| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2022/02757/И |
| Дугаар | 181/ШШ2023/02979 |
| Огноо | 2023-09-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 181/ШШ2023/02979
2023 09 25 181/ШШ2023/02979
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Б.Түмэнцэцэг, Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр хд, 00 дүгээр байр 00 тоотод оршин суух, Б овогт Э-ын Э /регистрийн дугаар: АА00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, олимпийн гудамж 33б байр 0 тоотод оршин суух, Ж овогт Ч Р /регистрийн дугаар:АА00000000/-д холбогдох,
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Хөрөнгийг хууль бусаар эзэмшиж ашигласнаас үүссэн үр шим, олох ёстой байсан орлого, сэтгэл санааны хохиролд нийт 776.000.000 төгрөг гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хохиролд нийт 775.433.851 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, хариуцагчийн өмгөөлөгч Ч.А, М.Д, иргэдийн төлөөлөгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Э.Э нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр И э ч г ХХК-ийг төлөөлж байгаа гэх Ю.С-той Ажлын байр түрээслэх гэрээ-г 1 жил (2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл)-ийн хугацаатайгаар байгуулсан. Гэрээгээр түрээслүүлэгч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж 13/2 дугаар бүхий Глобал бизнес центр 2 давхрын 260 мкв талбайг ресторан, пабын зориулалтаар эзэмшүүлж, ашиглуулахаар түрээслэгчид шилжүүлэх, түрээслэгч нь нэг сарын 6.500.000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон.
Түрээсийн талбайг очиж үзэхэд хоосон талбай байсан бөгөөд гал тогооны хэсэгтэй байсан тул ресторан, пабын зориулалтаар ашиглах боломжтой юм байна гэж дүгнэсэн. Ингээд миний зүгээс хэдэн жилийн хугацаанд түрээслэх боломжтойг тодруулахад жилийн хугацаатай түрээсийн гэрээгээ байгуулаад дараа нь сунгаад явна. Ойролцоогоор 5-10 жилийн хүгацаанд түрээслүүлэх бодолтой байгаа... гэж хэлж байсан.
Дээрх түрээсийн талбай нь олон хүн хүлээн авах, хүлээн авалт зохион байгуулах, баяр ёслолын арга хэмжээ, тэмдэглэлт үйл ажиллагааг зохион байгуулах, захиалгат үйл ажиллагааг явуулах бүрэн боломжтой нөхцлийг надад бий болгосон. Иймээс миний зүгээс өөрөөс шалтгаалах бүхий л зүйлсийг хийж байсан. Тухайлбал: 2015 оны 11 дүгээр сард шинэ жил дөхөж байсан тул хурдан тохижилт хийхийн тулд түрээсийн эд зүйлс авч үйл ажиллагаа явуулсан. Шинэ жилийн дараагаас шууд тохижилтыг гүйцээж хийх ажилдаа орсон. Хөрөнгө оруулалтын хувьд хүндрэл гарч, зээл авч байсан. Мөн олон хүн надад итгэж байсан тул мөнгө зээлдүүлж тусалж байсан. Тухайн үед үйл ажиллагаа явуулаагүй байсан.
Ресторан, пабын үйлчилгээ үзүүлэх үйлчилгээний тохижилт, засварын ажил дуусгавар болж, үйл ажиллагаа жигдрэх хүртэл тодорхой хэмжээнд зардлууд гарч байсан. Иймээс түрээсийн төлбөрийн хувьд ч бага зэрэг доголдох нөхцөл байдлууд гарч эхэлсэн. Тиймээс өдөр, оройн цагаар ажиллаж орлого олох шугамаар ажилчдын өдрийн хоол гаргаж байсан. Бас энэ хооронд маркетингийн бүтэн баг ажиллаж нээлт болох бүх бэлтгэл ажил хангагдаж байсан ч Ч.Р (И э Ч г ХХК-ийн захирал)-ийн зүгээс болон түүний ажилчид түрээсийн эд хөрөнгийн цахилгааныг удаа дараа тасалж, үйл ажиллагаа шууд зогсох нөхцөл байдалд хүргэдэг байсан. Мөн нэг давхарт байрлах үйлчлүүлэгч болон ажилчид орж гарах хаалгыг оффисын ажилчид тарангуут хааж түгжсэнээр үйлчлүүлэгчид оруулах боломжгүй болгодог зэрэг шалтгаанаас шалтгаалж түрээсийн эд хөрөнгийг бүрэн ашиглах боломжгүй болдог байсан. Иймэрхүү нөхцөл байдлаар түрээслүүлэгчийн нөлөөллөөр ресторан, пабын үйл ажиллагаа доголдсон.
УБ Айриш-ийг 4 дүгээр сараас хонхны баярын захиалга, 6-10 дугаар саруудад хуримын захиалга, төрсөн өдөр, 12 сард шинэ жил, 1, 2 сард цагаан сар гээд хүлээн авалт хийдэг цогц газар болгохыг зорьж шуурхай ажилдаа орсон боловч түрээслүүлэгчийн хууль бус үйлдлүүд тэвчишгүй хүнд байсан. Түрээслэгч намайг тогтвортой үйл ажиллагаа явуулах, түрээсийн зүйлийг гэрээнд заасны дагуу эзэмшиж, ашиглах боломжийг олгоогүй хязгаарласан.
2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн орчмоос Ч.Р ...би өөрөө энэ эд хөрөнгийг авчихсан. Би одоо чамайг гаргана... гэсэн. 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр намайг болон манай ажилчдын эзгүйд УБ АЙРИШ (ub irish)-ийг гадна талаас рестораны хаалгыг онгойлгон надад мэдэгдэлгүйгээр миний эд хөрөнгийг бүгдийг зөөж өөр газар хурааж, эвдэлж сүйтгэн эд хөрөнгөд халдаж, битүүмжилсэн байсан. Мөн миний өмчлөлийн эд зүйлсийг бүгдийг нь битүүмжилж, хурааж авсан. Би цагдаад хулгай орлоо, эд хөрөнгөө алдлаа гэж дуудлага өгсөний дараа Ч.Р ...би гэрээний дагуу хурааж авсан... гээд цагдааг явуулсан.
Ингээд Ч.Р 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд мөнгөн төлбөр нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин миний хувьд түрээсийн зүйлийг ресторан, пабын зориулалтаар эзэмшиж, ашиглаж байхдаа өөрийн байршуулсан эд хөрөнгийг нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасан. Хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/01025 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрээр ...нэхэмжлэгч Ч.Р-ээс 145 нэр төрлийн тоног төхөөрөмжийг гаргуулан Э.Э олгосугай... гэж шийдвэрлэсэн байдаг боловч өнөөдрийг хүртэл хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна.
Надад итгэж мөнгө зээлсэн хүмүүс надаас мөнгө нэхэж эхэлсэн. Мөн зарим хүмүүс нь шүүх, цагдаад өгөх, сүрдүүлэх зэрэг үйлдлүүд удаа дараа гарч эхэлсэн. Миний зүгээс нэгэнтээ хүмүүсээс мөнгө зээлж авсан тул ямар нэг аргаар буцааж өгнө гэж бодож байсан. Иймээс зарим хүмүүсээс нь уучлал гуйж, заримтай нь тохиролцох, зарим нэгэнд нь өөрийн эд хөрөнгөө өгөх зэргээр өр ширээ бага багаар дарж байсан боловч өр төлбөр дуусахгүй байсан.
Ресторан, пабын үйл ажиллагаанд зарцуулж оруулсан мөнгөн хөрөнгө дэндүү их байсан учраас би дан ганц өөрийн хөрөнгөөр дарах ямар ч боломжгүй байсан. Хэрэв Ч.Р шүүхийн шийдвэр гарсны дараагаар эсвэл түрээсийн гэрээг цуцалсныхаа дараагаар миний ресторан пабын үйл ажиллагаанд ашиглаж байсан тоног төхөөрөмж, эд материалыг буцаагаад өгчихсөн бол би ийм байдалд орохгүй байсан. 145 ширхэг нэр төрлийн бараа, материал эд зүйлсийг зарж борлуулах, бусдад түрээслүүлэх хэлбэрээр мөнгө олж болох байсан. Энэ бүх мөнгөний асуудлыг дан ганц Монгол Улсад сууж ажил хийснээрээ төлж барагдуулах боломжгүй байсан. Иймээс гадаад улсад очиж ажиллахаас өөр сонголтгүй болсон. Ингээд Австрали улсад очиж ажилласан. Намайг гадаад улсад очсон байх үед өр ширний асуудал, авлагатай хүмүүс ирж ээж, аавтай минь уулзаж дарамтлах, над руу фэйсбүүк чатаар ...мөнгөө төлөөч... гэж бичих мэтээр дарамтлах явдал маш их гарч байсан. Зарим хүмүүс нь манай ээж, аавын гэрт ирж ...мөнгөө төл... гэж дарамтлаад зогсохгүй байр, орцоор нэг орилох гэх мэт бүдүүлэг үйлдлүүдийг гаргадаг байсан. Гэтэл Ч.Р миний ресторан, пабын үйл ажиллагаанд ашиглаж байсан эд хөрөнгийг хүчээр, хууль бусаар хурааж авч, миний бизнесийн үйл ажиллагааг өөрийн ашиг сонирхлыг харж таслан зогсоосноор би энэ их хохирлыг амсч асар их өр шир төлөх болж 2 нас хүрээгүй охиноо, 6 настай хоёр хүүхдээ аав, ээж дээрээ үлдээгээд алс хол очиж ажиллаж эдгээр хүмүүсийн өрийг төлж байгааг хэн нь ч ойлгоогүй, энэрээгүй юм.
Э.Э би багаасаа эмээ, өвөө дээрээ өссөн. Гэтэл намайг Австрали улсад байхад эмээ маань бурхан болсон. Гэтэл би Австрали улс руу аяллын визээр явсан учраас буцаж ирэх ямар ч боломжгүй байсан. Ингээд арга буюу эмээтэйгээ ч уулзаж чадалгүй нүд аниулж, бурханы оронд явуулж байсан. Мөн намайг Австрали улсад байхад аав маань гурван ч удаа зүрхний хагалгаанд орж байсан. Зүрхний хагалгаа хийлгэж байхад хажууд нь ч байж өгч чадаагүй. Хоёр хүүхдээ том болох үед нь ч хажууд нь байж эхийн хайр халамжийг хүртээж чадаагүй. Энэ бүх өр ширэнд орсон, өр төлбөрийг төлөх гэж гадаад орныг зорьсон шалтгаан бол Ч.Р миний бизнесийн үйл ажиллагаанд ашиглаж байсан эд хөрөнгө, тоног, төхөөрөмжийг өгөлгүй хууль бусаар битүүмжлэн хураан авсантай холбоотой юм.
Ардчилсан тогтолцоо бүхий улс оронд бол иргэн, хуулийн этгээд нэг нэгэндээ албадлагын арга хэмжээ хэрэглэх, нэгнийхээ эд хөрөнгийг битүүмжилж хураах эрхгүй. Зөвхөн хууль хяналтын, хүчний байгууллага л эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу халдаж, хураах битүүмжлэх ажиллагааг хийх эрхтэй байдаг. Нөгөөтэйгүүр шүүхийн шийдвэр гарсан бол иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага хэн ч байсан биелүүлэх үүрэгтэй. Гэтэл шүүхийн шийдвэрийг хуульд заасны дагуу биелүүлэхгүй байх нь хууль зүйн хариуцлагыг тооцохоос чөлөөлөх үндэслэл болохгүй байна. Иймд дараах шаардлагыг гаргаж байна.
1.1.Ч.Р нь ресторан, пабын үйл ажиллагаанд ашиглагддаг эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг хураан авсан 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд эд хөрөнгө тоног төхөөрөмжийг эзэмшиж, ашигласан. Ресторан, пабын үйл ажиллагаанд ашиглагдах 145 гаруй нэр төрлийн 1000 гаруй тоног төхөөрөмж, электрон хэрэглэл, эд бараа, жижиг хэрэглэл их хэмжээний бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэн тухайн хоосон объектыг тохижуулсан бүрэн тохижилтыг үйлчилгээний хэллэгт Ресторон тохижилт гэж нэрлэдэг ба тухайн тохижилтыг зарах болон түрээслэх боломжтой байдаг. Ч.Рэнцэн миний эд хөрөнгийг өнөөг хүртэл ашиглан сар бүр багадаа 15.000.000 төгрөгийн орлого олох бүрэн боломжтой ба урсгал зардлыг хасахад нэг сарын 4.000.000 гаруй төгрөгний ашиг олсон байна.
Иймээс 87 сарын хугацаанд эзэмшиж, ашигласнаас үүсэх үр шим 348.000.000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байна.
1.2.Хэрэв Ч.Р ресторан, пабын үйл ажиллагаанд ашиглагддаг 145 нэр төрлийн эд хөрөнгө, тоног, төхөөрөмжийг хууль бусаар хураан аваагүй байсан бол эсвэл 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүхийн шийдвэр гарсан даруйд нь өгсөн бол Э.Э би өнөөдрийг хүртэл хугацаанд 145 нэр төрлийн, 1000 гаруй эд хөрөнгө, тоног, төхөөрөмжийг ашиглан өөр газарт үйл ажиллагаа явуулж эсвэл бусдад түрээслэсэн бол нэг сард багадаа 4.000.000 төгрөгийг ашиг хүртэх бүрэн боломжтой байсан. Гэтэл энэ боломжийг Ч.Р-ийн хууль бус үйлдэл (эд хөрөнгө, тоног, төхөөрөмжийг хураан авсан хууль бус үйлдэл), эс үйлдэхүй хязгаарласан (эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг буцаан өгөхгүй байгаа эс үйлдэхүй).
Иймээс 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд 145 нэр төрлийн 1000 гаруй ресторан пабын үйл ажиллагаанд ашигладаг эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг эзэмшиж, ашиглаж олох байсан орлогод 328.000.000 төгрөгийг нэхэмжилж байна.
1.3.Ч.Р-ийн хууль бус үйлдэл, үйлдэхүйгээс шалтгаалан Э.Э би бусдад төлвөл зохих асар их өрийн дарамтад орсон, харь улсад очиж хөдөлмөрлөх, үр хүүхдээсээ хол байх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх боломж нөхцлөө бүгдийг нь алдсан. Энэ хүнээс шалтгаалан хүнд итгэж бизнес хийх, бусадтай харилцах боломжуудыг алдаж сэтгэл санаагаараа асар их хохирсон. Иймээс сэтгэл санааны хохирол 100.000.000 төгрөг нэхэмжилж байна.
Иймд Ч.Р-ээс 776.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хоёр.Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Э.Э-ийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Учир нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/01025 дугаартай шийдвэрээр Э.Э-ээс 15.469.750 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 243.083 төгрөгийг гаргуулж Ч.Р-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлд дурдсан Түрээсийн гэрээ-ний дагуу төлөгдөөгүй өр төлбөрийг Э.Э-ээс гаргуулж Ч.Р-д олгохоор шийдсэн бөгөөд тухайн үед Э.Э анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах бүрэн боломжтой байсан. Гэтэл дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхлээд 6 жилийн хугацаа өнгөрсөн байхад Э нь төлбөрөө төлөөгүй, гадаад зорчих эрхийг түдгэлзүүлсэн байхад үүнийг зөрчиж гадаадад олон жил явж ирснийхээ дараа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зориуд удаашруулах зорилгоор ямар ч үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэлд дурдсанаар Э.Э, Ч.Р нарын хооронд 2015 оны 11 дүгээр сараас Түрээсийн гэрээ-ний харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлээгүйгээс түрээслүүлэгчээс Иргэний хуулийн 301 дүгээр зүйлд зааснаар саатуулан барих эрхээ хэрэгжүүлж, түрээсийн байранд байсан түрээслэгчийн эд хогшлыг оффисын барилгын В1 давхарт битүүмжилсэн нь үнэн. Түүнчлэн Э шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дөнгөж эхэлмэгц гадаад улс руу оргон зайлсан тул тэрээр шүүхийн шийдвэрээр Э буцаан олгохоор шийдвэрлэсэн эд хогшлыг Ч.Р-ээс нэг ч удаа шаардаж байгаагүй. Төлбөр авагч Ч.Р-ийн зүгээс эдгээр эд хогшлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу хураан авч, битүүмжилж, худалдан борлуулж төлбөрийг төлүүлэх хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад удаа дараа гаргаж байсан. Гэвч төлбөр төлөгч Э.Э Монголд байхгүй гэх шалтгаанаар хураан авах ажиллагаа удаа дараа хойшилж, ажиллагааг хийлгэлгүй өнөөдрийг хүрсэн. Иймээс Э.Э нь төлбөр төлөхгүй зориуд олон жил гадагшаа гарч оргон зайлаад, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулсан хэрнээ ямар ч ичих нүүргүйгээр Ч.Р-ээс хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Харин ч 6 жилийн туршид төлбөрөө авч чадахгүй байгаа Ч.Р-ийн зүгээс хохирлоо нэхэмжлэх эрхтэй.
