| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2018/0043/э |
| Дугаар | 47 |
| Огноо | 2018-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган,
Улсын яллагч Л.Мөнхбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Хохирогч Х.О
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан,
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .......... овогт Д.Б-д холбогдох 1821000080009 дугаартай хэргийг 2018 оны 01 сарын 23-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч ......... овогт Д.Б, Дорнод аймгийн Матад суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Тээвэрчдийн 8-03 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 08 сарын 17-ны өдрийн 15 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 110000 төгрөгөөр торгох ялаар, мөн аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2010 оны 08 сарын 27-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар, мөн шүүхийн 2013 оны 03 сарын 04-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, бие эрүүл.
Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Буян-Өндөр” гэх газар Х.О-н нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг гаргахгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн миний мэдүүлэг үнэн зөв гэв.
Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: "...Би ээжийн гэрт очихдоо нэг шил архи авч очсон учраас түүнийгээ О ахтай уусан юм. Би өмнө нь архи уучихсан байсан болохоор нэг шил архиа уугаад согтчихсон. Архи уугаад согтсон байсан учраас зарим зүйлийг санахгүй байна. Миний санаж байгаагаар О ахтай маргалдаж байснаа санаж байна. Нэг сэрсэн чинь сумын цагдаагийн хэсэг дээр ирчихсэн О ахыг цохиод шүдийг нь хугалчихсан гэж байсан. Маргааш өглөө нь О ахтай уулзсан чинь “чи ээжтэйгээ маргалдаад байсан учраас боль гэж хэлсэн чинь намайг цохиод шүд хугалчихсан” гэж хэлсэн. Би ямар ч байсан эмчилгээний зардлуудыг бүрэн барагдуулж төлөх болно. Хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж харамсаж байна” гэжээ. /хх 41-42/
Хохирогч Х.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хамтран амьдрагч Д нь Б-ын эх юм. Би энэ хүнтэй хамтран амьдраад гурав, дөрвөн жил болсон. Матад сумын “Буян-Өндөр” гэх газарт хамтран амьдрагч Д-ын хамтаар байж байхад А, түүний эхнэр, мөн Б нар ирсэн. Б ирэхдээ архи уусан байдалтай ирсэн бөгөөд өврөөсөө 0.75 граммын тал шил архи гаргаж ирсэн. Б архиа гаргаж ирээд надад хундагалж өгсөн учраас би уусан. Б нэлээд согтсон учраас эх Д-д агсам тавьж хэлэх хэлэхгүй үг хэлээд байсан учраас би Б-д хандан “чи ээжийгээ ингэж хэлж болохгүй, хөгшин настай хүнийг цохих юм бол чиний гарыг даахгүй шүү дээ” гэж хэлсэн чинь “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд намайг газарт завилаад сууж байхад миний нүүр рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Б-д өшиглүүлээд миний 3 шүд хугарсан. Одоо хүртэл хиймэл шүд хийж чадахгүй явж байгаа.
Би өөрөө эрхэлсэн ажилгүй, Б-ын ээж надад сэтгэл гаргаж 200000 төгрөг өгсөн. Гэхдээ энэ мөнгийг Баяржаргал өгөөгүй учраас эмчилгээний зардлаас хасаж тооцуулахгүй. Би Б-с эмчилгээний зардалд 1600000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Гэрч Ц.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Одон Б-д хандан “ээжийгээ хамаагүй хэлж болохгүй шүү, ганц цохиход чиний гарын аяыг даахгүй шүү дээ” гэж хэлж байсан. Ингээд агсам тавиад байсан учраас гэрээс гараад малын баасаа цэвэрлээд гэртээ орж ирсэн чинь О-ийн ам хамраас цус гарчихсан Б-тай зууралдаад багалзуурдаад байж байсан болохоор А, А, Х нарт “энэ хоёрыг салгахгүй яасан юм” гэж хэлсэн чинь босч ирээд салгасан...Б нь О-г өшиглөж 3 шүдийг нь хугалсан...” гэжээ. /хх 28-30/
Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Б ах О ахтай хоёулаа суугаад өврөөсөө нэг шил “Улаанбаатар” нэрийн 0.75 граммын архи гаргаж ирээд юм ярьж сууж байсан. Би өглөө эрт машин барьсан болохоор нойр хүрээд хэсэгхэн унтаад өгсөн байсан. Хүмүүс бахиралдаад би сэрсэн. Тэр үед О ахтай Б ах маргалдаж байгаад О ахын нүүр рүү өшиглөсөн гэж байсан. Би юу болсныг сайн мэдэхгүй. О ахын нүүр цус болсон байсан...” гэжээ. /хх 24/
Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Б ах авчирсан архиа гаргаж ирээд Од ахтай ууцгаасан...Удалгүй Б ахын дуу өндөрсөөд л байсан. О ах “чи ээжийгээ хэлэх хэлэхгүй үгээр хэлж болохгүй шүү, мөнгөө орхиод яв, чамайг эрүүл болохоор чинь бүрэн бүтэн мөнгийг чинь тоолж өгье” гэж хэлж байсан...Гэнэт юм цохих шиг болсон намайг өндийгөөд харахад О ахын амнаас нь цус гарч байсан, “миний үүдэн шүдийг хугалчихлаа” гэж байсан. Б, О ах хоёр хоёр биенээсээ барьцалдчихсан байсан...” гэжээ. /хх 25-26/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 сарын 25-ны өдрийн 41 тоот дүгнэлтэд: “1. Х.-Оийн биед тархи доргилт, духны зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун дээд 1-р /11/ шүд, зүүн дээд 1-р /21/ шүд, зүүн дээд 4-р /24/ шүдний булгарал, дээд уруулын дотор салстын язрал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. 3.Дээрх гэмтлийн тархи доргилт нь дангаараа, баруун дээд 1-р /11/ шүд, зүүн дээд 1-р /21/ шүд, зүүн дээд 4-р /24/ шүдний булгарал, дээд уруулын дотор салстын язрал нь дангаараа, духны зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал нь дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги 10% алдана” гэжээ. /хх 36/
