Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2024/0832

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Солидконстракшин” ХХК, РД:5048117, төлөөлөгч Г.Болдоо, өмгөөлөгч Ч.Амарбаяр,

Хариуцагч: Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөр, С.Должинсүрэн,

Хариуцагч: Боловсролын яам, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэг,

Хариуцагч: Боловсролын ерөнхий газар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баасандорж, С.Билэгбаатар нарын хоорондын “Засгийн газрын 290 дүгээр тогтоолын 1.1 болон 2 дахь заалтад даалгасан үүргийг гүйцэтгэхгүй байж, эс үйлдэхүй хийж шийдвэрлүүлэхгүй орхигдуулснаар “Солидконстракшн” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хохирч байгаа тул уг эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, улмаар Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газарт дурдсан үүргийг биелүүлэхийг даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Болдоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Амарбаяр, хариуцагч Боловсролын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баасандорж, С.Билэгбаатар, хариуцагч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөр, С.Должинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь анх 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Эрдмийн өргөө цогцолбор сургууль/-ийн ажлын гэрээг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай байгуулсан.

1.2. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 290 дугаар тогтоолын 1-д “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин баригдаж байгаа боловсрол, шинжлэх ухааны салбарын барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүн, албан тушаалтанд даалгасугай:” гэж, 1.1-д “Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулиар батлагдсан төсөвт өртөгт багтаан барьж ашиглалтад оруулах боломжгүй нөхцөл байдал үүссэн зарим барилгын үлдэгдэл ажлын тоо хэмжээ болон төсвийн зөрүүг нягтлах, магадлалын нэгтгэсэн дүгнэлтээр баталгаажуулах арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнд” гэж, 2-т “Төсвийн тухай хуулийн 10.1.14-т заасан зохицуулалтын хүрээнд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулиар боловсрол, шинжлэх ухааны сайдын төсвийн багцад батлагдсан хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн явц байдалтай нь уялдуулан хуулиар батлагдсан дүнд нь багтаан зохих журмын дагуу зохицуулалт хийхийг Сангийн сайд Б.Жавхлан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт даалгасугай” гэж заажээ.

1.3. “Соликонстракшн” ХХК-иас 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/102, 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 03-12 тоот албан бичгээр Боловсрол, шинжлэх ухааны сайдад, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/103, А/105 тоот албан бичгээр Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очирт хандан “... Монгол Улсын Засгийн газрын 290 дүгээр тогтоолын дагуу шийдэгдэх байх гэж хүлээсээр өдий боллоо. Гэвч ямар нэгэн шийдэл, эргэх холбоо бидэнд мэдэгдэхгүй байгаа тул сайд танд хандахад хүрснийг ойлгоно уу ...” гэх агуулга бүхий хүсэлтийг тус тус гаргасан.

1.4. “Соликонстракшн” ХХК-иас Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газарт тус тус холбогдуулан “Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн азрын тогтоолд заагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан.

1.5. Нэхэмжлэгчээс 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Засгийн газрын 2023 оны 290 дүгээр тогтоолд дурдсан эрх бүхий байгууллагуудад гүйцэтгэх үүргийг даалгаж захирамжилсан байхад уг тогтоолд заасан үүргийг гүйцэтгэхгүй байж эс үйлдэхүй хийж шийдвэрлэхгүй орхигдуулснаар “Солидконстракшин” ХХК-ийн эрх ашиг хохирч байгаа тул уг эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, улмаар Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газарт дээр дурдсан үүргийг биелүүлэхийг даалгах” гэж тодруулсан.

1.6. 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Засгийн газрын 290 дүгээр тогтоолын 1.1 болон 2 дахь заалтад даалгасан үүргийг гүйцэтгэхгүй байж, эс үйлдэхүй хийж шийдвэрлүүлэхгүй орхигдуулснаар “Солидконстракшн” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хохирч байгаа тул уг эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, улмаар Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газарт дурдсан үүргийг биелүүлэхийг даалгах” гэж тодруулсан.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч “Солидконстракшин” ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:1. 2023 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 290 дугаар “Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоол нь 2023 оноос өмнө төсвийн хөрөнгөөр барилга байгууламж барьж хүлээлгэн өгөх үүрэг бүхий аж ахуйн нэгжүүд нь ажлыг гүйцэтгэх явцад гарсан эрх бүхий албан тушаалтан болон бий бодит нөхцөлийн улмаас тухайн барилгыг цаашид гүйцэтгэх боломжгүй болсонтой холбоотойгоор гарсан захиргааны акт юм. Уг актыг гарах болсон үндэслэл нь Боловсрол шинжлэх ухааны яам, Сангийн яам, Барилга хот, байгуулалтын яамнаас өөр өөрсдийн эрх хэмжээний хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх зорилготой юм. Солидконстракшн ХХК нь 2019 оноос Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэх явцад төрийн байгууллагаас тавьсан шаардлагын хүрээнд /анх тохирсон гэрээнээс гадна нэмэлт нөхцөлтэй/ барилгыг барьж байгуулахад нэмэлт санхүүжилт үүссэн асуудлыг шийдвэрлүүлэхэд чиглэсэн 2 талын үүрэг хариуцлагыг тодорхой болгохыг шаардаж ирсэн. Бидний тавьсан шаардлагыг харгалзан үзэн Боловсрол шинжлэх ухааны яам болон Засгийн газраас Солидконстракшн ХХК-ийг өөрийн зардлаар барилгын ажлыг дуусгахыг санал болгож хэдийгээр төсөв хүрэлцээгүй байгаа боловч хэрэв уг ажлыг бүрэн гүйцэтгэвэл гарсан зардлыг тооцох магадлалын дүгнэлтийг гаргаж зардлыг төлөхөөр тохиролцсон бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 290 дугаар “Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарсан болно. Зардал гаргаж гүйцэтгэх болсон талаарх зохих баримтыг эрх бүхий этгээдүүдтэй хийсэн уулзалтыг баримтжуулсан тэмдэглэлд тусгасан.

Ингээд тогтоол гарсны дагуу манай байгууллага нь “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд өөрийн хөрөнгө болон банк санхүүгийн байгууллагаас зээл авч хийж дуусгасан. Тогтоолын 1 зүйлийн 1.1 болон 2-д заагдсан арга хэмжээг эрх бүхий байгууллагаас авч хэрэгжүүлсний үр дүнд манай байгууллагад учирсан хор хохирлоо барагдуулах боломжтой болох бөгөөд магадлалын дүгнэлт болон Төсвийн тухай хуулийн агуулгад заагдсан дүнгээр ажлыг гүйцэтгэсэн болох нь тогтоогдон төсвийн Гарсан зардлыг гаргуулах боломж нээгдэх юм. Мөн барилгын магадлалын дүгнэлтийг  гаргуулснаар барилга барих явцад гарсан материал, ажиллах хүчин, техник тоног Төхөөрөмж, тээврийн зардлыг тооцон барилгын төсвийг баталгаажуулах нөхцөл бүрэлдэнэ. Одоогоор 2024 он 4 сар хүртэлх хугацаанд Засгийн газрын 290 тоот захиргааны актын биелэлтийг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, эс үйлдэхүйгээр орхигдуулж байгаагаас манай компанийн өөрийн гаргасан зардлыг тооцуулан авах эрх ашиг зөрчигдөж байгаа бөгөөд цаашид бусад сонгон шалгаруулалтад оролцох эрх хаагдан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болоод байна.

