Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2016/01207

 

Ц.Батболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/4440 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1407 дугаар магадлалтай,

Ц.Батболдын нэхэмжлэлтэй

“Оюуны тулга” дунд сургуульд холбогдох

Түрээсийн төлбөрийн үлдэгдэл, алдангид нийт 114 900 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

Засварын болон нүүлгэлтийн зардал 13 091 100 төгрөг, сургалтын төлбөр 37 100 000 төгрөг, хөрөнгө оруулалтын зардлын 30 хувь болох 17 365 610 төгрөг, аудитын зардал 500 000 төгрөг, нийт 68 056 710 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Батболд “Оюуны тулга” дунд сургуулийн захирал Т.Туяагийн хүсэлтээр өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, бага тойруу 1-13 тоот хаягт байрлах 1,2 давхрын байрыг сургалтын зориулалтаар ашиглуулахаар 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 21 сарын хугацаатай түрээслүүлэхээр гэрээ байгуулж, 452 200 000 төгрөгийн түрээсийн төлбөрөөс 357 000 000 төгрөгийг дансаар төлж, үлдсэн 95 200 000 төгрөгийг төлөөгүй. Шүүхийн шатанд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. 2013 онд байгуулсан гэрээний үүргийн дутуу 73 200 000 төгрөг, алданги нь 36 600 000 төгрөг, нийт 109 800 000 төгрөг болсон. Хоёр тал 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дахин түрээсийн гэрээ байгуулж, уг 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ цуцлагдсан гэж үзэж тооцоо хийсэн. Хоёр дахь гэрээгээр 72 000 000 төгрөг төлөхөөс 120 000 000 төгрөг төлж 48 000 000 төгрөг илүү төлсөн. Эхний гэрээний үлдэгдэл төлбөр 73 200 000 төгрөгөөс 2 дахь гэрээний үүргийн илүү төлсөн 48 000 000 төгрөгийг хасч 25 200 000 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. 2 дахь гэрээний гүйцэтгээгүй үүрэг 25 200 000 төгрөгийн алданги нь 12 600 000 төгрөг, түрээслэгчийн хөрөнгө оруулалтын 12 300 000 төгрөгөөс 3 700 000 төгрөгийг хасаад 70 700 000 төгрөгийн түрээсийн төлбөр алдангийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Эхний гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан. Алданги тооцохоор заагдсан, 2 дахь гэрээг 5 жилийн хугацаагаар буюу 60 сараар хийж байгаа учраас алданги тооцохгүй гэсэн. Гэвч 6 cap болоогүй хаяад явсан учраас алданги тооцох нь зөв, түрээсийн төлбөр төлөхийг шаардаж, мэдэгдэл олон удаа бичгээр өгсөн. Дулааны шугамд гэмтэл гарсан учир дулаанаар хангаагүйгээс гэрээг цуцалсан гэх асуудал яригдахгүй. Гэрээнд заасны дагуу гэрээг цуцлахыг хүсвэл 2 сарын өмнө мэдэгдэх заалтыг хариуцагч зөрчиж 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн саналыг 2 сарын өмнө ирүүлсэн гэж үзэж 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр нэхэмжилсэн. Түрээсийн төлбөрт 477 000 000 төгрөг төлснийг хоёр тал зөвшөөрч байгаа. Иймд 10, 11, 12 дугаар сарын түрээсийн төлбөр 52 200 000 төгрөг, алданги 26 100 000 төгрөг, нийт 78 300 000 төгрөг, эхний гэрээний алданги 36 600 000 төгрөг, нийт 114 900 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай. 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний 2.1-д хангагдаагүй учраас 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөө тус сургуулийн үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй болсон.  Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11 болон Эрчим хүчний сайдын 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 122 дугаар тушаалын дагуу сургууль, цэцэрлэгийн халаалтыг 9 дүгээр сарын 15-ны өдөр эхлэх байтал 10 дугаар сарын 23-ны өдрөөс өгч эхэлсэн гэх боловч 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл дулаан бүрэн халахгүй, хүйтэн ажиллах боломжгүй байсан. Сургуулийн үйл ажиллагаа хэвийн явж байсан үе буюу 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрт 475 200 000 төлөхөөс 477 000 000 төгрөг төлж, 1 800 000 төгрөг илүү төлсөн. 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш энэ байранд түрээсийн үйл ажиллагаа явуулах, үйлчлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул өөр түрээсийн байр хайж тэр байрандаа засвар хийж их хэмжээний нэмэлт зардал гарч түрээслэгч тал хохирсон тул сөрөг нэхэмжлэл гаргасан. Түрээслэгч тал нийт төлсөн 477 000 000 төгрөгийг түрээсийн төлбөрт тухай бүрт тооцон түрээслэгчийн гэрээний үүргээ биелүүлсэн болохыг харгалзан үзэж, түрээсийн гэрээний эхний гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэхийг анхаарна уу. Түрээсийн үндсэн төлбөрөө төлсөн, алданги төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай сургууль 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаад мөн оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл дулаанаар хангагдаагүй тул 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Евро-Ази” дээд