Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/26

 

Л.Жамъяншаравт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал

          Прокурор                                                                                 Б.Эрхэмбаяр

          Шүүгдэгч                                                                                  Л.Жамъяншарав

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                       С.Төмөрбаатар /цахимаар/

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                                 Б.Бямбадорж /цахимаар/

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч      Б.Оюунчимэг /цахимаар/

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбадоржийн гаргасан давж заалдах гомдлоор Л.Жамъяншаравт холбогдох 2223001620226 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Төв аймгийн Зуун мод сумын 6-р баг, Энхтайваны 12-27 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Лувсанцэрэн гавж овогт Лувсандамбын Жамъяншарав, /регистрийн дугаар: НК94011117/

Шүүгдэгч нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг дэвсгэрт Toyota Sai маркийн 48-94 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, ослын улмаас Д.Цэрмаа, Б.Мягмаржав нарын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

Шүүгдэгч Лувсанцэрэн гавж овогт Лувсандамбын Жамъяншаравыг  Эрүүгийн  хуулийн  27.10 дугаар зүйлийн  4 дэх хэсгийн 4.1, 4.2-д заасан согтуурсан  үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хоёр хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-д зааснаар шүүгдэгч Л.Жамъяншаравын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6/ зургаан/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Л.Жамъяншаравт  ногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Л.Жамъяншараваас 49.977.840 төгрөгийг  амь хохирогч Б.Мягмаржавын хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбадоржид олгож, Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбадорж нь амь хохирогч Б.Мягмаржавын  3 хүүхдэд  тэжээгчээ алдсаны тэтгэмжийг, амь хохирогч Д.Цэрмаагийн хууль ёсны төлөөлөгч Д.Дарьсүрэн нь  гэм хор учруулсны төлбөр, сэтгэцэд учруулсан гэм хорын нөхөн төлбөрийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн зардал 200.000 төгрөгийг шүүгдэгч Л.Жамъяншараваас гаргуулж “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-д олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Жамъяншаравын 06 /зургаан/ жилийн хугацаагаар оногдуулсан эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбадоржийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Жамъяншаравыг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг дэвсгэрт Toyota Sai маркийн 48-94 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, ослын улмаас Д.Цэрмаа, Б.Мягмаржав нарын амь нас хохирсон гэмт хэрэгт Л.Жамъяншаравыг Эрүүгийн  хуулийн  27.10 дугаар зүйлийн  4 дэх хэсгийн 4.1, 4.2-д заасан согтуурсан  үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хоёр хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жилийн хорих ялаар шийтгэсэнд гомдолтой байна. Учир нь энэ хүн согтуугаар тээврийн хэрэгсэл барьж явсан, хоёр хүний амь нас хохирсон, хохирол төлбөрөө өгөөгүй зэрэг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоод байхад 3 жилийн хорих ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй хөнгөн ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байгаа юм. Мөн энэ гэмт хэргийн ял нь 2 жилээс 8 жилийн хорих ял оногдуулахаар заасан байхад ийм бага ял оногдуулсан нь шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Яагаад гэвэл Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан байгаатай зөрчилдсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү. Миний хувьд дүгнэлтээ маш тодорхой хэлсэн гэж үзэж байна. Үйлдсэн хэрэг нөхцөл байдлын хувьд замын хөдөлгөөний 2 дүрмийг хамгийн ноцтойгоор зөрчсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хурд хэтрүүлсэн. Энэ бол замын хөдөлгөөний дүрмийн хамгийн том заалтууд. Эрүүл байж байгаад хурд хэтрүүлсэн бол өөр асуудал. Мөн Монгол улсын 2 иргэний амь насыг хохироосон. Мөн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж байгаа хандлагыг нь маш тодорхой илэрхийлсэн. Өнөөдөр бидэнд хандаж байгаа хандлага. Энэ үйлдлийг та нарын хувьд ноцтой үйлдэл биш гэж үзэж байгаа юм уу, үүнийг би ойлгохгүй байна. Мөн шүүгдэгчийн хохирлын хэмжээ 50.0 гаруй сая төгрөг байхад 10.0 сая төгрөг төлсөн нь гэм буруутай үйлдлийн 4.1 хувьд ч хүрэхгүй хэмжээний хохирлыг төлсөн байхад үүнийг нь хөнгөрүүлэх нөхцөл гэж үзэж байгаа юм уу, мөн хохирлоо ямар ч хугацаанд төлөх нь мэдэгдэхгүй цаашаа үргэлжлээд яваад байх юм уу, үүний цаана 3 хүүхэд, эхнэр нь амьдралын ямар ч баталгаагүй болчихоод байж байна. Прокурорын хамгийн эхний өгсөн яллах дүгнэлтийг та бүхэн уншиж танилцаарай. 