Дээрх эд хогшлыг манайхаас эзэмшиж, ашигласан зүйл огт байхгүй бөгөөд бид түрээсийн талбайг эргэлтэнд оруулах үүднээс В1 давхарт актаар битүүмжлэгдсэн байсныг зөөн гаргаж, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байх аж ахуйн хашаанд хураан хадгалсаар байгаа нь саатуулан барих эрхээ хэрэгжүүлж, түүнээс хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу битүүмжлэх, хураах ажиллагааг Э.Э хийлгүүлээгүйгээс өнөөдрийг хүртэл ийнхүү хууль ёсны дагуу манайд хадгалагдаж байгаа юм. Түүнчлэн Э.Э нэхэмжлэлдээ дурдснаар ирсэн даруй манайд төлөх өр төлбөрөө төлөөгүй атал бусад хүний өр төлбөрийг барагдуулсан байх бөгөөд ийнхүү Ч.Р-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл хувийн өс хонзонгийн шинжтэй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зориуд удаашруулахын тулд гаргасан үндэслэлгүй нэхэмжлэл байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт Э.Э-ийг төлбөрөө төлөх, Ч.Р хөрөнгийг буцаан өгөх үүргээ нэгэн зэрэг харилцан гүйцэтгэх-ээр заасан. Хэрэв мөнгөө өгчихсөн бол хөрөнгийг өгөх бүрэн боломжтой байсан. Гэтэл нэхэмжлэгч өөрөө шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Монгол Улсын хилээр гараад явчихсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлөөлөгч П.Б-аас Төлбөрт тооцон хураагаад үлдвэл үлдсэн хэсгийг өгөөч гэж хүсэлт гаргасан ч нэгэнт нэхэмжлэгч гадагш гарсан тул шийдвэрлэх боломжгүй гээд шийдвэр гүйцэтгэл ажиллагааг түдгэлзүүлсэн байдаг гэв.
Гурав.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
1.Э.Э 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Ажлын байр түрээслэх гэрээ-ний 2.1, 3.1 дэх хэсгүүдэд заасны дагуу төлбөл зохих 15.626.667 төгрөгийг одоог болтол төлөөгүй буюу Ч.Р миний өмчлөлд шилжүүлбэл зохих дээрх дүн бүхий мөнгөн хөрөнгийг одоог хүртэл шилжүүлэн өгөхгүй, өөрийн зардлыг хэмнэх замаар хувьдаа ашигласаар байна. Иймд түрээсийн авлагын төлөгдөөгүй үлдэгдлийг гаргуулна.
2.Түүнчлэн түрээслэгч Э.Э нь түрээсийн гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ хууль бусаар биелүүлээгүйтэй холбоотойгоор түрээслүүлэгч талаас Иргэний хуулийн 301 дүгээр зүйл /Хөлслүүлэгчийн саатуулан барих эрх/-ийн 301.1 дэх хэсэгт заасан Газар, байшин болон орон сууц хөлслүүлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор тухайн газар, байшин орон сууцанд байгаа хөлслөгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй" гэж заасны дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулах хүртэл хугацаанд тухайн нэр төрөл, тоо ширхэг бүхий зоогийн газрын хэрэглэлүүдийг тодорхой талбай ашиглаж 2016 оны 5 дугаар сарын 11-нээс 2023 оны 3 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд хадгалсантай холбоотойгоор 294.349.938 төгрөгийг хохирол учирсан.
3.Түүнчлэн Э.Э-ээс авах ёстой 15.626.667 төгрөгийн авлагын алдагдсан боломжийн өртгийг тухайн хугацаа болох 2016 оны 12 дугаар сараас 2023 оны 1 дүгээр сарыг хүртэл хугацаагаар бодож хадгаламж, банкны хүү болон төгрөгийн ханшийн уналт инфляцийг тооцож үзвэл 53.457.246 төгрөгийн алдагдал хүлээсэн.
4.Мөн Э.Э түрээсийн гэрээний үүрэг зөрчиж ханын зохион байгуулалт өөрчилснийг буцааж буулган засварласны зардал 2.800.000 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад гаргасан зардал 10.000.000 төгрөг, 2 дугаар давхраас тоног хэрэглэлийг зоорийн давхарт зөөхөд төлсөн хөлс 1.200.000 төгрөг, нийт 14.000.000 төгрөгийн нэмэлт зардал гарсан.
5.Түүнчлэн Э.Э нь Ч.Р миний ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээлэл буюу Ч.Р бусдын эд хөрөнгө, бизнесийн луйвардан авсан мэт ойлголтыг ажилтан, албан хаагчид, албан байгууллагуудын дунд амаар тараасны гэм хорын нөхөн төлбөрт 100.000.000 төгрөгийг нөхөн төлүүлнэ.
Иймд Э.Э-ээс түрээсийн төлбөрийн төлөгдөөгүй үлдэгдэл 15.626.667 төгрөг, үүрэг гүйцэтгэх хүртэл хугацаанд саатуулан барьсан хөрөнгийг хадгалснаас учирсан хохирол 294.349.938 төгрөг, үүргээ биелүүлээгүйн улмаас алдагдсан боломжийн өртөг болох 53.457.246 төгрөгийн хохирол, засвар, хууль зүйн туслалцаа, саатуулан барьсан хөрөнгө зөөвөрлөх зэрэг нэмэлт зардал 14.000.000 төгрөг, ажил хэргийн нэр хүндэд халдсаны гэм хорын нөхөн төлбөрт 100.000.000 төгрөг, нийт 447.433.851 төгрөгийг гаргуулж өгнө үү.
6.Мөн талуудын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээний Хоёр. Гэрээний хугацаа зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэв түрээслэгч Э.Э түрээсийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байсан тохиолдолд Гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцох-оор тохирсон байсан. Өөрөөр хэлбэл, түрээслэгч Э.Э гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй, зохих ёсоор гүйцэтгэсэн байсан тохиолдолд гэрээний дагуу Ч.Р одоог хүртэл хугацаанд сар тутмын түрээсийн орлогод 4.000.000 төгрөг буюу тухайн 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны нийт 82 сарын хугацаанд 328.000.000 төгрөгийн орлогыг олох ёстой байсан.