сургуулийн байранд нүүж орсноос хохирол учирсан. Засварын болон нүүлгэлтийн зардалд 13 091 100 төгрөг, сургууль өөр байранд нүүснээс болж 15 сурагч өөр сургуульд шилжиж, сургалтын төлбөр 37 100 000 төгрөг, хөрөнгө оруулалтын зардал буюу засвар хийхэд зарцуулсан 17 365 610 төгрөг, аудитын компаниар үнэлгээ хийлгэхэд 500 000 төгрөг, нийт 68 056 710 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тус сургууль нь түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд гэрээнд заасны дагуу 2 сарын өмнө гэрээ цуцлах болсноо мэдэгдэх ёстой атал мэдэгдэлгүй өөрсдөө нүүсэн гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/4440 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д зааснаар “Оюуны тулга” дунд сургуулиас 61 800 000 төгрөгийг гаргуулан Ц.Батболдод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 53 100 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ц.Батболдод холбогдуулан “Оюуны тулга” дунд сургуулийн 68 056 710 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар нэхэмжлэгч Ц.Батболдын 737 000 төгрөг, “Оюуны тулга” дунд сургуулийн 498 234 төгрөгийг улсын орлогод тус тус үлдээж, хариуцагч “Оюуны тулга” дунд сургуулиас 466 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Батболдод олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1407 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/4440 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4., 232.6., 318 дугаар зүйлийн 318.1.-д тус тус зааснаар “Оюуны тулга” дунд сургуулиас 58 100 000 төгрөг гаргуулан Ц.Батболдод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 56 800 000 төгрөг болон шилэн хаалтыг буулган, анхны байдлаар хүлээлгэж өгөхийг хариуцагчид даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн          227.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Ц.Батболдод холбогдох 68 056 710 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтын “...466 950...” гэснийг “...448 450...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Ч.Батболд давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423 450 төгрөг, хариуцагч “Оюуны тулга” дунд сургууль давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 807 234 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын гомдолдоо: Талуудын хооронд түрээсийн 2 гэрээ байгуулагдаж, 475 200 000 төгрөгийг төлөхөөс манайх 477 000 000 төгрөгийг төлсөн тухайд маргаагүй. 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний үүргийг манайх бүрэн биелүүлсэн. Манайх тухай бүр тооцож өгсөн түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч тал хүлээж авахдаа ямар ч алданги тооцолгүй үндсэн төлбөрт шууд тооцон авч байсан. 2 дахь гэрээг байгуулахдаа ч энэ талаар огт шаардаагүй. Харин ч алданги тооцохгүйгээр, хичээл эхлэхээр үлдэгдэл төлбөрөө төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан тухай нэхэмжлэлдээ дурдсан. Анги нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга учраас үндсэн үүргээ гүйцэтгэсэн нөхцөлд алданги шаардах эрхгүй. Магадлалд дурдсан эхний гэрээний үүргийн дагуу 21 500 000 /73 200 000 - 48 000 000 = 3 700 000/ төгрөг болох тул алданги нь 36 600 000 төгрөг биш 10 750 000 төгрөг. Гэтэл шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, алданги 36 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү. 2015 оны гэрээ нь өмнөх гэрээг сунгаж, байрыг үргэлжлүүлэн түрээслэх зорилготой байгуулсан гэрээ бөгөөд түрээсийн төлбөр нь 2013 оны гэрээнээс эхлэн үргэлжлэн төлөгдөж байсан гэдгийг анхаарч өгнө үү. 2015 оны гэрээний зүйл болох барилгыг бид ерөнхий боловсролын сургуулийн сургалт явуулах зориулалтаар ашиглахаар гэрээгээр тохиролцсон бөгөөд гэрээний 2.1-д зааснаар түрээслүүлэгч нь зориулалтын дагуу гэрээний зүйлийг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Тухайн нөхцөлд барилгыг дулаанаар 2015 оны 9 дүгээр сарын 15-ны дотор хангах байтал 10 дугаар сарын 23-ныг хүртэл дулаанаар хангаагүй бөгөөд энэ хугацаанд сургалт явуулах аргагүй болж өөр байранд нүүх зайлшгүй шаардлага гарсан. Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байсан бол бид гэрээний хугацаанд сургалт явагдаж байх үед давхар зардал гаргах шаардлагагүй. Хүйтэн тав, тухгүй байхад олон хүүхэд өвчилж, эцэг эхчүүд хүүхдүүдээ өөр сургуульд олноор шилжүүлж байсан тул гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй аргагүй байдалд хүрсэн. Энэ талаарх баримтаа хангалттай бүрдүүлж түрээслүүлэгчийн буруугаас гэрээг цуцлагдсантай холбоотой хохирлыг нэхэмжилсэн ч хоёр шатны шүүх хэрэгсэхгүй байгаад гомдолтой байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчид мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлж чадсан байна.

