Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/10

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Улсын яллагч: Д.Бат-Өлзий,

Шүүгдэгч: А.А

Шүүгдэгч: Н.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт А.А, Чойго овогт Н. Ж нарт холбогдох эрүүгийн 1727000440001 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х овогт А-ын А

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ч овогт Н-ын Ж

                                Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Ж нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг “Олон нуурын гол” гэх газарт А.А-гийн гэрт хохирогч А.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.А нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг “Олон нуурын гол” гэх газарт байх өөрийн гэртээ хохирогч Н.Ж-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр айлын найран дээр очсон юм. Тэгээд найран дээрээс эхнэрээ дагуулж гэртээ ирсэн. Гэртээ Н.Жбид хоёр айраг ууж байгаад маргалдсан юм. Яагаад маргалдсан юм бэ гэвэл хулгайд хардсан юм. Та яагаад намайг хулгайд харддаг юм гэж тухайн үед хэлсэн. Тэгсэн манай аавын хөөргийг аваад надруу шидсэн. Би тухайн үед яагаад аавын минь хөөргийг шидэж байгаа юм бэ гээд бид хоёр барилцаж авсан. Гадаа дагаад гарсан чинь намайг барьж аваад унагаасан. Тухайн үед миний нүдийг сохолно гээд намайг боож унагаасан. Тэгээд манай эхнэр цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Н.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр манай хамаатны хүүхдийн үсний найр болсон юм. Тухайн үед би тэр үсний найран дээр байж байсан. Тэгсэн А.А ирээд намайг гадаа хүүхдээр дуудуулсан байсан. Тухайн үед би мэдээгүй. Тэгээд гартал машинаа өгчих гэсэн тэр үед А нилээн согтуу байсан. Тэгэхээр нь би машинаа өгөөгүй. Би тухайн үед машинаа хармалсан нэр авах байх гэж бодоод чи яах гэж байгаа юм гэж асуусан чинь эхнэрээ авч ирье гэж хэлсэн. Тэгээд эхнэрийг нь аваахаар гэрт нь очсон. Тэгсэн бид хоёрын дунд маргаан болсон. Урьд нь хулгайд хардсан асуудал яригдсан. Тэгээд надад гомдсондоо тэр асуудлыг ярих шиг болсон. Тухайн үед уурандаа бид хоёр барилцаж авсан. Бид хоёр гадаа гараад би А.Аг дарж авсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч А.А-гийн өгсөн “...2017.08.24-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг “Олон нуурын гол” гэх газар манай гэрт болсон асуудал байгаа юм. Н.Жнь намайг гараараа цохиж миний биед хөнгөн гэмтэл учруулсан. Н.Жнь намайг урьд нь мал хулгайлсан гэж яриа гаргаснаас болж түүнийг хэлж маргалдах болсон. Баруун нүдний дээд зовхинд гараараа цохиж гэмтэл учруулсан. Миний 2 нүд рүү хийж татсан. Зүүн гарын хурууг хазаж гэмтэл учруулсан. Би 700.000 төгрөгийн хохирол төлүүлж авсан гомдол саналгүй...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/

Хохирогч Н.Ж-ын өгсөн “...Би айлын найранд байж байтал гадаа хүн дуудаж байна гэхээр нь гартал А.А машинаа өгчих эхнэрээ аваад ирье гэхээр нь халамцуу байхаар нь өгөөгүй юм. Тэгээд хамт явж гэрт нь иртэл маргалдаж намайг мөргөж хамарт гэмтэл учруулсан. Мал хулгайлсан гэж хэлж би шалгуулж байсан юм. Тэрнээс болоод л маргалдаж намайг зодсон. Миний хамар руу толгойгоороо мөргөж гэмтэл учруулсан. Гомдол санал байхгүй. 317.000 төгрөгийн хохирол нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/

 Гэрч Б.Аюушын өгсөн: “...2017.08.24-ний өдөр манай нөхөр А саахалт айлын Ж гэх хүнтэй машинтай 18 цагийн орчим манай гэрт ирсэн. Тэгээд гэрт орж ирэхээр нь тэр хоёрт айраг хийж өгөөд бага гэрлүүгээ орсон. Тэгээд бага гэртээ байж байтал чимээ гараад байхаар нь бага гэрээсээ гараад том гэртээ орсон чинь бие биенийхээ гарыг бариад зогсож байсан. Тэгээд би та 2 юу болж байна гэсэн чинь Ж гэрээс гараад араас нь А гартал Ж А-г барьж аваад тонгорч унагаагаад А-г намайг ямар зэрлэг хүн гэдгийг мэдэж байна уу чамайг амьдаар нь тамлаж ална гэж хэлэхээр нь би хүүхэд Буяндавааг Ж-ын гэрт очиж хэл гээд морины уяа руугаа явчихаад иртэл А-гийн нүднээс нь цус гарчихсан дээр нь сууж байхаар нь би Ж ахаа болиоч гэсэн чи цаашаа гээд миний хөл рүү өшиглөөд би та хэдийг 2 хүүхдээрээ алуулна гээд босож ирээд Агийн толгой руу өшиглөөд байж байтал Ж-ын эхнэр хойноос мотоцикльтой хүнтэй сундалчихсан ирж харагдаж байтал Ж машинаа асаагаад яваад өгсөн. Тэгээд Аг босгоод ирсэн чинь баруун нүдний зовхийг хуу татаад хаячихсан байсан. Тэгээд сумын цагдааг дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,

  • Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолууд /хх-ийн 01-02 дугаар хуудас/,
  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/,
  • Шүүх эмнэлэгийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтэд: “...1. А.А-гийн биед баруун нүдний дээд зовхинд мэс заслын шарх, баруун зүүн нүдний эвэрлэг, салст зөөлөн эдэд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, баруун гарын хуруу, зүүн гарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/,

-    Шүүх эмнэлэгийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтэд: “...1. Н.Ж-ын биед тархи доргилт, хамрын нуруу, баруун гуянд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”  гэсэн дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/,

-      Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64-67 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Жнь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг “Олон нуурын гол” гэх газарт А.А-гийн гэрт хохирогч А.Аг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.А нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг “Олон нуурын гол” гэх газарт байх өөрийн гэртээ хохирогч Н.Жадамбыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иймд А. А, Н-ын Ж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч А. А, Н-ын Ж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А. А, Н-ын Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй түүний бичгийн баримтууд шүүхэд ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн   2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон

                                              ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Хув овогт А. А, Ч овогт Н-ын Ж нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А. А-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ын Ж-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Н.Ж нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулах хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Н.Ж нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А.А, Н.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч А.А-гийн 350.000 төгрөгийн үнэ бүхий алтан бөгжийг битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоол, шүүгдэгч Н.Ж-ын 400.000 төгрөгийн үнэ бүхий булган малгайг битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.А, Н.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.А, Н.Ж нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ДАГИЙМАА