Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2024/05139

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Ц.З-ын

Хариуцагч:  И******* ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу төлсөн 60 180 000 төгрөг, алданги буюу хохиролд 13 824 840 төгрөг, нийт 73 932 840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

                Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М*******, өмгөөлөгч Б.Б******* нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч товлон зарласан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч******* нь хариуцагч И******* ХХК-д холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээний дагуу төлсөн 60 108 000 төгрөг, алданги буюу хохиролд 13 824 840 төгрөг, нийт 73 932 840 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Нэхэмжлэгч******* нь И******* ХХК-тай 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ТА/ОС-1/02 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан ******* аймаг, Э******* сум, ******* баг, Бын нутаг дэвсгэрт баригдах, Т******* хотхоноос ын ******* орц, 5 давхарт тоот хаягт байрлах, 50.09 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1 200 000 төгрөгөөр тооцож, нийт 60 108 000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Дээрх гэрээний 2.2-т талууд орон сууцны үнийг төлөх нөхцлийг харилцан тохиролцсон бөгөөд******* уг тохиролцооны дагуу 13 000 000 төгрөгт тооцуулан C маркийн автомашин шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг 2023 оны 3 дугаар сарын 30-ний өдөр 24 043 200 төгрөгийг, 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 23 065 000 төгрөгийг тус тус И******* ХХК-д бүрэн төлж барагдуулсан. Харин талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлд барилга ашиглалтанд оруулах хугацааг зохицуулсан бөгөөд 2024 оны 0******* улиралд багтаанд ашиглалтанд оруулахаар тухайлан заасан байна. Гэвч Т******* хотхонд захиалга өгснөөс өнөөдрийг хүртэл тухайн барилга босох газар суурь ч тавигдаагүй, барилга баригдаж байгаа ямар ч нөхцөл байхгүй, цаашид барилга баригдаж, хэзээ дуусах нь эргэлзээтэй, ерөнхийдөө барилга зогссон байдалтай байна. Энэ талаар И******* ХХК-тай холбогдож барилга хэзээ ашиглалтанд оруулах талаар тодруулах гэсэн боловч тодорхой мэдээлэл өгөх хүн байхгүй, ******* аймагт оффис нь байхгүй тодорхойгүй, эргэлзээтэй байдлыг гаргаад гэрээнд заасан барилга ашиглалтанд орох хугацаа дууссан болно. Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс дээрх гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, гэрээний дагуу өгсөн төлбөрөө буцаан авах зорилгоор И******* ХХК-д албан мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд тус компаниас утсаар холбогдож ******* аймагт удахгүй ирнэ. Түр хүлээгээрэй мөнгийг чинь буцаагаад өгнө гэж хэлсэн боловч үр дүн гараагүй болно. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.5-д "...Гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд орон сууцыг Захиалагч талд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги Захиалагч талд төлнө гэж заасан бөгөөд барилга ашиглалтанд орох байсан хугацаа буюу 2024 оны 1 дүгээр улирлаас хойш 46 хоногийн алданги тооцоход 13 824 840 төгрөгийн алданги бодогдож байна. Иймд хариуцагч И******* ХХК-иас 2023 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн ТА/ОС-1/02 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу төлсөн 60 108 000 төгрөг, алданги 13 824 840 төгрөг, нийт 73 932 840 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иргэн******* нь орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан бөгөөд энэ гэрээний үнийн дүнгийн 13 000 000 төгрөгт машин шилжүүлж өгсөн, үлдэгдэл төлбөрийг бүрэн төлсөн байгаа. Нийт 60 108 000 төгрөгийг орон сууцны үнэд төлсөн байгаа. Гэвч өнөөдрийг хүртэл орон сууцыг хүлээлгэн өгөөгүй, барилгын газар дээр суурь тавигдаагүй, цаашид хэрхэн баригдах талаар ямар ч мэдээллийг өгөхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл цаашид баригдах нь бүрхэг байгаа. ******* аймагт оффис байхгүй, тиймээс гэрээг хэрэгжих боломжгүй гээд нэг талын санаачлагаар цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн. Гэрээний 2.2.5-д зааснаар алданги төлөхөөр байгаа, тиймээс бид 0.5 хувийн алданги нэхэмжилсэн байгаа. Гэхдээ нэхэмжлэлдээ алданги гэж бичсэн боловч уг нь гэрээний үүргээ зөрчсөн хохирол юм. Уг орон сууцыг захиалахын тулд нэхэмжлэгч, түүний нөхөр нь зээл авсан, хүү төлсөн. Иймд хохирол болох 13 824 840 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү. Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зааснаар алдангийг хохирол гэж үзэх боломжтой гэж үзэж байгаа. Уг орон сууцыг захиалахын тулд зээл авч хүү төлж хохирсон байдаг юм. Иймд хариуцагчаас нийт 73 932 840 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

                2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

                Нэхэмжлэгчийн дурдсанчлан орон сууц захиалгын гэрээ байгуулж гэрээний төлбөрт 60 108 000 төгрөгийг автомашин оролцуулан хүлээн авсан. Барилгын суурийн ажил явагдаж байх үед манай байгууллагын хөрөнгө оруулалт удааширч барилгын гол нэрийн бараа бүтээгдэхүүн бетон зуурмагын үнэ огцом өссөний улмаас барилгын ажил зогссон. Улмаар иргэн******* нь орон сууц захиалгын гэрээг цуцлах хүсэлт гаргасан учир гэрээг цуцалсан. Иймд гэрээний төлбөрт төлсөн 60 108 000 төгрөгийг буцаан төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний гол нөхцөлийн 2.1 дэх хэсэгт орон сууцны нэг мкв-ийн үнийг хөнгөлөлттэй үнээр тооцсон бөгөөд 1 200 000 төгрөг болох талаар дурдсан. Орон сууцны үндсэн үнэ нь 3 000 000 төгрөг болохыг гэрээний стандарт нөхцөлийн 2.1.2 дахь хэсэгт дурдсан. Хөнгөлөлттэй үнээр худалдан авсан захиалагч алданги шаардах эрхгүй талаар гэрээний 2.3.1 дэх хэсэгт дурдсан. Үүнээс дүгнэхэд хариуцагч тал нэхэмжлэгчид алданги төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь мөн гэрээний нийт үнийн дүнгээс алданги шаардаж байгаа нь хуулийн болоод гэрээний заалтуудыг зөрчиж байна. Иймд алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.                

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2023 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ, 2023 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн төлбөрийн баримт, гэрээ цуцлах тухай мэдэгдэл /хэргийн 3-1******* хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, И******* ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2024 оны 8 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, хариу тайлбар /хэргийн 17-19, 31-32, 35-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

                                             ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.Зын нэхэмжлэлээс 62 451 242 төгрөгийг хангаж, үлдэх 11 481 598 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч И******* ХХК-тай 2023 оны 3 дугаар сарын 30-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, ******* аймаг, Э******* сум, ******* баг, Бын нутаг дэвсгэрт баригдах, Т******* хотхоноос ын ******* орц, 5 давхарт тоот хаягт байрлах, 50.09 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, орон сууцны үнэ болох 60 108 000 төгрөгийг бүрэн төлсөн боловч уг орон сууцны барилгын явц нь удаашралтай, барилгын ажил нь зогсонги байдалтай байсан тул гэрээг цуцалж байрны үнэд төлсөн 60 108 000 төгрөг, алданги буюу хохирол болох 13 824 840 төгрөг, нийт 73 932 840 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч*******тай 2023 оны 3 дугаар сарын 30-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж гэрээний төлбөрт 60 108 000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд барилгын материалын үнэ өссөний улмаас барилгын ажил зогсонги байдалтай болсон тул гэрээг цуцласан тул орон сууцны үнэд төлсөн 60 108 000 төгрөгийг буцаан өгөхөд татгалзахүй, харин нэхэмжлэгч нь орон сууцыг хөнгөлөлттэй үнээр захиалсан, талуудын байгуулсан гэрээнд хөнгөлөлттэй үнээр байрыг захиалсан тохиолдолд алданги шаардахгүй гэж заасан байх тул алданги төлөх үндэслэлгүй гэж үгүйсгэсэн.

  

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч******* нь хариуцагч И******* ХХК-тай 2023 оны 3 дугаар сарын 30-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, ******* аймаг, Э******* сум, 1 дүгээр баг, Бын нутаг дэвсгэрт баригдах, Т******* хотхоноос ын 1 дүгээр орц, 5 давхарт тоот хаягт байрлах, 50.09 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 60 108 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцжээ.

 

5.Талуудын маргааны зүйл нь алданги төлөх эсэх талаар байна, гэрээ байгуулсан, уг гэрээг цуцласан, орон сууцны үнэд төлсөн мөнгийг буцаан гаргуулах талаар маргаагүй байна.

 

6.1.Зохигч талуудын хооронд 2023 оны 3 дугаар сарын 30-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулагдсан, орон сууцны үнэд 60 108 000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хас банкны төлбөрийн баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна.  

6.2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

6.3.Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууцыг өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, гэрээнд заасан орон сууцыг хүлээлгэн өгөх боломжгүй буюу орон сууцны барилгын явц удаашралтай, зогсонги байдалтай болсон тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, энэ талаараа хариуцагчид мэдэгдсэн болох нь 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн мэдэгдлээр нотлогдож байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцласан талаар хүлээн зөвшөөрсөн маргаагүй, гэрээний үнэд төлсөн 60 108 000 төгрөгийг буцаан өгөхөд татгалзахгүй гэсэн.

 

6.4.Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” зааснаар хариуцагч И******* ХХК-иас орон сууцны үнэд төлсөн 60 108 0000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******д олгохоор шийдвэрлэв.

 

7.Нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол буюу алдангид 13 824 840 төгрөгийг гаргуулахаар шаардаж, орон сууц захиалахын тулд мөнгө зээлж хүү төлж хохирсон, мөн барилга ашиглалтанд орох байсан хугацаандаа ороогүй тул алдангид 13 824 840 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

7.1.Хариуцагч нь алданги тооцсон нь үндэслэлгүй, хөнгөлөлттэй үнээр худалдан авсан захиалагч алданги шаардах эрхгүй талаар гэрээний 2.3.1-д харилцан тохиролцсон, нэхэмжлэгч нь гэрээний нийт үнийн дүнгээс алданги шаардаж байгаа нь хууль зөрчиж байна гэж мэтгэлцсэн.

7.3.Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан атлаа алданги шаардсан нь үндэслэлгүй бөгөөд гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлаж байгаа тохиолдолд уг гэрээний харилцаанаас үүсэх шаардар эрх дуусгавар болно. 

7.4.Харин Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар хохирол шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хохирлыг 13 824 840 төгрөг байна гэсэн нь баримтаар тогтоогдохгүй байх боловч Орон сууц захиалан бариулах гэрээг 2023 оны 3 дугаар сарын 30-ний өдөр байгуулсан, 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 24 000 000 төгрөгний зээлийг авч, уг мөнгийг орон сууцны үнэд төлсөн болох нь Хас банкны төлбөрийн баримт, дансны хуулга, гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

7.5.Иймд хариуцагчаас гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр зээл авч орон сууцны үнэд төлсөн болох нь тогтоогдож байгаа тул уг зээлийн хүүнд төлөгдсөн 2 343 242 төгрөгийг хохиролд тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэв үзэв.

7.6.Нэхэмжлэгчээс 2023 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 26 000 000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 24 800 000 төгрөгний зээлийг орон сууцны төлбөрт төлөгдсөн гэсэн боловч энэ нь баримтаар нотлогдохгүй байна гэж үзэв.

 

 

 

7.7.Иймд хариуцагч И******* ХХК-иас гэрээний үнэд төлсөн 60 108 000 төгрөг, гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд 2 343 242 төгрөг, нийт 62 451 242 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11 481 598 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д  зааснаар нэхэмжлэгч Ц.Зын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527 620 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И******* ХХК-иас  470 206 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч*******д олгох нь хуульд нийцнэ гэж үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч И******* ХХК-иас 62 451 242 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 11 481 598 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Зын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527 620 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И******* ХХК-иас  470 206 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар 3 зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ХУЛАН