Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2024/0814

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г******* ХХК /РД:*******/,

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд /цаашид хуучин нэршлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд/ гэх,

Гуравдагч этгээд: “Ц*******” ХХК-иудын хоорондын Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхтэй холбоотой маргааныг хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С*******, О.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч нь   Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай” А/79 тоот тушаалын “Г*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай.

1.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 сарын 23-ны өдрийн А/605 дугаар тушаалын “Ц*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай.

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн хувьд тус компани анх Богдхан уулын дархан цаазат газрын ын аманд 1 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийн ******* дугаар  гэрчилгээг 2008 оны 09 дүгээр сарын  16-ны өдөр Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга олгосон[1] бол 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2014/110 дугаар гэрчилгээгээр талбайн хэмжээг 2 га болгон 5 жилийн хугацаатай тусгай хамгаалалттай газар нутаг  газар ашиглах эрхийг олгожээ.[2]

2.2. Улмаар “Г*******” ХХК 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П******* болон Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын захиргааны дарга Ц.Ш нартай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2015/094 тоот гэрээ байгуулж, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батс******* баталжээ.[3]

2.3. 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Г*******” ХХК-аас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 98 дугаар “... Манай компани нь ... Төр ын аманд 2 га газрыг 2014 оноос хойш 5 жилийн хугацаатай эзэмших эрх авсан. Энэхүү эзэмших эрхийн хугацаа дуусаж байгаа тул сунгаж өгнө үү. Мөн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргах дэмжсэн санал гаргаж өгнө үү” гэх агуулгатай хүсэлтийг гаргасныг[4] Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хүлээн авч, хянан үзээд 2019 оны 05 сарын 08-ны өдрийн 569 дугаартай “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр Байгаль орчин аялал жуулчлалын яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга А.Эад “…Г******* ХХК нь аялал жуулчлалын зориулалтаар ашиглах төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжиж саналыг…” хүргүүлж байсан байна.[5]

2.4. Гэвч 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Г*******” ХХК-аас дахин Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд “…2014 оны БОАЖНХСайдын газар олгох тушаал дээр алдаа гарч … Г******* ХХК-ийн газрын хэмжээ 1 га-аар бичигдсэн байгаа тухай мэдсэн болно. Иймд бидэнд тус компанийн 2 га газрын кадастр, гэрчилгээ болон гэрээний хугацааг сунгах саналыг өгч бидний ажилд туслана уу” гэх утга бүхий 19/20 тоот хүсэлтийг гаргасан[6] боловч Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн  10/7510 дугаартай “…Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1,  39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус зөрчсөн байх тул газар ашиглах эрхийг цуцлах тухай захиргааны акт гаргах болсныг урьдчилан мэдэгдье…” агуулгатай албан бичгийг “Г*******” ХХК-д хүргүүлсэн.[7]

2.5. Хожим Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дугаар тушаалыг гаргасан байх бөгөөд уг тушаалын хавсралтын 71-д Г*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэн цуцалж, хүчингүй болгосон байна.[8]

2.6. Харин 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 467 дугаартай ... А/79 дүгээр тушаалаар Тын аманд байрлах … 2 га газрын эрхийг цуцалж, хүчингүй болгосон… Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд газар ашиглах гэрчилгээ, гэрээг хүлээлгэн өгнө үү” утгатай албан бичгийг “Г*******” ХХК-д хүргүүлсэн[9] гэх боловч энэхүү тушаалыг тус компанийн эрх бүхий албан тушаалтан гардан авсан талаар баримт олдоогүй тул “Г*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар тушаалыг эс зөвшөөрч, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

2.7. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан,  2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/Ш32024/0196 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-ыг үндэслэн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэл байна гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэахэд[10] Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд тус шүүхийн 221/ШТ2024/0100 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн 128/Ш32024/0196 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.[11]

2.8. Гуравдагч этгээд “Ц*******” ХХК-ийн хувьд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт заасан журмын дагуу гуравдагч этгээд нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д заасан хүсэлтэд тусгах зүйлсийн дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ[12], эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг[13], эдлэн газрын улсын бүртгэлийн хуудас[14], тухайн газарт хэрэгжүүлэх төсөл[15] зэргийг хавсаргасан газар ашиглах хүсэлтээ гаргажээ.[16] Уг хүсэлтийн дагуу 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт “…Ц ХХК-д газар ашиглуулах асуудлыг … саналыг уламжилж байна” гэсэн агуулгатай “Санал хүргүүлэх тухай албан бичгийг явуулсан байна.

