувь нь 67,098,400 төгрөг болно. Иймд манай ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний үнийн дүн, тухайн багцад нийлүүлэх барааны нэр төрөл, зориулалт, холбогдох нотлох баримтууд тендерийн шаардлагыг хангаж байгаа болно.

Мөн Сангийн яамны 03/5600 дугаар шийдвэрт “... “А*******” ХХК-ийн тендерт 2022 оны “Принтерийн хор нийлүүлэх” ТБ/202201157-16/89 дугаартай 519.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ, бараа хүлээлцсэн акт, захиалагчийн тодорхойлолт, 2023 оны “Худалдах, худалдан авах” 20830012 дугаартай 148.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ, бараа хүлээлцсэн акт, захиалагчийн тодорхойлолт зэрэг материалын хуулбарыг хавсарган ирүүлсэн байхад тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн дээр дурдсан шаардлагыг хангаагүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна” гэж шийдвэрлэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 606 болон 610 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтыг үндэслэн мэдэгдсэн.

Мөн Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 1.3-т “... Гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ” гэж заасан байна.

Гэтэл Сангийн яамны шийдвэрийг биелүүлэлгүй, тендерийг хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэлгүй дахин хийж, манай компанийн тендерээс татгалзсанаар бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, “Тендер үнэлэх” үе шатанд тендерт санал болгосон үнээр өрсөлдөх боломжийг хааж байна. Тодруулбал, хянан үзэх үе шатанд тендерээс татгалзсанаар тендер үнэлэх үе шатанд үнээр өрсөлдөх боломжгүй болдог.

Энэ нь манай компанийн тендерээс адил шалтгаанаар хоёр удаа татгалзаж, өмнөх шалгарсан “Г” ХХК-д дахин гэрээ байгуулах эрх олгосон үйл явдал тул бид Сангийн яаманд дахин гомдол гаргах эрхгүй байна.

Иймд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59.5-т “... Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 59.3, 59.4-т заасан шаардлагыг хангахгүй, эсхүл шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана” гэж, мөн Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 4.5-д “... Хуулийн 28.1.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрөх тухай гомдлыг Сангийн яам хянан шийдвэрлэснээр тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийхийг даалгасан нөхцөлд захиалагч өмнөх оролцогчид дахин гэрээ байгуулах эрх олгосонтой холбоотой гомдлыг хуулийн 59.5-д зааснаар шийдвэрлэж хариу өгсөн асуудал гэж үзэж, хүлээн авахаас татгалзаж буцаана” гэж, мөн журмын 4.6-д “... Сангийн яам энэ журмын 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5-д заасныг зөрчсөн гомдлыг хуулийн 59.5-д заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзаж буцаана” гэж тус тус заасны дагуу шүүхэд гомдол гаргаж байна.

Шалгарсан “Г” ХХК-д олгосон гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийн огноо, дугаартай холбоотой тайлбар:

Энэхүү тендер шалгаруулалтын дахин үнэлгээний үр дүн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 14:58 минутад төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/-д нийтлэгдсэн бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.3-т “... Захиалагч энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг цахим системд нийтэлснээр мэдэгдсэнд тооцно” гэж, мөн хуулийн 28.2-т “... Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж, оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ” гэж тус тус заасан.

Иймд дээрх цаг минутад манай компанийн тендерээс татгалзсан 697 дугаар мэдэгдэл болон шалгарсан “Г” ХХК-д олгосон гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл нэгэн зэрэг гарсан гэсэн үг. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хугацаа хэтрээгүй болно. Үр дүн нийтэлсэн огноог /tender.gov.mn/ цахим системээс шалгах боломжтой болно.

Оролцогч компани болгон /tender.gov.mn/ цахим системд нэвтрэх нэр, нууц үгээр нэвтэрдэг бөгөөд тэрхүү өөрсдийнх нь систем рүү шалгарсан шалгараагүй мэдэгдлүүдийг PDF файлаар илгээдэг тул бид шалгарсан “Г” ХХК-ийн систем рүү нэвтэрч, гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийн огноо, дугаарыг харах боломжгүй.