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтад: Хохирогч Х.О /хх 28-30/, шүүгдэгч Д.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд /хх 21-22/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-11/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 45/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 46/ зэрэг болон хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Д.Б нь согтуурсан үедээ 2017 оны 12 сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр багийн нутаг “Буян-Өндөр” гэх газарт эхийнхээ хамтран амьдрагч Х.О-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь “тархи доргилт, духны зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун дээд 1-р /11/ шүд, зүүн дээд 1-р /21/ шүд, зүүн дээд 4-р /24/ шүдний булгарал, дээд уруулын дотор салстын язрал, цээжний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон доорхи:
Хохирогч Х.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Б нилээн согтсон учраас ээж Д-т агсам тавьж хэлэх хэлэхгүй үг хэлээд байсан учраас би Б-д хандан “чи ээжийгээ ингэж хэлж болохгүй хөгшин настай хүнийг цохих юм бол чиний гарыг даахгүй шүү дээ” гэж хэлсэн чинь “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд...миний нүүр рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...Б-д өшиглүүлээд миний 3 шүд хугарсан...” /хх 12-18/ гэх,
Тухайн үйл явдлыг нүдээр үзсэн гэрч Ц.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О Б-д хандан “ээжийгээ хамаагүй хэлж болохгүй шүү, ганц цохиход чиний гарын аяыг даахгүй шүү дээ” гэж хэлж байсан...Б нь О-г өшиглөж 3 шүдийг нь хугалсан...” /хх 28-30/ гэх,
Гэрч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гэнэт юм цохих шиг болсон намайг өндийгөөд харахад О ахын амнаас нь цус гарч байсан, “миний үүдэн шүдийг хугалчихлаа” гэж байсан. Б, О ах хоёр хоёр биенээсээ барьцалдчихсан байсан...” /хх 26-27/ гэх мэдүүлгүүд,
Хохирогч Х.О-ийн биед тухайн цаг хугацаанд “...тархи доргилт, духны зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун дээд 1-р /11/ шүд, зүүн дээд 1-р /21/ шүд, зүүн дээд 4-р /24/ шүдний булгарал, дээд уруулын дотор салстын язрал, цээжний зөөлөн эдийн няцрал” бүхий шинэ гэмтэл үүссэн талаар дүгнэсэн шинжээчийн 41 тоот дүгнэлт /хх 36/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б-ын үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Иймд шүүгдэгч Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хохирогчийн биед учирсан “тархи доргилт, духны зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун дээд 1-р /11/ шүд, зүүн дээд 1-р /21/ шүд, зүүн дээд 4-р /24/ шүдний булгарал, дээд уруулын дотор салстын язрал, цээжний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол нь түүний нүүрэн тус газар өшиглөсөн шүүгдэгч Д.Б-ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.
Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.
Хэрэгт шүүгдэгч Д.Б-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Х.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Б-аас хохиролд мөнгө төгрөг аваагүй...Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 1600000 төгрөг нэхэмжилнэ...” гэжээ.
Шүүх, иргэний нэхэмжлэлийн үндэслэл, нотлогдсон байдлыг хавтаст хэргийн хэмжээнд шинжлэн судалж дүгнэвэл, хохирогч Х.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд ирүүлсэн хохирлын нотлох баримтаас нийт 338667 төгрөгийн хохирол бодитой учирсан нь хэрэгт цугларсан зарлагын болон кассын орлогын баримт /хх 67-72/-аар, мөн шүүгдэгч нь хохирол төлөөгүй болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байх тул хохирогчийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 1600000 төгрөгөөс 338667 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй байна.
Харин хохирогчийн нэхэмжлэлээс 1261333 төгрөгийн нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь: нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ............ овогт Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-г 480 /дөрвөн зуун ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Б-д анхааруулсугай.
5. Эрүүгийн 1821000080009 дугаар хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.Б-аас 338667 /гурван зуун гучин найман мянга зургаан зуун жаран долоо/ төгрөг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 6 дугаар байрны 71 тоотод оршин суух, хохирогч ........... овогт Х.О-д олгож, нэхэмжлэлээс 1261333 /нэг сая хоёр зуун жаран нэгэн мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогчид мэдэгдсүгэй.
7. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