2.9. Ийнхүү 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/605 дугаар тушаалын дагуу “Ц*******” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын ын аманд 2 га талбайг аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийн ******* дугаар  гэрчилгээг 2008 оны 09 дүгээр сарын  16-ны өдөр Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга олгожээ.

2.10.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 сарын 23-ны өдрийн А/605 дугаар тушаалын “Ц*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах[17] шаардлагаа ихэсгэсэнтэй холбогдуулан шүүх “Ц*******” ХХК-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татсан.

2.11. Улмаар 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 128/ШЗ2024/4098 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.8-д тус тус заасан үндэслэлүүд тогтоогдож байна гэж үзэн мөн хуулийн  109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн[18] боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд тус шүүхийн 221/ШТ2024/0486 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 128/ШЗ2024/4098 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн [19] тул шүүх энэхүү хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэсэн юм.

Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл

3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалыг 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан бичгээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон талаар мэдэгдсэн. Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийн хувьд бид маргаан бүхий газрыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын хуучин гэрээний 2013 оны А/77 тоот тушаалаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын газар нутгийн Тын ам гэх газарт 2 га газрын “Г*******” ХХК-д газар ашиглах эрхийн 2014/110 тоот гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгосон. Тус газарт дотоод гадаадын жуулчин, зөвшөөрөл бүхий эх, нярай хүүхэд амрах бааз бүхий “П цогцолбор” байгуулахаар төлөвлөж 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэр ашиглах тухай 24 тоот гэрээг байгуулсны дараа байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, уг төслийн талаарх зураг төсөл, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, ажил гүйцэтгэх гэрээний зураг төсөл боловсруулах ажлуудыг гэрээт компаниудаар гүйцэтгүүлэн эхэлж байхад дэлхий нийтийн хамарсан “Корона” вирусын халдвар тархаж эхэлсэн. Газар ашиглах эрх дууссантай холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр газар ашиглах эрхийг сунгаж өгнө үү, мөн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг дэмжиж өгнө үү гэсэн хоёр хүсэлт илгээсэн. Уг хүсэлтийн дагуу Богдхан уулийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн 569 дүгээр албан бичгээр санал ирүүлсэн бөгөөд уг саналдаа байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг дэмжиж, газар ашиглах эрхийн хугацааг сунгах хүсэлтийг орхигдуулсан хариу ирүүлсэн. Бид уг орхигдуулсан хүсэлтийг шийдвэрлэх байх гэж бодон цар тахлын нөхцөлд тааруулан өөрсдийн ажлаа үргэлжлүүлэн хийж гүйцэтгэж байгаад 2023 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр хандахад газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байсан. Уг А/79 дүгээр тушаалын үндэслэл нь газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэсэн байсан. Бид газрын төлбөрийг бүрэн төлсөн мөн уг төслийг хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, зураг төслийг боловсруулан үе шаттайгаар явсан. Эдгээр бүх хийсэн ажлыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тайлагнадаг байсан. Үүний хариуд дэмжсэн саналыг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэхийг дэмжсэн агуулга бүхий албан бичиг ирсэн.Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох, мэдэгдэх ажиллагааг хийгээгүй захиргааны акт нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн хоёрдох шаардлагын хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаал нь хууль бус байхад гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгосон 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/605-ын тушаал нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.гэв.

3.2.Хариуцагчийн итгэмжлэгдэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа:” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/79 дүгээр тушаалаар газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон 2019 онд газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлтээ Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргаагүй 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр сунгуулах хүсэлтээ ирүүлж байгаа нь үндэслэлгүй бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/605-ын тушаалаар гуравдагч этгээдэд газар ашиглах эрхийг олгох хүртэл нэхэмжлэгч тухайн газар дээр ямар нэг бүтээн байгуулалт, газар ашиглах ажил хийгдээгүй байсан. Мөн газрын төлбөрийг төлөөгүй гэдэг үндэслэлийн хувьд газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ний дотор төлөх тухай зохицуулалт байгаа ч төлбөр төлсөн тухай баримт байхгүй. Мөн нэхэмжлэгч 2015 оноос 2019 оны хооронд газрын төлбөрөө төлсөн талаараа дурдсан ч 2019 оноос хойш төлбөр төлсөн баримт байхгүй. Нэхэмжлэгч нь 2020, 2021 оны газрын төлбөрийг төлөөгүй учир газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр буюу 2 жилийн дараа газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болсныг мэдсэн тухай тайлбар нь мөн ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч газраа ашиглаж байсан бол 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг цуцалснаас хойш 9 сарын хооронд газар дээрээ нэг ч удаа очоогүй гэж ойлгож байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэв.

