Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,

            Улсын яллагч *******

            Хохирогчийн өмгөөлөгч *******

            Хохирогч *******

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

            Шүүгдэгч ******* нарыг оролцуулан,

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт *******-д холбогдох 1721001770147 дугаартай хэргийг 2018 оны 01 сарын 03-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч ..... овогт *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Чойбалсангийн 2-4 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

            Шүүгдэгч ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Станцын цэнхэрийн 0-1 тоот хашааны гадна “Тоёото” маркийн ....... ДОР улсын дугаартай автомашиныг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.5.в-д заасан “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэх үүрэгтэй”, мөн дүрмийн 7.6-д заасан “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 4.4-д заасан “хурдны хайрцгийн араа хүндрэлтэй залгагддаг, өөрөө салдаг” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч *******-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 09 сарын 18-ны өдөр хувиараа таксинд явж байгаад орой станцын цэнхрийн тэнд хүн буулгасан. Тэгээд машинаа асаагаад хөдлөх гэтэл асахгүй байсан. Ойр хавьд хүнгүй, нэг л эмэгтэй хажууд байсан. Машин арагшаа болох гэхээр ухарч болохгүй байсан. Тэгээд тэр эмэгтэйг “урдаас жаахан түрээд өгөөч” гэж хэлсэн. Тэгтэл гэнэт араа хийгдээд машин урагшаа хөдлөөд энэ эмэгтэйг дайрчихсан. Би өөрөө буугаад машинаа хөдөлгөж бараагүй. Тэгээд сандраад авгай руугаа залгасан. Авгай дүүдээ хэлсэн байсан. Би орилж чарлаад шоконд орсон байсан. Эмнэлэг очоод цагдаа дуудахад цагдаа ирсэн. Эмч нар “чих нь тасарсан байна” гэж хэлж байсан. Хэргийн газар буцаж очиход чих нь газарт байсан. Цагдаа “машиныг чинь авч явна” гээд бариад явахад машин минь ямар ч араагүй болсон байсан. Хойшоо ч болохгүй урагшаа ч болохгүй байсан. Тэгээд чирүүлээд явсан. Цагдаа намайг “архи уучихсан юм уу” гэсэн. Би архи уугаагүй маш их сандарсан байсан. Цагдаа надад “хүн үхчихээгүй байхад та битгий сандраад бай” гэсэн. Би  цагдаа дээр очиж байцаалт өгсөн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 500000 төгрөг бэлнээр өгсөн байгаа, цаашид гарах зардлыг төлөхөд татгалзахгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний төрсөн дүү надтай цуг 40 жил амьдарч байна. Дүү минь сэтгэцээр групптэй байдаг юм. Би зах дээр лангуу ажиллуулдаг учраас өглөө гараад орой ирдэг. Яг хэрэг болоход би дэргэд нь байгаагүй. Хашаа онгойлгоод байж байхад нь энэ хүн “машин түрээд өгөөч” гэсэн байсан. Машиныг нь түрж өгч байгаад энэ хэрэг болсон юм билээ. Хүнд илүү эрхтэн гэж юу байхав. Чихний дэлбээ гэдэг зүйл хүний сонсголд чухал үүрэгтэй. Энэ хэргээс болж би дүүгээ 10 хоног сахиж хэвтсэн. Би өөрөө хувиараа бизнес эрхэлдэг.  Улаанбаатар хот 5 хоног авч явсан, боолт хийлгэнэ гэж 7 хоног болсон байгаа. Би мөрдөн шалгах ажиллагаанд хохиролд 3000000 төгрөг нэхэмжилж байсан бол одоо энэ мөнгийг оролцуулаад нийт 7600000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. Үүнд: Би дүүгээ эмчлүүлэхээр авч явсан тул өөрийн лангуугаа ажиллуулж чадаагүй. Би өдөрт 70000 төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг, үүнийг 30 хоногоор тооцож 2100000 төгрөг,  миний дүүгийн гоо сайхан алдагдаж, сэтгэл санааны хямралд орсон учраас этгэл санааны хохиролд 5000000 төгрөг, эмчилгээний зардалд 500000 төгрөг гаргуулахыг хүсэж байна. Энэ хүн 500000 төгрөг өгсөн нь үнэн, үүнийг гаргуулах хохирлоос хасаж тооцож болно.

