Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2024/0747

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “*******” ХК /РД:*******/,

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референт, Улсын байцаагч Э.Э******* нарын хоорондын зөрчлийн хэрэг дэх 0*******57,0*******63 дугаар шийтгэлийн хуудаснуудыг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц*******, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.Э*******, хариуцагч Э.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхдэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдлын шаардлага:

1.1. Гомдол гаргагч нь Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референт, Улсын байцаагч Э.Э*******гийн 2024 оны 04 дугаар сарын 18-ны өдрийн 0*******57, 0*******63 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий гомдлыг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гаргасан.

2. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2023/0801 дугаар шийдвэрээр нэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16, 4.1.20, 20 дугаар зүйлийн 20.1, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 3, 8 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч ******* ХК-ийн гомдлын шаардлагад шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, хариуцагч улсын байцаагчаас шинэ акт гаргах хүртэл, маргаан бүхий Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Э.Э*******гийн үйлдсэн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0215171 дугаар, мөн өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0215172 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хоёр /2/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт болох хариуцагч эрх бүхий улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0215171 дугаартай шийтгэлийн хуудас, мөн өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0215172 дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болсонд тооцохыг дурдаж шийдвэрлэжээ.

2.2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2024/0004 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснийг Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчаас гаргасан хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ШХТ2024/0047 дугаар тогтоолыг гаргасан.

2.3. Санхүүгийн зохицуулах хорооноос 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 9/4504 дугаар албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар мэдэгдлээр “...2019 оноос хойших хугацаанд жилийн эцсийн аудитын тайлангийн дүгнэлтүүд, ...мэдээлэл, материал, холбогдох нотлох баримтыг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дотор ирүүлэхийг...” “*******” ХХК-иас шаардсан ч тус компани улсын байцаагчийн шаардсан баримт, материалыг гаргаж өгөөгүй аж.

2.4.Улмаар Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчаас дээрх баримтыг материалыг албадан гаргуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан тул тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШЗ2024/2699 дүгээр захирамж, тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 128/ГХ2024/0106 дугаар гүйцэтгэх хуудсаар дээрх захиргааны үйл ажиллагааг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

2.5. Гэвч шүүхээс тогтоосон дахин шинэ акт гаргах хугацаа дуусахтай зэрэгцэн Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референт, Улсын байцаагчаас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай”  0215171, 0215172 дугаартай шийтгэлийн хуудсуудаар “*******” ХК-д торгох шийтгэлийг тус тус оногдуулсан байна.

2.7. Харин *******” ХХК-иас дээрх 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0*******57, 0*******63 дугаар шийтгэлийн хуудсуудыг эс зөвшөөрч, 2024 оны 07 сарын 18-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШЗ2024/6174 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Гомдол гаргагч “*******” ХК-аас шүүхэд ирүүлсэн гомдолдоо: Санхүүгийн Зохицуулах хорооны ахлах референт, Улсын байцаагч Э.Э******* нь "*******” ХК-д холбогдуулан,

2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0*******57 дугаар шийтгэлийн хуудсаар “******* ” ХК нь “Хороонд ирүүлбэл зохих 2019-2022 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт ирүүлээгүй” гэх үндэслэлээр “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль нийтлэг үүргээ хэрэгжүүлээгүй” гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 11.10.3 дахь хэсэгт зааснаар 20,000,000 (Хорин сая) төгрөгийн торгууль, оногдуулсан.

Мөн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0*******63 дугаар шийтгэлийн хуудсаар Хорооны даргад 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 48 дугаар тушаалаар газар дээрх шалгалтын гүйцэтгэсэн шалгалтад шаардлагатай материал ирүүлээгүй” гэх үндэслэлээр “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомж хэрэгжүүлээгүй, эрх бүхий байгууллагын шийдвэр биелүүлээгүй (... шүүхийн байгууллагын) гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 11.10.8 дахь хэсэгт зааснаар 20,000,000 (Хорин сая) төгрөгийн торгууль тус тус оногдуулсан.