Ц.Батболд нь “Оюуны тулга” дунд сургуульд холбогдуулан “...2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээний төлбөрийг хугацаа хэтрүүлж төлсөн тул алданги 36 600 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний түрээсийн төлбөрийн дутуу 52 200 000 төгрөг, алданги 26 100 000 төгрөг нийт 114 900 000 төгрөг гаргуулах, түрээсийн зүйлийг анхны байдалд оруулахыг даалгах хоёр шаардлага гаргажээ. Хариуцагчийн зүгээс гэрээг цуцалсанд нэхэмжлэгч буруутай гэж үзэж, хохирол 68 056 710 төгрөг гаргуулах  сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй байна.

Түрээсийн зүйл нь нэг боловч зохигчид нь өөр өөр нөхцөл бүхий хоёр түрээсийн гэрээ байгуулсан, хоёр гэрээний дагуу түрээслэгч буюу хариуцагч нийт 477 000 000 төгрөг төлсөн талаар маргаагүй байна. Харин эхний гэрээний дагуу алданги төлөх эсэх, 2 дахь гэрээг цуцалсан тул нэхэмжлэгч нь “түрээсийн төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл тооцно” гэсэн бол хариуцагч нь “түрээсийн байрыг ашигласан 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд төлнө” гэж маргажээ.

Хоёр шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан хэлцлийг түрээсийн гэрээ гэж үзэж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 318.3 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч Ц.Батболдын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Бага тойруу Сүхбаатарын гудамжны 13/1 тоот байршилтай, 1 370 м.кв талбайтай, зоорийн хамт 3 давхар үл хөдлөх эд хөрөнгийн 1,2 дугаар давхрыг сургуулийн үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар ашиглах, нөгөө тал нь төлбөр төлөх тохиролцоо нь түрээсийн гэрээний шинжийг агуулжээ.

1.Эхний түрээсийн гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 21 сарын хугацаатай байгуулж, гэрээний хугацаанд түрээслэгч нийтдээ 430 200 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн, гэрээ дуусгавар болоход хариуцагч нь 357 000 000 төгрөг төлж 73 200 000 төгрөг төлөөгүй байсан үйл баримтыг зохигчид маргаагүй байна.

Дээрх гэрээг дуусгавар болсны дараа зохигчид нь 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар түрээсийн гэрээ байгуулж, гэрээний гол нөхцөлийг шинээр тохиролцжээ. 

2 дахь гэрээг байгуулснаас хойш хариуцагч нийтдээ 120 000 000 төгрөг төлсөн байх ба хоёр шатны шүүх 48 000 000 төгрөгийг илүү төлсөн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 212 дугаар зүйлийн 212.1.-д заасан зохицуулалтад нийцээгүй байна. Хариуцагч нь түрээсийн төлбөрийг илүү төлж байгаа бус өмнөх гэрээний үүргийг гүйцэтгэж байгааг шүүх  дүгнэж чадаагүй байна.

Иргэний хуулийн 212 дугаар зүйлийн 212.1.-д зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол хэд хэдэн үүргээс аль нэгийг сонгож гүйцэтгэх эрхийг үүрэг гүйцэтгэгч эдэлнэ. Үүрэг гүйцэтгэгч “Оюуны тулга” дунд сургууль түрээсийн төлбөр илүү төлөөгүй, өмнөх гэрээний үүргийг биелүүлж байсан тул түүний төлсөн 120 000 000 төгрөгөөс эхлээд өмнөх гэрээний үүргийг тооцож, үлдэх хэсэг нь хоёр дахь гэрээний төлбөр гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Оюуны тулга” дунд сургууль нь 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд өмнөх гэрээний үүрэг 73 200 000 төгрөгийг төлж дуусгасан байна. 2015 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар хариуцагч нь өмнөх гэрээний үүргийг биелүүлж дууссан тул энэ хүртэл хугацаанд гэрээгээр тохирсон алдангийг тооцох үндэслэлтэй байхад шүүх үүрэг гүйцэтгэх хугацааг зөв тогтоогоогүй нь буруу байна.

Нэхэмжлэгчийн зүгээс өмнөх гэрээний үүргийг 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх нэмэлт хугацааг тогтоож, хариуцагчид мэдэгдсэн баримт хэрэгт авагджээ. /хх-8/ Хариуцагч нь тогтоосон хугацаанд үүргийг биелүүлээгүй хугацаа хэтрүүлж 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд биелүүлсэн тул гэрээний 3.6-д зааснаар 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээ дуусгавар болсон 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны 92 хоногт алданги тооцоход /92х183 00/ 16 836 000 төгрөг болно. Хариуцагч нь түрээсийн төлбөр 73 200 000 төгрөгийг төлсөн тул зөвхөн нэмэлт үүрэг болох хугацаа хэтрүүлсний алданги төлөх үүрэгтэй байжээ. Тийм ч учраас нэхэмжлэлийн шаардлага 114 900 000 төгрөгт эхний гэрэнд хамаарах шаардлагад түрээсийн үлдэгдэл төлбөр 73 200 000 төгрөг байхгүй, зөвхөн алданги 36 000 000 төгрөг багтсан байгааг шүүх анхаараагүй нь буруу байна. Иймд эхний гэрээний дагуу хариуцагч нь алданги 16 836 000 төгрөг төлөх үүрэгтэй. Энэ талаар буюу өмнөх гэрээний үүргийг биелүүлсэн үйл баримтыг дүгнэж чадаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

2.Дулааны шугам гэмтсэнээс хариуцагч нь зориулалтын дагуу түрээсийн зүйлийг ашиглах боломжгүй болсон тул гэрээг цуцлах талаар 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн байх ба уг мэдэгдэлд гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөр цуцлахыг дурджээ. /хх-78, 80/ Ийнхүү түрээсийн зүйлийг 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэн өгч, хоёр дахь түрээсийн гэрээ цуцлагдсан, хариуцагч нь түрээсийн байрыг хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд түрээсийн төлбөрийг төлнө. Хоёр дахь гэрээг байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээг цуцалсан өдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч нь 72 000 000 төгрөгийн төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд 46 800 000 төгрөг төлж, 25 200 000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд хариуцагч нь хоёр дахь гэрээний дагуу 25 200 000 төгрөгийг төлөх үүрэгтэй ба үүнээс түрээслэгчийн хөрөнгө оруулалт 12 300 000 төгрөгийн 30% болох 3 690 000 төгрөгийг хасахыг гэрээгээр тохирсон, энэ талаар нэхэмжлэгч зөвшөөрсөн тул 21 500 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй.

Хоёр дахь гэрээнд алданги төлөхийг заасан боловч урт хугацаатай учраас алданги төлөхгүй гэж тохиролцсон гэх зохигчдын тайлбарыг үндэслэн алданги тооцоогүй хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Иймд хариуцагч нь түрээсийн 2 гэрээний дагуу нийт 38 336 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзнэ.

Харин “Оюуны тулга” дунд сургууль нь нэхэмжлэгчтэй байгуулсан түрээсийн гэрээг цуцалсны улмаас хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 318 дугаар зүйлийг зөрчөөгүй байх тул хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлын энэ хэсгийг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/4440 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1407 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 232 дугаар зүйлийн 232.6., 186 дугаар 186.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Оюуны тулга” дунд сургуулиас 38 336 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Батболдод олгож, нэхэмжлэлээс 76 564 000 төгрөгийг болон шилэн хаалтыг буулган, анхны байдлаар хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Ц.Батболдод холбогдох 68 056 710 төгрөг гаргуулах тухай “Оюуны тулга” дунд сургуулийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар нэхэмжлэгч Ц.Батболдын төлсөн 737 000 төгрөг, хариуцагч “Оюуны тулга” дунд сургуулийн төлсөн 498 234 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч “Оюуны тулга” дунд сургуулиас 349 630 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Батболдод олгосугай” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 706 405 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.ЦАГААНЦООЖ

                                    ШҮҮГЧ                                                П.ЗОЛЗАЯА