| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2018/0039/э |
| Дугаар | 45 |
| Огноо | 2018-01-31 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэнг суулган,
Улсын яллагч Ч.Мөнхзул
Иргэний нэхэмжлэгч Г.Г
Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч Л.Э
Шүүгдэгч М.З
Шүүгдэгч Н.М нарыг оролцуулан,
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт Л.Э ..... овогт М.З, ..... овогт Н.М нарт холбогдох 1721001470150 дугаартай хэргийг 2018 оны 01 сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч ..... овогт Л.Э, Дорнод аймгийн Матад суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн “Дэхт” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.
Шүүгдэгч ...... овогт М.З, Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Сургуулийн байрны 06 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.
Шүүгдэгч ...... овогт Н.М, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн “Уртын хоолой” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 10 сарын 28-ны өдрийн 338 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 4 жил хорих ялаар, Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 12 сарын 02-ны өдрийн 477 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр 2, 123 дугаар зүйлийн 4, 1231-р зүйлийн 2-т зааснаар 3 жил 23 хоногийн хорих ялаар шийтгүүлж 2001 оны 06 сарын 27-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл.
Шүүгдэгч Л.Э нь 2017 оны 08 сарын 29-ний өдөр ........ улсын дугаартай “Тоёота спасио” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн Халхгол сумын 3 дугаар багийн нутаг “Сангийн далай” гэх газраас 6.4 кг “Дэрэвгэр жиргэрүү” гэх байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүсэн,
Шүүгдэгч М.З нь 2017 оны 08 сарын 29-ний өдөр ........ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн Халхгол сумын 3 дугаар багийн нутаг “Сангийн далай” гэх газраас 4 кг “Дэрэвгэр жиргэрүү” гэх байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүсэн,
Шүүгдэгч Н.М нь 2017 оны 08 сарын 29-ний өдөр ....... улсын дугартай “Корса” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн Халхгол сумын 3 дугаар багийн нутаг “Сангийн далай” гэх газраас 1.9 кг “Дэрэвгэр жиргэрүү” гэх байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 08 сарын 29-нд Сангийн далай гэдэг газар ургамлын үндэс түүхээр очсон. Тэнд очоод би ганцаараа түүж байгаад хилийн цэргийн хоёр ахлагч ирээд бид нарыг хилийн застав руу дагуулж явсан. Нөгөө хүмүүс ургамал түүгээгүй байсан юм гэв.
Шүүгдэгч М.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манайх ам бүл олуулаа. Эхнэр бид хоёр ажилгүй, сургуулийн насны 3 хүүхэдтэй. Сургууль орох болоод хичээлийн хэрэгсэл цуглуулах мөнгөгүй гээд өвс түүхээр хүний машинтай явсан нь үнэн. Өмнө нь би түүж байгаагүй. Би 4 кг орчим өвс түүгээд баригдсан. Цуг явсан хүмүүс хоол унд хийж иднэ гээд өвс түүгээгүй байсан юм гэв.
Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 08 сарын 29-ний өдөр Сангийн далайд очиж үндэс түүсэн. Хүүгийн хагалгаанд мөнгөний хэрэг гараад явж байгаад энэ хэрэгт холбогдсон юм гэв.
Иргэний нэхэмжлэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэ хүмүүсийг Сангийн далайгаас өвс түүсэн гэдгийг цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхөөр очихдоо мэдсэн. Дэрэвгэр жиргэрүү ургамал нь ховор ургамалд тооцогддог. Засгийн газрийн 2015 оны 156 дугаар тогтоолоор экологи эдийн засгийн үнэлгээг 1 кг-ыг 50000 төгрөгөөр тогтоосон. Харин хохирлыг тооцохдоо Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар 5 дахин нэмэгдүүлж тооцдог. Эдгээр хүмүүс нийт 12,3 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс хураалгасан байсан. Үндэсний үнэ нийт 615000 төгрөг болж байна. Хохирлыг 5 дахин нэмэгдүүлж тооцоход 3075000 төгрөг болно. Манай сум, орон нутгийн зүгээс экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан 615000 төгрөгөө нэхэмжилж байна, хохирлын 3075000 төгрөгийг эдгээр хүмүүсээр төлүүлэхээс татгалзах хүсэлтэй байна гэв.
Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 сарын 29-ний өдөр...заставын цагийн манаанаас хилийн бүсэд буюу “Цагаан чулуут” орчимд автомашин илэрлээ гэх мэдээллийн дагуу ахлагч Б-н хамт мотоциклтой очиж шалгахад хилийн бүсэд “Spacio” маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэлтэй /улсын дугаарыг нь санахгүй байна/ хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрөлгүйгээс гадна ургамлын үндэс түүж байгааг шалгахад уг ургамлыг түүх зөвшөөрөлгүй байсан. Тухайн үед бичиг баримтыг нь хураан авч хууль журмыг танилцуулаад байж байтал “Sunny” маркийн ......... ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон “Corosa” маркийн ......... ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирсэн. Тухайн үед юу хийж байгаа талаар асуухад “ургамал түүж байгаа юм” гэсэн. Тиймээс тээврийн хэрэгсэлд явж байсан хүмүүст хууль журмыг танилцуулан бичиг баримтыг хураан автал жолооч нар нь “чи хурааж байгаа юм бол бүгдийг нь хурааж ав, хойгуур олон машин байна” гэхээр нь явж үзсэн....2017 оны 08 сарын 29-ний орой 20 цагийн орчим уг тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд “Porter” маркийн тээврийн хэрэгслийн тэвшин дээрээс 4 кг нойтон үндэс болон 7 ширхэг үндэс авахад ашигладаг багаж байхыг хураан авсан. “Corosa” маркийн ....... ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд тээшний хэсгээс 1.9 кг нойтон ургамлын үндэс гарсан. “Spacio” маркийн тээврийн хэрэгслийн тээшнээс 6.4 кг нойтон үндэс, 6 ширхэг багаж, “Sunny” маркийн тээврийн хэрэгслээс 1 ширхэг багаж зэргийг илрүүлэн хураан авч тэмдэглэлийг ахлагч Б болон ахлах ахлагч Э нар хөтлөн ажилласан...” гэжээ. /хх 96-97/
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны улсын байцаагчийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 16 тоот дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн ургамал нь бүтэц шинжийн байдлаар манай оронд тархсан Майлцтан овгийн Дэрэгвэр жиргэрүү ургамлын эрхтэн болох үндэс байна. 2.Монгол Улсын Байгалийн ургамлын тухай 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтыг баталсан бөгөөд Засгийн газрын 165 дугаар тогтоолоор нэмэлт оруулснаар Дэрэгвэр жиргэрүү гэх ургамал нь ховор ургамлын жагсаалтад орсон. 3.Дэргэвэр жиргэрүү ургамлын үндэс нь түүж бэлтгэх, хадгалах, тээвэрлэх явцад жингээ 50%-иас 85% алддаг. 4.Уг ургамлын чийгний алдагдалтыг тооцох стандарт байдаггүй. 5.БОАЖЯ-ны сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний А-282 дугаар тушаалаар Экологи эдийн засгийн үнэлгээг тогтоож, 1 кг Дэргэвэр жиргэрүү үндэс нь 50000 төгрөг байдаг. Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлд “Иргэн аж ахуйн нэгж, байгууллага хууль бус үйл ажиллагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй” 49 дүгээр зүйлийн 49.4.3-д “Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох” гэж тус тус заасан. Иймд ургамлын аймагт учруулсан хохирлыг тооцвол Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.3-т заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны А-282 дугаар тушаалаар батлагдсан экологи эдийн засгийн үнэлгээ Дэрэгвэр жиргэрүүгийн 1 кг тутамд 50000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 8.1 кг үндэс нь 405000 х 5 =2025000 төгрөгийн шууд хохирлыг учруулсан байна. 6.Уг ургамлын үндсийг эмийн түүхий эдийн зориулалтаар ихэвчлэн Хятад улс руу гаргаж ашигладаг” гэжээ. /хх 181-182/
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтад: Иргэний нэхэмжлэгч Г.Г /хх 94-95/, Гэрч Г.М /хх 96-97/, Г.Ц /хх 109-110/, П.Д /хх 111-112/, Э.С /хх 115-116/, Д.Н /хх 117-118/, С.О /хх 121-122/, Г.Т /хх 123-124/, Л.Э /хх 130-131/, Г.Г /133-134/, Л.Э /хх 139-142/, М.У /хх 146-147/, Д.А /хх 149-150/, О.А /хх 152-153/, Х.О /хх 156-157/, Ц.Б /хх 158-159/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон шүүгдэгч Л.Э /хх 127, 193-194/, шүүгдэгч М.З /хх 102, 195-196/, шүүгдэгч Н.М /хх 53, 197-198/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 15/, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /хх 16/, Хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг зөрчлийн хэрэгт хавсаргах тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 17-24/, “Porter” маркийн ...... УНЗ улсын дугаартай /хх 26/, “Toyota corolla spacio” маркийн ...... ДОР улсын дугаартай /хх 27/, “Nissan sunny” маркийн ........ ДОА улсын дугаартай /хх 30/, “Hyundai Porter” маркийн ....... УНЗ улсын дугаартай /хх 31/, “Toyota Corsa” маркийн ....... ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 33/-нүүд, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 63/, Эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 70/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх 75-76, 81-82, 87/, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх 78-79, 83-84, 89/, Эд зүйлийн үнэлгээ /хх 80, 85-86, 90/, Дэрэвгэр жиргэрүү ургамлын ховор ургамлын жагсаалтад орсон Засгийн газрын 2004 оны 165 дугаар тогтоол /хх 228-229/, мөн уг ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-282 дугаар тушаал, тушаалын хавсралт /хх 230-240/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарууд /хх 207, 211-212/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 206, 210, 213/ болон хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Л.Э нь 2017 оны 08 сарын 29-ний өдөр “Toyota corolla spacio” маркийн ...... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн Халхгол сумын 3 дугаар багийн нутаг “Сангийн далай” гэх газраас 6.4 кг “Дэрэвгэр жиргэрүү” гэх байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүсэн,
Шүүгдэгч М.З нь 2017 оны 08 сарын 29-ний өдөр“Hyundai Porter” маркийн ....... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн Халхгол сумын 3 дугаар багийн нутаг “Сангийн далай” гэх газраас 4 кг “Дэрэвгэр жиргэрүү” гэх байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүсэн,
Шүүгдэгч Н.М нь 2017 оны 08 сарын 29-ний өдөр “Toyota Corsa” маркийн ...... ХЭҮ улсын дугартай тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн Халхгол сумын 3 дугаар багийн нутаг “Сангийн далай” гэх газраас 1.9 кг “Дэрэвгэр жиргэрүү” гэх байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах нотлох баримтуудаар;
Шүүгдэгч Л.Э, М.З, Н.М нарын тус бүрийн үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн гэрч Г.М-ын “...2017 оны 08 сарын 29-ний орой 20 цагийн орчим уг тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд “Porter” маркийн тээврийн хэрэгслийн тэвшин дээрээс 4 кг нойтон үндэс болон 7 ширхэг үндэс авахад ашигладаг багаж байхад нь хураан авсан. “Corosa” маркийн ...... ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үздэг хийхэд тээшний хэсгээс 1.9 кг нойтон ургамлын үндэс гарсан. “Spacio” маркийн тээврийн хэрэгслийн тээшнээс 6.4 кг нойтон үндэс, 6 ширхэг багаж, “Sunny” маркийн тээврийн хэрэгслээс 1 ширхэг багаж зэргийг илрүүлэн хураан авч тэмдэглэлийг ахлагч Б болон ахлах ахлагч Э нар хөтлөн ажилласан...” /хх 96-97/ гэх,
Гэрч Д.Н-н “...Сангийн далай орчмоор үндэс түүж байна гэж яригдаж байсан. Тэгсэн чинь Б, Ц нар “машин олсон явах уу” гэхээр нь ярилцаж байгаад 12-лаа нийлээд 2017 оны 08 сарын 28-ны үдийн хойно явцгаасан. ...бид нар очоод хоол хийхээр болсон бөгөөд З гэдэг ах ганцаараа үндэс түүж байсан. Ингээд удаагүй байхад урдаас мотоциклтой цэрэг хувцастай хоёр хүн ирсэн. ...З ахын түүсэн үндсийг жинлэж үзэхэд 4 орчим кг болж байсан...” /хх 117-118/ гэх,
Гэрч Л.Э “...Би үндэс түүгээгүй бөгөөд хоол ундыг нь хийх гэж хамт явсан юм. Үндэс түүх газраа очоод манай дүү Э ганцаараа үндэс түүж эхэлсэн. Бид нар хоолоо хийж идчихээд түүх гэж байсан чинь хилийн цэргийн алба хаагч нар ирээд саатуулсан. Манай дүү Э хоёр жижиг уутанд түүсэн байсан яг хэдэн кг болохыг хэлж мэдэхгүй байна. Их л жоохон үндэс байсан...” гэжээ. /хх 130-131/ гэх,
Гэрч М.У “...Манай аав М ойролцоогоор 1.400 грамм ургамлын үндэс дөнгөж түүж эхлээд баригдсан...” /хх 146-147/ гэх,
Гэрч Д.А-ийн “...2017 оны 08 сарын 29-ний өдөр Дорнод аймгийн төвөөс 10 цагийн орчимд нөхөр М болон хүү А, У нарын хамт ........ ХЭҮ улсын дугаартай машинтай явсан. Бид нар үндэс түүх газар очоод шууд үндэс түүгээгүй бөгөөд манай нөхөр М эхлээд түүж эхэлсэн...” /хх 149-150/ гэх,
Иргэний нэхэмжлэгч Г.Г “...1 кг дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг 5000 төгрөгөөр үнэлдэг бөгөөд экологийн хохирлыг тооцохдоо уг үнэлгээг 5 дахин нэмэгдүүлж тооцдог юм. 2017 оны 08 сарын 29-ний өдөр тус сумын 2 дугаар багийн нутагт байрлах Сангийн далай гэх газраас түүсэн нийт 12.3 кг үндэсний үнэлгээ 615000 төгрөг, харин экологид учруулсан хохирол нь 3075000 төгрөг болох юм...” /хх 94-95, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон Зөрчлийн талаар холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх 15/, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /хх 16/, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг зөрчлийн хэрэгт хавсаргах тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 17-24/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Э, М.З, Н.М нарын үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Шүүгдэгч Л.Э, М.З, Н.М нар нь Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багийн нутагт байрлах “Сангийн далай” гэх газраас “Дэрэвгэр жиргэрүү” гэх байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүсэн үйлдэл нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Л.Э, М.З, Н.М нарыг Дэрэвгэр жиргэрүү гэх байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас нийт 615000 төгрөгийн шууд, харин байгаль экологид 3075000 төгрөгийн шууд бус хохирол нь учирсан болох нь иргэний нэхэмжлэгч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны улсын байцаагчийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 16 тоот дүгнэлт /хх 181-182/, Эд зүйлийн үнэлгээ /хх 42/-гээр тогтоогдсон байх ба экологид учруулсан хохирлын 3075000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч байгууллага шүүгдэгч нараар төлүүлэхээс татгалзсаныг дурдаж, гэмт хэргийн улмаас учирсан 615000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэгт оролцсон хэр хэмжээг харгалзан төлүүлэх үндэстэй байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Л.Э-с 320000 төгрөг, М.З-с 200000 төгрөг, Н.М-с 95000 төгрөг тус тус гаргуулж Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын Тамгын газарт олгох нь зүйтэй.
Хэрэгт шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “Toyota corolla spacio” маркийн ....... ДОР улсын дугаартай /Л.Э/, “Hyundai Porter” маркийн ......... УНЗ улсын дугаартай /М.З/, “Toyota Corsa” маркийн ....... ХЭҮ улсын дугаартай /Н.М/ тээврийн хэрэгслүүд нь тус тус бусдын эзэмшлийнх байх ба /хх28, 31, 33, 121-122, 139-142, 158-159, 225/ шүүгдэгч нар нь уг тээврийн хэрэгслээр дээрх ургамлыг тээвэрлэсэн нөхцөл байдал хавтас хэрэгт тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4600 кг дэрэвгэр жиргэрүү ургамлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгох, 16 ширхэг лоомыг устгах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Э-ийн эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн “Жаргалантын” 13 дугаар гудамжны 31 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-0614006570 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 3000000 төгрөгийн үнэ бүхий газар битүүмжилсэн Прокурорын 2017 оны 12 сарын 01-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээж, С.О-ын эзэмшлээс “Porter” маркийн ........... УНЗ улсын дугаартай 2000000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2017 оны 12 сарын 05-ны өдрийн, М.У-ын эзэмшлээс “Toyota corsa” маркийн ............. ХЭҮ улсын дугаартай 500000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2017 оны 12 сарын 08-ны өдрийн Прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг тус тус хүчингүй болгох, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Л.Э-ийн ........., М.З-н .........., шүүгдэгч Н.М-ын ........ регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..... овогт Л.Э, ...... овогт М.З, ...... овогт Н.М нарыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал түүсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ......... овогт Л.Э, ..... овогт М.З, ..... овогт Н.М нарыг тус бүрийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажилд орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Л.Э, М.З, Н.М нарт мэдэгдсүгэй.
4. Үүрэг хүлээлгэж, эрх хязгаарласан албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч нарт хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 1721001470150 дугаартай хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч М.З, Н.М нарын эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.Э-с 320000 /гурван зуун хорин мянга/ төгрөг, шүүгдэгч М.З-с 200000 /хоёр зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Н.М-с 95000 /ерөн таван мянга/ төгрөг тус тус гаргуулж Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын Тамгын газарт олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4.600 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгох, төмөр 16 ширхэг лоомыг устгах, шүүгдэгч Л.Э-н эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн “Жаргалантын” 13 дугаар гудамжны 31 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-0614006570 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 3000000 төгрөгийн үнэ бүхий газар битүүмжилсэн Прокурорын 2017 оны 12 сарын 01-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээх, С.О-н эзэмшлээс “Porter” маркийн ....... УНЗ улсын дугаартай 2000000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2017 оны 12 сарын 05-ны өдрийн, М.У-ын эзэмшлээс “Toyota corsa” маркийн ...... ХЭҮ улсын дугаартай 500000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2017 оны 12 сарын 08-ны өдрийн Прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг тус тус хүчингүй болгосугай.
8. Баримт бичгээр ирсэн шүүгдэгч Л.Э-н ................, М.З-н ..............., шүүгдэгч Н.М-н .............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