Санхүүгийн Зохицуулах хорооны ахлах референт, Улсын байцаагч Э.Э*******гийн 2024 оны 04 дугаар сарын 18-ны өдрийн № 0*******57, 0*******63 шийтгэлийн хуудсууд нь хууль бус, илт үндэслэлгүй байх тул Улсын байцаагчийн дээрх шийтгэлийн хуудсуудыг тус тус хүчингүй болгуулахаар дор дурдсан хуулийн үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Зөрчлийн бүрэлдэхүүн хангагдаагүй: 2023 оны 0215172 дугаар шийтгэлийн хуудсаар “*******” ХК нь Хорооны даргын 2023 оны 48 дугаар тушаалаар баталсан газар дээрх шалгалтаар Хороонд ирүүлбэл зохих 2021, 2022 оны жилийн эцсийн аудитын тайлан, санхүүгийн тайланг ирүүлээгүй тул үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.10 дугаар зүйлийн 11.10.3 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзжээ.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хууль тогтоомжид заасан үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заажээ.

Манай “*******” ХХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийг зохих ёсоор гүйцэтгэж ирсэн билээ. Манай байгууллагын зүгээс 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 2021-ээс 2022 оны холбогдох баримт, материалуудыг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн билээ.

Мөн түүнчлэн 2022 онд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газар, Үнэт цаасны газраас жижиг хувьцаа эзэмшигчдийн гомдлын дагуу хийсэн хяналт шалгалтын хүрээнд шаардсан Хувьцаа эзэмшигчдийн хуралтай холбоотой материал, Үйл ажиллагааны тайлан, Санхүүгийн тайлан баланс зэрэг баримт материалуудыг хуулийн хугацаанд хүргүүлж байсан болно.

Гэтэл Хороонд ирүүлбэл зохих 2021, 2022 оны жилийн эцсийн аудитын тайлан, санхүүгийн тайланг ирүүлээгүй тул үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь бодит байдалд нийцэхгүй байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.10 дугаар зүйлийн 11.10.3 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэнд тооцох үндэслэлгүй буюу зөрчлийн бүрэлдэхүүн хангагдаагүй байхад зөрчил үйлдсэнд тооцон торгуулийн шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0*******63 дугаар шийтгэлийн хуудаст “*******” ХК нь Хорооны даргын 2023 оны 48 дугаар тушаалаар баталсан газар дээрх шалгалтын удирдамжийн хүрээнд шалгалтад шаардлагатай материалыг ирүүлээгүй, Үнэт цаасны зах зээлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.10 дугаар зүйлийн 11.10.8 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэжээ.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хөрөнгийн бирж хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүргээ биелүүлээгүй, эсхүл үнэт цаасны зах зээлд оролцогч этгээд үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй, эсхүл эрх бүхий байгууллагын даалгаврыг тогтоосон хугацаанд заавал биелүүлж, гүйцэтгэлийг зохих журмын дагуу тайлагнах үүргээ биелүүлээгүй, эсхүл компанийн нэгдлийн гишүүн-зохицуулалттай этгээд тухайн компанийн нэгдлийн бусад гишүүд эрх бүхий байгууллагын шаардсан шаардлагатай мэдээллийг гаргаж ирүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан байдаг.

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 48 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан манай “*******” ХК-ийн үйл ажиллагаанд хийх газар дээрх хяналт шалгалтын удирдамж”-д 2021 оны 01 дүгээр сарын 01-ээс 2023 оны 01 дүгээр сарын 01 хүртэлх хугацааны Хороонд ируүлсэн мэдээлэл болон зохицуулалтын байгууллагад хадгалагдаж буй санхүүгийн тайлан, холбогдох баримт бичиг, шийдвэр зэрэгт үндэслэн шалгалтыг гүйцэтгэхээр заасан байдаг.

Санхүүгийн Зохицуулах Хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хороо буюу Хорооноос эрх олгосон этгээд зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдээс тодорхой төрлийн буюу тусгайлан заасан мэдээлэл, санхүүгийн болон бусад баримт бичиг гаргаж өгөхийг бичгээр шаардаж болно.” гэж,

27.3-д “Зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээд энэ хуулийн 27.1, 27.2-т заасны дагуу Хорооны шаардсан мэдээллийг тогтоосон хугацаанд нь гаргаж өгнө.” гэж тус тус заажээ. Үүнээс үзвэл Санхүүгийн зохицуулах хороо нь бүртгэлтэй этгээдээс мэдээлэл, баримт бичиг гаргуулах тохиолдолд бичгээр шаардах бөгөөд ямар мэдээлэл, ямар хугацааны дотор гаргаж өгөхийг тусгасан байх шаардлагатай байна.