3.3. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 буюу газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг 2 үндэслэлтэй. Хэрэгт авагдсан баримтуудыг үзэхэд газрын төлбөрөө төлөөгүй, 2 жилийн дотор зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь хангалттай тогтоогдож байна гэж үзэж байна. Тодруулбал Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 1.10 дахь хэсэгт Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсвэл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс үл хамаарах шалтгаан байхгүй байхыг ойлгоно гэж заасан 1 дүгээр хавтаст хэргийн 31 дүгээр хуудсанд газрын төлбөр тооцоо нийлсэн акт дээр нэхэмжлэгч “Г*******” ХХК нь 2015 оноос 2019 он хүртэлх төлбөр төлсөн. 2019 оны 12 дугаар сарын 31-ээс хойш маргаан бүхий акт гарах хүртэл 2021 оны 03 дугаар сарын 12 хүртэл төлбөр төлсөн баримт байхгүй. Үүнээс хойш төлбөрөө яагаад төлөөгүй вэ гэхээр нэхэмжлэгч нь Ковидын нөхцөл байдалтай холбож тайлбарладаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан “Г*******” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээ болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг даргатай байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн гуравласан гэрээ болон газар ашиглах эрхийн гэрчилгээнд “Г*******” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацаа 2019 оны 12 дугаар сарын 05-нд дууссан. Нэхэмжлэгчийн тайлбарласан. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль бий. Уг хуулийн 18 дугаар зүйлд 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчилнэ буюу Ковидын нөхцөл байдал байсан. Гэтэл уг хууль хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 5 сар гаруй хугацааны өмнө буюу 2019 оны 12 дугаар сарын 05-нд нэхэмжлэгч “Г*******” ХХК –ны газар ашиглах эрхийн хугацаа дууссан. Иймд ковидын нөхцөл байдал үүсэхээс өмнө газар ашиглах эрхийн хугацаа дууссан. Үүнтэй холбоотойгоор газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлт өгөх хангалттай хугацаа байсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс газар ашиглах эрхийн хугацааг сунгуулахын тулд дэмжих санал авахаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан тухай тайлбарлалаа. Гэтэл 2 дугаар хавтаст хэргийн 76 дугаар хуудсанд 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 419 тоот албан бичигт 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн албан хүсэлтийг дэмжих боломжгүй байна. Учир нь газар ашиглах эрхийн хугацаа дууссан байна гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн. Иймд дэмжих бичиг авсан нь үгүйсгэгдэж байна. Мөн газар ашиглах эрхийн хугацааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар сунгадаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 05/1781 албан бичгээр “Г*******” ХХК-ний хүсэлтүүдийг шүүж үзэхэд 2019, 2020 онд байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулахаар хандаж байсан. Үүнээс хойш тодруулга авах хүсэлт гаргаж байсан. Харин газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй. Мөн Улсын Дээд шүүхийн 15 дугаар тогтоолоор газраа 2 жил дарааллан ашиглаагүй гэдгийг газар эзэмших эрх олгож гэрээ хийгдсэнээс хуанлийн 2 жил газар эзэмшигч нь тухайн газраа гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй тухайлбал барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгоно. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийсэн. Тухайн газар барилга, байгууламж үйлдвэрлэл эрхлээгүй болох нь тодорхой харагдаж байсан. Гуравласан гэрээ байгуулагдсанаас хойш хуанлийн 2 жилийн хугацааг тооцвол 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хангалттай хугацаанд тухайн газрыг зориулалтын дагуу ашиглах ёстой байсан. Зориулалтын дагуу ашигласан гэдэгт гэрээ байгуулах, төсөв бүрдүүлсэн нь зориулалтын дагуу ашигласан гэдэгт хамаарахгүй. Нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн газар ашиглах эрх 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүчингүй болсон. “Ц*******” ХХК-д 3 жилийн дараа газар ашиглах эрх олгосон. Энэ хугацаанд энэ талаар маргаад шүүхэд нэхэмжлэл гаргаад явсан бол бусдад олгохгүй байх хууль эрх зүйн зохицуулалт байдаг. Уг тушаалтай холбогдуулан нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн. Манай компани нь тухайн газрыг зориулалтын дагуу ашиглахтай холбоотой бусад компаниудтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан бараа, материалаа татаж байгаа. Мөн 2023, 2024 оны газрын төлбөрийг бүрэн төлсөн. Өөрөөр хэлбэл тухайн газрыг хуульд заасан журмын дагуу авсан манай компанийн зүгээс зардал мөнгө гарган үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчилнэ. Шүүхийн маргаантай газрыг гуравдагч этгээд аваагүй. Эдгээр үйл баримтыг харгалзаж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Манайхаас 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр газар сунгуулах хүсэлтээ өгч байсан. Мөн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний санал өгч байсан. Ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн. 2019 оны 05 дугаар сарын 01-ний 569 тоот санал хүргүүлэх тухай 2 асуудлын нэгийг нь орхигдуулсан зүйл гарсан. Төрийн захиргааны байгууллагын хоорондоо уялдаагүй байдлаас болж ямар нэгэн хуулийн этгээд хохирох ёсгүй. Захиргааны ерөнхий хуульд итгэл хамгаалах зарчим гэж байдаг. Энэ зарчмын хүрээнд бид газар ашиглах эрхийн хугацаа сунгагдсан гэж бодож байсан. Тэгэхэд гэнэт цуцалсан гэдгийг мэдсэн. Иймд А/79 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, бид гэрээ байгуулсан хугацаандаа төлбөрөө төлсөн, зориулалтын дагуу буюу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан зориулалтын дагуу ашиглаж байсан отоглох, шувууны зураг авах, мөн Монгол оронд байгаа ховор амьтны, шувууных, “Нэйшнал, жеографик” дээр нийтлэх зэрэг асуудлуудаар гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан. Төрийн захиргааны байгууллагуудаас өгсөн албан бичгүүд нь зөрүүтэй. Хүчингүй болгох эсвэл цуцлах гээд байдаг, нэг бол дэмжээд байдаг. Үүнээс болж ямар нэгэн хуулийн этгээд хохирох ёсгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д үндэслэсэн нь үндэслэлгүй. 41.6-д заасан зориулалтын дагуу ашиглах Инженер-геологийн судалгаа хийж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлангаа батлуулаад явж байсан. Барилгын ажлын төсөл эхлүүлэх бүх зүйл нь бэлэн болсон байсан. Гэтэл цуцалсан гэдгийг мэдээд шүүхэд хандсан. Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааны мэдэгдэл болон захиргааны акт гаргах шаардлагыг хангаагүй захиргааны актыг Төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт тодорхой заасан. Албан хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргаж, баримт бичгийн бүрдлийг нь шалгаад цааш нь явуулах ёстой. Гаргах ёстой байсан байгууллагад гаргасан. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны веб сайт дээр хугацаа, сунгалт, сунгах хүсэлт гаргах гэсэн цэс хүртэл байдаг. Иймд Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.5, 45.1.6 зэрэг үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийг мөрдөж гараагүй захиргааны акт нь хүчингүй болох үндэслэлтэй. Тиймээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндсөн, захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй захиргааны акт гаргасан учир 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/79 дүгээр тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, мөн 2022 оны 12 дугаар сарын 23-ны А/605 дугаар тушаалын гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