2. 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 290 дугаар “Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.1-д “Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулиар батлагдсан төсөвт өртөгт багтаан барьж ашиглалтад оруулах боломжгүй нөхцөл байдал үүссэн зарим барилгын үлдэгдэл ажлын тоо хэмжээ болон төсвийн зөрүүг нягтлах, магадлалын нэгтгэсэн дүгнэлтээр баталгаажуулах арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнд уг ажлыг гүйцэтгэх”-ийг үүрэг болгосон байна. Бидний зүгээс энэ арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг удаа дараа эрх бүхий байгууллагад хандсан. Гэтэл 2023 оны 08 сараас хойш уг үүрэг болгосон арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй байсаар өдий хүрсэн нь компанийн хувьд их хэмжээний хохирлыг үүсгээд байгаа болно. Хэрэв уг захиргааны акт гараагүй бол бидний зүгээс өмнө нь учирсан хохирол дээрээ дахин нэмж хохирол хүлээхгүй байсан юм. Одоогоор Хаанбанк болон бусад банк, банк бусын санхүүгийн байгууллагуудаас зээлсэн мөнгөн дүнгийн хэмжээ нь өдөр ирэх тусам нэмэгдээд хүүгийн хамт даруй 1,400,000,000 /нэг тэрбум дөрвөн зуун сая/ хүрээд байна. Хэдийгээр энэ хохирлыг нэхэмжлэлдээ давхар дурдаж гаргаж болох боловч захиргааны актад заагдсан Барилга хот байгуулалтын яамнаас магадлал гаргаж баталгаажуулах тул нэхэмжлэлд хохирлыг давхар нэхэмжлэх эрх зүйн үндэслэл боломжгүй болоод байгаа юм. Харин Сангийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн агуулга нь мөн 290 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлд “Төсвийн тухай хуулийн 10.1.14-т заасан зохицуулалтын хүрээнд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулиар боловсрол, шинжлэх ухааны сайдын төсвийн багцад батлагдсан хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн явц байдалтай нь уялдуулан хуулиар батлагдсан мөнгөн дүнд нь багтаан зохих журмын дагуу зохицуулалт хийхийг Сангийн сайд Б.Жавхлан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт даалгасугай” гэж тусгасан боловч Энэ арга хэмжээг хэрэгжүүлээгүйгээс хохирсон нөхцөл байдлаар шүүхэд хандсан болно. Харин Боловсролын ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хэдийгээр Засгийн газрын 290 дүгээр тогтоолд уг байгууллагад үүрэг болгосон агуулга байхгүй боловч чиг үүргийн хувьд боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа аливаа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас шилжүүлэн авч захиалагчийн хувьд оролцогч бөгөөд Боловсрол шинжлэх ухааны яам нь хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөртэй холбоотой асуудал дээр уг байгууллагад хандах болон бичиг явуулахыг мэдэгддэг. Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/334 тоот тушаалын хоёрдугаар хэсэгт “Хавсралтаар батлагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилтийг холбогдох хууль,журмын дагуу олгохыг Санхүү,хөрөнгө оруулалтын газар /Б.Батцэцэг/, Боловсролын ерөнхий газар /Т.Ням-Очир/ нарт зөвшөөрсүгэй” гэж заасан.

3.Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар нь Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 290 дугаар “Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж ямар нэгэн шийдвэр гаргалгүй өдий хүрсэн бөгөөд гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь тогтоолоор олгосон үүргийг биелүүлэхгүй хууль бус шийдвэр болж байгаагаас нэхэмжлэгч Солидконстракшн ХХК-ийн эрх ашиг, сонирхол зөрчигдөөд байна. Тогтоолд заагдсан гүйцэтгэх үүргийг даалгасан чиглэл нь Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газрын тус тус байгууллагын хуулиар олгосон эрх хэмжээнд хамаарч байгаа бөгөөд эрх хэмжээнээс давсан нөхцөлийг нэхэмжлэгчийн зүгээс шаардаагүй. Харин өөрийн эрх хэмжээний хүрээнд зохих шийдвэрийг гаргаснаар зөрчигдөж буй эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангагдахад чиглэж байгаа болно” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Болдоо шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Манай компани 3,8 тэрбум төгрөгийн төсөвтэй сургуулийн өргөтгөлийн барилгыг 2018 онд тендерт ялж Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай гэрээ байгуулсан. 2019 онд тухайн үеийн сайд байсан Ё.Баатарбилэг гэдэг хүн хүрч ирээд бие тамирын заалыг томруулах ёстой, нэмж барилгыг нь томруулна, томорсон мөнгийг нь багцаасаа өгнө гэж хэлээд 2019 онд ажлыг зогсоосон. Энэхүү ажлын нэмэлт мөнгө шийдэгдэхгүй явсаар 2021 онд мөнгө тавигдсан байдаг. Энэ үед коронавирус цар тахлын хүнд, хэцүү үе таараад бүх зүйлийн үнэ өсөж, ажиллах хүчин, цалин, материал, тоног төхөөрөмж бүгд байхгүй болоод үлдсэн 1,4 тэрбум орчим төгрөгийн төсөв үлдсэн. Бүх барилгын компаниуд тухайн үед бүгд зогссон. Үүнийг Засгийн газраас анхаарч үзээд 88 дугаар тогтоол гаргаад барилгын 500 нэр төрлийн материалд үнийн зөрүүг бодож олгосон, манайх 346,000,000 төгрөг авсан. Уг мөнгө нь нэмэр болоогүй, барилгын материал 1мкв-ын үнэ төсвөөрөө бодоод 346,000,000 төгрөг гэхэд манай 1 мкв нь 850,000-900,000 орчим төгрөгт босож байгаа, 2023 онд. Тухайн үед үнэ өссөн байсан. Бидний ямар нэг байдлаар Барилгын тухай хуульд чинь ийм байдаг, үлдэгдэл 1,4 тэрбум төгрөгт ногдох буюу 2021 оноос хойших үлдсэн төсвийг магадлаад өгчих, тухайн үед 2019 оноос өмнөх төсөв, 2019 оноос хойш төсөв нэгжийн үнэлгээ нь барилгын салбарт өөр 2 төсөв байгаа. Хэрэв шинээр магадлуулбал бидэнд үнийн зөрүү бага зэрэг олдох юм байна, үүнийг алдагдлаасаа бага зэрэг бууруулъя, нийгмийн хариуцлагын хүрээнд сургуулиудыг ашиглалтад оруулъя гэдэг саналыг бид удаа дараа тавьж байсан. 2023 оны 08 дугаар сард Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Боловсролын яамны бүх том дарга нар бүгд ирээд төслийн нэгжийн хяналтын инженерүүдтэй талбай дээр бидний өргөтгөсөн хуралдаан хийсэн. Хуралдаанд Л.Энх-Амгалан сайд нь удахгүй 290 тогтоол гарна, төсөв дээр ажиллаж байгаа, боловсролын салбар ганцаараа 09 сарын 01-ний өдөртэй яам, иймд 09 дүгээр сарын 01-ний өдөр удахгүй болох гэж байгаа учраас яаралтай засаж залруулахын тулд бид аргална, танай компанид мөн туслаад, үлдэгдэл ажлыг Барилгын хөгжлийн төвд уламжилж өгье, та нар өөрсдийн нөөц бололцоогоор барилгаа дуусгачих гэж бидэнтэй ярилцсан, протоколд авагдсан байгаа. Бид сайдаас үг аваад баталгаатай протоколтой хуралд орсон учраас бид магадлалдаа орох юм байна гээд цээж онгойж байсан. Тэр өдрийн маргааш зээл аваад 1,4 тэрбум төгрөгийн зарлага нэмж гаргаад сургуулийг ашиглалтад оруулсан. 10 дугаар сарын 01-ний өдөр тухайн сургууль ашиглалтад орсноор 10 дугаар хорооллын ард түмний хүүхдүүд 3 ээлжээр хичээллэдэг байсан асуудлыг өөрийн идэвх чармайлтаар байхгүй болгосондоо бахархаж байна.

Бид 290 дүгээр тогтоолд манай компани орсон байгаа, магадлал нь орох байх гэдэг хүлээлттэй байсан. Гэтэл 290 дүгээр тогтоол гараагүй. Бид үргэлж том сайд дарга нартай уулзаж чадахгүй С.Билигбаатар, боловсролын мэргэжилтэн инженерүүд байдаг, эдгээр хүмүүстэй яах вэ гэж явсаар нөгөө талдаа банкны хүү гээд болон амьдрал ахуй хүнд байдалд орсон.

Бид одоо яах вэ гэсэн чинь ойлголцоо авч байгаа, 290 гэдэг тогтоол нь яамны ажлын хэсэг гаргах ёстой байсан зарим нэгэн яам оролцоогүй гэсэн, иймд хуурч мэхэлсэн зүйл юм байна гэдгийг ойлгосон. Философийн хувьд би бодоод байгаа, тухайн үед коронавирус цар тахлын хямрал, хугацаа алдсан нь улсын талаас байдаг, Форс мажор байсан байхад бүх эрсдэлийг яагаад барилгын компани нөгөө өчүүхэн надад тавьчхаад, нам, засаг нь зугтаагаад бид тэгээгүй гээд байдаг. Би мэргэжлийн байгууллагууд, манай хамтарч ажиллаж байсан тухайн үеийн төрийн байгууллагуудаас төлөөллүүд нь ирсэн байна. Эдгээр хүмүүс намайг хөөцөлдөөд явж байгааг бүгд сайн мэдэж байгаа. Бид дотоод мөн чанараар надад зам заах хэмжээнд байгаа хүмүүс. Гэтэл би бодоод байгаа, цаанаасаа эс үйлдэхүй байна, үүнийг битгий хий, битгий явуул гэсэн захирамж байдаг юм уу, тийм зүйл байдаг гэж хадаж байна. Засгийн газрын тогтоол, шийдвэр нь өөрөө Засгийн газрын тогтоол, шийдвэр, бидний хувьд хамгийн дээд эрх мэдэлтний дээд хэмжээний шийдвэр. Үүнийг бүгд дагаж мөрдөх хэрэгтэй гэж бодож байгаа. Үүнд оролцсоноор нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөд байгаа учраас шүүхэд ирж байгаа. Манай компанийн зүгээс банкны хар жагсаалтад орсон, тендер авах боломжгүй, би өөрөө орон байрнаасаа хөөгдсөн, тэрбум гаруй төгрөгийн банкны өртэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт очсон хүнд байдалтай байна. Нөгөө талдаа ардын хүүхдүүдийг сургуультай болгосон буян байгаа” гэв.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Амарбаяр шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Хариуцагчийг сонгосонтой холбоотой асуудалд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгаар захиргааны акт болон үүнд үүрэг болгож хүлээгдсэн этгээдүүдийг хариуцагчаар сонгож оролцуулсан. Уг этгээдүүдтэй холбоотой үүрэг нь ямар үүргийг гүйцэтгэх ёстой байсантай холбоотой асуудлаас хамааралтай үүргийг гүйцэтгээгүй нь хууль бус үйлдэл учраас эс үйлдэхүй гэж тооцож нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өнөөдөр магадлалтай холбоотой асуудлыг удаа дараа ярилаа. Хууль зүйн агуулгаар Барилгын тухай хуульд үндэслэлээр магадлал өөрөө зайлшгүй хийгдэж байж ажиллагаа явагддаг. Мөн зураг төсөл өөрчлөгдөхийн хэрээр санхүүгийн зардал, тухайн барилгын материал болон бусад зардал нэмэгдэж байгаа. Гэтэл зардлын дүнг бид үнэтэй болтол тодорхойлж чадахгүй яваад байгаа нь төрийн байгууллагын хууль бус үйлдэл буюу ажиллагаа хийгдэхгүй байгаатай холбоотой. Нотлох баримтыг шинжлэх хугацаанд ярьсан. Бид удаа дараа ажиллагааг шийдэх, ажлын хэсэг гаргах эрх бүхий байгууллагуудад хандсан боловч уг ажлыг хийгээгүй. Гэтэл хийгдээд байгаа төрийн байгууллагын дотоод механизмтай холбоотой асуудал иргэдийн үйлдэлтэй холбоотой, бидний буруутай үйл ажиллагаатай огт холбоогүй байгаа. Бид урьдчилсан ажиллагаа явуулсантай холбоотой албан бичгүүдийг удаа дараа өгсөн, үүнд тодруулж өгнө үү гэдэг үндэслэлийг гаргаж өгч, шаардаж байсан. Гэтэл ямар ч үндэслэл гаргаж өгөөгүй, эс үйлдэхүй үзүүлээгүй гэдгээ нотолж чадахгүй байгаа, мөн эс үйлдэхүй гэдэг үйлдэл өөрөө ямар нэг байдлаар хийсэн үйлдэлтэй холбоотой үндэслэлээ дурдах ёстой. Хэрэв үйлдэл байсан бол бид хууль бус үйлдэлтэй холбоотойгоор гаргаж байгаа үндэслэл гэдгийг дурдах байсан. Гэтэл ямар нэг баримт бичиг өгөөгүй учраас бид эс үйлдэхүй гэж үзэж байгаа.

Засгийн газрын 290 дүгээр тогтоол хууль зөрчиж гарсан үндэслэлийг хэлээд байх шиг байна. Хууль хэрэг зөрчиж гарсан захиргааны акт байгаа акттай бид маргаагүй. Өнөөдөр захиргааны хэргийн шүүхээс болон эрх бүхий байгууллагаас уг актыг хүчингүй болгосон зүйл байхгүй. Гэтэл энэхүү акттай холбоотой хэрэгжилтийг хүсэж байгаа. Дараагийн тайлбартай холбоотой нөхцөлд удаа дараа нэг зүйл яриад байгаа нь гаргаж өгч байгаа баримтууд нь өөр магадлалтай холбоотой үндэслэл байгаа юм шүү? Монгол Улсын Их Хурлын 88 дугаар тогтоолд заагдсан 346,000,000 төгрөгийн магадлалаар хийгдсэн үнийн дүн, мөн 2022 онд хийгдсэн гэрээнээс үлдэгдэл байгаа 740,000,000 төгрөгийн асуудал яригдаад байгаа. Энэхүү мөнгө урьдах магадлалаар буюу төсвийн байгууллагад тогтоогдсон үндэслэлийн зүйлүүд яваад байдаг. Гэтэл бидний хүсээд байгаа зүйл нь нэмэгдэж гараад байгаа зардал буюу 2021 оноос хойш гарсан зардлын дүнг магадлал хийлгэж авахыг хүсээд байгаа. Гаргаж өгч байгаа нотлох баримтууд нь зөрөөд байгаа. нотлох баримтын хүрээнд 2022 оны гэрээ дүгнэсэн протоколыг дурдаж байгаад 792,000,000 төгрөг үлдсэн гэдгээ удаа дараа дурдсан, тодруулж байсан. Үндэслэл нь өмнөх гэрээний 792,000,000 төгрөг. Үүнийг 2024 онд тавилгүй 2023 онд оруулж зохицуулалт хийсэн 2 дахь зохицуулалтын асуудалд яригдаж байгаа, актын 2 дээр хийгдсэн үйлдэлтэй холбоотой асуудал яригдаад байгаа. Харин хариуцагч талуудаас ярьж байгаа зүйл нь өмнөх нөхцөлүүдээ бид хийсэн учраас эс үйлдэхүй байхгүй гэж нотолж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд байгаа. Бидний зүгээс мөн нэхэмжлэлийн шаардлагад даалгаж өгнө үү гэдэг нөхцөл нэмж оруулсан. Хэрэв даалгах нөхцөл явахгүй бол уг харилцаа цааш дахин үргэлжлэхгүй. Бид хууль зүйн талаас ямар нэг үндэслэл гаргах боломжгүй. Иймд хууль зүйн талаасаа шийдэж өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч Боловсрол шинжлэх ухааны яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэг шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ““Солидконстракшн” ХХК нь нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” 209 дүгээр тогтоолд дурдсан Сангийн яам, Боловсролын яам, Барилга, хот байгуулалтын яам зэрэг эрх бүхий байгууллагуудад гүйцэтгэх үүргийг даалгаж захирамжилсан байхад уг тогтоолд заасан үүргийг гүйцэтгэхгүй байж эс үйлдэхүй хийж шийдвэрлэхгүй орхигдуулснаар манай компани хохирч байгаа тул уг эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, улмаар Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газарт дээр дурдсан үүргийг биелүүлэхийг даалгах шаардлагыг гаргажээ. Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Засгийн газрын агентлаг байгуулах тухай” 403 дугаар тогтоолоор Боловсролын яамны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Боловсролын ерөнхий газар байгуулагдсан. Энэ хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх эрхийг шилжүүлэх тухай” А/121 дүгээр тушаалаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах, үнэлгээний хороо байгуулах, гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангах, санхүүжүүлэх, хяналт тавих эрхийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгон Боловсролын ерөнхий газарт шилжүүлсэн. Иймд дээрх хугацаанаас хойш хэрэгжүүлсэн аливаа төсөл, арга хэмжээний хэрэгжилттэй холбогдох баримт мэдээлэл Боловсролын яаманд байхгүй бөгөөд төсөл, арга хэмжээний хэрэгжилттэй холбогдох тайлбарыг тус яамнаас бус Боловсролын ерөнхий газраас гаргуулан авах нь зүйтэй байна” гэжээ.

