| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2024/03426/И |
| Дугаар | 183/ШШ2024/05085 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2024/05085
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 6 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ю******* ХХК /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 8 215 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Т*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М******* шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн тул түүний өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э******* ХХК нь хариуцагч Ю******* ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 8 215 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Манай компани Ю******* ХХК-тай 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн №22/03 тоот түрээсийн гэрээ байгуулсан. Ю******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 5 476 667 төгрөг байна. Иймд хариуцагч Ю******* ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 5 476 667 төгрөг, алданги 2 738 333 төгрөг, нийт 8 215 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
1.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Э******* ХХК болон Ю******* ХХК нарын хооронд 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан. Худалдааны үйлчилгээний зориулалтаар 3 давхрын 106 м.кв талбайг тавилгын худалдааны зориулалтаар түрээслэсэн. Гэрээг 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаатай байгуулсан байдаг. Ингээд 1 м.кв талбайн 30 000 төгрөг, 106 м.квадрат, сард 3 180 000 төгрөг төлнө. Төлбөрийг сар бүрийн 10-ны дотор төлөхөөр гэрээнд тусгагдсан. Гэтэл хариуцагч компани нь 2020 оны 5 болон 6 дугаар сарын түрээсийн төлбөрийг огт төлөөгүй, 5 сард 3 286 000 төгрөг, 6 дугаар сард 2 190 667 төгрөг нийт 2 сарын түрээсийн төлөгдөөгүй төлбөр нь 5 476 667 төгрөг болж байгаа. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д төлбөрийг тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд сар бүрийн 10-ны өдрөөс хойш төлбөр төлөгдөөгүй бол төлөгдөөгүй дүнгийн хоног тутамд 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг түрээслэгчид төлөхөөр заасан. Хариуцагч нь түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний 7.1-д заасны дагуу Иргэний хуулийн 19 дүгээр бүлэг, 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу анз, алдангийг нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хэтэрч болохгүй гэж заасан тул гүйцэтгээгүй үнийн дүн болох 5 476 667 төгрөгийн 50 хувь болох 2 748 333 төгрөгийн алданги тооцож нийт 8 215 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2.1.Хариуцагч тал болох Ю******* ХХК болон Э******* ХХК хооронд №22/03 тоот гэрээ байгуулан 2022 оны 2 сарын 01-ний өдрөөс эхлэн түрээслэхээр тохиролцсон боловч шинээр үйл ажиллагаагаа эхлэх нь тухайн үеийн нөхцөл байдал ковидын үеийн санхүүгийн хямралууд дуусаагүй үргэлжилж байсан тул манай байгууллага нь санхүүгийн хүндрэлээс шалтгаалан уг түрээсийн байранд нэг ч өдөр үйл ажиллагаа явуулж ашиглаж чадаагүй юм. Гэсэн хэдий боловч манай байгууллага 4 cap 20 хоногийн нийт 14 993 953 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөхөөр тооцоолон тохиролцсоноос барьцаа төлбөртэй хамт нийтдээ 13 561 257 төгрөгийг 5 удаагийн төлөлтөөр нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал Н.Ж болон Э******* ХХК-ийн дансуудаар төлсөн бөгөөд үлдэгдэл тооцоо нь ажлын байрны анхны байдалд оруулах зардалд тооцуулахаар харилцан тохиролцсон. Түрээсийн байрны тохижилт сайжруулалт хийж ханыг засаж сайжруулсан нь одоо ч тэр хэсгийг дараачийн түрээслэгчид бидний зассанаар ашигласаар байна. Нэхэмжлэгч талын шаардлагад түрээсийн үлдэгдэл төлбөр гэж 5 476 667 төгрөгийг шаардсан нь санхүүгийн тооцооллоо нягтлаагүй нэхэмжлэл гаргасан, хариуцагчийн төлсөн төлбөр тооцоог бүрэн тусгаагүй мөн хариуцагчийн төлсөн болон суутган авч үлдсэн барьцаа төлбөр 3 180 000 түрээсийн байрны анхны байдалд оруулах 3, 502 880 үлдэгдэл төлбөр 863 971 төгрөгний зардлуудад ААНОАТ хуулийн дагуу ebarimt шивж илгээгээгүй байдалтай байна. Хариуцагч тал нь Э******* ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны № 22/15 тоот албан бичигт дурдсаны дагуу хоёр тал тохирсноор тооцоо дуусгавар болгох дүн 863 971 төгрөгийг бүрэн төлж дуусгасан нь хоёр талын хооронд төлбөр тооцоог хаагдсан гэж үзэж байна гэсэн.
2.2.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тооцооллоо андуураад гаргасан гэж үзэж байна. Манай компани түрээслэгчтэй 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулж орсон байгаа. Нийт 210 м.кв талбай байсан. Манай компанийн хувьд О ХХК болон Ю******* ХХК гэсэн нэг хувьцаа эзэмшигчтэй, нэг гүйцэтгэх захиралтай хоёр компани байдаг, хоёулаа тусдаа үйл ажиллагаа явуулдаг учраас хоёр тусдаа гэрээ байгуулж орсон. Тэрнээс О ХХК нь төлбөрөө цаг тухайд нь төлсөн. Харин хариуцагч Ю******* ХХК нь түрээсийн гэрээ байгуулсан боловч нэг ч өдөр үйл ажиллагаагаа явуулж чадаагүй, засварын хугацаанд ханыг засаж сайжруулсан байдаг. Үүний нийт зардал нь 3 502 880 төгрөг байгаа. Одоог хүртэл засварын ажил үргэлжлээд дараагийн түрээслэгч хэрэглээд явах талбай бэлдэж засвар хийсэн байгаа. Тэгсэн мөртлөө манай хариуцагч компани үйл ажиллагаа явуулж чадаагүй. Харин О ХХК нь үйл ажиллагаагаа явуулж чадсан. Тийм учраас 3 сарын төлбөр болох 9 517 286 төгрөгийг 3 удааагийн төлөлтөөр хугацааг бага зэрэг хойшлуулж хийсэн. Мөн барьцаа төлбөр гэж 3 180 000 төгрөгөөр 4 удаагийн төлөлт хийсэн. Тэгээд 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байна, түрээслэх боломжгүй байна гэсэн мэдэгдэл болон албан бичиг өгсөн. Ингээд нэхэмжлэгч талаас 6 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болгоод 2 190 667 төгрөгийг төлөөд гарч болно гэж мэдэгдэл өгч харилцан тохиролцсон. Үүн дээр засаж сайжруулсан төлбөрөө танайд үлдээе, үүнийг тохиролцож болох уу гэж харилцан алба бичгийг мэйлээр солилцсон. Үүнтэй холбоотой түрээслэгч талын албан бичиг байгаа. Үүн дээр манай анхны байдалд оруулах зардлыг 20 хувиар хасаж тооцож манай барьцаа төлбөрийг суутгаж авч үлдэж 863 970 төгрөгийг Хасбанкны дансанд шилжүүлж өгнө гэсэн. Ингээд бид харилцан тохиролцоод хаасан гэж бодож явж байсан, бидний хоорондох тооцоо дуусгавар болсон гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Э******* ХХК-ийн дүрэм, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №22/03 тоот түрээсийн гэрээ, Э******* ХХК-тай Ю******* ХХК-ийн хооронд байгуулсан №22/03 тоот түрээсийн гэрээний өр төлбөрийн тооцоолол, итгэмжлэл /хэргийн 2-12, 55-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ю******* ХХК-ийн дүрэм, Э******* ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 22/15 тоот албан бичиг, түрээсийн өр төлбөрийн тооцоолол, түрээсийн өр төлбөрийн тооцоолол хавсралт 1, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дансны хуулга, гүйлгээний баримтууд, дансны хуулга, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №22/03 тоот түрээсийн гэрээ, нэхэмжлэх, хариу тайлбар /хэргийн 21, 26-32, 35-48 -р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Ю******* ХХК-тай 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр №22/03 тоот түрээсийн гэрээ байгуулж, худалдаа үйлчилгээний зориулалттай 106 м.кв талбайг тавилгын худалдааны зориулалтаар түрээслэсэн боловч хариуцагч нь түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй түрээсийн төлбөр болох 2022 оны 5, 6 сарын төлбөр төлөөгүй тул түрээсийн гэрээний үүрэгт 5 476 667 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 2 748 333 төгрөг, нийт 8 215 000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч Э******* ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж худалдаа үйлчилгээний зориулалттай талбай түрээслэсэн, 2022 оны 5, 6 сарын төлбөр 5 476 667 төгрөгийг төлөөгүй боловч харилцан тохиролцоод түрээсийн байрыг анхны байдалд оруулах зардлыг хасахаар тохиролцож үлдэх 863 971 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн тул уг 863 971 төгрөгийг төлснөөр гэрээний үүрэг дуусгавар болсон гэж маргасан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч Э******* ХХК, хариуцагч Ю******* ХХК нар нь 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр №22/03 дугаартай Түрээсийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн Х дүүргийн хороо, т байрлах үл хөдлөх хөрөнгө болох худалдаа үйлчилгээний зориулалттай Сохо тавилгын дэлгүүр худалдааны төвийн 3 давхарын 106 м.кв талбай бүхий хэсгийг тавилгын худалдааны зориулалтаар ашиглуулахаар, хариуцагч нь ашигласан ашиглаагүйгээс үл хамааран 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 01-ний дуустлах хугацаанд 1м.кв талбайг 30 000 төгрөгөөр тооцож, 106 м.кв талбайд 3 180 000 төгрөгийг түрээсийн төлбөрт, менежментийн төлбөр 1 м.кв талбайд 1000 төгрөг, нийт 106 м.кв талбайд 106 000 төгрөгийг сар бүр төлөхөөр харилцан тохиролцжээ.
4.2.Мөн гэрээний 3.7-д “түрээслэгч гэрээгээр хүлээсэн төлбөр тооцооны үүргээс бусад үүргийг биелүүлэх баталгаа болгон 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх 3 180 000 төгрөгийн барьцааг гэрээ байгуулахын өмнө түрээслүүлэгч талд бэлнээр байршуулна”, 3.8-д “барьцаа нь түрээсийн төлбөрт багтахгүй бөгөөд энэхүү түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болоход буцаан олгоно” гэж заажээ.
4.3.2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Э******* ХХК-тай Ю******* ХХК-ийн хооронд байгуулсан №22/03 тоот түрээсийн гэрээний өр төлбөрийн тооцоололд “...2022.05.10 түрээсийн төлөгдөөгүй төлбөр 3 286 000, 2022.03.10 түрээсийн төлөгдөөгүй төлбөр 2 190 667, нийт түрээсийн төлбөр 14 993 953, нийт төлсөн төлбөр 9 517 286, түрээсийн төлөгдөөгүй төлбөр 5 476 667, алданги 2 738 333, нийт нэхэмжлэх дүн 8 215 000” гэсэн байна.
5.Талуудын маргааны зүйл нь үүрэг дуусгавар болсон эсэх талаар байна, гэрээ байгуулсан, түрээсийн төлбөр төлж байсан үйл баримтын талаар маргаагүй.
6.Зохигч талууд 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр №22/03 дугаартай Түрээсийн гэрээ байгуулсан талаараа хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.
6.1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас төлөгдөөгүй түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй байна.
6.2.Нэхэмжлэгч нь хариуцагч Ю******* ХХК нь 2022 оны 5 сарын болон 6 сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй болох нь талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн төлбөрийн тооцооллоор нотлогдоно, гэрээний 7.1-д “...төлбөрийг тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд сар бүрийн 10-ны өдрөөс хойш төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг түрээслүүлэгчид төлнө” гэж харилцан тохиролцсон гэсэн.
6.3.Хариуцагч нь 2022 оны 5, 6 сарын төлбөр 5 476 667 төгрөгийг төлөөгүй байсан талаар маргаагүй боловч түрээсийн байранд хийсэн завсарын зардал болон барьцаа мөнгийг хасч тооцоод үлдэх 863 971 төгрөгийг төлөх талаар харилцан тохиролцож, уг 863 971 төгрөгийг 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр төлж барагдуулсан тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг дуусгавар болсон гэж мэтгэлцсэн.
6.4.Хэрэгт авагдсан Э******* ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Түрээсийн өр, төлбөрийн тооцоололд “...Ю******* түрээсийн төлбөр 14 993 953, төлсөн 9 517 286 төгрөг, түрээсийн дутуу төлөлт 5 476 667 төгрөг”, Түрээсийн өр, төлбөрийн тооцоол Хавсралт№1-д “...Түрээсийн байрыг анхны байдалд оруулах зардал нийт үнэ 3 502 880 төгрөг, Ю******* ХХК барьцаа 3 180 000 төгрөг, О ХХК, Ю******* ХХК-ийн төлөх түрээсийн төлбөр үлдэгдэл төлбөр 4 391 667 төгрөг, түрээсийн байрыг анхны байдалд оруулах зардал 3 502 880 төгрөг, О ХХК, Ю******* төлсөн барьцаа төлбөр 6 330 000 төгрөг, Э******* ХХК-нд төлөх зөрүү төлбөр 1 564 547 төгрөг” гэжээ.
6.5.Мөн хэрэг авагдсан 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 22/15 дугаартай Э******* ХХК-ийн Ю******* ХХК-нд хүргүүлсэн албан бичигт “...танай хүсэлтийг харгалзаж Түрээсийн байрыг анхны байдалд оруулах зардалаас 20 хувиар хасаж тооцож үлдэгдэл 863 971 төгрөгийг Э******* ХХК-ийн Хас банк дахь 500 тоот дансанд төлж төлбөр тооцоог дуусгавар болгон уу” гэсэн байх бөгөөд хариуцагч нь уг 863 971 төгрөгийг 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн болох нь Голомт банкны дансны хуулгаар тогтоогдож байна.
6.5.Хариуцагчийн өмгөөлөгч нь засварын зардал буюу анхны байдалд оруулах зардлыг хасч тооцох боломжгүй, гэрээний 8.1.2-д “түрээсийн байр, түрээслүүлэгчийн тоног төхөөрөмж эд хөрөнгийг анхны байдлаар хүлээлгэн өгнө”, 8.1.3-д “түрээсийн байрыг түрээслүүлэгчид хүлээлгэн өгөх үед түрээслэгч өөрийн үйл ажиллагаанд зориулж хийсэн тохижилт, угсарч суурилуулсан тоноглол, бусад нэмэлт зүйлс /цаашид сайжруулалт/ гэхийг түрээслэгч өөрийн зардлаар салган авах бөгөөд үүнээс учирсан аливаа хохирлыг түрээслүүлэгчид нөхөн төлнө. Салган авах боломжгүй Сайжруулалын үнийг тогтоож дараагийн түрээслэгчтэй үнэ тохиролцон худалдаж болно”, 8.1.4-д “гэрээ дуусгавар болохоос өмнө түрээслэгч дараагийн түрээслэгчтэй Сайжруулалтын үнэлгээг тохиролцож чадаагүй, гэрээний 8.1.3-д зааснаар худалдах боломжгүй нөхцөлд 8.1.2-д заасан хугацаанд өөрийн зардлаар сайжруулалтыг буулган авч түрээсийн байрыг анхны байдлаар түрээслүүлэгчид хүлээлгэн өгнө” гэж тохиролцсон гэж маргасан боловч хэрэгт баримтаар ирүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 22/15 тоот албан бичгийг хүргүүлсэн, түрээсийн өр төлбөрийн тооцооллыг үйлдсэн талаар хүлээн зөвшөөрсөн, маргаагүй, мөн уг 863 971 төгрөгийг хаст тооцоход татгалзахгүй гэж тайлбарласан болно.
6.6.Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол үүрэг дуусгавар болохоор заасан байх бөгөөд хариуцагч нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 863 971 төгрөгийг төлснөөр үүрэг дуусгавар болсон байна гэж дүгнэв.
7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагч нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй буюу 863 971 төгрөгийг 1 жилийн дараа төлсөн, манайх 2022 онд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь хаягтаа байхгүй байсан, тиймээс алдангийг шаардаж байна гэсэн боловч нэхэмжлэгчээс хариуцагчийг хаягтаа байхгүй, эрэн сурвалжилсан, шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан талаарх баримтыг ирүүлээгүй, мөн талууд гэрээг дүгнэж 863 971 төгрөгийг төлөхөөр тохиролцож, алдангийн талаар тохиролцоогүй байх тул хариуцагчаас алданги шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.
8.Иймд нэхэмжлэгч Э******* ХХК-ийн хариуцагч Ю******* ХХК-нд холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 8 215 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
9.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146 390 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э******* ХХК-ийн хариуцагч Ю******* ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 8 215 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146 390 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 1 зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН