Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 507

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн “4” дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 30-12 тоотод оршин суух Ж.Х,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, Их тойруу хаягт байрлах, Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, 

Гуравдагч этгээд: Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 30-12 тоотод оршин суух Б.Г*******, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2001 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор олгогдсон 0091281 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Монгол Улсын Төрийн Өмчийн хороо 2013 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд хандах нь зүйтэй гэж хариу өглөө. Миний аав Д.Ж******* нь 1995 оноос хойш мартамхай /тэнэгрэх өвчин/ өвчтэй болж бусдын асрамж, анхааралд амьдрах болсон. Аав маань бусдад өөрийн өмсөж яваа хувцасаа өгөх, хүн дагаад явах, цонхоороо шээх зэрэг өөрийн үйлдлийг ойлгох чадваргүй байсан тул ээж маань аавыг үргэлж  асарч хамгаалж байдаг байсан бөгөөд 1998 оны 8 сард ээжийг нас барахад аав маань ханиа алдсанаа ойлгох чадваргүй болсон байсан. Мөн манай төрсөн дүү Ж.Г нь 1998 оны 12 сард нас барахад мөн л үүнийг ойлгох чадваргүй байсан.

Манай аав Монгол-Оросын хамтарсан “М” нэгдлийн үйлдвэр техникийн хэлтсийн даргаар олон жил үр бүтээлтэй ажилласан бөгөөд 1986 онд тус байрыг анх ашиглалтанд орох үед Баянзүрх дүүргийн 5-р хороо 15-р хорооллын 30-р байрны 12 тоот орон сууцыг эзэмшүүлсэн бөгөөд 2001 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор хувьчилж 0091281 тоот гэрчилгээ олгож өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.

Гэтэл манай аавд өөрийн ажиллаж буй компаниас олгосон байранд том ах Ж.Х*******  нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт уг байрыг бүртгүүлэхдээ өөрийн гэр бүлийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэн улмаар 2002 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өөрөө өөртөө бэлэглэлийн гэрээ хийлгүүлэн өмчлөн авсан байна.

Энэхүү бэлэглэлийн гэрээгээр өмчилж авсан үйлдэл нь өөрөө, өөрийнхөө үйлдлийг ойлгох чадваргүй аавын минь эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Учир нь аав маань надад болон миний төрсөн эгч Ж.Ч нарт энэ байраа үлдээнэ гэж ярьдаг байсан.

Орон сууцыг хувьчлах болон Улсын бүртгэлд бүртгүүлэх үед Ж.Ч болон Ж.Х миний бие тус байранд амьдардаг байсан. Манай аав Д.Ж******* нь 4 хүүхэдтэй байсан бөгөөд бусад хүүхдүүдийг мэдээгүй байхад хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн үйлдэл нь бусад өмчлөгч нарын эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна. Энэ нь Төрийн байгууллага болох хувьчлах товчооны хариуцлагагүй үйлдэл болно.

Иймд Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2001 оны 07 дугаар сарын 30-ны 14 дүгээр тогтоолоор олгогдсон 0091281 тоот гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна” гэжээ. 

Хариуцагч Нийслэлийн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо “М нэгдэл”-ийн 30 дугаар байрны 12 тоот 3 өрөө сууц нь 2001 онд иргэн Д******* овогтой Ж*******ын нэр дээр 4 ам бүлтэй хувьчлагдсан байна.

