Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 00117

 

 

Б.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг, даргалж, шүүгч Э.Золзаяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/03176 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Эийн хариуцагч Д.Нд холбогдуулан гаргасан 40 650 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э миний бие 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Д.Нтэй 80-25УБЗ улсын дугаартай цагаан өнгийн Хьюндай FS41501 маркийн тээврийн хэрэгслийг 50 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Худалдан авагч нь гэрээнд заасны дагуу төлбөрийг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл буюу 2 жилийн хугацаанд сар бүр 3 500 000 төгрөг төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн. Түүнчлэн Д.Н нь 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 6 ширхэг дугуй зээлээр худалдан авсан бөгөөд төлбөрийг нь машины төлбөртэй хамт төлөхөөр тохиролцсон. Түүнээс хойш хариуцагч нь увуулж, цувуулж 12 000 000 төгрөгийг машины үнэ гэж төлсөн хэдий ч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй өдийг хүрч байна. Иймд хариуцагчаас худалдан авсан машины үнийн үлдэгдэл төлбөр 38 000 000 төгрөг, 6 ширхэг дугуйны үнэ 2 580 000 төгрөг, мөн Д.Н нь утсаа авахгүй, оршин суугаа хаягаа өөрчилсний улмаас хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардалд 70 200 төгрөг, нийт 40 650 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Н миний бие Б.Эийн нэхэмжилсэн хэргийн дагуу 40 650 200 төгрөгийг гаргаж өгөх боломжгүй. Хьюндай FS41501 маркийн 80-25 УБЗ улсын дугаартай авто машиныг буцааж өгөх хүсэлттэй байна гэжээ.  

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Нгээс 38,070,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эт олгож, үлдэх 2 580 000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 361 201 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Нгээс улсын тэмдэгтийн хураамжид 348 301 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх 2013 оны 4 сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэхдээ гэрээний хүчин төгөлдөр эсэхийг нягталж, шалгаж үзээгүй нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарахад сөргөөр нөлөөлсөн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дууссан гэж үзэж байна. Гэрээний зүйл болох 80-25 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч нь “Транс капитал ББСБ” ХХК болох нь хэрэгт авагдсан. Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа тээврийн хэрэгслийн гэрчилгээг үндэслээгүй. Гэрээ байгуулахдаа гэрчилгээг надад болон нотариатчид үзүүлээгүй. Гэрээ байгуулагдаж дууссаны дараа тээврийн хэрэгсэл “Транс капитал ББСБ, ХХК-ийн өмчлөлд байсныг мэдсэн. Нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг гаргаж өгөхдөө гэрээний хажууд тээврийн хэрэгслийн гэрчилгээг хавсаргасан мэтээр канондож, өөрчлөн өгсөн байна. Ийнхүү нэхэмжлэгч талын гаргаж өгсөн хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Д.Нд холбогдуулан 40 650 200 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 29/

Б.Э нь 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Д.Нтэй тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулан, Ньюндай FS 41501 маркийн цагаан өнгийн 80-25 УБЗ улсын дугаартай автомашиныг 50 000 000 төгрөгөөр худалдах, төлбөрийг 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор буюу сар бүр 3 500 000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан худалдах, худалдан авах гэрээ, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. /хх9-10/

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “... худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл 38 000 000 төгрөг, 6 ширхэг автомашины дугуйны үнэ 2 580 000 төгрөг, мөн хариуцагчийг эрэн сурвалжлуулсан 70 200 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тодорхой тайлбарлаагүй боловч, давж заалдах гомдолдоо “... нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн уг тээврийн хэрэгсэл нь “Транс капитал ББСБ” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байгаа” гэжээ.

Гэрээний зүйл нь хөдлөх эд хөрөнгө буюу автомашин ба хэрэгт авагдсан тээврийн хэрэгслэлийн гэрчилгээнд Б.Эийн нэр бичигдсэн байна./хх10/

Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дуусахаар талууд тохиролцсон ба энэ өдрөөс хойш нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл, 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор шүүхэд хандах ёстой.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Д.Нд холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч, тус шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШЗ2018/04415 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2018/02359 дугаар шүүхийн шийдвэрээр хариуцагч Д.Нг эрэн сурвалжлуулж, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн Гуравдугаар хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 25а-3/4108 дугаар албан тоотоор хариуцагч Д.Нгийн хаягийг олсон болох нь нотлогдсон. /хх4-7/ Нэхэмжлэгчээс энэ талаар тодруулахад 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчид холбогдуулан нэхэмжлэлээ гаргасан гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласныг хариуцагч тал үгүйсгээгүй болно.

 Дээрх байдлаас үзэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээр байна.

 Хариуцагч анхан шатны шүүхэд хөөн хэлэлцэх хугацааны талаар ямар нэгэн тайлбар, татгалзал нотлох баримт гаргаагүй, анхан шатны шүүхэд энэ талаар мэтгэлцээгүй байна. Иймээс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаарх хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй юм.

Харин анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ уг маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг оновчтой зөв сонгон хэрэглэж чадаагүй алдааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан баримтын хүрээнд залруулах боломжтой байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хариуцагчийг үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой хохирол гаргуулахаар шаардах эрх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлтэй байхад Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасан зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцох зохицуулалтыг хэрэглэсэн нь алдаатай болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/03176 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “227 дугаар зүйлийн 227.3 дахь” гэснийг “219 дүгээр зүйлийн 219.1 дэх” гэж өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээн, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

                                       ШҮҮГЧИД                                Э.ЗОЛЗАЯА

                                                                                       Б.НАРМАНДАХ