Гомдол хянан шийдвэрлэх байгууллагууд болох Сангийн яам болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрууд гомдлыг хянахдаа Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “... Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 3.7, 5.4, 5.5, 5.6-д заасны дагуу тендер шалгаруулалтын хувийн хэргийн баримт бичигтэй цахим системээр танилцах эрхтэй байдаг ба цахим системд байршуулсан баримт бичигт үндэслэн гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаг.

Иймд Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/248 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “... Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам”-ын 3.2.5-д “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112.10-т зааснаар цахим системд байршуулсан баримт бичгийг шинжлэн судлах хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүсэлт, эсхүл захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн шүүгчийн захирамжид үндэслэн тухайн тендер шалгаруулалтын дугаар, зарлал, урилгын мэдээллийн дагуу цахим системд нэвтрэх эрх олгох” гэж заасны дагуу шүүхээс цахим системд нэвтэрч, шалгарсан “Г” ХХК-д олгосон гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийн огноо, дугаартай танилцах ажиллагааг явуулж өгнө үү.

Дээр дурдсаны дагуу бид манай компанийн тендерээс тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д заасан шаардлагыг хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлж хийгээгүй гэж үзэж байгаа тул Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мы эмнэлгийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 697 дугаар мэдэгдэл болон шалгарсан “Г” ХХК-д олгосон гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлд “Техникийн чадавх болон туршлагын шаардлага”, 17.2-т “бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх тендер шалгаруулалтын хувьд сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд нийлүүлсэн бараа, үзүүлсэн үйлчилгээний жагсаалт, тэдгээрээс ижил төстэй бараа, үйлчилгээний өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт” гэсэн зүйлийг шаардаж болдог. Манай нотлох баримт бараа, үйлчилгээний өртөг, хугацаа, байршил нь бараа нийлүүлсэн акт. Гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт нь харилцагч байгууллагын тодорхойлолт нотолж байгаа. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана”, 15.4-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол захиалагч гэрээний үүргийн гүйцэтгэлд үл хамаарах шаардлагыг тендер шалгаруулалтын баримт бичигт заахыг хориглоно” гээд тодорхой заасан байна. Хариуцагчийн шаардаж байгаа зүйл нь гэрээ дүгнэсэн акт, харилцагч байгууллагын тодорхойлолт хоёр нь нэг зүйл, аль нэгийг нь өгөхөд гэрээний үүргээ гүйцэтгэсэн болохыг нотлох баримтад авдаг учраас Сангийн яам манай талд шийдвэрээ гаргасан” гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн М эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

“Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мы эмнэлгийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 697 дугаар мэдэгдэл болон шалгарсан “Г” ХХК-д олгосон гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Захиалагчийн зүгээс “Бичиг хэргийн материал худалдан авах тендер шалгаруулалтын баримт бичиг ТШЗ-ийн 18.1-д “... Туршлагад гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолт ирүүлнэ” гэж үнэлгээнд харгалзах шалгуур үзүүлэлтийг салаа утга агуулаагүй, ойлгомжтой, үг, үсэг тодорхой тусгасан байна.

Гэтэл тус шүүхэд нэхэмжлэл гаргасан “А*******” ХХК нь тендерийн материалдаа гэрээ дүгнэсэн актыг бус бараа хүлээлцсэн тооцоо нийлсэн баримтыг ирүүлсэн байх тул шаардлага хангаагүй гэж үзсэн үнэлгээний хорооны хүчин төгөлдөр шийдвэр дээр үндэслэж захиалагчийн гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч гэрээ дүгнэсэн акт гэдэг дээр “Бараа, ажил хүлээлцэх” баримтыг ирүүлсэн байх бөгөөд энэ нь гэрээтэй холбоотой ямар заалтыг бүрэн хангасан, гэрээний заалтыг зөрчсөн эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй, эргэлзээтэй байсан. А******* ХХК нь зарласан тендерт “Бараа ажил хүлээлцэх акт” гэсэн яг адил баримт ирүүлсэн байх бөгөөд манай тендерт зориулж өөрсдөө хийж оруулж ирсэн нөхцөл байдал тогтоогдохоор байх бөгөөд цахим системд гарын үсэг, тамга, тэмдгийг хуурамчаар бүрдүүлсэн илэрхий алдаа зөрчил байх тул тухайн баримтуудыг хуулийн дагуу гэж дүйцүүлэн болон үнэлгээнд харгалзан үзэх боломжгүй болно.