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 48 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан манай “*******” ХК-ийн үйл ажиллагаанд хийх газар дээрх хяналт шалгалтын удирдамж”-д шалгагдагч буюу манай “*******”ХК-иас ямар нэг баримт материал ирүүлэхийг шаардсан, үүрэг болгосон талаар дурдаагүй байдаг бөгөөд шаардлагатай аливаа мэдээлэл, баримт бичиг гаргаж өгөхийг шаардсан албан бичиг ирүүлээгүй, манай байгууллагын зүгээс эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй ямарваа нэг үйлдэл, эс үйлдэл гаргаагүй болно.

Иймд манай “*******” ХК-ийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.10 дугаар зүйлийн 11.10.8 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэнд тооцох үндэслэлгүй буюу зөрчлийн бүрэлдэхүүн хангагдаагүй байхад зөрчил үйлдсэнд тооцон торгуулийн шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хуульд нийцээгүй: Санхүүгийн Зохицуулах хорооны ахлах референт, Улсын байцаагч Э.Э******* нь “*******” ХК-д холбогдуулан Зөрчлийн хэрэг үүсгэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасныг дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжтой гэж үзээд, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байдаг.

Гэтэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлийг тодорхой заасан байдаг. Үүнд:

зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зорчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол;

зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол; 1.3.зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол.

Гэтэл Улсын байцаагч Э.Э*******гийн 2023 оны 0215171, 0215172 дугаар шийтгэлийн хуудсаар тус тус манай “*******” ХК-иас ямар нэгэн тайлбар гаргах боломж олголгүйгээр зогсохгүй хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад зөрчлийн хэрэг бүртгэлт явуулалгүй шийтгэл оногдуулсан нь хууль бус шийдвэр болно.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 3, 8 дахь хэсэгт заасан зөрчлүүд нь хууль бусаар орлого олсон байх, бусдад хохирол уруулсан байхыг шаардсан “материаллаг” бүрэлдэхүүнтэй зөрчил байхад бүрэлдэхүүн хангагдаагүй байхад торгох шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй болно. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт материаллаг бүрэлдэхүүнтэй зөрчилд Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан эрх бүхий алан тушаалтан нь зөрчлийн үр дагаврыг барилгах буюу хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж эрх арга хэмжээг авах үүрэгтэй байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 3, 8 дахь хэсэгт тус тус зааснаар хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураагаагүй, гаргуулах хохирол, нөхөн төлбөр байхгүй бол зөрчлийн бүрэлдэхүүнгүй гэж үзэх бөгөөд торгууль оногдуулах үндэслэл үгүйсгэгдэнэ.

Тодруулбал “*******” ХК нь зөрчил үйлдсэн эсэх нь тогтоогдоогүй буюу зөрчлийн бүрэлдэхүүн хангагдаагүй, бидний зүгээс зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч буйгаа аливаа хэлбэрээр илэрхийлээгүй байхад бодит байдлыг тодруулалгүйгээр, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж, холбогдогчийн тайлбар саналыг авалгүйгээр шийтгэл оногдуулсан Улсын байцаагчийн шийтгэлийн хуудаснууд нь хууль зүйн үндэслэлгүй буюу хууль бус шийдвэр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасны дагуу Улсын байцаагч Э.Э*******гийн 2024 оны 04 дугаар сарын 18-ны өдрийн 0*******57, 0*******63 дугаартай шийтгэлийн хуудсууд нь хууль бус байх тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...******* ХК-ийн үндсэн үйл ажиллагаа зогссон. Социалист нийгмийн үед байгуулагдсан гэдэг утгаараа том хэмжээний газартай, том талбай бүхий үл хөдлөх хөрөнгөтэй. Энэ нь орчин үеийн зах зээлийн нийгэмд шилжсэн татварын тогтолцоо, Газрын тухай хуульд зааснаар бол их хэмжээний төлбөр, үйл ажиллагаа явуулсан эсэхээс үл хамааран татвар ногддог эдийн засгийн үр дагавартай болсон. “*******” ХК үйл ажиллагаа явуулаагүй 10 гаран жил болж байна. Газрын тухай хуульд заасан газрын төлбөр төлөх, Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгийнхөө татварыг төлөх, хэдийгээр үндсэн үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа ч гэсэн гүйцэтгэх захирал, нягтлан, харуул зэргээр тодорхой хэмжээний хүмүүс цалинжаад явдаг. Энэ хүмүүсийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийн тулд объектынхоо багахан хэсгийг түрээслүүлж, хуулийн дагуу гарч байгаа зардал, цалингийн зардал зэргээ төлж байна. Ерөнхийдөө үйл ажиллагаа нь зогссон компани байгаа. “*******” ХК нь хувьцаат компани гэдэг утгаараа Санхүүгийн зохицуулах хорооны хяналтад байдаг хуулийн этгээд юм. 2023 онд Санхүүгийн зохицуулах хорооноос хяналт шалгалт явуулна, материал авчирч өг гэсэн. Үнэндээ үйл ажиллагаа явуулаагүй учраас гаргаж өгөх материал байхгүй мөн бэлдэж өгөхөд тодорхой хэмжээний хугацаа алдсан. Иймд, Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 11.10.3, 11.10.8-аар торгууль ногдуулсан. Энэ торгуулийг “*******” ХК хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үл хөдлөх хөрөнгөө л түрээслүүлээд татварын зардлуудаа төлж байгаа компанийг их хэмжээний торгуулиар дарамталж байгаа нь “*******” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэж захиргааны хэргийн шүүхэд хандсан. Захиргааны хэргийн шүүхээс хариуцагч талд зөрчлийнхөө шинж байдлыг бүрэн гүйцэд тодорхойлоогүй, ямар зөрчил гаргасан гэж үзээд байгааг тодорхойлохын тулд дахин акт гаргуулахаар 2 сарын хугацаа тогтоож өгсөн байгаа. 2 сарыг хуанлигаар тооцвол 30 хоногтой, 31 хоногтой байж болно, 28 хоногтой ч байж болно, 29 хоногтой ч байж болно. Анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэрээр 2 сар гэж тогтоож өгсөн. Энэ нь 60 хоног биш, 61 хоног биш 2 сар байна. Ингээд*******” ХК дахин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна гэж бодон хүлээж байсан. Энэ хугацаанд огт ажиллагаа явуулаагүй. Анх 2024 он гараад 03 дугаар сарын 15-нд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа тул ирж тайлбар өг гэсэн. Миний зүгээс “*******” ХК-ийг төлөөлж очоод танайх шүүхийн шийдвэрт заасан хугацааг хэтрүүлсэн тул дахин акт гаргах эрхгүй гэдэг утгаар 2 дахь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “*******” ХК-ийн зөрчлийг шалгахдаа улсын байцаагч Э.Э******* нь байцаагчийнхаа бүрэн эрх, эрх мэдлээ бие даан хэрэгжүүлэх чадваргүй, зөрчил шалгуулахаар очсон миний хажууд өмнөх шийдвэр гаргасан шүүгч рүү  утсаар ярин зөрчлийг хэрхэн шийдвэрлэх, шийдвэр гаргах хугацааг хэрхэн тоолох талаар шүүгч У.Б*******гээс зөвлөмж авч явуулж байсан. Шүүгч У.Б******* нь хувь хүн боловч Монгол Улсын шүүх тогтолцооны нэгэн бүрэлдэхүүн хэсэг гэдэг утгаараа энэ зөрчилд холбогдон эрх ашиг нь зөрчигдсөн “*******” ХК-ийн итгэлийг алдсан үйлдэл гаргасан. Дээр нь энэ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь шүүгчийн зөвлөмж заавраар явагдсан гэдэг утгаараа хууль бус ажиллагаа болсон. Тухайн зөрчлийг шалгахаар 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц******* миний биеэс тайлбар мэдүүлэг авахдаа Хяналтын шатны шүүхийн хэлэлцүүлгээс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тогтоол гарч тэр өдөр нь авсан гэж утсаар ярьсан шүүгчтэйгээ танилцуулаад надад мөн тэгж танилцуулж байсан. Энэ талаар тайлбар авсан тэмдэглэл хөтлөөгүй, одоогоор шүүхэд гаргаж өгөөгүй байна. “*******” ХК-ийн хувьд 60 хоногийн хугацааг 2023 оны 11 дугаар сарын 01-ний өдрөөс тоологдох ёстой гэж үзэж байгаа. Улсын байцаагч Э.Э******* нь 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс тоологдох ёстой гэж зөвлөмж аван, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Аль ч хугацаанаас нь тоолсон энэхүү 2 сарын хугацаа өнгөрсөн байна. Өөрөөр хэлбэл 1 дүгээр сар бол 31 хоногтой байдаг. 2024 оны хувьд бол 2 дугаар сар 29 хоногтой байсан. 3 дугаар сар 31 хоногтой. 60 хоногоор тоолсон, 2 сараар нь ч тоолсон өмнөх шүүхийн шийдвэрт заасан дахин акт гаргах 2 сарын хугацаа хэтэрсэн байх тул 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр үйлдсэн дугаар бүхий 2 шийтгэлийн хуудас хүчингүй гэж үзэж байна...” гэв.

3.3. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 48 дугаар тушаалаар баталсан удирдамжийн хүрээнд "*******" ХК-д газар дээрх хяналт шалгалтыг гүйцэтгэсэн. Тус компани нь холбогдох шалгалтын удирдамжийн гуравдугаар бүлгийн 3.1.5-т “санхүүгийн үр дүнгийн тайлагнал, их хэмжээний өр төлбөр, авлага зээлтэй холбоотой анхан шатны баримтууд”, 3.1.5-д “банкны зээлийн зарцуулалт, баримтууд”, 3.1.6-д “хөндлөнгийн хяналтын байгууллагуудаас компанийн үйл ажиллагаанд хүргүүлсэн дүгнэлт”, 3.1.7-д "шалгалтын удирдамжид заагдсан бусад шаардлагатай асуудлыг тодруулах зорилгоор холбогдох этгээдүүдээс мэдээлэл гаргуулан авах, тодруулгууд” зэрэг баримт материалыг Хороонд ирүүлээгүй болно.

Иймд 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 0215171 тоот шийтгэврийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 8-т ".... эсхүл эрх бүхий байгууллагын даалгаврыг тогтоосон хугацаанд заавал биелүүлж, гүйцэтгэлийг зохих журмын дагуу тайлагнах үүргээ биелүүлээгүй, ...бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно...” гэснийг үндэслэн 20.0 сая төгрөгөөр торгож шийдвэрлэсэн.

Мөн “*******" ХК нь Хороонд ирүүлбэл зохих 2019-2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг Хороонд ирүүлж ажиллаагүй тул Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6-д "хагас жилийн болон Хороонд бүртгэлтэй аудитын байгууллагаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хугацаанд Хороо болон хөрөнгийн биржид хүргүүлэх" гэснийг үндэслэн 20.0 сая төгрөгөөр торгосон бөгөөд нийт 40.0 сая төгрөгийн торгууль оногдуулсан.

"*******" ХК нь дээрх торгуулийн шийдвэртэй холбогдуулан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2023/0801 тоот шийдвэр гарсан. Тус шүүхийн шийдвэрээр "*******” ХК-ийг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилох, мөн маргаан бүхий шийтгэлийн хуудсуудыг дахин үйлдэн 60 хоногийн хугацаанд гүйцэтгэхийг хариуцагч эрх бүхий албан тушаалтанд даалгасан.

Энэхүү шүүхийн шийдвэрийг "*******" ХК нь эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2024/0004 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон. Улмаар гомдол гаргагч компани Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 047 дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан шийдвэр гаргасан болно. *******" ХК-д хууль, журмаар тогтоосон үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулахаар Хорооны 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрпйн 9/4504 тоот бичгээр Хороонд 2023 оны 12 дугаар сарын 1 I -ний өдрийн дотор холбогдох материалуудыг гаргаж ирүүлэхийг үүрэг болгосон ч холбогдох хэрэгжилтийг хангасан мэдээллийг Хороонд ирүүлээгүй.

Мөн Хорооны 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 16 тоот улсын байцаагчийн албан шаардлагаар 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн дотор “*******” ХК-д хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, холбогдох нотлох баримтыг ирүүлэхийг мэдэгдсэн ч мөн л шаардлагын биелэлтийн хариуг Хороонд ирүүлээгүй.

