Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2024/0857

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ю*******” ХХК /РД:*******/          

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын хооронд үүссэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Газар ашиглах эрхийг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 тоот “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалын “Ю*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч “Ю*******” ХХК нь  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/605 дугаар тушаалаар[1] Хан-Уул дүүрэгт Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн *******анд 13375.9 м.кв газарт аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох зориулалтаар 5 жилийн хугацаатай 0*******8 дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээг[2] 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгожээ.

2.2. Нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосноос хойш тусгай хамгаалалттай газарт газар ашиглах гэрээ байгуулах хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ирүүлж байгаагүй[3] байна.

2.3. Гэтэл Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Иргэн, аж ахуй нэгж байгууллагад хандан 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/1383 дугаар албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдлийг өөрийн фэйсбүүк /facebook/ пэйж хуудас, D*******.mn цахим хуудсаар дамжуулан 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр олон нийтэд мэдэгдэл[4] болгон нийтэлжээ.

2.4.Улмаар Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01/1533 дугаар “Санал хүргүүлэх тухай” албан бичгийн[5] хавсралт дахь 17 дугаарт “…“Ю*******” ХХК…”-ийн газар ашиглах эрхийг бүхэлд нь цуцлуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн бодлого зохицуулалтын газарт саналыг хүргүүлсэн аж.

2.3 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 сарын 21-ний өдрийн А/634 дугаар “Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай” тушаалаар “Ю*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгожээ.[6]

2.4 Дээрх тушаал нь Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол[7], 2023 оны 03 дугаар тогтоолыг[8] тус тус үндэслэжээ.

2.5 Маргаан бүхий актын 1 дэх  заалтад “...Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2011 оны 1/406 дугаартай албан бичгийн[9] хавсралтаар ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 1/2054[10], Нийслэлийн Засаг даргын 2023 оны 01/5353 дугаартай албан бичгүүдээр[11] ирүүлсэн саналын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон *******анд хилийн цэст залруулга оруулсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгогдсон хавсралтад дурдсан 59 иргэн хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

2.6. Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас “Ю*******” ХХК-д 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01/194 дүгээр “Газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай” албан бичгээр маргаан бүхий актыг хүргүүлсэн байна.

2.7. “Ю*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний  өдрийн А/634 дүгээр тушаалыг эс зөвшөөрч тус шүүхэд 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасанг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШЗ2024/2261 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч “Ю” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ю*******” ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/605 дугаар тушаалын дагуу Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн ******* нэртэй 13375.9 м.кв талбайг “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхтэй болсон бөгөөд тушаалд заасны дагуу, үүргээ зөрчилгүйгээр өнөөдрийг хүртэл ашиглаж байна.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01/194 тоот “Газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай” мэдэгдлийг хүлээж авсан бөгөөд уг мэдэгдэлд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын *******ны хязгаарлалтын бүсэд танай байгууллагын ашиглаж байсан 13375.9 м.кв газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн” гээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалын хуулбарыг мэдэгдлийн хамт хүргүүлсэн.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01/194 тоот мэдэгдлийн хавсралтад байх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 тоот “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалыг уншиж танилцаад уг тушаал нь нэхэмжлэгч “Ю*******” ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн болохыг олж мэдлээ.

Учир нь нэхэмжлэгч “Ю*******” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын *******ны хязгаарлалтын бүс дэх 13375.9 м.кв газар ашиглах эрхийг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 3 дах заалт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.

Гэвч Тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд тусгай хамгаалалттай газар ашиглах эрх дуусгавар болох, хүчингүй болох, газрыг чөлөөлөх үндэслэлийг зааж өгсөн ба мөн зүйлийн 40.1.3 дахь хэсэгт тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх хүчингүй болсон тохиолдолд газар ашиглах эрх дуусгавар болохыг заагаад, 40 дүгээр зүйлийн 40.4-д Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6. 40.1.7-д заасан үндэслэлээр эсвэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр тэмдэгтийн хураамж төлөөгүй” бол гэх 2 үндэслэлээр тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрхийг хүчингүй болгохоор заасан байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлүүдийг тодорхойлж заасан байх ба тэдгээр үндэслэл бүрдээгүй буюу нэхэмжлэгч “Ю*******” ХХК нь хууль ёсны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийг ашиглаж байгаа төдийгүй Тусгай хамгаалалттай газрын тухай хууль болон Газрын тухай хуульд заасан газар ашиглах, эзэмших эрх хүчингүй болгох ямар ч үндэслэл бүрдээгүй байхад тодорхойгүй үндэслэлээр хууль бус тушаал гаргасан байна.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалын тушаах нь хэсэгт “...Барилга хот байгуулалтын сайдын 2023 оны 1/2054 Нийслэлийн Засаг даргын 2023 оны 01/5353 дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн саналын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон *******анд хилийн цэст залруулга оруулсантай холбогдуулан Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар эрх олгогдсон хавсралтад дурдсан 59 иргэн хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосугай” хэмээн дурдсан байх бөгөөд тийнхүү хилийн цэст залруулга оруулсан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаал нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн хууль бус захиргааны акт байна.

Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт. захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг мөн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсгох ажиллагааг явуулах үүргээ гүйцэтгээгүй нь захиргааны акт гаргах журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалын нэхэмжлэгч “Ю*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

          3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******: 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам дээр очиж хийсэн үзлэгийн материалд дурьдсанаар манай 13375.9 метр квадрат газрыг хилийн цэсийн өөрчлөлттэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд хамааралтай гэдгийг тогтоосон. Үүнтэй холбоотой маргах зүйл байхгүй. Гэхдээ төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоогүй нөхцөл байдлаас шалтгаалан иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хохироож болохгүй. Хариуцагч талаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлийг тайлбарласангүй. Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох долоон үндэслэлийг заасан байхад хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа эдгээрээс аль үндэслэлээр манай газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь тодорхойгүй байна, уг шийдвэр нь хуульд үндэслэсэн эсэх, бодит байдалд нийцэж байгаа эсэх дээр эргэлзээтэй байгаа учир энэхүү хууль бус захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү ...” гэв.

3.3 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гарсан.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам болон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2011 оны 1/406 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 1/2054, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 01/5353 дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэл болгон тус тушаал гарсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.“3ахиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.“Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж заасан.

Тус зохицуулалтын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нэхэмжлэгчид олгосон газар нь Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний газарт хамаарч байх тул уг захиргааны байгууллага өөрийн олгосон тушаалаа хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаал үндэслэлтэй байх тул “Ю” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...: Нотлох баримт шинжлэн судлахад, манай яамнаас ажлын хэсэг байгуулан ажиллаж тухайн газарт үзлэг, судалгаа, сонсох ажиллагаа зэргийг хийсэн. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам болон Нийслэлийн Засаг дарга хамтран  2011 оны хилийн зааг буруу байна гэсэн дүгнэлтэд хүрч бид хамтран ажиллаж байгаад иргэн , аж ахуйн нэгжүүдийн газрыг асуудалгүй болгож өгөхөөр ажиллаж, харин ч боломж олгосон тул тухайн захиргааны актыг хууль бус гэсэн нь үндэслэлгүй...” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Дөрөв: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2. Хавтас хэрэгт авагдсан Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01-05/7379 албан бичгээр болон шүүхээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хийгдсэн баримт бичгийн үзлэгээр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Ю” ХХК-ийн ашиглаж байсан нэгж талбарын 18 дугаар бүхий 13375,9 м.кв газар нь Нийслэлийн газар нутгийн хилийн цэст хамаарах болсон болох нь тогтоогдож байна.

4.3.Учир нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар дархан цаазат газрын хилийн заагийг тогтоосон тогтоолын[12] дагуу Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол[13], 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоол[14] зэргээр ...Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын тодруулж зурагласан Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг хянан баталгаажуулж мөрдүүлэх[15], тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хилийн заагийн эргэлтийн цэгийг газар бэхэлж, тэмдэгжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан аж.

4.4.Улмаар дээрх тогтоолуудад заасан ажлыг хийж хэрэгжүүлэх ажлын хэсэг[16] байгуулагдаж, холбогдох ажиллагааг хийж[17] гүйцэтгэн, Нийслэл болон Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийн эргэлтийн цэгийг эцэслэн тогтоож, баталгаажуулсан.

4.5.Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын хувьд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт “...Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, …, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана...” бүрэн эрхийнхээ хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 1 дэх хэсэгт тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсний тул маргаан бүхий актыг гаргаж, нэхэмжлэгч “Ю*******” ХХК-ийн Хан-Уул дүүрэгт Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн *******анд 13375.9 м.кв газрыг ашиглах эрхийг хүчингүй болгосныг буруутгах боломжгүй юм.

4.6.Учир нь хариуцагч Монгол Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх, хуульд тусгайлан заасан асуудлаар чиг үүрэгтэйгээр ажилладаг Монгол Улсын Их Хурлын байнгын хорооноос гаргасан тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэхүү шийдвэрээ гаргасан.

4.7.Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******аас “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох долоон үндэслэлийг заасан байхад хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа эдгээрээс аль үндэслэлээр манай газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь тодорхойгүй байна, уг шийдвэр нь хуульд үндэслэсэн эсэх, бодит байдалд нийцэж байгаа эсэх дээр эргэлзээтэй...” хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлах боловч хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 тоот “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалынхаа “Ю*******” ХХК-д холбогдох хэсгийн эрх зүйн голлох үндэслэлээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 1 дэх хэсэгт тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, 40 дүгээр зүйлийн 40.1-д Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, энэ зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх хүчингүй болсон” болгожээ.

4.8.Үүнээс үзвэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын удирдлага болохын хувьд тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхдээ дээрх хууль зүйн үндэслэлээ зөв сонгон хэрэглэсэн байх тул маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дахь заалтад заасан “хуульд үндэслэх”,4.2.5 дахь заалтад заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэн гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ю*******” ХХК-ийн гаргасан /хуучнаар/ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 тоот “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалын “Ю*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

[1] 2 хавтаст хэргийн 12, 14 хуудас

[2] 2 хавтаст хэргийн 189 хуудас

[3] 2 хавтаст хэргийн 10 хуудас

[4] 1 Хавтаст хэргийн 67-78 хуудас

[5] Хавтаст хэргийн 32-37 хуудас

[6] 1 хавтаст хэргийн 24 хуудас

[7] 1 хавтаст хэргийн 79-80 хуудас

[8] 1 хавтаст хэргийн 83-84 хуудас

[9] 1 хавтаст хэргийн 184-185 хуудас

[10] 1 хавтаст хэргийн 111 хуудас 

[11] 1 хавтаст хэргийн 110 хуудасны ар дахь тал

[12] 1Хавтас хэргийн 94-105 хуудас

[13] 1Хавтас хэргийн 79-80, 2 хавтас хэргийн 134-166 хуудас

[14] 1Хавтас хэргийн 84, 2 хавтас хэргийн 112-133 хуудас

[15] 1Хавтас хэргийн 80 хуудас

[16] 2 Хавтас хэргийн 167 хуудас

[17] 2 Хавтас хэргийн 107-111, 168-172 хуудас