3.2. Хариуцагч Боловсролын ерөнхий газраас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол Улсын 2018 оны төсөвт тусгагдаж Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх эрхийг шилжүүлэн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр худалдан авах ажиллагааг зохион байгуулж сургуулийн өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Эрдмийн өргөө цогцолбор сургууль/-ын 3.8 тэрбум төгрөгийн төсөвтэй барилгын ажлыг гүйцэтгэхээр болж Солидконстракшн ХХК нь НХААГ-18/0022 дугаартай гэрээг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай байгуулсан.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны “Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх эрхийг шилжүүлэх тухай” 121 дүгээр тушаалаар Боловсролын ерөнхий газарт төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх эрхийг шилжүүлсэн.

Засгийн газрын 2023 оны 290 дүгээр тогтоолын 1.2-т “Гэрээний хугацаанд багтаан ашиглалтад оруулах боломжгүй нөхцөл байдал үүссэн зарим барилгын ажлын гэрээг дүгнэж, гэрээнд заасны дагуу алданги тооцох, шаардлагатай бол гэрээг цуцлах хүртэл арга хэмжээг авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт”, 1.3-т “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төсвийг хэмнэх зорилгоор цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн барилгын давхрын тоог нэмэгдүүлэх асуудлыг судалж, шаардлагатай бол холбогдох барилга байгууламжийн стандарт, норм, дүрэмд холбогдох өөрчлөлт оруулах талаар зохих арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх- Амгалан нарт”, 2-т “Төсвийн тухай хуулийн 10.1.14-т заасан зохицуулалтын хүрээнд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулиар Боловсрол, шинжлэх ухааны сайдын төсвийн багцад батлагдсан хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн явц байдалтай нь уялдуулан хуулиар батлагдсан дүнд нь багтаан зохих журмын дагуу зохицуулалт хийхийг Сангийн сайд Б.Жавхлан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт даалгасугай” гэж тус тус заасан байна.

Засгийн газрын 2023 оны 290 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн 1.2 болон 1.3 дахь заалт нь тус компанийн гүйцэтгэлийн ажилтай хамааралгүй болно. Харин тогтоолын 2 дахь заалтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Боловсролын ерөнхий газар нь чиг үүрэг, эрх хэмжээний дагуу батлагдсан төсөл арга хэмжээний санхүүжилтийг зөвшөөрөгдсөн хэмжээгээр олгодог бөгөөд Засгийн газраас Төсвийн тухай хуулийн 10.1.14-д “тухайн жилийн төсвийн хуулиар батлагдсан хөрөнгө оруулалтын арга хэмжээний жагсаалтад шинэ арга хэмжээ нэмж тусгахгүйгээр, тэдгээрийн гүйцэтгэлийн явц байдалтай уялдуулан, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын дүнд багтаан хөрөнгийн зохицуулалт хийх” гэж тусгагдсаны дагуу зохих арга хэмжээг авах ёстой.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын Х.1.1.9-д тус төсөл арга хэмжээг 346.4 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгагдсан. Харин Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын 2023 оны 290 дүгээр тогтоолын 2 дахь заалтад даалгасан үүргийн дагуу эрх хэмжээний хүрээнд зохицуулалт хийснээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны А/334 дүгээр тушаалаар тухайн төсөл арга хэмжээнд 792,348,622 төгрөгийг нэмж олгосноор 2023 онд тухайн төсөл арга хэмжээнд нийт 1,123,779,582 төгрөгийн санхүүжилт хийгдэн гүйцэтгэлийг бүрэн хангаж ажилласан байна.

Иймд Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 290 дүгээр тогтоолд дурдсан Сангийн ям, Боловсролын яам, Барилга хот байгуулалтын яам зэрэг эрх бүхий байгууллагуудад гүйцэтгэх үүргийг даалгаж захирамжилсан байхад уг тогтоолд үүргийг гүйцэтгэхгүй байж эс үйлдэхүй хийж шийдвэрлэхгүй орхигдуулснаар манай компани хохирч байгаа тул уг эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.3. Хариуцагч Боловсролын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баасандорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үеийн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2022 оны А/121 дүгээр тушаалаар төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх эрхийг Боловсролын ерөнхий газарт шилжүүлсэн. Боловсролын ерөнхий газрыг Засгийн газрын 290 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг, бусад Боловсролын яаманд даалгасан заалтууд нь энэ хэрэг маргаантай холбоогүй заалтууд байгаа. Энэхүү заалтыг эс үйлдэхгүйгээр биелүүлэхгүй байна гэж үзээд байгаа. Эс үйлдэхүйгээр биелүүлэхгүй гэдэг нь өөрөө тухайн тогтоол гарсан хэлбэрийн төдий гараад, тухайн тогтоолыг огт биелүүлэхгүй орхигдуулсан тохиолдолд эс үйлдэхүй гэж агуулгын хувьд яригдана. Иймд огт тийм зүйл болоогүй. Учир нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 290 дүгээр тогтоол гарсан, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/334 дугаартай тушаалын үндэслэх хэсэгт 290 дүгээр тогтоолыг үндэслэн гаргасан. Өмнөх шүүх хуралдаанд үүнийг ярихаар Монгол Улсын Их Хурлын 88 дугаар тогтоолоор магадлал хийлгээд олгогдсон дүн гэдэг зүйлийг ярьж байсан учраас он, сар, дугаар, үндэслэх хэсэгт дурдагдсан зүйлүүдийг хэлээд байгаа. Үүний 1 дүгээр хавсралтын 2 дахь хэсэгт маргаан бүхий сургуулийн барилгыг дурдаад 2018 оноос 2023 онд ашиглалтад орно гээд батлагдсан. Тухайн онд улсын төсөвт батлагдсан 346,400,000 төгрөг, үүнээс 290 дүгээр тогтоолын 2-т заасан зохицуулалтын хүрээнд 792,000,000 төгрөгийг “Солидконстракшн” ХХК-д олгосон. Яагаад эс үйлдэхүй байхгүй гэж үзэж байна вэ гэвэл магадлал хийлгэх асуудалд Боловсролын яамнаас, тухайн үеийн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас шаардагдах арга хэмжээг авсан. Учир нь магадлал хийлгэх эрх бүхий төрийн захиргааны төв байгууллага буюу тухайн үеийн Барилга, хот байгуулалтын яам руу 290 дүгээр тогтоолын хүрээнд эдгээр компанийн магадлал хийж өгнө үү гэсэн агуулга бүхий албан бичгээ Барилга, хот байгуулалтын яам руу явуулсан. Барилга, хот байгуулалтын яамнаас тухайн актыг хууль бус гэж үзсэн үү, яасан талаар мэдэхгүй, цааш Барилгын хөгжлийн төв рүү явуулаагүй гэдэг асуудал яригдаж байна.

Мөн хавсралт солигдсон гэдэг зүйл яриад байна. Хавсралт солигдсон гээд байгаа албан бичиг нь 06 дугаар сарын 13-ны өдрийн албан бичиг байгаа. Иймд 290 дүгээр тогтоолтой холбоогүй учраас уг албан бичиг хэрэгт ач холбогдол бүхий биш байх гэж үзэж байна. Иймд хавсралт солигдсон гэж үзэхгүй байна. 

Тухайн үеийн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 334 гэсэн дугаартай тушаал гаргаад 209 дүгээр тогтоолын 2 дахь хэсгийг заалтыг биелүүлсэн байна. Магадлалтай холбоотой Төсвийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан заалтыг биелүүлэх арга хэмжээ авахыг санал болгосон албан бичиг явуулсан байна. Иймд ямар нэг байдлаар хууль зүйн талаас эс үйлдэхүй байна гэж үзэх үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.4. Хариуцагч Боловсролын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Билэгбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн талаар гаргасан 290 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргасан тал дээр манай хариуцсан үүргүүдээ биелүүлсэн гэж үзэж байгаа. Үүний 2-т Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасан Төсвийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.14-т зохицуулалтын хүрээнд гэж байгаа. Гэтэл Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуулиар Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцад батлагдсан хөрөнгө оруулалтын гэж байгаа. Иймд Төсвийн тухай хуульд батлагдсан хүрээнд төсвийг зохицуулж өгөөрэй гэж байгаа. Үүний хүрээнд 5,700,000,000 төгрөгийн гэрээ үйлдсэн гэрээний дотор багтаж байгаа тухайн 2023 оны 340,000,000 төгрөг, 2024 онд хуулиар тусгагдах ёстой, 2022 онд татуулсан 792,000,000 төгрөг гээд нийт 1,100,000,000 төгрөгийг батлагдсан, Төсвийн тухай хууль гэдэг нь өөрөө баталсан тухайн 5,7 гэрээний дүнд хуулиар баригдана. Иймд хуулийн хүрээнд ажилласан. Төсвийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан хүрээнд тогтоол гарсан огнооны дараа манайх Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам руу танай байгууллагын нэрийг оруулсан 69 ажлын жагсаалтыг хөрвүүлж ажилласан. Тогтоол гарсан огнооны дараа, өмнөх нь 06 дугаар сард гараад, дараагийнх нь 08 дугаар сарын сүүлээр гараад байгаа. Тогтоол гарсан огнооны дараа танайд он дамжин хэрэгжсэн ашиглалтад орох боломжгүй зарим арга хэмжээнд авч шийдвэрлэх компаниудад ороод танай байгууллагыг оруулаад жагсаалтыг өгсөн. Иймд манайх тогтоолыг хангаж байна” гэв.

3.5. Хариуцагч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөр, С.Должинсүрэн нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “1. Монгол Улсын Засгийн газраас “Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” 290 дугаартай тогтоолыг 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр баталсан. Энэхүү тогтоолын 1.1 дэх заалтаар “Монгол Улсын 2023 оны Төсвийн хуулиар батлагдсан төсөвт өртөгт багтаан барьж ашиглалтад оруулах боломжгүй нөхцөл байдал үүссэн зарим барилгын үлдэгдэл ажлын тоо хэмжээ болон төсвийн зөрүүг нягтлах, магадлалын нэгдсэн дүгнэлтээр баталгаажуулах арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнд”, 1.3 дахь заалтаар “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төсвийг хэмнэх зорилгоор цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн давхрын тоог нэмэгдүүлэх асуудлыг судалж, шаардлагатай бол холбогдох барилга байгууламжийн стандарт, норм дүрэмд холбогдох өөрчлөлт оруулах талаар зохих арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд нарт” тус тус даалгасан.

2. Дээр дурдсан тогтоол батлагдсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1а/3905 дугаартай “Хамтран ажиллах тухай” албан бичгийг ирүүлсэн. Уг албан бичигт “... Төсвийн тухай хуулиар батлагдсан төсөвт өртөгтөө багтан, гэрээний хугацаанд ашиглалтад орох боломжгүй боловсролын салбарын 69 төсөл, арга хэмжээний барилга угсралтын ажлын гэрээг дүгнэж, үлдэгдэл ажлын тоо хэмжээг гарган, шаардлагатай төсвийг магадлуулах хүсэлтийг “Барилгын хөгжлийн төв”-д 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүргүүлсэн талаар дурдаад, энэхүү үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүссэн байна.

3. Энэхүү албан бичгийн дагуу холбогдох арга хэмжээг зохион байгуулахаар Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 3/3062 дугаартай “Нэр ирүүлэх тухай” албан бичгийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат нарт хүргүүлсэн. Гэвч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6577 дугаартай албан бичгээр “Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулж байгаатай холбогдуулан ажлын хэсэгт нэр өгөх боломжгүй байна” гэж мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайд “Хамтран ажиллах тухай” 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1/3256 дугаартай албан бичгийг Сангийн сайд Б.Жавхланд хүргүүлсэн. Сангийн сайд “Хариу хүргүүлэх тухай” 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 01/6914 дугаартай албан бичгээр хамтран ажиллах боломжгүй талаар мэдэгдсэнтэй холбогдуулан Боловсрол шинжлэх, ухааны яамны 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2/2713 дугаартай албан бичгийн дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар “Барилгын Хөгжлийн төв” ТӨААТҮГ-т чиглэл өгсөн.

4. “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-аас Боловсрол шинжлэх, ухааны яаманд “Зураг төслийн магадлалын талаар” 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2/2739 дугаартай албан бичгийг хүргүүлж, хувийг Барилга, хот байгуулалтын яаманд ирүүлсэн. Уг албан бичигтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдад хандан “Мэдээлэл хүргүүлэх тухай” Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/3650 дугаартай албан бичгийг, мөн “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-аас Барилга, хот байгуулалтын яаманд ирүүлсэн “Чиглэл хүсэх тухай” 2023 оны 10 дугаар сарын 20-ний 1/3094 дугаартай албан бичгийн дагуу Барилга, хот байгуулалтын сайдын “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/3887 дугаартай албан бичгээр “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т хүргүүлж ажилласан байна.