Хамгийн гол нь хүний эрүүл мэнд байна. Эм тариа нь эмнэлэгт бүгд байхгүй учраас гаднаас авч байсан. Миний нэхэмжлээд байгаа мөнгө бол юу ч биш, миний дүү нэг насаараа чихгүй болсон. Цаашид эрүүл мэнд, гоо сайханд нь их нөлөөлнө. Миний хувьд маш их гомдолтой байна гэв.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх Хэрлэн сумын 1 дүгээр баг, Цэнхэрийн 77 тоотод оршин суудаг бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн орчимд гэрийнхээ гадна М-ийг хүлээгээд хашааны хаалгыг онгойлгож өгөх гээд зогсож байхад манай урд талын айлын Х эгч такси бариад ирсэн. Тэр сууж ирсэн машин нь хөдлөх гээд асахгүй байсан бөгөөд машины жолооч “хойшоо түрээд өг” гэхээр нь хойшоо түлхэх гээд машины урд талаас түлхэж байхад машин тэр чигээрээ урагш уруудаад би ёмкость машин хоёрын хооронд хавчигдсан. Тэгээд өөр машинтай хүн ирээд машиныг татаж холдуулаад намайг эмнэлэгт хүргэж өгсөн. ...миний чих тасарч унасан, миний гоо сайхан эрүүл мэндэд их нөлөөлж байна. Намайг мөргөж гэмтээсэн хүн над дээр ирж уучлалт гуйгаагүй учир би гомдолтой байна...” гэжээ. /хх 23-24/

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2017 оны 09 сарын 26-ны өдрийн 33 тоот дүгнэлтэд: “1.Явган зорчигч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн нь тогтоогдохгүй байна. 2.Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.5.в “Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэх үүрэгтэй”, 7.6 “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана, мөн энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заагдсан 4.4-д зааснаар “хурдны хайрцгийн араа хүндрэлтэй залгагддаг, өөрөө салдаг” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 3.Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан техникийн шаардлага хангасан байх заалтыг зөрчиж хөдөлгөөнд оролцож явсны улмаас осол гарах шалтгаан болсон гэж үзлээ. 4.Авто осолд холбогдох “Toyota Duet” маркийн ....... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Э.Энхтүвшингийн хийсэн үзлэгээр техникийн хувьд бүрэн бус гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд уг авто машин нь техникийн хувьд бүрэн бус байх үндэслэлтэй байна” гэжээ. /хх 38-39/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 сарын 22-ны өдрийн 53 тоот дүгнэлтэд: “1.*******-н биед баруун зулай, баруун шанаа. баруун нүдний дээд, доод зовхи хамарсан цус хуралт, баруун чихний дэлбэнгийн урагдсан шарх, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун мөрний цус хуралт, аюулхайн цус хуралт, баруун шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дал орчмын зулгаралт, бүсэлхийн зүүн талын цус хуралт, баруун гуяны цус хуралт, зүүн өвдөгний цус хуралт, зулгаралт, зүүн гуяны цус хуралт, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо бүхий зүйлийн олон удаагийн үйлчиллээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрхи гэмтлүүдийн баруун чихний дэлбэнгийн урагдсан шарх нь дангаараа, бусад гэмтэл нь бүрдэл байдлаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна” гэжээ. /хх 44/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2017 оны 10 сарын 30-ны өдрийн 1108 тоот дүгнэлтэд: “1.Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 553 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. 2. *******-ийн биед баруун чихний дэлбээний бүрэн тасрал гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15 % алдагдуулна” гэжээ. /хх 53/

 Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд: Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.О /хх 32-33/, ******* /хх 35/, Т.Э /хх 34/, хохирогчийн төлөөлөгч ******* нарын болон шүүгдэгч ******* яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх 67-68/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-9/,  Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг  /хх 10-11/, Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон “Toyota duet” маркийн ...... ДОР дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14/, Яаралтай тусламжийн хуудас /хх 45/, Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 46, 56-57/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх 61/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 72/, Хохиролтой холбогдох баримтууд /хх 80-87, задгай 3ш/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 17-20/, Эд зүйлийн үнэлгээ /хх 21/, Шүүгдэгч *******-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 71/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 76/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт  хамааралтай бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 09 сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутагт “Станцын цэнхэр”-ийн 0-1 тоот хашааны гадна “Тоyotо Duet” маркийн ........ ДОР улсын дугаартай автомашиныг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “...Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болохгүйгээр зорчино, мөн дүрмийн 2.5.в-д заасан “...Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэх үүрэгтэй, мөн дүрмийн 7.6-д заасан “...Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана...”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтанд заагдсан 4.4 зааснаар “...Хурдны хайрцгийн араа хүндрэлтэй залгагддаг, өөрөө салдаг...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч *******-ийг мөргөж түүний эрүүл мэндэд “баруун чихний дэлбээний бүрэн тасрал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах;

Шүүгдэгч *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн мэдүүлсэн “...Би хорооллын гудамжинд хүн буулгаад хөдлөх гэхэд машин ассан хэрнээ араандаа орохгүй байсан. Миний зогсож байсан газар жаахан уруу байсан. Би ухрах араандаа хийх гэхэд орохгүй байсан, ингээд урагш өнхөрсөн, тоормосоо гишгэхэд тоормос барихгүй байсан. Ингээд тэр эмэгтэй миний машинд түрэгдэж цаана байсан ёмкость тулаад зогссон. Тэр эмэгтэй миний машин болон ёмкость хавчуулагдсан, би ухрах араандаа хийх гэхэд орохгүй байсан. Тэгээд машинаас бууж тэр хүнийг гаргах гэж үзэхэд болохгүй болохоор нь утсаар эхнэр рүү ярьж түүнийг дуудсан...” гэх мэдүүлэг /хх 67-67/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэр эмэгтэйг би машин түрээд өгөөч гэж хэлсэн...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгийг давхар нотлсон:

Мэдүүлгийн эх сурвалжаа зааж, тогтвортой мэдүүлсэн хохирогч *******-н: “...Тэр сууж ирсэн машин нь хөдлөх гээд асахгүй байсан бөгөөд машины жолооч “хойшоо түрээд өг” гэхээр нь машины урд талаас түлхэж байхад машин тэр чигээрээ урагш уруудаад би ёмкость болон машин хоёрын хооронд хавчигдсан...Тэгээд өөр машинтай хүн ирээд машиныг татаж холдуулаад намайг эмнэлэгт хүргэж өгсөн...миний чих тасарч унасан, миний гоо сайхан эрүүл мэндэд их нөлөөлж байна...” /хх 23-24, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх,

Болсон үйл баримтыг нүдээр үзсэн гэрч *******-н: “...Энэ машин нь миний эзэмшилд байдаг юм. Энэ машиныг Х унаж яваад “осол гарлаа” гээд над руу ярьсан юм...Х над руу ярихдаа надад хандан “хурдан хүрээд ир ээ, машин уруу газар өнхрөөд хүн хавьчуулагдчихлаа, машины эд анги ажиллахгүй байна” гэж байсан. Тэгээд очоод машиныг дүүгийнхээ машинаар хойш нь татаад хавчуулагдсан байсан эмэгтэй хүнийг аваад эмнэлэг хүргэж өгч тусламж үзүүлсэн...” /хх 35/ гэх,

Гэрч Р.О-н “...З ах манай эгч Ц руу “Станцын цэнхэрт яаралтай хүрээд ир ээ, болохоо байлаа” гэж ярихаар нь би эгчтэйгээ өөрийнхөө эзэмшлийн “Тоёота стима” маркийн ...... ДОР улсын дугаартай машинтайгаа Станцын цэнхэр дотор байдаг хүнсний дэлгүүр өнгөрөөд З-н байгаа газрыг олоод очтол хүргэн ах З-ийн машин уруугаа тонгойгоод зогсож байсан. Би машинаасаа бууж амжаагүй байхад З ах машиныхаа араас чирэгчээ зүүчихсэн намайг хүлээгээд зогсож байсан. Тэгээд миний машины урд талаас чирэгчээ оосорлохоор нь би машиныг нь хойш нь чирч татсан. ...тэгээд З ахаас яасан бэ гэж асуухад хүн мөргөчихсөн гэж байсан...” /хх 32-33/ гэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******-н: “...Дүүгийн минь чих тасарсанаар гоо сайхан, эрүүл мэндээрээ хохирсон. Эмчилгээний зардал болон цаашид эмчлүүлэх нийт 7600000 төгрөг нэхэмжилж байна...” /хх 28-29, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх мэдүүлгүүд,

