Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2024/04867

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Б******* ХХК /РД:*******/-д холбогдох,

Ачаа тээвэрлэлтийн хөлс 8 660 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ц*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц******* ХХК нь хариуцагч Б******* ХХК-д холбогдуулан ачаа тээвэрлэлтийн хөлс 8 660 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Манай Ц******* ХХК нь 2013 оноос хойш автомашинаар ачаа тээврийн үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл явуулж байна. Нэг хувьцаа эзэмшигчтэй аж ахуйн нэгж байгууллага билээ. Б******* ХХК нь бидэнтэй хамтран ажиллах санал гаргаж 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хамтран ажиллах 17/15 дугаартай гэрээг байгуулж тус компанийн ачааг тээвэрлэн хүргэх ажлыг хийж эхэлсэн. Хамтран ажиллах гэрээний дагуу 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Ц******* ХХК-иар нийт 43 удаагийн тээвэрлэлтийг хийж гүйцэтгэж нийт 57 020 000 төгрөгийн ачаа тээвэрлэлтийн төлбөрийн тооцоо гарсан. Үүнээс 48 360 000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 8 660 000 төгрөгийн тээвэрлэлтийн хөлсийг төлөөгүй өнөөдрийг хүрээд байна. Иймд хариуцагчаас 8 660 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

1.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тээврийн үйл ажиллагаа явуулдаг Ц******* ХХК нь 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Ц******* ХХК-иас Б******* ХХК-д холбогдуулж ачаа тээврийн үйл ажиллагаа явуулж, хөлсөө авч чадахгүй байгаа учраас ачаа тээвэрлэлтийн хөлс 8 660 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Тухайн тээвэрлэлтийн үйл ажиллагаа хоёр компанийн хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1710 дугаар гэрээний дагуу төлбөрөө шаардсан байдаг. Ингээд Улаанбаатараас-Баянхонгор аймгийн уурхай руу ачаа тээвэрлэсэн байдаг. Нэг удаагийн ачаа тээвэрлэлтийн төлбөр 1 450 000 төгрөг байгаа. Хавтас хэрэгт тооцоог нотлох баримтаар гаргаж өгсөн. Хамтран ажиллах гэрээний дагуу 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл ачаа тээвэрлэсэн. 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл нэг удаагийн тээвэрлэлтийн үнэ 1 450 000 төгрөг нийт 6 удаагийн тээвэрлэлтийн төлбөр дутуу хийсэн. Мөн сүүлд утсанд үзлэг хийхэд гэрээнд 13 0000 000 төгрөгийн тооцоотой байна, төлөөрэй гээд түүнээс нь тодорхой төлбөр төлөөд үлдэгдэл нь 8 660 000 төгрөг юм. Түүнчлэн н.Э*******тэй холбоотой тооцоо өөр тээвэрлэлтийн гэрээтэй, энэ гэрээ нь хавтас хэрэгт авагдсан. Гэхдээ уг тооцоонд ороогүй тээвэрлэлтийн гэрээ байгаа. н.Э******* машин олоод өгчих гээд хариуцагч компанийн төлөөлөгч н.Ц******* рүү яриад тэр төлбөр нь 3 500 000 төгрөгийн тусдаа төлбөртэй. Тэгээд 3 500 000 төгрөгийг н.Ц*******ийн өөрийнх нь данс руу шилжүүлээд, н.Ц******* цаашаа н.Э рүү шилжүүлсэн дансны хуулга хэрэгт баримтаар байгаа. Гэхдээ энэ тооцоонд ороогүй буюу өөр ачаа тээвэрлэлтийн гэрээ байсан. Харин хариуцагч тал оруулж тооцож хасуулна гэж яриад байгаа. Тэр нь дансны хуулга, гэрээ, төлбөр авагдсан баримтаар тогтоогддог.  Тэгэхээр 8 660 000 төгрөг мессенжер чат болон 2022 оны нэхэмжлэлийн шаардлага болон түүнд өгсөн хариу тайлбарт байгаа. Тийм учраас 8 660 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

               