5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл дурдсан Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, Баянгол дүүрэг, Эрдмийн өргөө цогцолбор сургууль/-ын материалын үнийн өсөлтийн өөрчлөлтийг “Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 12-ний өдрийн 88 дугаар тогтоолын дагуу Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 75 дугаар тушаалаар батлагдсан “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн /Барилгын материалын үнэ өөрчлөлтийг тооцох түр журам”-ын дагуу тооцуулж 346,416, 481/гурван зуун дөчин зургаан сая дөрвөн зуун арван зургаан мянга дөрвөн зуун наян нэг/ төгрөгийг нэмэгдүүлэн тооцуулсан байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.6. Хариуцагч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад Барилга, хот байгуулалтын яамнаас 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/3650 дугаартай албан бичгээр Засгийн газрын 2023 оны 90 дүгээр тогтоол, боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай ажлын хүрээнд 69 төсөл, арга хэмжээний зураг төсөлд магадлал хийх ажлыг Барилгын хөгжлийн төв, Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар зохион байгуулж байгаа талаар дурдаад тус арга хэмжээний хүрээнд магадлал хийлгүүлэхээр гэрээ байгуулсан 36 төсөл, арга хэмжээ хамрагдсан. Төсөвт өртөг магадлал хийх үндэслэлгүй 2 төсөл арга хэмжээг буцаасан, бусад аж ахуйн нэгж, байгууллагууд мэдээллээ ирүүлээгүй гэсэн мэдэгдлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Барилга, хот байгуулалтын яамнаас хүргүүлсэн. Энэхүү албан бичигт дурдсан төсөл, арга хэмжээний талаар мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны яамны 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2/2713 дугаартай албан бичгээр Барилгын хөгжлийн төвд хүргүүлсэн байдаг. Энэ талаар Барилга, хот байгуулалтын яаманд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1/3905 дугаартай албан бичигтээ дурдаж ирүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн үед Барилга, хот байгуулалтын яамны зүгээс Барилгын хөгжлийн төвд хүргүүлсэн Барилга, боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2/2713 дугаартай албан бичгээр 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1/3905 дугаартай албан бичгийн хавсралтад хүргэгдсэн гэж ойлгож энэхүү мэдэгдлийг тус яаманд хүргүүлсэн байдаг. Энэхүү үйл ажиллагаанаас хамаараад Барилга, хот байгуулалтын яамны эс үйлдэхүй байхгүй гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Өнөөдрийн шүүх хуралдаанаар “Солидконстракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Барилга, хот байгуулалтын яам болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Боловсролын хөгжлийн төвд холбогдох хэрэг маргааныг хянан хэлэлцэж байна. Энэхүү хэрэг хянан хэлэлцэх болон хэлэлцүүлгийн явцад, нотлох баримт шинжлэн судалж байх явцад нэг үйл явдал тодорхойлоод байна. Гэрээ сунгалтын явцад өгсөн нийт төсөвт өртгийн магадлалд хийгдсэн үнийн дүнг татагдсантай холбоотой нөхцөл байдлыг нөхөн авах зорилгоор нөхөн магадлал хийлгэе гэдэг асуудал яригдаад байх шиг байна. Боловсролын хөгжлийн төвийн 2 төлөөлөгчийн хэлж байгаагаар 1,400,000,000 төгрөгийн асуудал нь яаж үүсэж байгаа вэ гэвэл өмнө авах байсан санхүүжилтээ гүйцэтгэлээр гаргаж чадахгүй татуулсан болон нэмэлт төсөвт өртгийн санхүүжилтийг нөхөн авахтай холбоотой асуудал нь хийгдсэн зураг төслийн хүрээнд хийгдсэн ажлын хүрээнд гарч байгаа мөнгө болохоос дахин магадлал хийлгэж магадлалын төсвийг нэмэгдүүлэх гэж байгаа зүйл биш байна гэж харж байна.

Хэдий Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Барилга, хот байгуулалтын яам руу хандаж 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1/3905 дугаартай албан бичгээр “Солидконстракшн” ХХК-ийн нэр бүхий хавсаргасан Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 290 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ үү гэдэг хүсэлтийг гаргасан боловч энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой “Солидконстракшн” ХХК-ийн дахин магадлал хийх эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч “Солидконстракшин” ХХК-иас Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газарт тус тус холбогдуулан “Засгийн газрын 2023 оны 290 дүгээр тогтоолд дурдсан эрх бүхий байгууллагуудад гүйцэтгэх үүргийг даалгаж захирамжилсан байхад уг тогтоолд заасан үүргийг гүйцэтгэхгүй байж эс үйлдэхүй хийж шийдвэрлэхгүй орхигдуулснаар “Солидконстракшин” ХХК-ийн эрх ашиг хохирч байгаа тул уг эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, улмаар Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газарт дээр дурдсан үүргийг биелүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.

2. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн захирал Г.Болдоогоос шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Засгийн газрын 290 дүгээр тогтоолын 1.1 болон 2 дахь заалтад даалгасан үүргийг гүйцэтгэхгүй байж, эс үйлдэхүй хийж шийдвэрлүүлэхгүй орхигдуулснаар “Солидконстракшн” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хохирч байгаа тул уг эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, улмаар Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газарт дурдсан үүргийг биелүүлэхийг даалгах” тодруулсан ба нэхэмжлэлийн үндэслэлээ “Боловсролын сайд нараас ажлын тоо хэмжээг нэмэгдүүлсэн, сургуулийн барилгыг өөрсдийн хөрөнгөөр ашиглалтад оруулсан, Засгийн газрын холбогдох шийдвэр гарсан байхад тус шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа нь хууль бус” гэж тайлбарлан маргасан.

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв.

 

4. Маргааны үйл баримтын тухайд:

4.1. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь анх 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Эрдмийн өргөө цогцолбор сургууль/-ийн ажлын гэрээг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай байгуулсан.

4.2. 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр НХААГ-8/0022-3, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр НХААГ-8/0022-3-1, 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр НХААГ-8/022-3-НӨ, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр НХААГ-8/0022-3-2, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр НХААГ-8/022-3-НӨ-02 дугаартай Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Эрдмийн өргөө цогцолбор сургууль/-ийн ажилд гэрээний өөрчлөлт оруулах нэмэлт гэрээг 5 удаа байгуулж, ажлын хугацааг мөн удаа дараа сунгаж байжээ.

4.3. Монгол Улсын Их Хурлын 2022 оны 88 дугаар “Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын 4-т “улсын төвийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төсөв өртөгт нөлөөлж байгаа хүчин зүйлийг судалж, үнийн өөрчлөлтийн индексийг батлах”, 5-д “улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төсөвт өртөгт магадлал хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, холбогдох саналаа 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө Улсын Их Хуралд танилцуулах” гэж заасан байх ба Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/564 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар хуралдаанаар “Монгол Улсын 2023 оны төсөвт Улсын Их Хурлын 2021 оны 88 дугаар тогтоолын дагуу төсөвт өртөг нэмэгдэн батлагдсан 196 төсөл, арга хэмжээний нэмэлт гэрээг Сангийн сайдын 2022 оны 01/8591 тоот, Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 01/5650 тоот албан бичгээр тус тус ирүүлсэн чиглэлийн дагуу хянаж, хавсралт ёсоор баталгаажуулав” гэж шийдвэрлэж баталгаажуулсан жагсаалтын 12-т “Эрх шилжсэн: НЗДТГ, хуулийн дугаар: Х.1.1.9, төсөл арга хэмжээний нэр байршил: Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, Баянгол дүүрэг, Эрдмийн өргөө цогцолбор сургууль, эхлэх: 2018, дуусах: 2023, төсөвт өртөг: 5,762.3, санхүүжих дүн: 346.4, материалын магадлагдсан үнийн өсөлтийн дүн: 346.42, гүйцэтгэгч: “Солидконстракшн” ХХК 99114409, 88188878, БУА-ын явц /2022.12.30/: 85%, нийт гэрээний дүн: 5,415.8, магадлалын дүгнэлт: 2022.06.01, 88-286/2022” гэжээ.

4.4. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/127 дугаар захирамжаар “Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд тусгагдсан, үнийн өсөлт тооцсонтой холбоотойгоор төсөвт өртөг нь нэмэгдэж, зураг төсөл нь магадлалаар батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчтэй холбогдох хууль, журмын дагуу нэмэлт гэрээ байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ (Б.Мөнхбат)-т үрэг болгосугай” гэсний 12-т “Хуулийн дугаар: Х.1.1.9, Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил: Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, Баянгол дүүрэг, Эрдмийн өргөө цогцолбор сургууль/, Эхлэх: 2018, Дуусах: 2023, Төсөв өртөг: 5,762.3, 2023 онд санхүүжих дүн 346.4” гэжээ.

4.5. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн техникийн зөвлөлийн 2023/16-3 дугаар хуралдааны тэмдэглэлд “Бүх гишүүдийн саналаар Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Эрдмийн өргөө цогцолбор сургууль/-ийн ажлын гэрээнд материалын үнийн өсөлт олгох нэмэлт ажлын гэрээний хугацааг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгахаар шийдвэрлэв” гэж шийдвэрлэсний дагуу хамгийн сүүлд 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр НХААГ-18/022-3-НӨ-01 тоот “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал” /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Эрдмийн өргөө цогцолбор сургууль/-ийн ажлын гэрээнд материалын үнийн өсөлт олгох нэмэлт гэрээний хугацаа сунгах гэрээ”-гээр хугацааг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгасан байна.