3.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Тухайн газрыг 2011 оноос хойш “Г*******” ХХК ашиглаж байсан. Эрх шилжүүлсэн эсэх нь чухал биш. “Г*******” ХХК нь тухайн газар дээр тодорхой ямар нэгэн үйл ажиллагаа огт явуулаагүй. Ямар нэгэн бүтээн байгуулалт 10 жилийн хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа огт явуулаагүй. Үүнийг шувуу судалгааны ажил хийсэн гэж тайлбарладаг. Гэхдээ шувуу ажиглалтын байр байсан ч гэсэн цэвэр бохирын асуудал, стандартад нийлсэн 00-ын асуудал гэх мэт олон шаардлагууд байдаг. Гэтэл шон ч хатгаагүй байж шувуу ажиглаж байсан гэж тайлбарлаад байна. Улсын дээд шүүх 2008 оны тогтоолоор тайлбарласан. Төлбөр төлсөнтэй холбоотойгоор 2019 оны 06 дугаар сар хүртэл төлбөрийн үлдэгдэлгүй тухай тооцоо нийлсэн актууд байдаг. Түүнээс хойш 6 сарын төлбөрийг төлөөгүй. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан байдаг. Улирал бүхний дараагийн сарын 20-ны дотор төлбөрийг төлнө гэж заасан. Уг төлбөрийг төлөөгүй гэдгийг нэхэмжлэгч өөрөө хэллээ. Мөн ямар нэгэн бүтээн байгуулалт хийгээгүй гэдгийг хариуцагч болон гуравдагч этгээдийн асуултад хариулах явцдаа хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Тиймээс уг тушаалд заасан хуулийн үндэслэл нь нотлогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн газрын хугацаа дууслаа гэдэг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага А/79 тоот тушаалын “Г*******” ХХК-д холбогдох хэсэг, А/605 тоот тушаалыг гуравдагч этгээдэд холбогдох эсэхийг хүчингүй болгох гэсэн хоёр утгатай байгаад байгаа юм. 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр газрын гэрчилгээний хугацаа нь дууссанаар газар ашиглах эрх нь хүчингүй болсон. 2020 оны 03 дугаар сард хүсэлт өгсөн. Энэ хүсэлтэд хавсаргаж өгсөн зүйл байхгүй. Өгсөн байлаа ч тухайн газрыг сунгахгүй байгаа үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Маргаан бүхий А/79 дүгээр тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх нь сэргэх вэ? Миний бодлоор ямар ч үр дүн байхгүй гэж харж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тул хуульд нийцээгүй байна. Иймээс 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар тушаал нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр болох үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэгч нь газрын төлбөрөө төлөөгүй, тухайн газар ямар нэгэн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт хийгээгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэдгийг дахин хэлье. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэв.