Маргаад байгаа бараа ажил хүлээлцэх актын “Жич: Актыг бүрэн бөглөнө. Гүйцэтгэгч байгууллага болон Хүлээн авсан салбар нэгжийн нэршил, ажилтан, гарын үсэг, утасны дугаарыг тодорхой бичиж, тамга тэмдгээр баталгаажуулан. Аль нэг талбар дутуу бөглөгдсөн, зөрүүлсэн тохиолдолд хүчингүй болно” мөн бараа ажил хүлээлцэх актад хүлээн авсан талын тамга тэмдэг байхгүй баталгаажаагүй байна.

Тэгэхээр үнэлгээний хороо болон захиалагчийн шийдвэр хууль тогтоомж, дүрэм, журам, заавар зөрчсөн үндэслэл нотлогдохгүй байх тул захиалагч шийдвэрээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1 дүгээр зүйлийн 28.1.1 хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгосон, хуулийг төсөөтэйгөөр тайлбарлаж буцаан хэрэгжүүлэх боломжгүй юм. Уг зарласан тендерт 4 аж ахуйн нэгж оролцсон байх бөгөөд нэхэмжлэгчийн маргаад байгаа нотлох баримттай ижил бараа, ажил тооцоо нийлсэн актыг явуулаад танай шаардсан гар дүгнэсэн акт илгээсэн гэж маргаж байгаа оролцогч байхгүй болохыг дурдаж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх илгээ боломжтой, ил тод, үр ашигтай, хариуцлагатай байх зарчмыг баримтална заасны дагуу оролцогчийг өрсөлдөх тэгш боломжоор хангаж захиална гэж байгуулсан үнэлгээний хорооны гишүүд шийдвэрээ илээр санал хурааж хурлын Тэмдэглэл үйлдэж бүгд гарын үсгээ зурж баталгаажуулан хүчин төгөлд шийдвэр гаргасан байна. Тендерийн хянан үзэх үе шатанд үнэ яригдахгүй бөгөөд тендерийн үндсэн шаардлага болох хуулийн 15, 16, 17 дугаар зүйлүүдийг хангасан эсэхийг хянан үзэж шаардлагад нийцсэн эсэхийг үнэлж үздэг болно.

Тендерт оролцогч төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцан гэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/254 дүгээр тушаалын хавсралт Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журмын гурав. Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, гишүүний эрх, үүрэг, урамшуулал 3.2. Захиалагч, түүний томилсон үнэлгээний хорооны гишүүд хуулийн 52.2 дугаар зүйлд заасан үүргийг хүлээх ба худалдан авах ажиллагаанд холбогдох хууль, журам, аргачлал, зааврыг дагаж мөрдөн гэх заалтыг мөрдөж ажилласан. Өөрөөр хэлбэл А******* ХХК нь бага үнэ санал болсноор шалгарах үндэслэл болохгүй бөгөөд удаа дараа гомдол гаргаснаар захиалагчийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байна. Гэрээ бол талуудын хүсэл зоригийн илэрхийлэл гэрээ дүгнэсэн акт талуудын хүсэл зоригийн илэрхийллийг бүрэн баталгаажуулдаг болно.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1.Гэрээг тайлбарлах түүний үгийн шууд утгыг анхаарна гэх заалтыг иш татаж оруулав. Захиалагчийн зүгээс үнэлгээний хорооны шийдвэрийг баримт нотолгоогүй болон хувийн ашиг сонирхлын үүднээс шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх аливаа үйлдэл хийх хориотой байх тул нөлөөлөл оролцох боломжгүй үнэлгээний хорооны зөвлөмж дүгнэлтэд үндэслэж гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг гаргасан.

Сангийн яамны зүгээс дахин үнэлгээг хийх гэх шийдвэрийг гаргасан болохоос үнэлгээний хороог буруутай гэж үзээгүй байх тул Сангийн яамны албан бичиг үнэлгээний хорооны зөвлөмж дүгнэлтийг өөрчлөх үндэслэл болохгүй болно. Иймд нэхэмжлэгчийн захиалагчийн гэрээ байгуулах эрх болгох мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн М эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

““А*******” ХХК-тай манайх санал нийлэхгүй байгаа. Тендерийн үнэлгээний хороо хараат бус шийдвэр гаргадаг тушаалтай, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд хараат бус шийдвэр гаргана гээд хуулийн дагуу ажилладаг хороо байгаа. “А*******” ХХК бараа хүлээлцсэн аж ахуйн нэгжийн тодорхойлолтыг нийлүүлсэн байгаа, цахимаар илгээсэн байгаа.

“Г” ХХК нь гэрээ дүгнэсэн акт гэдэг өмнө нь аж ахуйн нэгжтэйгээ яаж хамтарч ажиллаж байсан талаар хоёр талын захирлын гарын үсэгтэйгээр баталгаажиж, хэдэн хувьтай нийлүүлж өссөн өмнөх гэрээний нийлүүлгийг хэдэн хувьтай бөглөсөн талаарх акт байдаг. Үүний захиалагчийн тодорхойлолтуудаа илгээсэн байсан. 

“А*******” ХХК-иас ирүүлсэн материалыг нь бараа хүлээлцсэн акт байгаа, уг акт нь тухайн гэрээг дүгнэсэн акт гэж үзэхгүй талаар үнэлгээний хороо үзсэн, үүнтэй санал нэг байгаа. Хэргийн материалын 37 дугаар хуудсанд байгаа Т нь н.Амаржаргал гэдэг хүний гарын үсгийг хуурамчаар бүрдүүлсэн байж болзошгүй асуудал гараад, гарын үсэг нь өөр байгаад байгаа. 47 дугаар хуудсанд гарын үсэгтэй тамга байгаа, хэн гэдэг хүмүүс нь хоорондоо нэр байх ёстой, гэтэл үүнийг хуурамчаар материал бүрдүүлсэн байж болзошгүй гэдэг асуудлыг тавиад байгаа. Сангийн яам яагаад үүнийг бараа хүлээлцсэн актыг гэрээ дүгнэсэн акт гэж үзсэнийг ойлгохгүй байна, уг 2 акт өөр бичиг баримт.

Манайхтай холбоотой Анагаах ухааны шинжлэх ухааны их сургуулийн Мы эмнэлэг “А*******” ХХК нэхэмжлэл үүсгээд байгааг шүүх хүлээж авч хэрэгсэхгүй болгох дүгнэлт гаргаж өгөхийг хүсэж байна.” гэв.

3.3. Хариуцагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн М эмнэлгийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“Хариу тайлбарт бараа, тооцоо нийлсэн акт гэдэг тусдаа, хэдэн ширхэг бараа нийлсэн талаар акт байгаа. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 18.1-д туршлагад гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт гээд таслал тавиад захиалагчийн тодорхойлолт зэрэг ирүүлнэ гэж үнэлгээнд харгалзах шалгуур үзүүлэлтийг салаа утга агуулгагүй ойлгомжтой үг, үсэг тодорхой тусгасан байна. Иймд тухайн тендерт оролцогч материалаа илгээхдээ гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолт, гэрээг ирүүлнэ. Учир нь гэрээ гэдэг талуудын хүсэл зоригийн илэрхийллийн үндсэнд хийгдсэн, гэрээ дүгнэсэн актад зохих ёсоор гүйцэтгэсэн эсэхийг үг, үсэг, өгүүлбэр нь гэрээний дүгнэсэн актад орж өгдөг хоёр талын хооронд. Бараа хүлээлцэх актаас зохих ёсоор гүйцэтгэсэн, гэрээний үүргээ цаг хугацаанд нь биелүүлсэн, тухайн баталгаа засварын хугацааг тогтоосон эсэх гэдэг нь гэрээ дүгнэсэн актын нэг. Иймд үнэлгээнд харгалзах шалгуур үзүүлэлтийг үнэлгээний хороо өөрсдөө шийдээд, үүний дагуу баталж өгсөн тохиолдолд захиалагч ямар нэг байдлаар хөндлөнгөөс оролцохгүй. Сангийн яам урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн, гэтэл Сангийн яам хууль зөрчөөд та нар тухайн тендер шалгаруулалтыг хүчингүй хий гээгүй. Иймд буцаж дахин үнэлгээ хийх гэхэд дахин үнэлгээ хийж, шийдвэрийг хэвээр баталсан. Ийм тохиолдолд захиалагч үндэслэлгүйгээр үнэлгээний хорооны шийдвэрийг урьдчилж болдоггүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн тавиад байгаа асуудал нь гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүчингүй болгуулах, үнэлсэн дүгнэлтийг хүчингүй болгох гэж байгаа. Захирагчийн зүгээс нэхэмжлэгч талын гомдол гаргасантай холбоотойгоор удаа дараа үнэлгээний хорооны материалыг татаж авч, хуульд заасан үндэслэлийн дагуу үнэлгээний хорооны шийдвэрийг дахин хуралдуулаад үзсэн ч энэхүү шийдвэрийг өөрчлөх үндэслэл байхгүй байна гэж дүгнэж шийдсэн. Үүнтэй холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн зарчимд тендерт оролцогч нь өөрсдөө хариуцлагатай байх үүргээ биелүүлээгүй байна гэж үзэж байна. Гэрээтэй холбоотой асуудлыг Иргэний тухай хуулийн 198 дугаар зүйлд үг, үсэг, утга заасан байгаа. Үүнд шалгуур үзүүлэлтийн салаа утга агуулаагүй ойлгомжтой байх, үг, үсэг тодорхой тусгасан байна гэж заасан байгаа. Үүний хүрээнд гэрээ дүгнэсэн акт гэж үзээгүй, бараа, хүлээлгийг авсантай холбоотойгоор баримт үлдсэн байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Мөн Цахим гарын үсгийн тухай хуульд цахимаар илгээж байгаа баримт нь эх хувиараа Пи Ди Эф программаар ирэх болохоос хайчилсан зүйлийг илгээж болохгүй талаар тендер шалгаруулалтын зааварчилгаанд оролцогчдын санамж болгоод бэлтгэх санамж гээд тодорхой дурдсан байгаа. Санамжийг уншаад бэлтгээд орвол оролцогч нь гэрээ дүгнэсэн актыг тухайн захиалагчийн тавьсан нөхцөл, шаардлагад өөрчлөөд оролцох үүргийг биелүүлээгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасныг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

3.4. Хариуцагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн М эмнэлгийн захирлын А/23 дугаар тушаалаар байгуулагдсан Тендерийн үнэлгээний хорооны дарга Д.Эр шүүхэд бичгээр ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн М эмнэлэг нь бичиг хэргийн тендер зарлахаар 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн А/23 тоот тушаалаар үнэлгээний хороо байгуулан ажилласан. 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр зарласан принтерийн хор нийлүүлэх тендерт 4 компани оролцсон. Үнэлгээний хороо нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хурлын шийдвэрээр Г ХХК нь бичиг баримтын зөрчилгүйгээр тус тендерт шалгарсан., А******* ХХК, Т******* ХХК, Ш******* ХХК-иуд нь бичиг баримт дутуу илгээсэн, бичиг баримтын зөрчилтэй тул тус үнэлгээний хорооны 100% шийдвэрээр дээрх компаниуд тэнцээгүй. Тэнцээгүй шалтгаан нь оролцогчид гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй бараа хүлээлцсэн акт ирүүлээгүй байсан. А******* ХХК нь сангийн яаманд гомдол гаргаж сангийн яамнаас 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дахин хуралдаж бичиг баримт нягтлан үзэж бичиг баримтын зөрчилтэй байгаа гэж 100% шийдвэр дүгнэлт гаргасан. Үүнд: А******* ХХК нь

1. Гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй.

2. Бараа хүлээлцсэн актын гарын үсэг зөрүүтэй, хүлээн авсан хүлээлгэж өгсөн хүмүүсийн нэр болон албан тушаал тодорхойгүй (ТШЗ 18.1-д бараа хүлээлцсэн акт ирүүлэхийг шаардаагүй болно) иймд А******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            1. “А*******” ХХК-иас “...Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мы эмнэлгийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 697 дугаар мэдэгдэл болон шалгарсан “Г” ХХК-д олгосон гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...хуулийн 15 болон 17.2-т заасан шаардлагыг манай байгууллага хангасан, хуулийн 15.4-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол захиалагч гэрээний үүргийн гүйцэтгэлд үл хамаарах шаардлагыг тендер шалгаруулалтын баримт бичигт заахыг хориглоно гэж тодорхой заасан байхад манай байгууллагын тендерээс татгалзсан нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

3. Маргааны үйл баримтын тухайд,

3.1. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн М эмнэлгээс 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “Бичиг хэргийн материал худалдан авах” Багц-2 “Принтерийн хор нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” тендер шалгаруулалтын зарлаж, “А*******” ХХК, “Т*******” ХХК, “Ш*******” ХХК, “Г” ХХК-иуд оролцсон байна.

3.2. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн М эмнэлгийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 610 тоот мэдэгдлээр “... сонгон шалгаруулах тендерт ирүүлсэн танай компанийн тендерийн баримт бичгийн дараах шаардлагыг хангаагүй байна” гэж нэхэмжлэгч хуулийн этгээдийн ирүүлсэн тендерээс татгалзсан.

3.3. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “А*******” ХХК-иас гаргасан гомдолд Сангийн яамны 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 03/5600 тоот албан бичгээр “... захиалагчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 606 болон 610 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж байна. Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтыг үндэслэн мэдэгдье” гэсэн хариу өгсөн.

3.4. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн М эмнэлгийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/23 дугаар тушаалаар байгуулагдсан тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 02-03 дугаартай хуралдаанаар “... “Г” ХХК тендерийн шаардлага хангасан тул гэрээ байгуулах эрх олгох, оролцогч-1 А******* ХХК болон Т******* ХХК ТШЗ 18.1 шаардлага хангаагүй, оролцогч-3 Ш******* ХХК үнийн санал маягтын дагуу ирүүлээгүй тул татгалзах мэдэгдэл тус тус захиалагчид хүргүүлэх”-ээр шийдвэрлэжээ.

3.5. Улмаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн М эмнэлгээс 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 697 дугаар албан бичгээр “А*******” ХХК-д “...танай компанийн ирүүлсэн ижил төстэй ажлын туршлагад 2022.05.31-2023.03.16 хугацаанд Ттай 519,696,000 төгрөг, 2023.01.02-2024.01.02 хугацаанд Г******* ХХК-тай 148,673,000 төгрөг гэрээний туршлага, захиалагчийн тодорхойлолт ирүүлсэн боловч гэрээний хэрэгжилт буюу гэрээг дүгнэсэн акт ирүүлээгүй, барааг нэр төрөл тоо хэмжээгээр хүлээн авсан бараа хүлээлцсэн акт ирүүлсэн нь шаардлага хангахгүй байна” гэж дахин мэдэгдсэн байна.

3.6. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн М эмнэлгийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 700 дугаар албан бичгээр “Г” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон.

 

4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана”, 15.4-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол захиалагч гэрээний үүргийн гүйцэтгэлд үл хамаарах шаардлагыг тендер шалгаруулалтын баримт бичигт заахыг хориглоно”, 17.3-т “Захиалагч энэ хуулийн 17.2-т заасан баримт бичгийн аль шаардлагатайг ирүүлэхээр тендер шалгаруулалтын баримт бичигт заана” гэж заасан ба захиалагчийн энэхүү үүрэг нь тендер шалгаруулалтыг зарлахаас өмнөх буюу тендерийн баримт бичиг боловсруулах үе шатанд хамааралтай байна.

5. АШУҮИСЭ/20240102001 дугаартай “Бичиг хэргийн материал худалдан авах тендер шалгаруулалтын баримт бичгийн “В. ТЕНДЕРТ БЭЛДЭХ” хэсгийн 18.1-д “Захиалагч санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг өгөгдлийн хүснэгтэд заах ба хуулийн 15 дугаар зүйлд заасныг баримтална”, “II БҮЛЭГ. ӨГӨГДЛИЙН ХҮСНЭГТ” хэсгийн ТШЗ 18.1-д “2022, 2023 онуудын аль нэг жилд тухайн багцийн батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 80 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ доод тал нь 1 удаа нийлүүлсэн байх. Туршлагад гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолт ирүүлнэ. Тухайн багцад орсон нэр төрлийн барааг туршлагад тооцно” гэж заажээ.

6. Маргааны тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь дээрх тендерийн баримт бичгээр тогтоосон шаардлагыг хүлээн зөвшөөрч оролцсон, өөрийн тендерийг захиалагчид хүргүүлсэн байх тул нэхэмжлэгчийн “15.4-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол захиалагч гэрээний үүргийн гүйцэтгэлд үл хамаарах шаардлагыг тендер шалгаруулалтын баримт бичигт заахыг хориглоно гэж тодорхой заасныг зөрчсөн” гэх тайлбар үндэслэлгүй, хэрэвзээ сонирхогч этгээдээс захиалагчаас зарласан тендерийн баримт бичиг хуулийн дээрх шаардлагыг хангаагүй гэж үзвэл тендер шалгаруулалтаас өмнө тодруулга авах, эсхүл эрх бүхий этгээдэд гомдол гаргах эрхтэй атал нэхэмжлэгч хуулийн этгээдээс уг эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

7. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл, хариуцагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн М эмнэлэг, тус эмнэлгийн үнэлгээний хороо нь маргаан бүхий 697 тоот актаар “А*******” ХХК-ийн тендерээс “гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй” гэх үндэслэлээр татгалзсан нь үндэслэлгүй, нэхэмжлэгч талын “...хуулийн 17.2-т заасан шаардлагыг манай байгууллага хангасан байхад тендерээс татгалзсан нь хууль бус” гэх агуулга бүхий тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна. Учир нь:

7.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”, 248 дугаар зүйлийн 248.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлно”, 248.2-т “Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэж зааснаас үзвэл, бараа худалдах, худалдан авах гэрээний хувьд гэрээ амжилттай хэрэгжсэн гэж үзэх нөхцөлийг талууд гэрээгээр тохиролцох агуулгатай байна.

7.2. “А*******” ХХК болон “Т” ХХК-ийн хооронд 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан “Принтерийн хор нийлүүлэх” ТБ/202201157-16/89 дугаар гэрээний ерөнхий нөхцөлийн 2.10-т “Нийлүүлэгч нь Барааг ГТН-д заасан нөхцөлөөр хүлээлгэн өгч, дагалдах үйлчилгээг бүрэн үзүүлж, баримт (хүлээлцсэн акт) үйлдэнэ”, гэрээний тусгай нөхцөлийн 2.10-т “ГЕН 2.10. Бараа хүлээлгэн өгөх нөхцөл: Нийлүүлэх бараа бүтээгдэхүүнийг зөвхөн ажлын өдрүүдэд 09-18 цагийн хооронд агуулахад хүлээн авна. Нийлүүлэгч нь Улаанбаатар хотын нэгжүүдийн хорыг өөрийн унаагаар Улаанбаатар хотын бүх тооцооны төв, салбаруудад барааг тараах, хүргэх. Орон нутгийн барааг захиалгын дагуу аймаг тус бүрээр ангилан баглах, савлаж нийлүүлэгч нь өөрийн унаагаар орон нутгийн ачаа тээврийн газар хүргэх ажлыг тус тус нийлүүлэгч тал бүрэн хариуцна. Бараанд холбогдох баримт бичиг: Бараа хүлээлцсэн акт, зарлагын баримт, Угсралт, суурилуулах: Үгүй” гэж заасны зэрэгцээ барааг захиалагчийн тухай бүрийн нэхэмжлэхээр нийлүүлэхээр тохиролцжээ.

7.3. Улмаар “А*******” ХХК-иас “Т” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг бүхий 2022 оны 06 дугаар сарын 09, 06 дугаар сарын 24, 07 дугаар сарын 29, 09 дүгээр сарын 20, 12 дугаар сарын 01, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрүүдэд бараа хүлээлцсэн актууд болон “Т” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 17/2457 тоот албан бичгээр ““А*******” ХХК нь ... барааг гэрээний хугацаанд нийлүүлж, хүлээлгэн өгсөн бөгөөд гэрээний үүргээ биелүүлсэн болно” гэх тодорхойлолтыг гаргаж захиалагчид хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

7.4. Энэ тохиолдолд “А*******” ХХК нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1 дэх заалтаар шаардсан туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаж байгааг нотлох баримтуудыг хүргүүлсэн байхад хариуцагч нараас “гэрээ дүгнэсэн акт” нэртэй баримтыг ирүүлээгүй гэх үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1.3-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзэн татгалзсан нь үндэслэлгүй.

7.5. Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-т заасан “бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх тендер шалгаруулалтын хувьд ... ижил төстэй бараа, үйлчилгээний ... гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт” гэдэг нь худалдах, худалдан авах гэрээний хувьд тухайн гэрээгээр тохиролцсон бараа хүлээлцсэн акт байж болохоор хуульд заасан байхад хариуцагч нь бараа худалдан авах тендер зарласан атлаа маягтын дагуу гэрээ дүгнэсэн акт ирүүлэхээр шаардах үндэслэлгүй.

 

8. Түүнчлэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор, захиалагчид гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тухай гомдлыг энэ хуулийн 57.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш ажлын таван өдрийн дотор тус тус хүлээн авна” гэж зааснаар Сангийн яам нь тухайн ажиллагааны хувьд гомдлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10-т зааснаар тендерт оролцогчийн гомдлыг хянан үзэж, захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл тендер шалгаруулалт, эсхүл захиалагчийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөлт оруулах, зөрчлийг арилган, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгах шийдвэр гаргах эрх хэмжээтэй.

9. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д “Энэ хуулийн 93 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага гомдлыг хянан үзээд дараах захиргааны актын аль нэгийг гаргана:”, 98.1.3-т “захиргааны байгууллагын татгалзсан шийдвэр, эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах”, 98.2-т “Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ” гэж хуульчилсан байхад хариуцагч нь Сангийн яамнаас 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 03/5600 дугаар шийдвэрээр “захиалагчийн 606, 610 тоот шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх”-ээр мэдэгдсэнийг хэрэгжүүлээгүй өмнө гаргасантай ижил агуулгаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн тендерээс татгалзсан байх тул маргаан бүхий актуудыг хууль бус гэж үзэх үндэслэлтэй.

10. Маргааны тохиолдолд гомдлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагаас “... “А*******” ХХК-ийн тендерт 2022 оны “Принтерийн хор нийлүүлэх” ТБ/202201157-16/89 дугаартай 519.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ, бараа хүлээлцсэн акт, захиалагчийн тодорхойлолт, 2023 оны “Худалдах, худалдан авах” 20830012 дугаартай 148.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ, бараа хүлээлцсэн акт, захиалагчийн тодорхойлолт зэрэг материалын хуулбарыг хавсарган ирүүлсэн байхад тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн дээр дурдсан шаардлагыг хангаагүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна...” гэсэн үндэслэлээр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, үнэлгээг дахин хийхийг даалгаж шийдвэрлэсэн байхад тендерийн үнэлгээний хороо нь 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дахин үнэлгээ хийхдээ маягтын дагуу гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүй гэж дахин дүгнэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй.

11.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “А*******” ХХК нь илэрхий хуурамч баримт тендерт ирүүлсэн” хэмээн тайлбарлах боловч хавтаст хэргийн 40-50 дугаар хуудсанд авагдсан авагдсан баримтыг шууд хараад хуурамч, скайнердаж хийсэн нь мэдэгдэхгүй байх ба хариуцагчаас уг баримтыг хуурамч болохыг шалгасан, тогтоосон аливаа баримтыг, эсхүл шалгуулахаар эрх бүхий этгээдэд хүргүүлсэн талаарх баримтыг ирүүлээгүй.

12. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, хариуцагч нь гомдлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагын шийдвэрийг биелүүлэх, тендерийн үнэлгээг дахин хийх шаардлагатай байх тул “А*******” ХХК-иас Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн М эмнэлэг, тус эмнэлгийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2, Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А*******” ХХК-иас Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн М эмнэлэг, тус эмнэлгийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн М эмнэлгийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өрийн 697 дугаар шийдвэр болон “Г” ХХК-д олгосон гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг тус тус хүчингүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А*******” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.МӨНХЗУЛ