 

5. Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Эрдмийн өргөө цогцолбор сургууль/-ийн барилга угсралтын ажил нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаан, тухайлбал, барилгын зураг төсөвт өөрчлөлт орсон, зөрүү төсвийг магадлах, улсын төсөвт хөрөнгө суулгах зэрэг шалтгаанаар саатсан, дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас материалын үнийн өсөлт бий болсон тухайд хариуцагч нараас маргаагүй.

6. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 290 дугаар тогтоолын 2-т “Төсвийн тухай хуулийн 10.1.14-т заасан зохицуулалтын хүрээнд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулиар Боловсрол, шинжлэх ухааны сайдын төсвийн багцад батлагдсан хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн явц байдалтай нь уялдуулан хуулиар батлагдсан дүнд нь багтаан зохих журмын дагуу зохицуулалт хийхийг Сангийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нарт даалгасугай” гэж заажээ.

 

7. Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “эрхэлсэн асуудлын хүрээнд төрийн бодлого боловсруулж, хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх ажлыг Засгийн газрын өмнөөс эрхлэн гүйцэтгэж, зохих хүрээ, салбарын хөгжил, ажил хэргийн байдал, үр дүнг Ерөнхий сайдын өмнө дангаар, харин Засгийн газрын үйл ажиллагааны талаар хамтын хариуцлага тус тус хүлээх”, 6-д “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон өөрийн шийдвэрийн биелэлтийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжид шалган танилцаж, биелэлтийг нь бүрэн хангах талаар шуурхай даалгавар өгч гүйцэтгүүлэх” нь Засгийн газрын бүрэн эрхэд хамаарахаар, Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Яамыг Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд /цаашид "сайд" гэх/ тэргүүлэх”-ээр 9.6.2-т “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, сайдын тушаал, Засгийн газрын хуралдаан, Ерөнхий сайд, сайдаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ажлыг зохион байгуулж, явц, биелэлтэд хяналт тавих”-аар тус тус зохицуулжээ.

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтууд хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл, хариуцагч Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар нь Засгийн газрын тогтоолын холбогдох заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна.

9. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан”-ыг эс үйлдэхүй гэж тодорхойлсон бөгөөд маргааны тохиолдолд Засгийн газрын 290 дүгээр тогтоолын 2 дахь заалтаар даалгасан үүргийг хариуцагч Боловсролын яам, Боловсролын ерөнхий газраас хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна. Тодруулбал,

9.1. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/121 дугаартай “Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх эрхийг шилжүүлэх тухай” тушаалын 1 дэх заалтаар “Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах, үнэлгээний хороо байгуулах, гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангах, санхүүжүүлэх, хяналт тавих эрхийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгон Боловсролын ерөнхий газар /Т.Ням-Очир/-т” шилжүүлсэн.

9.2. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/334 дүгээр тушаалаар “Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулиар Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцад батлагдсан хөрөнгийн зардлын дүнд багтаан, он дамжин хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн явцтай нь уялдуулан санхүүжилтийн зохицуулалт хийх жагсаалтыг нэгдүгээр, 3 ээлжээр хичээллэх нөхцөл үүссэн байршилд баригдаж байгаа сургуулийн барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах төсөл, арга хэмжээний жагсаалт”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсны “Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2023 онд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй 3 ээлжээр хичээллэх нөхцөл үүссэн байршилд баригдаж байгаа ашиглалтад орох төсөл, арга хэмжээ”-ний 7-д “Солидконстракшн” ХХК барьж буй Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, Баянгол дүүрэг, Эрдмийн өргөө цогцолбор сургууль/-ийн барилга багтсан.

9.3. Боловсрол, шинжлэх ухааны яамны 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1а/3905 тоот “... Монгол Улсын Их хурлын 2022 оны 72 дугаар тогтоолын дагуу магадлалаар баталгаажсан төсөвт Үндэсний аудитын газраар дүгнэлт, зөвлөмж гаргуулан 2024 оны төсвийн тухай хуульд батлуулснаар барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж, байнгын ашиглалтад орох тул хавсралтад дурдсан төсөл, арга ажилд магадлалын нэгтгэсэн дүгнэлт яаралтай гаргуулан шийдвэрлэж, хамтран ажиллахыг танаас хүсье” гэх албан бичгийг Барилга, хот байгуулалтын сайдад хүргүүлсэн хавсралтын 69-д нэхэмжлэгч хуулийн этгээдийн гүйцэтгэсэн барилгын ажил 88 хувийн гүйцэтгэлтэйгээр багтсан байна.

9.4. Энэ тохиолдолд Боловсрол, шинжлэх ухааны сайд нь төсвийн ерөнхийлөн захирагч болохынхоо хувьд Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Засгийн газар төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 10.1.14-т “тухайн жилийн төсвийн хуулиар батлагдсан хөрөнгө оруулалтын арга хэмжээний жагсаалтад шинэ арга хэмжээ нэмж тусгахгүйгээр, тэдгээрийн гүйцэтгэлийн явц байдалтай уялдуулан, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын дүнд багтаан хөрөнгийн зохицуулалт хийх” гэж заасан эрх хэмжээний хүрээнд Засгийн газрын 2023 оны 290 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар өгөгдсөн үүргийг 2023 оны төсвийн тухай хуулиар батлагдсан дүнд нь багтаан зохицуулалт хийх замаар хэрэгжүүлсэн, эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгч “Солидконстракшн” ХХК-иас Боловсролын яам, Боловсролын ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй, хариуцагч Боловсролын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...эс үйлдэхүйгээр биелүүлэхгүй гэдэг нь өөрөө тухайн тогтоол гарсан хэлбэрийн төдий гараад, тухайн тогтоолыг огт биелүүлэхгүй орхигдуулсан тохиолдолд эс үйлдэхүй гэж агуулгын хувьд яригдана. Иймд огт ийм зүйл болоогүй” гэх тайлбар үндэслэлтэй гэж үзнэ.

9.5. Өөрөөр хэлбэл, Боловсрол, шинжлэх ухааны сайд нь 2023 оны төсөвт батлагдсан 346,6 сая төгрөгийн хэмжээгээр санхүүжилтийн зохицуулалт хийсэн, тухайн хөрөнгийг авсан тухайд нэхэмжлэгч маргахгүй байх тул тус хариуцагчид холбогдох эс үйлдэхүй байхгүй байна.

 

10. Харин хариуцагч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...Боловсролын сайдаас ирүүлсэн бичгийн дагуу ажлын хэсэг байгуулахаар сангийн яаманд удаа дараа хүсэлт хүргүүлсэн, Сангийн яамнаас нэр өгөх боломжгүй хариу ирүүлсэн тул манай байгууллагаас эс үйлдэхүй гаргаагүй” гэх агуулгаар маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Тодруулбал,

10.1. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 290 дүгээр тогтоолын 1.1-д “Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулиар батлагдсан төсөвт өртөгт багтаан барьж ашиглалтад оруулах боломжгүй нөхцөл байдал үүссэн зарим барилгын үлдэгдэл ажлын тоо хэмжээ болон төсвийн зөрүүг нягтлах, магадлалын нэгтгэсэн дүгнэлтээр баталгаажуулах арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайдад даалгаж” шийдвэрлэжээ.

10.2. Барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Барилгын материалын үнэ болон ханшны өөрчлөлт, бусад хүчин зүйлээс хамааран барилга байгууламжийн төсвийн тооцоонд өөрчлөлт оруулах тохиолдолд санхүү, эдийн засгийн болон барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран үндэслэл, тооцоог хянаж, санхүүжүүлэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаас үзвэл, хариуцагч захиргааны байгууллагууд нь төсвийн хөрөнгөөр баригдаж буй барилгын төсвийн тооцоонд өөрчлөлт орох нөхцөл бий болсон тохиолдол бүрт үндэслэл, тооцоог хянаж санхүүжүүлэх арга хэмжээ авах үүрэгтэй байна.