4 жил санал болгосныг шүүх хохирлоо нөхөн төлсөн байна гэж үзээд дахин хөнгөрүүлж үзсэн. Тийм учраас миний хувьд маш их гомдолтой байна. Би дүүгээ алдчихаад дүүгийнхээ гэр бүлийн амьдралын баталгааг алдагдуулчхаад хүнд доромжлуулж байгаа юм шиг 10.0 сая төгрөг авчхаад дүүгийнхээ амь насыг 10.0 сая төгрөгөөр үнэлүүлчхээд байж байгаадаа өөртөө гутарч байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэх болов уу гэсэн ямар ч үйлдэл хийгээгүй. Ирээд уучлалт гуйх болов уу гээд хүлээсэн, өмгөөлөгчид нь хэлсэн. Би жолооч хүний зовлонг үзсэн учраас ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзахгүй байхыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ та бүхэн хохирлоо барагдуулаад өгөөч, миний ээжээс уучлалт гуйгаад өгөөч гэж 2 зүйлийг л хүссэн. Үүнийг биелүүлж өгөөгүй байхад гэс буруугаа хүлээн зөвшөөрөөд байгаа илэрхийлэл нь энэ юм уу, энэ талаар эрхэм прокурор та бүхэн тайлбар хэлж өгнө  үү гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Яагаад гэвэл шүүгдэгч Жамъяншаравт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зохих хэсгийг нөхөн төлсөн учраас хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийтгэл оногдуулсан. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нийт 59.0 сая гаруй төгрөгийн хохирол учирсан. Үүнээс тээврийн хэрэгсэлд 26.800.000 төгрөг, оршуулгын зардалд 33.177.840 төгрөг нийт 59.977.840 төгрөгийн хохирол учирсан. Гэтэл шүүгдэгч шүүхийн шатанд 10.0 сая төгрөгийн хохирлыг барагдуулсан. Өөрөөр хэлбэл учирсан хохирлын 50 хувийг ч нөхөн төлөөгүй. Эрүүгийн хуулийн гол зорилго нь юу вэ гэхээр учирсан хохирлын 50 хувийг нөхөн төлүүлэх зорилготой байдаг. Гэтэл учирсан хохирлын 50 хувийг төлөөгүй байхад анхан шатны шүүхээс зохих хэсгийг нөхөн төлсөн гэж үзэж хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д хөнгөрүүлэх нөхцөл байдал юуг тооцох вэ гэхээр 1.2-д зааснаар учруулсан хохирлыг төлсөн гэж заасан байдаг. Үүнд учруулсан хохирлын тодорхой хувийг төлсөн байвал хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж заагаагүй. Анхан шатны шүүхээс зохих хэсгийг төлсөн байдлын хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж харгалзан үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч өөрөө Завхан аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд хоригдож байгаа. Хохирол нөхөн төлөх асуудлыг анхан шатны шүүхэд илэрхийлсэн. Мөн өөрийнхөө чадлаар 10.0 сая төгрөгийг төлсөн. Цаашид хохирол нөхөн төлөхийг ар гэрийнхэн нь хөөцөлдөж байгаа. Одоогоор төлөх боломжгүй байна гэдэг зүйл яригдаж байгаа.Шүүгдэгчийн талаас хэдэн эмээл өгсөн боловч хохирогч тал өөрсдөө хүлээж авахгүй гэсэн учраас өгөх боломжгүй нөхцөл үүссэн. Мөн эмээлээ зарах гэтэл зарагдахгүй нөхцөл байдал байх шиг байна. Хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал хэвээрээ байгаа, төлөхийн хувьд төлнө. Шүүгдэгчийн хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байранд ял эдэлж байгаа, цаашдаа хуулийн шийдвэр хүчин төгөлдөр болох юм бол ялаа эдлээд явна. Шүүгдэгч магадланд орохын тулд хохирлоо нөхөн төлсөн байж таарна. Тийм учраас хохирлыг нөхөн төлөхөө заавал илэрхийлж байгааг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Прокурор Б.Эрхэмбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Завхан аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Жамъяншаравт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэгсийн 4.1, 4.2-д заасан гэмт хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд шийтгэх тогтоол гаргаж шүүдэгчид ял шийтгэл оногдуулсан. Шүүх хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг харгалзан хянаад шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн байдал учруулсан гэм хор, хохирол хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, зарим хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзээд түүнд ял шийтгэл оногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Тийм учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар давж заалдах шатны шүүх Л.Жамъяншаравт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг  хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь  хянаж үзлээ.

Хэргийн үйл баримтын талаар

Шүүгдэгч Л.Жамъяншарав нь 2022 оны 08 дугаар сарын 19-ны өдөр согтуурсан үедээ Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг дэвсгэрт “Toyota Sai” маркийн 48-94 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд  оролцож явахдаа  зам тээврийн осол гаргаж, дээрхи ослын улмаас иргэн Б.Мягмаржав, Д.Цэрмаа нарын амь хохироосон,  түүнчлэн уг зам тээврийн ослын улмаас “Toyota Sai” маркийн 48-94 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу 26.800.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Энэ үйл баримт нь хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.

Амь хохирогч Д.Цэрмаагийн хууль ёсны төлөөлөгч Д.Дарьсүрэнгийн “...Ээж маань надад хэлэхдээ талийгаач Д.Цэрмаа нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот явна гээд хувцсаа бэлдээд усанд орчихоод амрах гээд ороо засаад байж байтал гар утас нь дуугараад гэрийн хувцас, углааштайгаа шөнийн 22 цагийн орчимд гараад явсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,

Амь хохирогч  Б.Мягмаржавын  хууль ёсны төлөөлөгч Б.Бямбадоржийн “... 2022 оны 08 дугаар  сарын 19-ний өдрийн 14 цагийн үед ...дүү Баяраа нь  Б.Сарнайд утсаар Монхооноо нас барчихлаа гэж хэлсэн байсан. Тэгээд манай дүү Б.Сарнай миний гар утас руу залгаад сая над руу Баяраа яриад ах автын ослоор нас барсан байна гэхээр нь бид цуглаж байгаад орой 20 цагийн үед гараад маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 20-ны өглөө 05-06 цагийн хооронд хэрэг гарсан гэх газар нь очсон. ...нэхэмжлэх зүйл гэвэл тухайн үед осолд орсон тээврийн хэрэгсэл, оршуулгын зардал мөнгө. ...Одоо эхнэр нь насанд хүрээгүй 3 хүүхдийн хамтаар үлдсэн. Цаашид 3 хүүхдийг насанд хүрэх хүртэл хугацааны сурч боловсрох мөн амьжиргааны зардал мөнгийг гаргуулах хүсэлтэй байна. Мөн сэтгэл санааны хохирлыг хуулийн дагуу гаргуулах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Г.Маналжавын “...2022 оны 08 дугаар сарын 19-ний өглөө 07 цагийн орчимд Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн Бага оргих гэх газарт зам тээврийн осол гарч  машинд хүн хавчуулагдаад орилоод байна гэх дуудлага мэдээллийг хүлээн авч бүрэлдэхүүнтэйгээр дуудлага мэдээллийг очиж шалгахад аймгийн төвөөс 20 орчим км зайтай Загастайн даваа уруудах засмал замын баруун талд цагаан өнгийн 48-94 УАУ улсын дугаартай  “Тоёото сай” маркийн тээврийн хэрэгсэл замын хажуу талын ус зайлуулах хоолой даваад жижиг жалга руу онхолдсон байдалтай байсан ба машин их хэмжээний эвдрэлтэй ертөнцийн зүгээр баруун тийш харсан байдалтай байсан. Машины копудны урдхан талд эмэгтэй хүний нас барсан цогцос мөн машины баруун талд газарт нүүрээрээ унаж нас барсан эрэгтэй хүний цогцос байсан. Харин машины жолооны хүрдний хойд талд жолоо барьж явсан бололтой эрэгтэй хүн суудлын бүсээ зүүсэн байдалтай толгойн арын дагз хэсгээс нь цус гарсан байдалтай ёолоод орилж байсан. Түүнийг машинаас гаргах гэхэд жолооч талын хаалга онгойхгүй байсан тул задаргааны багажаар хаалгыг нь хөшиж жолооны хүрдний суудал дээрээс аваад газарт аюулгүй буулгаж эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Т.Цэнд-Аюушийн  “...Тухайн газар очиход цагаан өнгийн “Sai” маркийн  48-94 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хажуу руу баруун тийш харсан байрлалтай жижиг жалга руу унасан байсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь их хэмжээний эвдрэл гэмтэлтэй байсан. Тээврийн хэрэгслийн гадна 2 хүн шидэгдсэн байдалтай нэг нь машины урд хэсэгт, нөгөөх нь машины баруун талд газарт нүүрээрээ унаж нас барсан байсан. тухайн тээврийн хэрэгсэл дотор жолооны ард хамгаалах бүсийг дээрээсээ давуулж зүүсэн хүн нь жолооны ард хавчуулагдсан байдалтай амьд байсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Т.Тавхайгийн “...Загастайн давааны наана тээврийн хэрэгсэл онхолдож хүн хавчуулагдсан байна” гэсэн дуудлага ирээд бүлгийн даргын хамт явсан. Тухайн газар очиход цагаан өнгийн “Sai” маркийн тээврийн хэрэгсэл замын хажуу руу баруун тийш харсан байрлалтай байсан. Уг тээврийн хэрэгслийн гадна 2 хүн шидэгдсэн байрлалтай газарт байсан. Тухайн тээврийн хэрэгсэл дотор жолооны ард хамгаалах бүсийг дээрээсээ давуулж зүүсэн хүн нь жолооны ард хавчуулагдсан байдалтай амьд байсан...” гэсэн мэдүүлгээр,

 Шүүгдэгч Л.Жамъяншаравын хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.  ...ямар нэгэн санал, хүсэлт байхгүй, маргах зүйл алга, дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна. ...Би өөрийн үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлгээр, хэргийн газрын үзлэгийн  тэмдэглэлийн “...цагаан өнгийн “Sai” маркийн  48-94 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр  баруун тийш онхолдсон байдалтай байна...” гэсэн  тэмдэглэлээр  тогтоогдож байна.

Дээрх ослын улмаас иргэн Б.Мягмаржав, Д.Цэрмаа нарын амь нас хохирсон болох нь Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №000000058 дугаартай шинжээчийн “1.Амь хохирогч Б.Мягмаржавын цогцост гавал болон суурь ясны хугарал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, элэгний язрал, уушгины цоорол, хоншоор ясны хугарал, зүүн талын хавиргануудын хугарал, зүүн хацарт, хамарт, зүүн дээд зовхинд, духны дунд хэсэгт, баруун хөмсгөнд, баруун мөрний үений дээд хэсэгт, зүүн мөрний үений дээд хэсэгт, зүүн долоовор хурууны арын үений хэсэгт, зүүн шилбэний хэсэгт, баруун өгзөгний дээд хэсэгт, зүүн өгзөгний дээд хэсгүүдэд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Амь хохирогчийн цогцост учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг болох үед амьд байх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 3.Амь хохирогчийн цогцост учирсан гэмтлүүд нь зам тээврийн осолд орох үед үүссэн байх боломжтой гэмтлүүд. 4. Амь хохирогч Б.Мягмаржавын цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Амь хохирогч Б.Мягмаржав нь гавал болон суурь ясны хугарал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ. 6. Амь хохирогчийн цогцост үүссэн гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлтээр,

Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №000000057 дугаартай шинжээчийн “ 1. Амь хохирогч Д.Цэрмаагийн цогцост гавал болон суурь ясны хугарал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, дотор эрхтний цусны эргэлтийн алдагдал, элэгний язрал, уушгины цоорол, эрүү,  хоншоор ясны хугарал, зүүн талын хавиргануудын хугарал, сээрний 3-р нугалмын хугарал, зүүн тохойн үе, зүүн өвдөгний ил хугаралттай, баруун дунд чөмөг дунд хэсгийн битүү хугаралттай, хамрын нурууны зүүн талд, доод уруулын баруун хэсэгт шарх, өвчүүний дээд хэсэгт, зүүн хөх махны хэсэгт, баруун долоовор хурууны хэсэгт, баруун бугуйнд, зүүн шууны гадна хэсэгт, зүүн бугуй сарвууны ар хэсэгт, ууцны хэсэгт, багана нурууны гадна талд 10-р нугалмын түвшинд, зүүн шилбэний дотор дээд хэсэгт, баруун гуяны гадна доод хэсгүүдэд зулгаралт, баруун гуяны гадна дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Амь хохирогчийн цогцост учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг болох үед амьд байх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 3.Амь хохирогчийн цогцост учирсан гэмтлүүд нь зам тээврийн осолд орох үед үүссэн байх боломжтой гэмтлүүд. 4.Амь хохирогч Д.Цэрмаагийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Амь хохирогч Д.Цэрмаа нь гавал болон суурь ясны хугарал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ. 6. Амь хохирогчийн цогцост учирсан гэмтлүүд нь зам тээврийн осолд орох үед үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлтээр болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тогтоогджээ.

Түүнчлэн  зам тээврийн ослын улмаас Toyota Sai маркийн 48-94 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу 26.800.000 төгрөгний хохирол учруулсан нь  2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг үгүйсгээгүй, давхар нотолсон шинжтэй байна. 

Нотлох баримтын талаар,

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, уг нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хэргийг эцэслэн шийдвэрлэхэд бүхэлдээ хангалттай байна.

Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, харин давхар нотолж байгаа болохыг дурдах нь зүйтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болжээ.

2. Анхан шатны шүүхийн хууль хэрэглэсэн байдал,  давж заалдах гомдлын талаар,

Шүүгдэгч Л.Жамъяншарав нь 2022 оны 08 дугаар сарын 19-ны өдөр согтуурсан үедээ Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг дэвсгэрт “Toyota Sai” маркийн 48-94 “УАУ” улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд  оролцож явахдаа  зам тээврийн осол гаргаж, дээрхи ослын улмаас иргэн Б.Мягмаржав, Д.Цэрмаа нарын амь насыг хохироосон нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүгдэгчийн үйлдэл  нь  согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, 2 буюу түүнээс дээш хүний амь хохироосон гэсэн шинжээрээ хүндэрч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар зүйлчлэгдсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  2-8 жилийн хорих ял оногдуулахаар заасан байна.

Ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “энэ хуульд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчөөгүй байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Л.Жамъяншаравын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, болгоомжгүй гэмт хэргийн улмаас хохирогчид хор уршиг учруулсан, хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, зарим хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг хөнгөрүүлж үзсэнийг буруутгах боломжгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3-т шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэж заажээ.

Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг бөгөөд анхан шатны шүүх ял оногдуулахаар хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид хуульд заасан хорих ялын дунджаас доогуур ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх хууль ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 Монгол улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар иргэн “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.

Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нас барсан бол түүний оршуулахтай холбогдсон зардал болон гэм хор учруулсны төлбөрийг гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэсэн, хуульд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбадоржийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

Ч.ЭНХТӨР

Б.АРИУНБАЯР