Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2024/05086

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Ч.Д-ын нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Б.М-д холбогдох,

  Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн сургалтын төлбөрийн тал хувь болох 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч Б.М*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ч.Д******* нь хариуцагч Б.М*******д холбогдуулан хүүхдийн сургалтын төлбөрийн тал хувь болох 750 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

М*******ы А******* нь 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хичээлээс гадуурх Оюун ухааны академи ой тогтоолтын сургалтад бүртгүүлэн явж эхэлсэн. Сургалтын тал төлбөрийг Ч.Д******* миний бие төлсөн учир үлдсэн тал төлбөрийг Б.М*******аар төлүүлэх хүсэлтэй байна. Иймд 1 500 000 төгрөгийг сургалтын төлбөрийн тал хувь болох 750 000 төгрөгийг Б.М*******аас гаргуулж өгнө үү гэсэн.

 

2.Хариуцагч Б.М******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1.Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 5729 дүгээр шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг төлж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл сар бүр төлж байгаа. Ч.Д******* нь энэ сургалтын талаар надтай хэлж ярилцаагүй атлаа шууд шүүхийн журмаар шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Би одоо тусдаа гэр бүлтэй 2 хүүхэдтэй. Миний олж байгаа орлого санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан миний гэр бүлийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн.

2.2.Зөвшөөрөхгүй байгаа учир нь уг мөнгө нь онцгой нөхцөл байдал тохиолдсон гэж үзэхгүй байна, мөн Ч.Д******* нь байнга мөнгө нэхэмжилж байгаа, 2015 оноос эхлээд хүүхэддээ тэтгэлэг төлж эхэлсэн. Сар болгон 457 200 төгрөгийг хийдэг. Би 2017 онд 2 ихэр хүүхэдтэй болсон. Би 2019 онд гэрлэлтээ батлуулсан. Надад шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр өр төлбөртэй гээд гараад би очиж харахад хүүдээ өгсөн мөнгийг тооцохгүй гээд 4 000 000 төгрөгийн өр төлбөртэй болсон байсан. Би бүхий л дансны хуулгыг харуулж байгаад 50 хувийг нь төлөхөөр тохиролцсон юм. Би сар болгон төлбөр өгч байгаа, нууж хааж мөнгө өгч байхад чинь шүүхэд хандсаныг гайхаад байна гэв.

 

  3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, бэлэн мөнгөний орлогын баримт, Э******* ХХК-ийн нэхэмжлэх, /хэргийн 2-4-р хуудас/ гэсэн баримтуудыг,

  хариуцагчаас хариу тайлбар /хэргийн 15-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

            2.Нэхэмжлэгч нь М.А*******ийг өөрөө асран халамжилж, өсгөн хүмүүжүүлж байгаа тул хуульд зааснаар хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, сурч боловсрох, хөгжлийг нь дэмжихэд гаргасан зардал болох сургалтын төлбөрийн тал хувь 750 000 төгрөгийг хариуцагч Б.М*******аас гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч нь хүү М.А*******ийн хичээлээс гадуурх сургалтын талаар зөвшилцөж шийдвэрлээгүй, сар бүр хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлдөг, тусалж дэмждэг, мөн онцгой нөхцөлд хамаарахгүй, тусдаа гэр бүлтэй болсон тул сургалтын төлбөрийн тал хувь 750 000 төгрөг гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн. 

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Нэхэмжлэгч Ч.Д******* хариуцагч Б.М******* нар нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 5729 дүгээр шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан, хариуцагч нь хүү М.А*******ийн эцэг болох талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заажээ.