Гэтэл түрээслэгч Э.Э гэрээний дагуу хүлээсэн үүргээ зөрчсөн, түүний буруутай үйл ажиллагааны улмаас гэрээг цуцалсан болохыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/01025 дугаартай шийдвэрээр нэгэнт тогтоож дүгнэсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт Зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт Гэм хорыг арилгахдаа...олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу Э.Энхцэцэг нь түрээсийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас учруулсан хохирол болох олох ёстой байсан орлогод 328.000.000 төгрөгийг гаргуулна.
Иймд Э.Э-ээс нийт 775.433.851 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Дөрөв. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гаргасан тайлбартаа: Хариуцагчаас би маш олон удаа хөрөнгийг өгөөч гэж гуйж байсан. Гэтэл мөнгөө өгвөл хөрөнгийг өгнө гэж хэлээд огт өгдөггүй байсан. Сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрт заасан мөнгийг дахин шаардсан. Мөн талбайг өөрсдөө сулласан, өөр хүнд түрээслэсэн хэрнээ олох байсан орлого шаардаж байгаа нь үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Тав.Иргэдийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Түрээслэгч Э.Э хоосон талбайг үзээд түрээслэх гэрээ хийж тухайн байрыг тохижуулж засвар хийх явцад түрээслүүлэгч тал Ч.Р түрээслэгч талд хэлэлгүй бүх зүйлийг буулгаж В1 давхар руу шилжүүлсэн нь түрээслэгч талаа үл хүндэтгэсэн, дээрэлхсэн гэм буруутай байна. Нөгөө талаас түрээслэгч тал төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүй нь түрээслүүлэгч талд хохирол учруулж үйл ажиллагаанд нь доголдол учруулсан байгаа нь мөн буруутай байна. Миний хувьд хариуцагч талын нэхэмжилж байгаа сөрөг нэхэмжлэлийн түрээсийн орлого олох төлбөр үндэслэлгүй гэж бодож байна. Яагаад гэхээр түрээслүүлэгч тал дараагийн иргэн, байгууллагад түрээслээд төлбөрөө олно. Харин түрээслэгч талын эд хөрөнгийг хадгалж хамгаалахад гарсан зардлаа авах нь зүйтэй байх гэв.
Зургаа. Нэхэмжлэгчээс баримтаар: өөрийн төрсний бүртгэлийн лавлагаа, эмнэлгийн магадлагаа, 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 190/06 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Ажлын байр түрээслэх гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/01025 дугаар шийдвэр, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШЗ2022/01159 шүүгчийн захирамж, 183/ГХ2022/00163 тоот гүйцэтгэх хуудас, 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн монгол шуудангийн баримт, 2015-2016 оны хөрөнгө оруулалт гэсэн хөрөнгийн хүснэгтэлсэн жагсаалт, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Эд хөрөнгө хураан авсан акт, түүний хавсралт, гэрэл зураг, Худалдаа хөгжлийн банкны өөрийн дансны хуулга, хүүхдийн төрсний гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээ, гар утсаар харилцсан захидлын хуулбар, Капитрон банкны тодорхойлолтууд, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Д ХХК-ийн хийсэн үнэлгээний тайлан, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 28/9178 тоот албан бичиг, нас барсны гэрчилгээ, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн захиалга цуцлах тухай албан бичиг, И ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тодорхойлолт хуулбараар, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Г ХХК-тай хийсэн түрээсийн гэрээ, гэрэл зурагнууд, өдрийн хоолны цэс, меню зэргийг баримтаар ирүүлжээ. /1хх 9-57, 157-169, 204-205, 238-249, 2хх 1-2 /
Хариуцагчаас баримтаар: төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Хураан авсан тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх акт, 2016 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн А/260/16 тоот Ж ХХК-ийн тоног төхөөрөмж буцаан авах тухай албан бичиг, худалдааны хамтын ажиллагааны гэрээний хавсралт, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Эд хөрөнгө хураан авсан тухай акт, түүний хавсралт, гэрэл зургийн хамт, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн мэдэгдэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 183/ШЗ2016/07058 дугаар шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 190/03 тоот шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хүсэлт, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хүсэлт, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоол зэргийг ирүүлжээ. /1хх 70, 80-93, 2хх 16, 95-103/
Шүүхийн журмаар: зохигчдын хүсэлтээр 2022 оны 181/ШЗ2022/15751 дүгээр захирамжийн дагуу Н.Н, Э.М, Б.А нараас авсан 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн гэрчийн мэдүүлэг, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б.А, Н.Н нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн хүсэлтээр 2022 оны 181/ШЗ2022/17092 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2280285/01 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, зарлан дуудах мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Д.Э-ны 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн гэрчийн мэдүүлэг, 2023 оны 181/ШТ2023/00331 тогтоолын дагуу СД бичлэгт хийсэн 223 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл зэргийг бүрдүүлжээ. /1хх 102-114, 132-136, 138-140, 198-202, 2хх 31-43/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Ч.Р-д холбогдуулан хөрөнгийг хууль бусаар эзэмшиж ашигласнаас үүссэн үр шим, олох ёстой байсан орлого, сэтгэл санааны хохиролд нийт 776.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хохиролд нийт 775.433.851 төгрөг гаргуулах гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан.
2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Түрээслүүлэгч Ч.Р нэг өглөө ирэхэд түрээсийн зүйлийг тохижуулсан доторх хөрөнгийг зөөж зоорийн давхарт хураасан байсан, 145 нэр төрлийн 1000 гаруй хөрөнгийг шууд хураан авснаас болж орлого олох боломжгүй болсон, өр төлбөрт унасан, шүүхийн шийдвэрээр хөрөнгийг буцаан олгохоор заасан ч өнөөг хүртэл биелүүлээгүй тул хөрөнгийг ашигласан үр шим, олох байсан орлого, сэтгэл санааны хохирлыг гаргуулна гэж тайлбарлав.
3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: нэхэмжлэгч төлбөрөө төлөөгүйгээс саатуулан барих эрхээ хэрэгжүүлсэн, өөртөө тусалж хөрөнгийг хураасан нь хууль зөрчөөгүй, мөн хөрөнгийг эзэмшиж ашиглаагүй, нэхэмжлэгч бусдад төлөх төлбөрөө төлөөгүйгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гадаад улс руу явсан, түүнчлэн шүүхийн шийдвэрт түрээсийн төлбөрөө төлмөгц хөрөнгийг харилцан өгөхөөр заасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлав.
4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: Э.Э гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол, олох ёстой байсан орлого, гарсан зардал болон ажил хэргийн нэр хүндэд халдсны хохирлыг гаргуулна гэж тайлбарлав.
5.Нэхэмжлэгч сөрөг шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: хөрөнгийг өөрсдөө дур мэдэн хураасан, буцаан авахаар удаа дараа гуйсан ч өгөөгүй, мөн түрээсийн зүйлийг суллаж бусдад түрээслэсэн тул үндэслэлгүй гэж тайлбарлав.
6.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон.
6.1.Нэг талаас Ю.С, нөгөө талаас Э.Э нар 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр харилцан тохиролцож, Түрээслүүлэгч нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж 00/0 дугаар байр, Глобал бизнес центр 2 давхрын 260 мкв талбайг ресторан, пабын зориулалтаар түрээслэгчид 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд эзэмшүүлж ашиглуулахаар, Түрээслэгч төлбөр нэг сарын 6.500.000 төгрөг төлөхөөр тохирч Ажлын байр түрээслэх гэрээ-г байгуулжээ. /1хх 12-16/
Түрээсийн зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй хөрөнгө анх И ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө байсан, өмчлөгч өөрчлөгдөж И ХХК-ийн захирал ажилтай Ч.Р-д өмчлөх эрхийн гэрчилгээг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр олгож бүртгэсэн, улмаар гэрээний эрх үүрэг шилжсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүйгээс гадна хэрэгт баримтаар ирүүлсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1025 дугаар шийдвэрт энэ талаар дүгнэсэн байна. /1хх 17-18, 20/
6.2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1025 дугаар шийдвэрээр: Э.Энхцэцэгээс түрээсийн төлбөрт 15.226.667 төгрөгийг гаргуулж Ч.Р-д олгох, Ч.Р-ээс 145 нэр төрлийн тоног төхөөрөмжийг гаргуулж Э.Э-т олгохоор шийдвэрлэжээ. Уг шийдвэрт: 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр эд хөрөнгө хүлээлцэх акт үйлдснээр талуудын хоорондох гэрээ цуцлагдсан, мөн дээрх 145 нэр төрлийн хөрөнгө барьцааны зүйл биш болохыг дүгнэжээ. Дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримтад талууд маргаагүй. /хх 19-21/
6.3.Өнөөдрийг хүртэлх хугацаанд шүүхийн шийдвэрт дурдсан 145 нэр төрлийн хөрөнгийг хариуцагч Ч.Р нэхэмжлэгчид буцаан олгоогүй, мөн нэхэмжлэгч түрээсийн төлбөр 15.226.667 төгрөгийг Ч.Р-д төлөөгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
6.4.Нэхэмжлэгч Монгол Улсын хилээр 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гадагш нэвтэрч, 2021 оны 12 дугаар сард буцаж орж ирсэн гэж тайлбарласан, хариуцагч энэ үйл баримтад маргаагүй.
7.Зохигчид гэрээ цуцлагдсанаас учирсан хохирлыг хариуцах эсэх, хөрөнгийг хураасан үйлдэл хуульд нийцэх эсэхэд маргаж байна.
7.1.Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д Газар, байшин болон орон сууц хөлслүүлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор тухайн газар, байшин орон сууцанд байгаа хөлслөгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй гэж заажээ.
Мөн Иргэний хуулийн 12 дугаар зүйлд иргэний эрх зүйн харилцаанд оролцогч өөртөө туслах талаар зохицуулахдаа 12.1-т Эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан болон цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байвал иргэний эрх зүйн харилцаанд оролцогч өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэж авах, устгах буюу эвдэх, эсхүл зайлсхийж болзошгүй үүрэг гүйцэтгэгчийг саатуулах, үүрэг бүхий этгээдээс гүйцэтгэвэл зохих үйлдлийн эсрэг үйлдлийг таслан зогсоохоор тухайн нөхцөл байдалд тохируулан хийсэн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй. гэж, мөн зүйлийн 12.3-т Өөртөө туслах үйлдэл нь тухайн нөхцөл байдалд тохирсон хэр хэмжээнээс хэтэрч болохгүй. гэж зохицуулжээ.
Хэргийн баримтаас үзвэл 2015 оны 11 дүгээр сард түрээсийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр түрээсийн зүйлийг суллаж хөрөнгийг хураасан, түүнчлэн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн 145 нэр төрлийн хөрөнгийг буцаан олгохоор шийдвэрлэсэн боловч өнөөг хүртэл өгөөгүй байдал тогтоогдсон. Харин нэхэмжлэгч 3 сар орчим хугацааны түрээсийн төлбөрөө төлөөгүй байсан болох нь шийдвэрт тусгагдсан үнийн дүнгийн хэмжээгээр тогтоогдож байна. Иймд гурван сарын төлбөр төлөөгүй нэхэмжлэгчийн үйлдлийн эсрэг хариуцагч 145 нэр төрлийн хөдлөх хөрөнгийг түрээсийн зүйлээс зөөж өөр газарт шилжүүлэн хураасан, ийнхүү хурааснаас хойш өнөөг хүртэл буцаан олгоогүй болох нь тогтоогдсон тул хариуцагчийн энэ үйлдэл хуульд заасан өөртөө туслах аргыг хэрэгжүүлсэн, саатуулан барих эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй.
Иймд Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т зааснаар ... хэр хэмжээнээс хэтрүүлсэн этгээд үйлдлийнхээ улмаас бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй. гэж зааснаар хариуцагч нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэгтэй.
7.2.Хариуцагчаас хөрөнгийг эзэмшиж ашиглаагүй, шүүхийн шийдвэрт түрээсийн төлбөрөө төлмөгц нэгэн зэрэг хөрөнгийг буцаан өгөхөөр заасан, нэхэмжлэгч мөнгөө төлөөгүй тул буцаан өгөх боломжгүй гэж тайлбарласан.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 183/ШШ2016/01025 дугаар шийдвэрт: ...талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан, нэхэмжлэгч Ч.Р үл хөдлөх хөрөнгөө буцаан авсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг талууд биечлэн нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй тул хөрөнгийг Ч.Р-ээс гаргуулж хариуцагчид буцаан олгох нь зүйтэй гэж дүгнэсэн байна. Шүүхийн энэ дүгнэлтээр Э.Э-ийн түрээсийн төлбөрийг төлөх үүрэг, Ч.Р-ийн хөрөнгийг буцаан өгөх үүргийг харилцан нэгэн зэрэг гүйцэтгэх талаар дүгнээгүй, харин нэгэнт гэрээ цуцалж түрээсийн зүйлээ Ч.Р буцаан авсан тул хөрөнгийг буцаан олгох талаар заасан байна.
Түүнчлэн шийдвэрт тусгагдсан 145 нэр төрлийн хөрөнгийг хураан авсан, өөр газарт шилжүүлж хадгалсан үйл баримт тогтоогдсон тул хариуцагч хөрөнгийг бодитоор эзэмшиж ашигласан эсэх нь маргааны энэ тохиолдолд шууд хамааралгүй, учирсан хохирлыг барагдуулах үүргийг үгүйсгэх нөхцөл болохгүй. Иймд энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
7.3.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
8.Үүнээс гадна Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан, хэргийн баримтаар нэхэмжлэгч төлбөр төлөх гэрээнд заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс түрээслүүлэгч гэрээг цуцалсан, мөн шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг өнөөг хүртэл төлөөгүй үйл баримт тогтоогдсон тул хариуцагч гэрээнээс учирсан хохирлыг нэхэмжлэгчээс мөн шаардах эрхтэй.
9.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж, 228 дугаар зүйлийн 228.1-д гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно. гэж заасан. Мөн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1.-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж, 229 дүгээр зүйлийн 229.2.-т гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ. гэж зохицуулсан.
Зохигчид хуулийн дээрх зохицуулалтын дагуу хохирлыг харилцан бие биенээс дараах байдлаар гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгчийн зүгээс
- 2016 оны 5 дугаар сарын 11-нээс 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх 87 сарын хугацаанд хөрөнгийг эзэмшиж ашигласнаас үүсэх үр шим 348.000.000 төгрөг,
-2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх 82 сарын хугацаанд олох ёстой байсан орлогод нэг сард 4.000.000 төгрөгөөр тооцон 328.000.000 төгрөг шаардсан.
Харин хариуцагчаас:
-түрээсийн төлбөрийн үлдэгдэл 15.626.667 төгрөг,
-145 нэр төрлийн хөрөнгийг 2016 оны 5 дугаар сарын 11-нээс 2023 оны 3 дугаар сарын 15-ны хооронд хадгалахад гарсан зардалд 294.349.938 төгрөг,
-төлөгдөөгүй төлбөрт 2016 оны 12 дугаар сараас 2023 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд хадгалсан тохиолдолд өсөх хүү, инфляцийн өсөлтийг тооцож алдагдалд 53.457.246 төгрөг,
-Ханын зохион байгуулалт өөрчилснийг буцааж буулган засварласны зардал 2.800.000 төгрөг, өмгөөллийн хөлс 10.000.000 төгрөг, хөрөнгө тоног төхөөрөмжийг В1 давхарт зөөхөд гарсан зардал 1.200.000 төгрөг,
-2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх 82 сарын хугацаанд түрээсийн зүйлээс олох байсан орлого, нэг сарын 4.000.000 төгрөгөөр тооцон 328.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан.
9.1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан гэрээнээс учирсан хохиролд үр шим хамаарахгүйгээс гадна хэргийн баримтаар хариуцагч түрээсийн зүйлийг суллаж авснаар гэрээ цуцлагдсан, ийнхүү гэрээ цуцлах үндэслэл нэхэмжлэгчийн төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлээгүйгээс үүдэлтэй тул нэхэмжлэгч гэрээг цуцласнаас учирсан хохирлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар шаардах үндэсгүй.
Харин хөрөнгийг хурааж, өнөөг хүртэл өгөөгүй хариуцагчийн үйлдлээс учирсан хохирлыг тэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шаардах эрхтэй боловч мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасан гэм хорын хохиролд хөрөнгийн үр шим хамаарахгүй байхаар заасан тул 87 сарын хугацаанд хөрөнгийг эзэмшиж ашигласнаас үүсэх үр шим 348.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
9.2.Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1.-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж заасан тул нэхэмжлэгчийн олох байсан орлого болох 88.000.000 төгрөгийг хөрөнгөд учирсан хохиролд тооцож Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд, нэг сард 4.000.000 төгрөгөөр тооцож 328.000.000 төгрөг шаардсан. Үүнээс нэхэмжлэгчийн Монгол Улсын хилээр гарч явсан, буцаж орж ирсэн хугацааг хасч тооцон, нийт 22 сард, нэг сарын 4.000.000 төгрөгөөр тооцов. Нэхэмжлэгч олох ёстой байсан орлогыг нэг сард 4.000.000 төгрөгөөр, хариуцагч мөн олох ёстой байсан орлогыг нэг сард 4.000.000 төгрөгөөр тооцож хэн алин нь бие биенээсээ шаардсан тул шүүх зохигчид нэг сард олох ёстой орлогын хэмжээний хувьд маргаагүй гэж үзэн, энэ дүнгээр тооцох нь талуудын зарчимд нийцнэ гэж үзсэн болно.
/2016.10.27-2016.12.27 хүртэлх 2 сар, 2022.01-2023.08.14 хүртэлх 20 сар, нийт 22 сар *4.000.000 =88.000.000/
9.3.Түрээсийн төлбөрийн үлдэгдэл 15.626.667 төгрөгийг Э.Э-ээс гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр тул хариуцагч энэ мөнгийг дахин шаардах үндэсгүй. Хариуцагчаас хуралдааны явцад дээрх гаргуулахаар шаардсан 15.626.667 төгрөг нь шийдвэрт тусгагдсан түрээсийн үлдэгдэл мөн гэдэгт маргаагүй.
9.4.2016 оны 5 дугаар сарын 11-нээс 2023 оны 3 дугаар сарын 15-ны хооронд 145 нэр төрлийн хөрөнгийг хадгалахад гарсан зардалд 294.349.938 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүйгээс гадна хариуцагч өөрөө хөрөнгийг хурааж гаргасан, өнөөг хүртэл эргүүлж өгөөгүй тул тэрээр хадгалалтын зардал шаардах үндэсгүй.
9.5.Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгохоор заасан 15.626.667 төгрөгийг хэрэв нэхэмжлэгч төлсөн бол 2016 оны 12 сараас 2023 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд хадгаламжийн хүү, инфляцийн төвшнөөр уялдаж 53.457.246 төгрөг болох байсан үндэслэлээр алдагдалд тооцон шаардсан.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл-ийг хохиролд тооцохоор заасан тул хариуцагч алдагдлыг шаардах эрхтэй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул хэрэгсэхгүй болгов.
9.6.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж заасан тул хариуцагч бусад нэмэлт зардлыг шаардах эрхтэй.
Хариуцагчаас түрээсийн зүйлийг нэхэмжлэгч эзэмшиж ашиглах явцдаа ханын зохион байгуулалт өөрчилснийг буцааж буулган засварласны зардал 2.800.000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны зардал 10.000.000 төгрөг, 145 нэр төрлийн хөрөнгө, тоног төхөөрөмжийг В1 давхарт зөөсөн ажлын хөлс 1.200.000 төгрөг, нийт бусад зардалд 14.000.000 төгрөг гарсан үндэслэлээр шаардсан.
Хэдийгээр хариуцагч гарсан зардлаа гэрээнээс учирсан хохирлоор шаардах эрхтэй боловч тэрээр засварын зардал 2.8000.000 төгрөг, хөрөнгийг зөөсөн зардал 1.200.000 төгрөгийн зардал гарсан талаарх дэмжих баримтыг ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Хууль зүйн туслалцааны хөлсний хувьд 2016 оны хэрэгт Ч.Р-гийн зүгээс өмгөөлөгчид эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчид хөлс төлсөн талаарх баримтгүй. Түүнчлэн хуралдааны явцад 2016 оны хэрэгт бус харин энэ хэрэгт хамаарах хууль зүйн туслалцааны хөлс гэж тайлбарласан. Гэвч мөн л хөлс төлсөн аливаа баримтыг ирүүлээгүй тул нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Иймд энэ шаардлагыг баримтаар тогтоогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгов.
9.7.2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх 82 сарын хугацаанд түрээсийн зүйлээс олох байсан орлого 328.000.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хариуцагч хохирлоор шаардах эрхгүй. Хэргийн баримтаар хариуцагч нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, түрээсийн зүйлийг сулласан үйл баримт тогтоогдсон тул түрээсийн зүйлийг түрээслэснээс олох байсан орлогоор хохирсон гэж үзэх үндэслэлгүй.
10.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 511 дүгээр зүйлийн 511.1-д Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж, 230 дугаар зүйлийн 230.2-т Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана. гэж заасан.
Зохигчид хэн алин нь эдийн бус гэм хорын хохиролд 100.000.000 төгрөг гаргуулахаар харилцан шаардсан.
Нэхэмжлэгч: төлбөрөө төлөхийн тулд гадагшаа явахаас өөр аргагүй байдалд орсон, энэ хугацаанд эмээтэйгээ уулзаж чадаагүй нас барсан, бага насны хүүхэдтэйгээ хамт байж чадалгүй орхиод явсан гэж тайлбарлаж өөрт учирсан сэтгэл санааны хохирлыг мөнгөөр илэрхийлж 100.000.000 төгрөг гаргуулна гэж,
Харин хариуцагчаас: ажил хэргийн нэр хүндэд нэхэмжлэгч халдсан, шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг болоод цагдаад хандсан байдлаар тогтоогдоно гэж тайлбарлаж мөн адил 100.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хэргийн баримтаар ажил хэргийн нэр хүндэд халдсан байдал тогтоогдоогүй, мөн зөвхөн хөрөнгийг хурааснаас нэхэмжлэгчийн сэтгэл санаанд дээрх хэмжээний хохирол учирсан гэж үзэх үндэсгүй тул шүүх эдийн бус гэм хорын хохирол шаардсан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Дээрх бүгдийг нэгтгээд шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 88.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Мөн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
11.Иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийн хариуцагч гэм буруутай, нэхэмжлэгч мөн гэм буруутай тухай дүгнэлт шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй дээрх байдлаар нийцсэн. Харин хохирлын хэмжээний тухайд хадгалалтын зардал төлөх үндэстэй гэж дүгнэсэн хэсгийг хүлээн авах боломжгүй, шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд шийдвэрлэв.
12.Улсын тэмдэгтийн хураажийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг баримтлан
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан Ч.Р-ээс 88.000.000 /наян найман сая/ төгрөг гаргуулж Э.Э олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 688.000.000 төгрөгийг болон Э.Э-ээс 775.433.851 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ч.Р-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.195.900 /637.950+1.185.983+2.371.967/ төгрөг, хариуцагчаас төлсөн 4.343.069 /2.545.119+1.797.950/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 597.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ
Г.ЭНХЦЭЦЭГ