Уг ослын улмаас хохирогч *******н эрүүл мэндэд “баруун чихний дэлбээний бүрэн тасрал” бүхий хүндэвтэр хохирол учирсан талаар дүгнэсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 1108 тоот /хх 53/, шүүгдэгч нь Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан “техникийн шаардлага хангасан байх заалт”-ыг зөрчиж хөдөлгөөнд оролцож явснаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон талаар дүгнэсэн техникийн шинжээчийн 33 тоот дүгнэлт /хх 38/-үүд,

Мөн хэрэгт цугларсан Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хавсралт /хх 7-10/,  Зам тээврийн осол дээр тогтоосон схем зураг  /хх 11/, Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон “Toyota Duet” маркийн .... тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 14-15/, Яаралтай тусламжийн хуудас /хх 45/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******-н үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримт /факт/-ыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч *******-ийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Өөрөөр хэлбэл, жолооч ******* нь тээврийн хэрэгслийг жолоодохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5, 2.5.в, 7.6 дахь заалтыг зөрчсөн төдийгүй мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 4.4 дэх хэсэгт заасан “хурдны хайрцгийн араа хүндрэлтэй залгагддаг, өөрөө салдаг” гэх тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглосон заалтыг зөрчсөн үйлдэл нь осол болох шууд шалтгаан болсон гэж үзэх ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол болон хор уршиг нь шүүгдэгч *******-ийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэстэй байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлсөн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Хохирогчийн өмгөөлөгч *******, хохирогчийн төлөөлөгч ******* нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт “...Энэ ослоос хохирогч ******* эрүүл мэнд, сэтгэл санаагаар маш их хохирсон. Эрүүл мэнд, эм тарианы хохиролд 500000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5000000 төгрөг, ашиг орлогын 2100000 төгрөг, нийт 7600000 төгрөг нэхэмжилнэ...Үүнээс шүүгдэгчийн өгсөн 500000 төгрөгийг хасаж тооцохыг зөвшөөрнө...” гэжээ.

Шүүх, иргэний нэхэмжлэлийн үндэслэл, нотлогдсон байдлыг хавтаст хэргийн хэмжээнд шинжлэн судалж дүгнэвэл, хохирогчийн төлөөлөгч *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд ирүүлсэн хохирлын нотлох баримтаар нийт 340127 төгрөгийн хохирол бодитой учирсан нь шинжилгээ, эмчилгээ болон ирж очсон унааны бензиний үнэ, лангууны түрээс төлсөн баримт /хх 81-82/-аар, мөн шүүгдэгч нь хохиролд 500000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн төлөөлөгчийн мэдүүлгээр тус тус нотлогдож байх тул шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн төлөөлөгчийн эмчилгээний болон унааны зардалд нэхэмжилсэн 500000 төгрөгийг шүүгдэгч барагдуулсан буюу энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэстэй байна.

Харин хохирогчийн төлөөлөгчийн сэтгэл санааны хохиролд 5000000 төгрөг, олох ёстой байсан орлогын 2100000 төгрөг, нийт 7100000 төгрөгийн нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь: Уг шаардлагыг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхойлж, нотлож чадаагүй, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлж  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон “Тоyоtо Duet” маркийн ......... ДОР улсын дугаартай автомашин нь иргэн *******-ийн эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 72/, гэрч *******-н /хх 35/ мэдүүлгээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч *******-ийн эзэмшлээс “Тоyоtо Duet” маркийн ...... ДОР улсын дугаартай автомашин битүүмжилсэн Прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн .............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...... овогт *******-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийг 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-д мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн 1721001770147 дугаартай хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь хохирогчид 500000 төгрөг төлсөн ба энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар 7100000 /долоон сая нэг зуун мянга/ төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогчийн төлөөлөгч *******-д мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******-ийн эзэмшлээс “Тоyоtо Duet” маркийн ........ ДОР улсын дугаартай автомашин битүүмжилсэн Прокурорын 2017 оны 11 сарын 14-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгосугай.

8. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

          11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.     

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