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ тээвэрлэлтийн гэрээ хийсэн дээр маргахгүй. Бидний зүгээс тээвэрлэлтийн гэрээ байгуулаад уг тээвэрлэлтийн гэрээний дагуу төлбөрөө төлөөд дуусчихсан учраас одоо төлөх төлбөр байхгүй. Миний ойлгосноор уг хэрэг маргаан давж заалдах шатны шүүхээр ороод хэрэгсэхгүй болоод дахин хэлэлцүүлэхээр буцаагдаж ирсэн. Ямар үндэслэлээр буцаагдсан гэхээр нэхэмжлэлийн шаардлагаас 5 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгоод маргааны зүйл болсон 3 500 000 төгрөгийн асуудлыг тодруулах шаардлагатай байна гэж буцаасан. Харин нэхэмжлэгч юу гэж тайлбарладаг вэ гэхээр уг 3 500 000 төгрөгийг өөрийнхөө хувийн дансаар аваад тухайн үед шаардлагатай тээврийн хэрэгсэл байгаагүй учраас өөр хүнтэй гэрээ байгуулаад тэр мөнгийг өөр хүн рүү би аваагүй гэж тайлбарладаг. Гэвч өнөөдрийн байдлаар үүнийг нотолсон үйл баримт байхгүй. Бидний зүгээс бүх төлбөрөө шилжүүлчихсэн. Тэгэхээр н.Э******* болон Ц******* ХХК нарын хооронд байгуулсан гэрээний асуудал уг хэрэг маргаанд хамааралгүй тусдаа асуудал. Харин бид нарын хоорондын төлбөр мөнгөний асуудал дуусчихсан. Төлөгчийн тухайд өөрсдөө гаргаж өгсөн хүснэгтээр тайлбарладаг бид ийм тонны тээвэрлэлт хийгээд эндээс тооцно гэж тайлбарладаг. Гэвч бид нар тэр хүснэгттэй огт танилцаагүй, бид нарт танилцуулаагүй. 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх тээвэрлэлтийг хүлээн зөвшөөрч байгаа, ачаа тээвэрлэлтийн хөлсийг төлчихсөн гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ц******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 17/15 хамтран ажиллах гэрээ, ачаа тээвэрлэсэн тээвэрлэлтийн жагсаалт, 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Голомт банкны дансны хуулга, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Голомт банкны дансны хуулга, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШЗ2021/00614 дүгээр шүүгчийн захирамж, итгэмжлэл, 2022.10.31-ний өдрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2019.11.15-ны өдрийн 19/02 дугаар ачаа тээвэрлэлтийн гэрээ, Н ХХК-ийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн тойргийн нотариатч О.Жы 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0235 дугаартай гарын үсэг гэрчилсэн үйлдэл /хэргийн 2-15, 45, 48-55, 102-103-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас Б******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б******* ХХК-ийн дүрэм, итгэмжлэл /хэргийн 18-25, 30, 147-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариу тайлбар гаргах тухай, банкны гүйлгээний баримт мемориалын ордер №10128053, №11312007, №14088321, №14132280 дугаар банкны гүйлгээний баримт, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Б ХХК-иас авсан ачааны мэдээлэл, харилцахын баримтын жагсаалт, үзлэг хийсэн тэмдэглэл, Э.Э*******ийн гэрчийн мэдүүлэг /хэргийн 38-44, 110-115, 127-129, 135-138-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Ц******* ХХК-ийн нэхэмжлэлээс 3 500 000 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 160 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. 

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Б******* ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 17/15 дугаартай хамтран ажиллах гэрээг байгуулж, гэрээний дагуу нийт 43 удаагийн тээвэрлэлт хийж 57 020 000 төгрөгийн төлбөр гарсан бөгөөд хариуцагч нь 48 360 000 төгрөгийг төлсөн ч үлдэх 8 660 000 төгрөгийн ачаа тээвэрлэлтийн хөлсийг төлөөгүй тул уг 8 660 000 төгрөгийг гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Ц******* ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 17/15 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулсан ч уг гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул 8 660 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч Ц******* ХХК нь хариуцагч Б******* ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр №17/15 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулж, дагалдах бичигт заагдсан нэр төрөл, тоо ширхэг, үнэ бүхий эд зүйл буюу ачааг аливаа эвдрэл гэмтэлгүйгээр тоо ширхэг хэмжээний хувьд бүрэн тээвэрлэхээр харилцан тохиролцож, гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулжээ.

4.2.Зохигч талууд гэрээ байгуулагдсан талаараа хүлээн зөвшөөрч маргаагүй тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар мөн хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

4.3.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д “тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Ц******* ХХК нь хариуцагч Б******* ХХК-иас 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн ачаа тээвэрлэлтийг хөлсийг шаардах эрхтэй байна.