3.8. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:2019 оны 06 дугаар сарын 30-аас хойш төлбөр төлөөгүй газар дээрээ бодит нүдэнд харагдах барилга байгууламж бариагүй гэдэгт нэхэмжлэгч тал маргахгүй байгаа юм байна. Хугацааг сунгасан гэж бодоод яваад байсан, хүсэлт гаргасан гэдэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 газар ашиглах тухай хүсэлт гаргах гэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д заасан журмыг баримтлан газар ашиглах зөвшөөрөл авах, сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлтээ Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана. Энэ төрийн захиргааны төв байгууллага гэдэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа биш. Хариуцагч асуултад хариулахдаа хэлсэн. Манай харьяа газар боловч төрийн захиргааны төв байгууллага биш. Бид сунгагдчихсан гэж ажлаа хийх зорилготой хөрөнгө гаргасан гэсэн. Гэтэл сунгагдана гэдэг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасан төрийн захиргааны төв байгууллага, дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг сонгон шалгаруулалтыг үндэслэж гаргана гэж заасан. Газар ашиглуулах тухай шийдвэр байхгүй тохиолдолд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа дэмжих бичиг өгсөн учраас сунгачихсан гэж бодоод байсан гэдэг тайлбар нь энэ 35.1 болон 36 дугаар зүйлд заасан төрийн захиргааны төв байгууллагаас газар ашиглах эрх олгосон аливаа шийдвэр гараагүй байна гэдэг нь уг хуулийн зохицуулалтаар үгүйсгэгдэж байна. Мөн төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 05/1781 гэсэн албан бичигт газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах талаар хүсэлт ирүүлээгүй байна гэж эрх бүхий төрийн захиргааны байгууллага нь хүсэлт ирүүлээгүй гэдгээ албан бичгээр өгсөн байна. Холбогдох хуулиудаар төрийн захиргааны төв байгууллага сунгах шийдвэр гаргах ёстой. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд сунгах хүсэлт гаргаад байсан. Ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй эс үйлдэхүйтэй маргаагүй, сунгахаас татгалзсан шийдвэртэй маргаагүй. Энэ талаар холбогдох нэхэмжлэлийн шаардлага байхгүй. Маргах эрх буюу Захиргааны хэргийн шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацаа дууссан. Үүнд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах тухай хуулиар нэхэмжлэгч иргэн, хуулийн этгээд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргах эрх нь нээлттэй. Хандсан юм бол яагаад хүсэлтийн хариуг лавлахгүй байгаа юм бэ? Хүсэлтийн хариуг лавлаад тухайн үедээ маргах эрх нь нээлттэй байсан бөгөөд маргах эрхийн хугацаа дууссан. Нэгэнт газар ашиглах эрх нь дуусчихсан этгээд бол газар ашиглагч биш, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35.1, 36.1-ээр төрийн захиргааны төв байгууллагаас шийдвэр гараагүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 болон 37.2-т захиргааны акт нь захирамжилсан үйл ажиллагаа буюу хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон эсвэл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заасан. Тэгвэл маргаан бүхий А/79 дүгээр тушаалаар газар ашиглагч биш этгээдийн тухайд газар ашиглах эрх нь хүчингүй болно гэсэн ойлголт байхгүй. Иймд маргаан бүхий А/79 дүгээр тушаалаар нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар үүсээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэдэг нь эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөд байна гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлийг ойлгоно. Захиргааны хэргийн шүүхийн зорилго нь нэхэмжлэгчийн зөрчигдөөд байгаа эрхийг сэргээх, хэрвээ хууль бус үйлдлийн улмаас зөрчигдсөн гэж үзэх юм бол сэргээх, шүүхийн шийдвэр бодит байдал дээр хэрэгжих, биелэгдэх боломжтой байх ёстой. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ гэхэд газар ашиглагч биш этгээдийн тухайд газар ашиглах эрх нь сэргэхгүй, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй гэдэгт газар ашиглагч биш этгээд гэдгээс гадна Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр “Г*******” ХХК нь өмнө нь аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхтэй байсан. Одоо аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгохоо больсон. Аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх сэргэх боломжгүй гэсэн үг. Энэ дээр хүн түр буудаллах, отоглох зориулалтаар л олгох эрхийг нээсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн хүрээнд хуулиар тэгээд энэ хуулийн 361 дүгээр зүйлд тухайн газар ашиглах эрх олгох тухайн оны жилийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байх ёстой. Энэ газар тэр төлөвлөгөөнд тусгагдан, сонгон шалгаруулалтад оролцох  холбогдох журмынх нь дагуу баримт бичгээ бүрдүүлээд газар ашиглах эрх олгодог журамтай болсон. Нэхэмжлэгч компанийн өмнө нь эзэмшиж байсан аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгохоо больсон. Иймд шүүхийн шийдвэр бодит байдал дээр хэрэгжих боломжгүй. Маргаан бүхий акт гарснаас хойш 3 жилийн дараа бид мэдсэн гээд маргаад байдаг. Газар ашиглах эрхийн хугацаа дууссан гэдгийг өөрсдөө мэдэж байсан. Төлбөрөө төлөөгүй, барилга байгууламж байхгүй. Иймд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.1-т заасан төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон албан ёсны шийдвэр байхгүй гэдгийг шүүх шийдвэр гаргахдаа харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Дөрөв: Маргаан бүхий актуудын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2. Нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах үндэслэлээ “…2019 оныг хүртэл газрын төлбөрөө төлсөн, түүнээс хойш 2020, 2021 онд “Коронавирусын цар тахал гарсан тул газрын төлбөр төлөөгүй,…газар эзэмших ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө сунгуулах хүсэлтээ гаргаж байсан..., маргаан бүхий актыг гартал газраа зориулалтын дагуу ашиглаж байсан…хэмээн тайлбарласан бол хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс …2019 он хүртэл газрын төлбөр төлсөнтэй маргахгүй, харин маргаан бүхий актыг гарах хүртэл газрын төлбөрөө бүрэн төлөөгүй, газар эзэмшүүлэхдээ аялал жуулчлалын зориулалтаар олгосон нь буруу, газар ашиглах эрхийн гэрчилгээ сунгуулах хүсэлтээ хариуцагчид хандаж гаргаагүй…” хэмээн нэхэмжлэгчийн үндэслэлийг үгүйсгэн маргасан болно.

4.3.Нэхэмжлэгчийн маргаж буй 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын эрх зүйн голлох үндэслэлийг үзвэл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах”, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” зэрэг хариуцагчийн эрх олгосон заалт болон  Газрын тухай хуулийн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.3 “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, 40 дүгээр зүйлийн  40.1.5 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх газар эзэмшигч, ашиглагчид үүрэг болгосон заалтуудыг тус тус үндэслэл болгосон байна.

4.4.Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хувьд нэхэмжлэгч “Г*******” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын ын аманд 2 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар олгосон байгаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан Байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох заалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд энэ хуулийн 11.7, 12 дугаар зүйлийг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар олгосон үйлдэл нь хариуцагчийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн заалтыг буруу хэрэглэн тушаал гаргаснаар дархан цаазат газар аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгох ёсгүй газарт олголт хийж, энэ хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчин тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг буруу хэрэгжүүлсэн зөрчлөө арилгасан нь хариуцагчийг зөвтгөх үндэслэл болно.

4.5.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр гэж, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар ашиглах эрх дуусгавар болохоор зохицуулсан.

4.6.Нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн хувьд Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх-ийг эдлэхээр түүн дотроо Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д заасан “…эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах… тухай хүсэлтээ 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 98 дугаар “хүсэлт гаргах” албан бичгээр эрх бүхий байгууллагын анхан шатны нэгж Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаагаар уламжлуулан гаргасан болох нь нотлогдож байна.

4.7.Нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаагүй болох талаар хариуцагчийн эс үйлдэхүйтэй маргаагүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоогүй тул шүүх захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “…хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй…” заасны дагуу дүгнэлт өгч, шийдвэр гаргаагүй болно.

4.8.Харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж, мөн хуулийн 7 дугаар зүйл, 45 дугаар зүйлийн 45.1-д Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 35 дугаар зүйлийн  35.3.3-т газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно, 2 дахь хэсэгт Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ,…10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно гэж тус тус зохицуулсан аж.

4.9.Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас олгосон газар ашиглах эрхийн дагуу ашиглах эрхийн гэрчилгээ авсан этгээд нь тухайн газарт холбогдох газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх үүргийг хүлээсэн байх бөгөөд хэрвээ энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд газар ашиглах эрхийг хүчингүй болгохоор байна.

4.10.Гэтэл нэхэмжлэгч компанийн зүгээс маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай” А/79 тоот тушаал гарсан болохыг мэдээгүй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 08/5020 албан бичгээр “...газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгон шийдвэрлэсэн...”[20] болохыг мэдсэн, энэ хугацаанд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” байдлаар газраа зориулалтын дагуу ашиглаж байсан хэмээн өөрийн үйл ажиллагааг зөвтгөн маргаж байгаа атлаа дээрх маргаан бүхий тушаал гарах хүртэл хугацааны буюу 2020, 2021 оны газар ашигласны төлбөр, цаашлаад мөн актыг мэдсэн 2022, 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны газрын төлбөрийг огт төлөөгүй, төлөөгүй болохоо ч  хүлээн зөвшөөрсөн.

4.11. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийн маргаан бүхий актыг мэдэх хүртлээ газраа ашиглаж байсан болохоо илэрхийлж буй тохиолдолд энэ хугацааны газрын төлбөрөө төлөх нь зүй ёсны юм.

4.12. Гэвч нэхэмжлэгчээс хуульд заасан төлбөрийг төлөөгүй шалтгааныг дэлхий нийтийг хамарсан Коронавирусын цар тахал гарсантай холбон тайлбарласан боловч энэ хугацаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болох тухай нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасан үндэслэлээр шүүхээс нэхэмжлэгчийн хувийн орон зайд шууд халдан, өөрт нь байгаа нотлох баримтыг шаардан гаргуулаагүй шүүхийг буруутгах боломжгүй юмаа.

4.13. Иймд шүүхээс Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсэгт газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх... гэж тус тус заасны дагуу нээхмжлэгчийг хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй, хуульд заасан хугацаанд газрын төлбөрөө бүрэн төлөөгүй гэж үзлээ.

4.14. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхул байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, мөн зүйл, хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгуй байхыг ойлгоно гэж тайлбарласан бөгөөд маргаан бүхий газар дээр шүүхээс хийсэн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргасан фото зураг[21] дээр газраа хашаалсан, газар дээр байх монгол гэрийг Монгол оронд байгаа ховор амьтны, шувууны зургийг “Нэйшнал жеографик” дээр нийтлэх зэрэг асуудлуудаар гэрээ байгуулан шувуу ажиглах зураглаачдыг түр отоглох байдлаар ашиглаж байсан болон хавтас хэрэгт авагдсан “Х” ХХК-иас “...байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотголын тайлангийн ажил хийж гүйцэтгэсэн болох тухай 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №19/62 дугаар “тайлан хүргүүлэх тухай” албан бичиг[22] зэргээр хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй.

4.15.Иймд дээрх үндэслэл бүхий дүгнэлт болон нэхэмжлэгчийн тайлбарлаж буй үндэслэлээр  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай” А/79 тоот тушаалын “Г*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

4.16.Гуравдагч этгээд “Ц*******” ХХК-аас Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаарах Төр хурхын аманд 2 га талбайг аялагч, зөвшөөрөл бүхий  бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт судалгаа хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэх зориулалтаар газар ашиглах хүсэлтийг холбогдох бүрдүүлбэрийн хамт Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасныг тус газар хүлээн авч, бүрдүүлбэрийн шаардлага хангасан гэж үзэн саналаа[23] Тусгай хамгаалалттай газрын удирдлагын газрын холбогдох албан тушаалтанд хүргүүлэн нягтлан шалгуулаад улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана” заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Тусгай хамгаалалттай газрын нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно”... гэж заасныг үндэслэн 2023 оны 12 сарын 23-ны өдрийн А/605 дугаар тушаалаараа[24] гуравдагч этгээд “Ц*******” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын ын аманд 2 га талбайг аялагч, зөвшөөрөл бүхий  бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт судалгаа хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах эрхийн гэрчилгээ олгосон[25].

4.17.Гуравдагч этгээд “Ц*******” ХХК-аас Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаарах Төр хурхын аманд 2 га талбайг аялагч, зөвшөөрөл бүхий  бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт судалгаа хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэх зориулалтаар газар ашиглах хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй буюу Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан хориглосон зохицуулалтыг зөрчөөгүй.

4.18.Мөн нэгэнт нэхэмжлэгчийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай” А/79 тоот тушаалын “Г*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах үндсэн шаардлага хангагдахгүй болсноор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 сарын 23-ны өдрийн А/605 дугаар тушаалаар гуравдагч этгээд “Ц*******” ХХК-д газар олгосон шийдвэрийн улмаас “Г*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн буюу нийтийн эрх зүйн субьектив зөрчигдсөн гэх үзэхгүй тул түүний ашиг сонирхлыг хэрэгжүүлэх болон хангахын тулд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гаргасан 2023 оны 12 сарын 23-ны өдрийн А/605 дугаар тушаалаар гуравдагч этгээд “Ц*******” ХХК-д газар олгосон шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй байна.

4.19.Иймд дээрх үндэслэлүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 сарын 23-ны өдрийн А/605 дугаар тушаалаар гуравдагч этгээд “Ц*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Г******* ХХК-аас /хуучин/ гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай” А/79 тоот тушаалын “Г*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 сарын 23-ны өдрийн А/605 дугаар тушаалын “Ц*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.БАТБААТАР

 

 

 

 

[1] 1 Хавтас хэргийн 82-83 хуудас

[2] 1 Хавтас хэргийн  73-74 хуудас

[3] 1 Хавтас хэргийн  207-210 хуудас

[4] 1 Хавтас хэргийн  212 хуудас

[5] 1 Хавтас хэргийн  221 хуудас

[6] 1 Хавтас хэргийн  78 хуудас

[7] 1 Хавтас хэргийн   145 хуудас

[8] 1 Хавтас хэргийн  67-69 хуудас

[9] 1 Хавтас хэргийн  147 хуудас

[11] 1 Хавтас хэргийн 152 хуудас

[12] 1 Хавтас хэргийн 244 хуудас

[13] 1 Хавтас хэргийн 245 хуудас

[14] 1 Хавтас хэргийн 246 хуудас

[15] 2 Хавтас хэргийн 1-28 хуудас

[16] 1 Хавтас хэргийн 243 хуудас

[17] 2 Хавтас хэргийн  92 хуудас

[18] 2 Хавтас хэргийн  161 хуудас

[19] 2 Хавтас хэргийн  184 хуудас

[20] 1 Хавтас хэргийн 6 хуудас

[21] 2 хавтас хэргийн 134-147 хуудас

[22] 2 хавтас хэргийн 207-208 хуудас

[23] 2 Хавтас хэргийн 29-30 хуудас

[24] 2 Хавтас хэргийн 31 хуудас

[25] 2 хавтас хэргийн 32-33 хуудас