Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 00174

 

 

 

 

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00174

 

 

 

 

“М.К ББСБ”, ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/02944 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “М.К ББСБ”, ХХК-ийн хариуцагч Ц.Бт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 51 610 466,42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б нь 2019 оны 06 сарын 28-ны өдөр №ЗГ1100005057 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 38 915 000 төгрөгийн зээлийг жилийн 36 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зээл авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн зээл, зээлийн хүүг тодорхой хуваарийн дагуу сар бүр эргүүлэн төлөх үүргээ зөрчин, зээлийн төлбөрөө төлөхгүй манай байгууллагыг хохироож байгаа тул зээлдэгчтэй байгуулсан гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 38 915 000 төгрөг, зээлийн хүү 12 638 743.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26 718.31 төгрөг, нийт 51 610 466.42 төгрөгийг Ц.Баас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Ямар ч банк бус санхүүгийн байгууллага барьцаа хөрөнгөгүйгээр зээл олгодоггүй, барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус. Барьцааны байрны өмчлөгч Ц.Бын ээж 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр итгэмжлэл олгосон, барьцааны гэрээг үндэслээд зээлийн гэрээ байгуулсан нь хавсралтаараа хүчин төгөлдөр байна гэж гэрээн дээрээ заасан, уг гэрээ нь 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан. Гэрээний 7.2.2-т талууд гэрээг дуусгавар болгох цуцлах гэсэн заалт байгаа учраас гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг тус тус баримтлан зохигчийн хоорондын 2019 оны 06 сарын 28-ны өдрийн 1100005057 дугаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч Ц.Баас 51 577 934 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М.К ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32 533 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 416 002 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 415 839 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ц.Б нь “М.К ББСБ” ХХК-аас зээл авахдаа зээлийн барьцаанд ээж С.Долгорсүрэнгийн орон сууцыг барьцаалсан. Гэтэл С.Долгорсүрэн нь барьцаалах эрх олгосон итгэмжлэл нь зээл авсанаас хойш 3 хоногийн дараа буюу 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон байгааг анхан шатны шүүх анзаарч үзсэнгүй. Зээлийн гэрээний 7.2.2-т “зээлдэгч худал мэдээлэл өгсөн, хуурамч баримт бүрдүүлэн зээл авсан” гэж заасныг үндэслэн “М.К ББСБ” ХХК-аас уг гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар заасныг шүүх ойшоож үзсэнгүй. “М.К ББСБ” ХХК-ийн ажилчид Ц.Баас удаа дараа барьцааны эд зүйл болох байраа чөлөөлж өгөхийг шаардаад байгаа талаар би шүүх хурал дээр хэлснийг ч тоогоогүй юм. “М.К ББСБ” ХХК-ийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дуусчихсан байхад шүүх үүнийг мэдсээр байж хэргийг шийдвэрлэсэн. Иймд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “М.К ББСБ” ХХК нь хариуцагч Ц.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 51 610 466.42 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

“М.К ББСБ” ХХК болон Ц.Б нар нь 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 1100005057 тоот зээлийн гэрээ байгуулж, 38 915 000 төгрөгийг, өрхийн хэрэглээний зориулалтаар сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, гэрээний зүйлийг хугацаанд нь хүүгийн хамт төлөөгүй нөхцөлд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна./хх-1-2, 6-9/

Нэхэмжлэгч “М.К ББСБ” ХХК-ийг зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болохыг нотлосон баримт хэрэгт авагдаагүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт нийцсэн ба талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж, мөн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ...” гэж тус тус зохицуулсан.

Талууд харилцан тохиролцож зээлийг гэрээг бичгээр байгуулж, хүүгийн хэмжээг тодорхойлсон учраас хүү шаардах эрхтэй.

Зээлдэгч зээлийн гэрээгээр 38 915 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн, хариуцагч уг мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй бөгөөд зээлдэгч зээлийн гэрээний үүрэгт нийт 3 611 000 төгрөгийг төлсөн болох нь зээлийн дансны хуулгаар нотлогдсон ба талууд тооцоололд маргаагүй байна./хх37/

Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь ёсоор зээлдэгч нь 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сар бүр хүү төлөх үүрэгтэй атал зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугар зүйлийн 225.1, зээлийн гэрээний 7.2.1-т заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар шаардсаныг буруутгах үндэслэлгүй бөгөөд гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй болно.

Эдгээр нөхцөл байдлаас дүгнэхэд анхан шатны шүүх хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, нийт 51 577 934 төгрөгийг гаргуулсан нь зөв юм.

Хариуцагч давж заалдах гомдлын үндэслэлээ “...барьцааны гэрээг байгуулахдаа С.Долгорсүрэнгээс олгосон итгэмжлэл нь зээл авсанаас хойш 3 хоногийн дараа буюу 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон байгааг анхан шатны шүүх анзаарч үзээгүй...” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж заасан.

Зээлдүүлэгч барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх боловч анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон, энэ талаар зохигчид гомдол гаргаагүй, барьцааны зүйлтэй холбоотой маргаан шүүхээр шийдвэрлэгдээгүй байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх журамтай бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 30-ны өдрийн 183/ШЗ2020/15278 дугаар “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжид шүүх хуралдааны нарийн бичгийн даргын нэрийг зөрүүтэй бичсэн байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/02944 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.МӨНХЗУЛ

                                       ШҮҮГЧИД                                Д.БАЙГАЛМАА

                                                                                        Б.НАРМАНДАХ