Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/43

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          *******т холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай   

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Эрдэнэдэлгэр

Нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан, 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЗ/192 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр *******т холбогдох эрүүгийн 2331000000021 дугаартай, 175/2023/0071/Э/208/2023/0033 индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны  өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, 1962 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймаг Сайхан суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт лах ******* ******* ******* ны ******* тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай /РД:*******/; урьд

-1980 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн сум дундын шүүхийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 64.6-д зааснаар 03 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

-1983 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198а-д зааснаар 01 жил хорих ял,

-1996 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 551 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 20,000 төгрөгөөр торгох ял,

-1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 03 жил хорих ял,

-2000 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 634 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1, 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 02 жил, 07 сарын хугацаагаар хорих ял,

-2010 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 76а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.2, 92.2.7, 91.2.12 дахь заалтад зааснаар 22 жил хорих ял шийтгүүлснийг Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 245 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 17 жил, 7 сар, 9 хоног болгон өөрчилсөн,

-2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 56 дугаартай захирамжаар 4 жил, 02 сар, 29 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон.

Яллагдагч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт лах ******* ******* ******* ны ******* тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргааны улмаас ын хэвлийд нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь заалтад заасныг баримтлан эрүүгийн 2331000000021 дугаартай, *******т холбогдох хэргийг прокурорт буцааж,

Яллагдагч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №18 дугаартай эсэргүүцэлдээ:

“... Шүүгчийн захирамжийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Яллагдагч ******* нь согтуугаар 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт лах ******* ******* ******* ны ******* тоотод тай маргалдан түүний хэвлий хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ.” гэж заасныг баримтлан яллах дүгнэлт үйлдэн гэмт хэрэг гарсан нутаг дэвсгэрийн харьяалал болох Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэх хэргийг тус шүүхэд албан бичгээр хүргүүлсэн болно.

Прокурорын яллах дүгнэлтийн “ТОГТООХ” хэсэгт “Яллагдагч *******т холбогдох эрүүгийн хэргийг Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсүгэй” гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ.” гэж заасан шүүхийн харьяаллыг зөрчөөгүй бөгөөд, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гэж бичсэн техникийн шинжтэй үгийн алдаа гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дугаар хэсгийн 6.4 дахь заалтад зааснаар “прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт”-г прокурор урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаас өмнө шүүхэд бичгээр гаргасан боловч, шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар прокурорын дээрх хүсэлтийг хэлэлцэлгүйгээр /шүүгч хүсэлтийг харсан, уншсан, гэвч одоо хэрэгт байхгүй байна гэж хуралдаанд хэлсэн/ шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дугаар хэсгийн “ .... дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэх заалтыг зөрчсөн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаас хэргийг буцаах үндэслэлүүдээс аль нь ч тогтоогдоогүй байгаа бөгөөд, шүүх хэргийг прокурорт буцаахдаа эдгээр үндэслэлүүдээс аль нь тогтоогдож байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй шийдвэр гаргаж хэргийг прокурорт буцаасан нь оролцогчдын эрхийг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан шийдвэр гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн 2023/ШЭ/192 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаардахгүйгээр *******т холбогдох эрүүгийн 2331000000021 дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д “Хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэгэж, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 1-д “Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэгэж тус тус заасан ба ялагдагч *******т холбогдох хэрэг нь Сэлэнгэ аймгийн Шаамар суманд үйлдэгдсэн байх тул харьяалах шүүх нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх байна.

Гэтэл яллагдагч *******т холбогдох хэрэгт улсын яллагч прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэхдээ харьяалах шүүхийг Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр тогтоосон нь хуульд заасан шүүхийн харьяалал зөрчсөн гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.4-д “...прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт” гаргаж болохоор заасан боловч яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт хэргийг Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр тогтоосныг прокурорын зүгээс яллах дүгнэлтэд үг үсэг, тоо, тооцооны шинжтэй алдаа гаргасан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.  

Иймд давж заалдах шатны шүүх хуралдаанаас яллагдагч *******т холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЗ/192 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЗ/192 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас    өөрөөр    тайлбарлаж     хэрэглэсэн   гэж    үзвэл   энэхүү   магадлалыг 

гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