6.1.Нэхэмжлэгч нь хүү М.А*******ийг ой тогтоолтын сургалтад суралцуулж, сургалтын төлбөр болох 1 500 000 төгрөгийг төлсөн тул уг төлбөрийн 50 хувь болох 750 000 төгрөгийг түүний эцэг болох хариуцагч Б.М*******аас нэхэмжилж, 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд бэлэн мөнгөний орлогын баримтад “...Эрхэм билэг оюун ХХК, М******* А*******, ой тогтоолт 1 жил, 750 000 төгрөг, Э******* ХХК-ийн нэхэмжлэх №02-д сурагч М.А******* ой тогтоолт 1 жил, 1 500 000 төгрөг” гэжээ.

6.2.Хариуцагч нь хүүхдийг ой тогтоолын сургалтад хамруулсан нь онцгой нөхцөл байдалд тооцогдохгүй, хүүхдийн тэтгэмжийг хуульд зааснаар төлж байгаа, мөн дахин гэрлэсэн хүүхдүүдтэй болсон учир уг зардлыг төлөх боломжгүй гэж маргасан.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ” гэж заасан бөгөөд хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу төлж байгаа нь хуульд заасан нэмэлт тэтгэлэг гаргуулахаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

7.1.Учир нь Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ”, 26.2.1-д “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх”, 26.2.2.”хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх”, 26.2.3-д “хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох”, мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6.1.7-д “хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээнд хамрагдах”, 6.2.”хүүхэд хөгжих эрхээ амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, хөгжлийн төв, ордонд суралцах зэрэг хэлбэрээр эдэлнэ” гэж заасан.

 

7.2.Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д “Эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 10.1-д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд хүүхдийн өдөр тутмын хэрэглээ, хичээлээс гадуур сургалтад хамруулах түүнтэй холбоотой зардал нь түүнийг өсгөн хүмүүжүүлж байгаа эхийн үүрэгт хамаарах боловч эцэг нь энэ үүргээс бүрэн чөлөөлөгдөх үндэслэл болохгүй  юм.

 

7.3.Өөрөөр хэлбэл хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-д зааснаар хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах; 10.1.8-д зааснаар хүүхдийг хөгжиж, төлөвшихэд нь дэмжин туслах үүргийг хүлээдэг.

7.4.Иймд нэхэмжлэгч нь хүү М.А*******ийг оюун ухааныг хөгжүүлэхээр ой тогтоолтын сургалтанд суралцуулсныг буруутгах үндэслэлгүй тул хүүхдийн эцэг, эх дээрх сургалттай холбоотой гарсан зардлыг хамтран хариуцах үүрэгтэй гэж дүгнэв.

 

7.5.Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт, Э******* ХХК-ийн нэхэмжлэх №02 зэргээр хүүхдийг ой тогтоолын сургалтад суралцуулах зардал 1 500 000 төгрөг болох, уг зардал нь хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдсан, уг төлбөрийн 50 хувийг эх Ч.Д******* төлсөн болох нь тогтоогдож байх тул хариуцагч буюу эцэг Б.М*******аас хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдсан төлбөрийн тал хувь болох 750 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

7.6.Хариуцагч нь дахин гэрлэсэн, хүүхдүүдтэй болсон тул хэлэлцэн зөвшилцөөгүй гарсан зардлыг төлөхгүй гэсэн боловч энэ талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй болно. Гэхдээ нэхэмжлэгч нь цаашид хүүхэдтэй холбоотой буюу түүнийг өсгөн хүмүүжүүлж байгаатай холбоотой аливаа нэмэлт тэтгэлэг, зардлыг эцэг болох Б.М*******тай зөвшилцөж, түүний санхүүгийн бололцоонд үндэслэн шийдвэрлэж байх нь зүйтэй гэж үзэв.

 

8.Иймд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-д зааснаар хүүхдийн эцэг, эх нь адил тэгш эрх эдлэж, үүрэг хүлээх тул мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар М.А*******ийн ой тогтоолтын сургалтын төлбөрийн 50 хувь болох 750 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

  

9.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 22 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.М*******аас М.А*******ийн ой тогтоолтын сургалтын төлбөрийн 50 хувь болох 750 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Д*******ад олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Д*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М*******аас 22 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

                                              

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ХУЛАН