 

5.Талууд үүрэг дуусгавар болсон эсэх талаар маргаж байна, гэрээ байгуулсан болон ачаа тээвэрлүүлсэн үйл баримтын талаар маргаагүй.

 

6.Нэхэмжлэгч нь хариуцагч Б******* ХХК-ийн ачааг тээвэрлэсэн тээвэрлэлтийн жагсаалт /2019.01.04-09.26/ гэсэн баримтыг ирүүлж нийт 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл нийт 43 удаагийн тээвэрлэлтийн үнэ 57 020 000 төгрөг болсноос хариуцагч нь 48 360 000 төгрөгийг төлж, үлдэх 8 660 000 төгрөгийг төлөөгүй байгаа болох нь дансны хуулга, гэрч Т.Э*******ийн мэдүүлгээр нотлогдоно гэсэн.

 

6.1.Хариуцагч нь нэхэмжлэгчийг дээрх ачааг тээвэрлэсэн тээвэрлэлтийн жагсаалтыг /2019.01.04-09.26/ танилцуулаагүй, тооцоо нийлээгүй гэж маргасан боловч 2019 оны 1 дүгээр сарын 01-нээс 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртлэх хугацаанд ачаа тээвэрлэлтийн үйлчилгээг авсан талаар маргаагүй, нийт 72 660 000 төгрөгний үйлчилгээг авч үнийг бүрэн төлсөн, үүнээс нэхэмжлэгч нь хасч тооцоогүй 5 920 000 төгрөг байгаа, энэ нь дансны хуулгаар тогтоогдоно, 2 420 000 төгрөгийг Ц******* ХХК-ийн дансанд, 3 500 000 төгрөгийг Н.Ц*******ийн дансанд шилжүүлсэн, Н.Ц******* нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй учраас компанийг төлбөрт төлөгдсөн гэж тайлбарласан.

 

6.3.Зохигч талууд хэн аль нь тооцоо нийлсэн баримт үйлдээгүй бөгөөд хариуцагч нь төлбөрийн үлдэгдэлтэй байсан болох нь хэрэгт авагдсан үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчийн төлсөн байхад хасч тооцоогүй гэх 2019 оны 4 сарын 26-нд төлсөн 620 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1 800 000 төгрөг нь нэхэмжлэгч Ц******* ХХК-ний дансад орсон талаар хүлээн зөвшөөрсөн болно.

6.4.Харин хариуцагчийн нэхэмжлэгчид шилжүүлсэн гэх 2019 оны 11 сарын 15-ны өдрийн 1 750 000 төгрөг, 2019 оны 11 сарын 18-ны өдрийн 1 750 000 төгрөгийг Хаан банк дахь Н.Ц*******ийн эзэмшлийн 5006 дугаар дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдож байх боловч уг мөнгө нь нэхэмжлэгч Ц******* ХХК-ийн ачаа тээвэрлэлтийн хөлсөнд төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэв.

 

6.5.Учир нь гэрээг хариуцагч нь нэхэмжлэгч Ц******* ХХК-тай байгуулсан бөгөөд талуудын хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хамтран ажиллах гэрээний 2.2, 2.3-д төлбөрийг гэрээний нэг тал болох Ц******* ХХК-ийн дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

6.6.Мөн гэрч Т.Э******* нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “…вокзалын хажуу талын М ХХК-ийн тээвэр зуучаас тоног төхөөрөмж ачсан. Баянхонгорын нарийн гүүг гэдэг газрын цаад талын уурхайд аваачиж өгсөн. Ажлын хөлсийг 3 500 000 төгрөгөөр тохиролцсон. Энэ мөнгийг Ц******* ХХК-иас авсан буюу хөлсийг Н.Ц******* төлсөн” гэж мэдүүлсэн, хэрэгт авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 19/02 дугаартай Ачаа тээвэрлэлтийн гэрээ нь нэхэмжлэгч болон Т.Э******* нарын хооронд байгуулагдсан, ажлын хөлсийг 3 500 000 төгрөгөөр тохиролцсон байна. 

 

7.Иймд хариуцагч Б******* ХХК-иас ачаа тээвэрлэлтийн хөлс 3 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц******* ХХК-нд олгож, нэхэмжлэлээс 5 160 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153 510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б******* ХХК-иас 70 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар хариуцагч Б******* ХХК-иас ачаа тээвэрлэлтийн хөлс 3 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5  160 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153 510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б******* ХХК-иас 70 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                 

 

   

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН