| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2024/07100/И |
| Дугаар | 183/ШШ2024/05084 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2024/05084
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.З-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Б-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.З*******,
Хариуцагч М.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.З******* нь хариуцагч М.Б*******ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Б.З******* миний бие нөхөр М.Б*******тай 2008 онд танилцан, 2009 онд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон. Хамт амьдрах хугацаанд онд хүү Б. Т*******, онд охин Б.Б******* нар төрсөн. Нөхөр М.Б******* нь улирлын чанартай ажил эрхэлдэг. Гэртээ байх үедээ гэрийн ажилд оролцож, үр хүүхдээ асарч үзээгүй. Гэвч би болох байхаа гэж өөрийгөө хуурч, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, хичээл номыг нь анхаарч, ар гэрийнхээ бүхий л ажлыг амжуулж, гэр бүлийнхээ төлөө бүх хүч чадлаа зориулсаар ирсэн. Гэтэл нөхөр маань ингэх л ёстой гэсэн юм шиг зөвхөн өөрийгөө л бөөцийлөн тордсоор ирсэн. Хүүхдүүд нь идэх зүйлгүй хоосон байхад, талх авах мөнгөгүй гэсэн хэрнээ гадаадад аялалаар явчихна. Үр хүүхдүүддээ ч ямар ч хайр, халамж байхгүй учраас манай гэр бүлд дулаан уур амьсгал байхгүй удаж байна. Ийм байдалтай явахаар үр хүүхдүүдийн маань хүмүүжилд муугаар нөлөөлж, зан харилцаанд өөрчлөлт орох вий. Үр хүүхдүүдээ бодьё гээд ярихаар чи салах гээд байгаа юм бол өргөдөл гомдлоо өөрөө бичиж өгөөрэй гэж надыг элдвээр хэлж доромжилдог болсон. Сүүлийн үед гэртээ хэд хэдэн удаа согтуу ирж гэр бүлийн амгалан тайван байдлыг эвдэж над руу дайрч ална гээд заналхийлж байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлал дээр очоод хүүхдүүдээ бодоод ярилцаад учраа олох юм болов уу гэтэл шууд л эвлэрэх боломжгүй гэсэн хариу өгөөд тэр өдрөө гэрээсээ хувцасаа аваад бүрмөсөн явсан. Нэгэнт нөхөр М.Б******* нь ийм шийд гаргасан, нөгөөтэйгүүр ийм хайр халамжгүй хувиа бодсон хүнтэй цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү Б.Т*******, Б.Б******* нарыг миний асрамжид үлдээж, эцэг М.Б*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.
1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бид хоёр 2009 онд гэрлэлтээ батлуулсан, 2011 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хуримаа хийсэн. онд хүү Б.Т*******, онд охин Б.Б******* нар төрсөн. 2014 оноос эхлэн таарамжгүй харилцаатай болсон. Түүнээс хойш сайн харилцаатай байгаагүй өдий хүрсэн. Гэрлэлтээ цуцлуулна, 2 хүүхдээ өөрийн асрамжид авна, хуулийн дагуу тэтгэлэг гаргуулна. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
2.Хариуцагч М.Б******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна, 2023 оны 2 сараас хойш тусдаа байгаа. Би аав, ээж, дээрээ байгаа. Энэ хүн өөр хүнтэй байгаа. Эвлэрч амьдрах боломж байхгүй, 2 хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй, хүүхдүүдтэйгээ хүссэн үедээ уулзаж байна. Хуулийн дагуу тэтгэлэг төлнө, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Т*******, Б.Б******* нарын эрүүл өсөн бойжиж байгаа тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн тодорхойлолт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №00067 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай тэмдэглэл, иргэний үнэмлэхийн хуулбар, М.Б*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, охин Б.Б*******гийн төрсний бүртгэлийн лавлагаа, хүү Б.Т*******ийн төрсний бүртгэлийн лавлагаа, /хэргийн 2-12-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч М.Б*******тай зан харилцааны таарамжгүй байдал болон бусад шалтгааны улмаас тусдаа амьдарч байгаа, дахин эвлэрч амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, охин Б.Б*******, хүү Б.Т******* нарыг өөрийн асрамжид авна, хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулна, хамтран өмчлөх дундын хөрөнгийн маргаангүй гэж шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч Б.З*******тай гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч, охин Б.Б*******, хүү Б.Т******* нарыг эхийн асрамжид үлдээхэд татгалзахгүй, хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг төлнө, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэж тайлбарласан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Б.З*******, М.Б******* нар 2008 онд танилцаж, 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас хүү Б.Т******* оны 8 дугаар сарын 13-ны өдөр, охин Б.Б******* оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан охин Б.Б*******, хүү Б.Т******* нарын төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээр тус тус тогтоогдож байна. /хэргийн 10-12-р хуудас/
5.Нэхэмжлэгч нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн өргөдлийг 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан бөгөөд шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №00067 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй дуусгавар болжээ. /хэргийн 6-р хуудас/
5.1.Иймд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон, гэрлэгчид хэн аль нь тусдаа амьдарч байгаа, цаашид эвлэрэн амьдрах боломжгүй гэж тайлбарласан, гэрлэлт үргэлжлэх бодит нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж үзэв.
6.Хүүхдийн асрамжийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа тохиролцож болно” гэж зааснаар хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, охин Б.Б*******, хүү Б.Т******* нарыг эхийн асрамжид үлдээхэд татгалзахгүй гэж тайлбарласан, охин Б.Б*******, хүү Б.Т******* нар эхийн асрамжид өсөн бойжиж байгаа тул оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Б.Т*******, оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Б.Б******* нарыг эх Б.З*******ын асрамжид үлдээх нь зүйтэй байна гэж үзэв.
7.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” бөгөөд хариуцагч нь хүүхдийн тэтгэлгийг хуульд зааснаар төлөхөд татгалзахгүй гэсэн тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар охин Б.Б*******г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; охин Б.Б*******, хүү Б.Т******* нарыг 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг М.Б*******аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
8.Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар эцэг байх эрхийг шүүх хязгаарлаагүй тохиолдолд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан эрх зүйн үр дагавар үүсэхгүй бөгөөд харин ч тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хүүхдийн эцэг, эх нь тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ёстой.
8.1.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй” гэж заажээ.
8.2.Иймд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг М.Б*******ад, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.З*******д даалгах нь зүйтэй гэж үзэв.
9.Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болно.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Т******* овогт Б*******ийн З*******, Б******* овогт М*******ын Б******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Б.Т*******, оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Б.Б******* нарыг эх Б.З*******ын асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар охин Б.Б*******г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; охин Б.Б*******, хүү Б.Т******* нарыг 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг М.Б*******аар тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Б.З*******д даалгасугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.З******* нь нэмэлт тэтгэлэг гаргуулах, гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг М.Б*******ад, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.З*******д тус тус даалгасугай.
7.Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.З*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б*******аас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
9.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээж болохыг тайлбарласугай.
10.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин т******* болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Эмүжинд даалгасугай.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН