| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2018/0042/э |
| Дугаар | 46 |
| Огноо | 2018-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган,
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч М.П нарыг оролцуулан,
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт М.П-т холбогдох 1821000000012 дугаартай хэргийг 2018 оны 01 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ол овогт М.П, Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Ялалтын 8-19Б тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 06 сарын 20-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 03 сарын хорих ялаар, тус шүүхийн 2013 оны 04 сарын 19-ний өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар, Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 05 сарын 20-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 03 сарын хорих ялаар шийтгүүлж 2015 оны 05 сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 28-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 15 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж 2017 оны 04 сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл.
Шүүгдэгч М.П нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 8-19Б тоотод С.О-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар хутгалж биед нь “зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад өгсөн миний мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч М.П мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Бид архи пиво ууж сууж байгаад орой 23 цагийн орчимд О бид хоёр хоорондоо маргалдсан. Бид хоорондоо гэр бүлийнхээ амьдралыг ярьж байгаад би О-с “миний найз ямархуу амьдарч байна, Б суусан гэл үү, Б сайн уу, нэг тал руугаа гэлжгий Б мөн биз дээ” гэж асуухад, О уурлаад “чи хүний амьдрал руу өнгийлөө” гэж над руу уурлаад байсан. Би түүнээс “танай эхнэр хайр халамжаар хэр вэ” гэж асуухад, “чи манай эхнэрийг доромжиллоо” гээд над руу уурласан. Тэгээд намайг “гарч зодолдъё, чамайг гэрт чинь алаад яахав гаръя, би эхийгээ хайрлаагүй байж чамайг хайрлахгүй шүү” гээд гарах гэсэн, тэгэхээр нь би гал тогооны шургуулганаас хутга аваад түүний гуян тус газарт хутгалсан...” гэжээ. /хх 37-38/
Хохирогч С.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Бид архи пиво уугаад юм яриад сууж байхад П надад хандан “миний найз архи уухгүй байсан ойрд яагаад архи уугаад байгаа юм бэ, эхнэр чинь чамд хэр халамжтай вэ, чамд яагаад хүүхэд гаргаж өгөхгүй байгаа юм, бөгс нь ажилладаг юм уу” гэж асуухад, би “чамд ямар хамаатай юм, чи яагаад манай гэр бүлийн асуудалд ороод байгаа юм” гээд жаахан маргалдаж байгаад больсон...Тэгээд ”гарч зодолдъё, гэрт чинь муудалцахгүй” гээд гарах гэтэл тэр хутгаар миний зүүн гуян тус газарт хутгалсан, дахин хутгалах гэхэд нь цаанаас Б П-ыг барьж аваад хутгыг нь булаасан...” гэжээ. /хх 14-15/
Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр орой пиво ууж байхад О, П нар хоорондоо маргаж байсан. Юунаас болж маргасныг нь мэдэхгүй байна. Ингээд би унтаад өгсөн. Нэг сэрсэн хүмүүс бахиралдаад байх шиг байсан, би өндийгөөд харахад үүдэнд хаалганы тэнд О нь гуян тус газраа хутгаар хатгуулсан байдалтай гуянаас нь цус гарсан, түүний хажууд П хутга барьчихсан зогсож байсан. Тэгээд Б бид хоёр хутгыг нь булааж авсан...” гэжээ. /хх 17-18/
Гэрч Ө.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд шөнө 23 цаг өнгөрч байсан гэж санаж байна. О, П нар хоорондоо маргаж муудалцсан, яг юунаас болж маргасныг нь би сайн мэдэхгүй байна. Тэгээд хоёр биенийгээ “ална, гаръя” гээд гарах гэхэд нь П нь О-н гуян тус газарт хутгаар хутгалсан. Тэгээд би тэр хоёрыг салгаад О-ийн цусыг арчиж хөлийг нь юмаар боогоод цусыг нь тогтоосон...” гэжээ. /хх 19-20/
Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 сарын 03-ны өдрийн 54 тоот дүгнэлтэд: “1.С.О-ийн биед зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх 31/
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд: Хохирогч С.О /хх- 14-15х/, шүүгдэгч М.П нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд /хх 23-24/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, Эд мөрийн баримт хураан авах тэмдэглэл /хх 5/, Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-10/, Өвчний түүх /хх 41-43/, Яаралтай тусламжийн хуудас /хх 44-50/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 56/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 57/ зэрэг болон хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч М.П нь согтуурсан үедээ 2018 оны 01 сарын 01-ний шөнө 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Ялалтын 8-19Б тоотод С.О-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг хутгалж эрүүл мэндэд нь “зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон:
Хохирогч С.О-ийн эх сурвалжаа зааж, тогтвортойгоор мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Архи пиво уугаад юм яриад сууж байхад П надад хандан “миний найз архи уухгүй байсан ойрд яагаад архи уугаад байгаа юм бэ, эхнэр чинь чамд хэр халамжтай вэ, чамд яагаад хүүхэд гаргаж өгөхгүй байгаа юм, бөгс нь ажилладаг юм уу” гэж асуухад нь, би “чамд ямар хамаатай юм, чи яагаад манай гэр бүлийн асуудалд ороод байгаа юм” гээд жаахан маргалдаж байгаад больсон...”гарч зодолдъё, гэрт чинь муудалцахгүй” гээд гарах гэтэл тэр хутгаар миний зүүн гуян тус газарт хутгалсан, дахин хутгалах гэхэд нь цаанаас Б П-ыг барьж аваад хутгыг нь булаасан...” /хх 14-15/ гэх,
Тухайн үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн гэрч Ө.Б-ын “...Тэгээд шөнө 23 цаг өнгөрч байхад гэж санаж байна О, П нар хоорондоо маргаж муудалцсан, яг юунаас болж маргасныг нь би сайн мэдэхгүй байна. Тэгээд хоёр биенийгээ “ална, гаръя” гээд гарах гэхэд нь П нь О-ийн гуян тус газарт хутгаар хутгалсан. Тэгээд би тэр хоёрыг салгаад О-ийн цусыг арчиж хөлийг нь юмаар боогоод цусыг нь тогтоосон...” /хх 19-20/ гэх,
Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Пиво ууж байхад О, П нар хоорондоо маргаж байсан. Юунаас болж маргасныг нь мэдэхгүй байна. Намайг өндийгөөд харахад үүдэнд хаалганы тэнд О нь гуян тус газраа хутгаар хатгуулсан байдалтай гуянаас нь цус гарсан, түүний хажууд П хутга барьчихсан зогсож байсан. Тэгээд Б бид хоёр хутгыг нь булааж авсан...” /хх 17-18/ гэх мэдүүлгүүд,
Хохирогч С.О-н “зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол тогтоогдсон талаар дүгнэсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 54 тоот дүгнэлт /хх 31/, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд гэмт үйлдлийн талаар Цагдаагийн газарт мэдээлж бүртгүүлсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсгийг эд мөрийн баримтаар хураан авсан болон үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-10/, Хохирогч С.О-ийн өвчний түүх /хх 41-43/, Яаралтай тусламжийн хуудас /хх 44-50/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.П-ын үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Иймд шүүгдэгч М.П-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хохирогч С.О-ийн эрүүл мэндэд учирсан “зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол нь түүний гуян тус газар хутгаар хутгалсан шүүгдэгч М.П-ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.
Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролд хохирогч С.О-т 1420000 төгрөг төлсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримт /хх 51, задгай 1ш/-аар нотлогдож байна.
Хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч М.П нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар иштэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ....... овогт М.П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.П-г 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.П-т оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.П-т анхааруулсугай.
5. Эрүүгийн 1821000000012 дугаартай хэрэгт шүүгдэгч М.П нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар иштэй хутга 1 /нэг/ ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ......... регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