10.3. Гэтэл Барилга, хот байгуулалтын яамнаас 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 3/3062 тоот албан бичгээр “Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 290 дүгээр тогтоолоор батлагдсан “Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” болон “Хамтран ажиллах тухай” Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1а/9305 дугаар албан бичгийг тус тус үндэслэн боловсролын салбарт хэрэгжиж буй төсвийн тухай хуульд батлагдсан төсөвт өртөг болон гэрээний хугацаанд ашиглалтад оруулах боломжгүй 69 төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт магадлал хийх ажлыг зохион байгуулах Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулахаар төлөвлөж байна. Иймд тус ажлын хэсэгт ажиллах холбогдох албан тушаалтны нэрсийг ... ирүүлнэ үү” гэж, Барилга, хот байгуулалтын сайдаас 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1/3256 тоот албан бичгээр “... манай яамны зүгээс уг тогтоол болон бусад байгууллагын санал, хүсэлтийн дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний хийгдээгүй байгаа үлдэгдэл ажлын тоо хэмжээний төсөвт өртөгт цалингийн зөрүүг тооцуулж, магадлал хийх ажлыг яаралтай зохион байгуулах, 2024 оны төсөвт тусгуулах шаардлагатай байгаа тул Ажлын хэсэгт оруулах удирдах албан тушаалтны нэрийг ирүүлэхийг Танаас хүсье” гэж тус тус Сангийн яам, Сангийн сайдад хүргүүлж, Сангийн яамнаас 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03/6577 тоот албан бичгээр “... манай яам Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулж байгаатай холбогдуулан уг ажлын хэсэгт нэр хүргүүлэх боломжгүй байна” гэж, Сангийн сайдаас 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 01/6914 тоот албан бичгээр “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Төсвийн тухай хуулийн 12.1.6, 12.1.15-д гэж тус тус заасны дагуу гүйцэтгэлд хяналт тавих, санхүүжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг тул тус ажлын хэсэгт нэр өгөх боломжгүй байна” гэсэн хариу авснаар уг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй болсон хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

10.4. Мөн нийслэлийн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, 3 ээлжийн асуудлыг шийдвэрлэх хамтарсан ажлын хэсгийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч хуулийн этгээдтэй холбогдуулан “Барилгын хөгжлийн төв рүү барилгын үлдсэн ажил дээр магадлал хийж өгөх санал хүргүүлэх арга хэмжээ авах” гэж шийдвэрлэсэн(2 дугаар хавтаст хэргийн 60-72 дахь талд), Барилгын хөгжлийн төвөөс 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2/2739 тоот албан бичгээр Боловсрол, шинжлэх ухааны яам, Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Боловсролын ерөнхий газарт хандан “... өнөөдрийн байдлаар 12 зураг төсөлд магадлал хийхээр гэрээ байгуулсан, магадлалын дүгнэлтийн нэгтгэлээр баталгаажсан 14 зураг төсөл, үлдэгдэл ажлын төсөвт магадлал хийх хууль зүйн үндэслэлгүй 2 хүсэлтийг буцаасан. Үлдсэн 42 зураг төсөлд магадлал хийлгэх хүсэлтийг одоогоор ирүүлээгүй байна. Зураг төсөлд магадлал хийлгэх хүсэлтийг ирүүлээгүй барилга байгууламжийн нэрсийг жагсаалтаар хавсаргав” гэсэн,  хавсралтад нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэр байхгүй, нэхэмжлэгч хуулийн этгээдийн цаашид гүйцэтгэх шаардлагатай ажилд магадлал хийлгэх хүсэлт хэрхсэн нь тодорхойгүй байхад “Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Эрдмийн өргөө цогцолбор сургууль”-ийн барилгын дуусаагүй ажилтай холбоотой магадлал хийлгэх ажлыг зохион байгуулаагүй байна.

10.5. Энэ тохиолдолд хариуцагч Барилга, хот байгуулалтын яам нь Засгийн газрын шийдвэрээр холбогдох сайдад үүрэг болгосон “Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулиар батлагдсан төсөвт өртөгт багтаан барьж ашиглалтад оруулах боломжгүй нөхцөл байдал үүссэн зарим барилгын үлдэгдэл ажлын тоо хэмжээ болон төсвийн зөрүүг нягтлах, магадлалын нэгтгэсэн дүгнэлтээр баталгаажуулах арга хэмжээ авахыг даалгаж” шийдвэрлэсэн үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

10.6. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 290 дугаартай тогтоолын 1.1 дэх заалтаар “зарим барилгын үлдэгдэл ажлын тоо хэмжээ болон төсвийн зөрүүг нягтлах, магадлалын нэгтгэсэн дүгнэлтээр баталгаажуулах арга хэмжээ авах”-ыг холбогдох сайдуудад үүрэг болгосон байхад хариуцагч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам нь Сангийн яамнаас ажлын хэсэгт орж ажиллах хүний нэр ирүүлээгүй гэсэн шалтгаанаар энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй байх тул засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан, үүний улмаас нэхэмжлэгч хуулийн этгээд нь ажлын тоо хэмжээгээ тогтоолгож чадаагүй, магадлалын дүгнэлтээр баталгаажуулж чадахгүйд хүрчээ.

 

11. Хэдийгээр засгийн газрын 290 дүгээр тогтоолын 1.1 дэх заалтаар хариуцагч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаас гадна Сангийн сайдад мөн үүрэг өгөгдсөн хэдий ч нэхэмжлэгч нь Сангийн сайдад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

12. Тухайн тохиолдолд Барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасан төсвийн тооцоонд ямар өөрчлөлт орох талаарх магадлалын нэгдсэн дүгнэлт гараагүй болох нь Барилгын хөгжлийн төвөөс Боловсрол, шинжлэх ухааны яам, Барилга, хот байгуулалтын яам, Боловсролын ерөнхий газарт хүргүүлсэн албан бичгүүдийн хавсралтад нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэр багтаагүйгээр тогтоогдож байх тул мөн заалт дахь “тооцоог хянаж, санхүүжүүлэх асуудал” үүсээгүй төдийгүй Сангийн яамнаас дээр дурьдсан 01/6914 тоот албан бичгээр “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гүйцэтгэлд хяналт тавих, санхүүжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг тул тус ажлын хэсэгт нэр өгөх боломжгүй” гэдгээ илэрхийлсээр байсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Сангийн яам мэргэжилтэн томилж ирүүлээгүй тул магадлал хийх ажил гацсан” гэх үндэслэл нь хариуцагчийн эс үйлдэхүйг зөвтгөхөөргүй байна.

13. Өөрөөр хэлбэл, хариуцагч захиргааны байгууллагад Засгийн газрын тогтоолоор өгөгдсөн “ажлын тоо хэмжээ болон төсвийн зөрүүг нягтлах, магадлалын нэгтгэсэн дүгнэлтээр баталгаажуулах арга хэмжээ авах” үүрэг нь магадлалын нэгдсэн дүгнэлт гаргуулж төсвийн өөрчлөлтийн тооцооллыг тодорхой болгох, улмаар санхүүжүүлэх агуулгатай байхад хариуцагч нь энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй шалтгааныг тооцоог хянах, санхүүжүүлэх арга хэмжээ авах үүрэг бүхий захиргааны байгууллагатай хамтран ажиллах гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. 

14. Иймд Засгийн газрын 2023 оны 290 дүгээр тогтоолын 1.1 дэх заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг заалтыг хэрэгжүүлэхийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 6, Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.2, Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.14, Барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасныг тус тус баримтлан “Солидконстракшн” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Засгийн газрын 2023 оны 290 дүгээр тогтоолын 1.1 дэх заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг заалтыг хэрэгжүүлэхийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд даалгаж, нэхэмжлэгчээс Боловсролын яам, Боловсролын ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.МӨНХЗУЛ