Хороонд “*******”ХК нь 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 06/24 тоот бичгээр “...Зөрчлийн хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд төлөөлөх эрхийг П.Ц******* итгэмжлэл олгов” гэсэн итгэмжлэлийг ирүүлсэн.

"*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц******* нь Хороонд 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ирж мэдүүлэг өгөх үедээ өмгөөлөгчтэй хамт байлцах тул тайлбар боломжгүй талаар мэдэгдсэн. 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өмгөөлөгч боломжгүй болсон өөрийн биеэр мэдүүлэг өгөхөөр шийдвэрлэсэн бөгөөд мэдүүлэгтээ "Нийслэлийн анхан шатны шүүхийн шийдвэр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гарч 60 хоногийн хугацаа дууссан тул дахин үйлдэх шийтгэврийн хуудсыг гардаж авахгүй, хүчин төгөлдөр биш гэж үзэж байна..” гэсэн мэдүүлгийг өгсөн.

Иймд "*******” ХК-ийн зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаанд гаргаж буй үйлдэлд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд эрх бүхий албан тушаалтан миний бие 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 128/Ш32024/2699 тоот Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж болон 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 128/ГХ2024/0106 тоот Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх гүйцэтгэх хуудсыг тус тус гаргасан.

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хугацаа 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэх шийдвэр гарсан.

"*******” ХК-ийн холбогдогч болон өмгөөлөгчид гарын үсэг зурахаас татгалзан, хүчин төгөлдөр бус шийтгэлийн хуудсыг гардаж авахаас татгалзсан шалтгаанаа бичиж тэмдэглэл үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчлийн шийтгэл оногдуулах тухай 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0*******63, 0*******57 шийтгэлийн хуудсыг дахин үйлдэн шуудангаар хүргүүлсэн.

Иймд "*******” ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож дээрх шийтгэлийн хуудсаар ногдуулсан торгуулийг албадан гүйцэтгэн төлүүлж өгнө үү.” гэв.

3.4. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц******* өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхгүй гээд мэдүүлэг, мэдээлэл өгөөгүй. 4 дүгээр сард өмгөөлөгчтэйгөө ирж уулзан гарын үсэг зурсан нь нотлох баримтаар авагдлаа. Миний зүгээс *******” ХК нь зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхгүй байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь удаа дараа утсаар холбогдож, 2024 оны 04 сарын 05-ны өдрийн дотор биелүүлээгүй тохиолдолд 10 хоногийн дотор албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлнэ гэсэн хугацаатай талаар хэлсэн. Одоо бол би сайн санахгүй байгаа ч шүүхийн шийдвэр гүйцэтгэгч над руу холбогдон, ажиллагаа явуулах талаар хэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь *******” ХК-ийн н.Этай холбогдоход өвчтэй байгаа тул баримт гаргаж өгөх боломжгүй талаар мэдэгдсэн байдаг. 10 хоногийн хугацаа дуусахад шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэгчээс *******” ХК шаардсан баримтыг ирүүлээгүй тул дахин шийтгэлийн хуудсаа бичих үндэслэлтэй болсныг мэдэгдэж, энэ талаараа тэмдэглэл үйлдсэн. Энэ талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс баримтыг гаргуулах боломжтой. Иймд, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр бичигдсэн 2 шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Дөрөв: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл:

4.1.Шүүх маргааны үйл баримтыг тодруулж, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4.2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол” үндэслэл тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, гээд энэ тохиолдолд мөн зүйлийн

5 дахь хэсэгт зааснаар “Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ” гэжээ.

4.3.Гэтэл хариуцагч энэхүү зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа зөрчилд холбогдогч “*******” ХК-иас түүнд холбогдох зөрчил үйлдэгдсэн болохыг эс зөвшөөрч, маргаж байхад тэрээр холбогдогч зөрчил үйлдсэн болох нь баримтаар тогтоогдож байгаа хэмээн дүгнэн,хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улмаар энэ талаар прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй үйл баримт тогтоогдлоо.

4.4.Түүнчлэн хариуцагч гомдол гаргагч*******” ХК-ийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор Хорооноос гаргасан шийдвэрийг үнэт цаасны зах зээлд оролцогч этгээд биелүүлэх үүрэгтэй гэснийг биелүүлээгүй, 2019-2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан аудитын дүгнэлтийн хамт Хороонд хүргүүлээгүй нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6. “хагас жилийн болон Хороонд бүртгэлтэй аудитын байгууллагаар баталгаажуулсан жилийн эцсийн  санхүүгийн тайлан тэнцлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хугацаанд Хороо болон хөрөнгийн биржид хүргүүлэх” гэснийг биелүүлээгүй, олон нийтэд нээлттэй компани болсноос хойших хугацааны хувьцаа эзэмшигчдийн хурлын материал, компанийн үйл ажиллагааны тайлан, ногдол ашиг тараахтай холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлдэггүй... зэргээр буруутгаж, улмаар Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референт, Улсын байцаагч Э.Э******* 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0*******57, 0*******63 дугаар шийтгэлийн хуудаснуудыг үйлджээ.

4.5.Гэвч хариуцагч Улсын байцаагч Э.Э*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Миний зүгээс ******* ХК нь зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхгүй байсан, ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь *******” ХК-ийн н.Этай холбогдоход өвчтэй байгаа тул баримт гаргаж өгөх боломжгүй талаар мэдэгдсэн байдаг, 10 хоногийн хугацаа дуусахад шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэгчээс *******” ХК шаардсан баримтыг ирүүлээгүй тул дахин шийтгэлийн хуудсаа бичих үндэслэлтэй болсныг мэдэгдэж, энэ талаараа тэмдэглэл үйлдсэн...” гэх мэдүүлгээс үзвэл тэрээр дээрх маргаан бүхий актуудын үндэслэлд заасан асуудлыг шалгаад холбогдох нотлох баримтаар нотолж тогтоогоогүй атлаа маргаан бүхий актуудыг үйлдсэн гэж үзэхээр байна.

4.6.Учир нь тэрээр энэхүү маргааны үйл баримттай холбоотой нөхцөл байдлыг шалган тогтоож, шинээр захиргааны акт гаргах тухай тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2023/0801 дугаар шүүхийн шийдвэрт заасан хугацаанд нэмж тодруулах ажиллагааг явуулсны үндсэн дээр шинэ акт гаргаж, тухайн шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй.

4.7.Мөн Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйл 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй,..; буюу улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор шаардсан шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулсан тохиолдолд албадлагын арга хэмжээг авч, өөрт хуулиар хуулиар хүлээсэн үүргээ гүйцэлдүүлэх боломжтой байхад энэ үйл ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна.

4.8.Түүнчлэн хавтас хэрэгт авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 9/4504 албан бичгээр “...2019 оноос хойших хугацааны жилийн эцсийн аудитын тайлангийн дүгнэлтүүдийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дотор Хороонд гарган ирүүлэхийг М ХК-аас шаардсан[1] бол хариуцагч энэхүү маргааны үйл баримттай холбоотой нотлох баримтыг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар албан шаардлагаар М ХК-аас шаардаж байсан[2] байх тул дээрх шүүхийн шийдвэрийг хяналтын шатны шүүх хуралданаар хэлэлцэхээс татгалзсан Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ШХТ2004/0047 дугаар тогтоолыг “…2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мэдсэн. Учир нь шүүхэд албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан...” хэмээн шүүхийн шийдвэрт заасан хоёр сарын хугацааны дотор шинээр акт гаргасан гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй юм.

4.9.Иймд дээрх үндэслэлүүдээс үзэхэд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референт, Улсын байцаагч Э.Э******* нарын хоорондын зөрчлийн хэрэг дэх 0*******57 дугаар шийтгэлийн хуудаст заасан “...Хууль тогтоомжид заасан үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй…” гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,  0*******63 дугаар шийтгэлийн хуудаст заасан “...үнэт цаасны зах зээлд оролцогч этгээд үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй…” гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2 дахь заалт, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг,  Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 3, 8 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч “*******” ХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референт, Улсын байцаагч Э.Э******* нарын хоорондын зөрчлийн хэрэг дэх 0*******57,0*******63 дугаар шийтгэлийн хуудаснуудыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан гомдол гаргагч “*******” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.БАТБААТАР

 

 

 

[1] Хавтас хэргийн 63 хуудас

[2] Хавтас хэргийн 64-65 хуудас