| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигдэнгийн Батттогтох |
| Хэргийн индекс | 2223001890064 |
| Дугаар | 2023/ДШМ/25 |
| Огноо | 2023-06-16 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Э.Мөнх-Оргил |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2023/ДШМ/25
Н.Сүхтөмөрт холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд
Прокурор Э.Мөнх-Оргил
Шүүгдэгч Н.Сүхтөмөр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Энхжаргалын давж заалдах гомдлоор Н.Сүхтөмөрт холбогдох 2223001890064 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт баг 21 дүгээр зуун хороолол 202 тоотод түр оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Харчин овогт Норжмоогийн Сүхтөмөр, регистрийн дугаар: ИУ85032819.
Шүүгдэгч Н.Сүхтөмөр нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох 65 шуудай 1330.5 килограмм хуурамч хонин арцыг 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Цагаан чулуут сумын нутаг Төмөртийн гол гэдэг газрын замын хажуу талд байсан жалганаас ачиж тээвэрлэн, Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг Даянгийн хэсгийн 801 тоотод байрлах өөрийн гэртээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх:
Шүүгдэгч Харчин овогт Норжмоогийн Сүхтөмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох хуурамч хонин арц тээвэрлэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шүүгдэгч Н.Сүхтөмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сүхтөмөрт оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сүхтөмөр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарлаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Сүхтөмөрөөс 131,054,250 /нэг зуун гучин нэгэн сая тавин дөрвөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.Сүхтөмөрийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан КИА БОНГО маркийн 28-89 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хууль бусаар тээвэрлэж, хадгалсан 65 шуудай 1330,5 килограмм хуурамч хонин арцыг тус тус улсын орлого болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Сүхтөмөр болон түүний өмгөөлөгч Б.Энхжаргал нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хуурамч хонин арцыг түүж бэлтгэн байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан үйлдэл хийгээгүй бөгөөд хэн нэгний түүж бэлтгэсэн арцыг тээвэрлэж, хадгалсан байх тул хохирлыг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тодорхойлох хууль зүйн үндэслэлгүй байна... Н.Сүхтөмөрөөс ургамлын аймагт учирсан бодит хохирол 131.0054.250 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ” гэж шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 11-т “байгаль орчинд учруулсан хохирол гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, ...үйлдэл, эс үйлдэхүйг” олгохоор хуульчилсан болохоос тээвэрлэсэн, хадгалсан үйлдэл хамаарахгүй байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар Н.Сүхтөмөрийг байгаль орчинд хохирол учруулсан гэж үзэх боломжгүй байна. иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 131.054.250 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулах гэснийг хүчингүй болгож өөрчилж өгнө үү.
Шударга ёс тэгш байдлыг нь харах юм бол хэн нэгэн этгээд байгаль орчинд хохирол учруулаад түүнийгээ замын хажууд нуусан юм уу, шалгалтаас болж нуусан юм уу мэдэгдэхгүй арцыг тээвэрлэж хадгалсан үйлдэл байгаа юм. Хэн нэгний өмнөөс миний үйлчлүүлэгчийг экологид хохирол учруулчихлаа гэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Зүйлчлэл дээр маргахгүй байгаа юм. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар байгаль орчинд учруулсан хохирол гэж тээвэрлэсэн үйлдэл дээр хохирол учруулсан гэж хархаар байна. Учруулсан байсан хохирлыг тээвэрлэснээс болж экологи хохирол учруулсан гэх боломжгүй юм. Н.Сүхтөмөр хэлж байна. Надад байсан баталгаажаагүй хил дээр хиллээд аваад явсан гэж байна. Хилийн хэмжээ нь зөрүүтэй байгаа эдгээр нөхцөлийг харгалзаж хохирлын хэмжээг өөрчилж шийдвэрлэж өгнө үү гэв.
Прокурор Э.Мөнх-Оргил давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Н.Сүхтөмөр нь зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох хуурамч хонин арцыг тээвэрлэсэн, хадгалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Иймд хохирлыг шууд хариуцах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлэгт заасан шаардлагыг бүрэн хангасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарсан байх тул шүүгдэгч Н.Сүхтөмөрийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Н.Сүхтөмөрт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянан үзлээ.
1.Хэргийн үйл баримтын талаар,
Шүүгдэгч Н.Сүхтөмөр нь 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Цагаанчулуут сумын нутаг” Төмөртийн гол” гэдэг газрын замын хажуу талд байсан жалганаас зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох 65 шуудай, 133.5 кг хуурамч хонин арцыг ачиж тээвэрлэн Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг Даянгийн хэсгийн 801 тоотод байрлах өөрийн гэртээ хадгалсан байна.
Энэ үйл баримт хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Гэрч А.Баатарцогтын “...Н.Сүхтөмөр ах угаасаа миний машин тэргийг хааяа гуйж унадаг бөгөөд эвдэрсэн үед засаж өгдөг юм. Энэ намар 2022 оны 08 сарын дундуур надаас миний машиныг гуйж аваад ах нь Шилүүстэй суманд цемент аваачиж өгчхөөд ирье гээд аваад явсан. Тэр үедээ Шилүүстэй сум орчхоод ирэхдээ арц ачиж авч ирээд цагдаад баригдсан гэсэн. ...Миний машин угаасаа аймгийн төвд хашаандаа тавьчихсан байдаг юм. Н.Сүхээ ах ирж машин авч явахдаа ганцаараа явж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61-р хуудас/, -
Гэрч С.Загдын “...Би Шилүүстэй сум Баянчандмань хоршоотой юм. Тэгээд энэ хоршоо Голын улаан гэх газарт хөв цөөрмийн далан хийх зориулалттай орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжилт аваад аймгийн төвөөс цемент худалдаж аваад тэр цементийг Н.Сүхтөмөр дугаарыг нь санахгүй байна “Вонго g2” гэдэг машинаар 2022 оны 08 дугаар сарын 20-нд санагдаж байна ганцаараа авчирч ирж Голын улаан гэх газар буулгаад буцсан. ...Н.Сүхтөмөр цемент буулгаад буцсанаасаа 2 хоногийн дараа утсаар яриад замаасаа арц олсон гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р хуудас/, -
Гэрч М.Баасандугарын “...2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд зөрчлийн хэрэг бүртгэгчээр томилогдон ажиллаж байсан юм. Тухайн шөнө 23 цаг өнгөрч байхад цагдаа Нямсамбуу утсаар залгаад нэг айл харанхуй шөнө байшингийнхаа дээврээс шуудайтай зүйл буулгаад амбаарт зөөгөөд байна гэнэ очиж үзээд нөхцөл байдлаа танилцуул гэж хэлсэн. Тэгээд би тухайн айлд очиж үзэхэд шуудаатай арцнуудыг байшингийнхаа дээврээс зөөж амбаартаа хурааж байхаар нь жижүүрт мэдэгдэж бүрэлдэхүүн дуудсан. Мөрдөгч, цагдаагийн хошууч П.Батзоригоор ахлуулсан бүрэлдэхүүн ирж шалгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 69-р хуудас/, -
Гэрч М.Гүрцогийн “...2022 оны 09 дүгээр сард яг өдрөө санахгүй байна. Би Отгон сумаас аймаг орж хүргэн Н.Сүхтөмөрийнд очсон чинь Н.Сүхтөмөр ах “ахдаа туслаад өгөөч” гээд тэгээд өөрийнхөө эзэнгүй Аралд байдаг байшингийнхаа дээвэр дээр байсан задгай арцнаас ууталсан. ...Дэлгэж тавьсан арц л байсан яг ямар хэмжээтэйг нь мэдэхгүй. Арцнаас нь уутлалцаж байгаад л цагдаа очоод арцыг нь хурааж аваад тэгээд харьцгаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75-р хуудас/, -
Гэрч Д.Баасанжавын “...2022 оны 09 дүгээр сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Н.Сүхтөмөр ах над руу утсаар залгаад “ахын дүү манай гэрт хүрээд ир жаахан ажил хийгээд өг” гэж гуйхаар нь би Н.Сүхээ ахын аралд байдаг эзэнгүй хашаанд очсон чинь байшингийн дээвэр дээр нь задгай арц асгачихсан байсан. Тэгээд тэр арцнаас нь уутлаад байж байтал цагдаа нар ирсэн. Өөр зүйл болоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 79-р хуудас/, -
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-30-р хуудас/, - Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-37-р хуудас/, - Иргэний нэхэмжлэгч Б.Саруулын “...Иргэн Н.Сүхтөмөр нь зохих зөвшөөрөлгүй нэн ховор төрлийн ургамал болох Хонин арц хадгалж байсан гэх асуудалд миний зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлбөрийн хамт нэхэмжилнэ. Харин өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг үгүйсгээгүй, давхар нотолсон шинжтэй байна.
2. Нотлох баримтын талаар,
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, уг нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хэргийг эцэслэн шийдвэрлэхэд бүхэлдээ хангалттай байна.
Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, харин давхар нотолж байгаа болохыг дурдах нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болжээ.
3. Анхан шатны шүүхийн хууль хэрэглэсэн байдал, давж заалдах гомдлын талаар,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Сүхтөмөр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид хуульд зааснаас хөнгөн ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо ...Н.Сүхтөмөрөөс ургамлын аймагт учирсан бодит хохирол 131.054250 төгрөгийг гаргуулж Байгаль орчны уур амьсгалын санд оруулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11-т “байгаль орчинд учруулсан хохирол гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, ... “үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан болохоос тээвэрлэсэн хадгалсан үйлдэл хамаарахгүй байна...Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар Н.Сүхтөмөрийг байгаль орчинд хохирол учруулсан гэж үзэх боломжгүй ...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, “131.054.250 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулах” гэснийг хүчингүй болгож өөрчилж өгнө үү... гэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд зохицуулалтуудаас харахад нэн ховор, ховор ургамлыг эзэмших, ашиглах, захиран зарцуулахыг иргэний гүйлгээнд хориглосон гэж ойлгох бөгөөд уг зүйлд нэн ховор, ховор ургамлыг түүсэн бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулах”-ыг хориглож, хадгалсан, тээвэрлэсэн үйлдлийг түүсэн, бэлтгэсэн үйлдэлтэй адилтган тооцож, хохирлыг төлүүлнэ гэж ойлгохоор байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Сүхтөмөр нь хуурамч хонин арцыг түүж бэлтгэн байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан үйлдэл хийгээгүй бөгөөд хэн нэгний түүж, бэлтгэсэн арцыг тээвэрлэж, хадгалсан байх тул хохирлыг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тодорхойлох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, Н.Сүхтөмөрөөс ургамлын аймагт учирсан бодит хохирол 131.054.250 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулж хохирлыг шийдвэрлэсэн нь хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон дүгнэлт болжээ.
Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодит хохирлоор тооцож, шүүгдэгчээс гаргуулсныг буруутгах үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
Ч.ЭНХТӨР
Ж.БАТТОГТОХ