Иргэн Д.Ж*******ын байраа хувьчлан авахыг хүссэн өргөдөлд ам бүлийг нь тодорхойлсон хорооны Засаг дарга болон эрх бүхий байгууллагуудын тодорхойлолт хавсрагдсан байдаг ба эдгээр нотлох баримтууд Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт хадгалагдсан болно. Орон сууц хувьчлагдсан дараа үүссэн Бэлэглэлийн гэрээтэй холбоотой асуудал тус Орон сууц хувьчлах товчоонд хамааралгүй болно.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Д.Г*******гийн хувьд уг орон сууцанд 1992 оноос хойш аав Д.Ж*******, нөхөр Ж.Х*******, хүү Х.Т******* нарын хамт амьдарч ирсэн. 2002 оны 2 дугаар сарын 11-ний өдөр аав Д.Жигмэд-Очир өөрийн биеэр нотариат дээр очиж, бэлэглэлийн гэрээгээр манай нөхөр Ж.Х*******, хамтран эзэмшигчээр Д.Г******* болон хүү Х.Т******* нарт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 30 дугаар байрны 12 тоот 3 өрөө орон сууцыг дээрх 4 хүнд Орон сууц хувьчлах товчоогоор хувьчилсан. Бэлэглэлийн гэрээ нь зөвхөн Д.Ж******* нь өөрийн хувьд ногдох хэсгийг төрсөн хүү Ж.Х*******т шилжүүлэн өгсөн. Энэ нь хууль ёсны дагуу үл хөдлөх хөрөнгийг нотариатаар гэрчлүүлсэн. Маргаад байгаа байранд Д.Г******* нь нэг өдөр ч амьдарч байгаагүй. Д.Ж*******ыг асарч байсан гэдэг нь худлаа. Д.Г******* нь 2008 оноос хойш хүү Х.Т*******ыг Солонгос улсад сургахаар явж, одоогоор байр түрээслээд амьдарч байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Ж.Хээс шүүхэд гаргасан “Баянзүрх дүүргийн 5-р хороо 15-р хорооллын 30-р байрны 12 тоот орон сууцыг 2001 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор хувьчилж 0091281 тоот гэрчилгээ олгож өмчлүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн доорх нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1278 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д заасныг баримтлан Ж.Хийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн байна. 

Маргаан бүхий захиргааны актын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д заасан захиргааны үйл ажиллагаа байх бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан байгууллага, албан тушаалтны шийдвэртэй холбоотой маргаан байна.

Д.Ж*******ыг Монгол-Оросын хамтарсан “М нэгдэл”-д ажиллаж байх үед буюу 1983 онд байгууллагаас нь 3 өрөө орон сууц олгож, 2001 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хувьчлагдах хүртэл уг байранд Д.Жигмэд-Очир нь орон сууцны өмчлөгч болох “М нэгдэл”-тэй орон сууц хөлслөх гэрээг байгуулан амьдарч байсан байна. 

Д.Ж******* нь түүний төрсөн хүү болон Ж.Х*******, түүний эхнэр Б.Г*******, хүү Х.Т******* нарын хамт амьдарч байсан тул тэднийг ам бүлийн тоондоо оруулж, 4 ам бүлээр бүртгэгдэж, Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг/ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй” гэж заасны дагуу хууль ёсны эзэмшигч болох Д******* овогтой Ж*******т “М нэгдэл”-ийн Орон сууцны ашиглалтад хяналт тавих, хуваарилалтын асуудлыг эрхлэх комиссын 2001 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны протоколыг үндэслэн Баянзүрх дүүргийн 5-р хороо 15-р хорооллын 30-р байрны 12 тоот орон сууцыг өмчлүүлсэн бөгөөд 2001 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор хувьчилж 0091281 тоот өмчлөлийн гэрчилгээ олгожээ. 

Д.Ж*******оос 2001 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд өргөдөл гаргасан бөгөөд орон сууцыг хамтран эзэмших эрх бүхий гишүүдэд Д.Ж*******, Ж.Х*******, Б.Г*******, Х.Т******* нарын нэрсийг дурдсан ба байрны үнэлгээ, ашиглалтын байцаагчийн болон хорооны Засаг даргын тодорхойлолт, орон сууц өмчлөгч, орон сууц хөлслөгчийн хооронд байгуулсан гэрээ зэргийг хавсаргасан байна. 

Орон сууц хувьчлах тухай хуулийн 161 дугаар зүйлийн 1.1-д заасан бүрэн эрхийн дагуу сууц эзэмшигч Д.Ж******* өөрөө өргөдлөө гаргасан бөгөөд хуульд заасан шаардлагаар ам бүлийн тоо, гэр бүлийн гишүүдийн овог нэр болон холбогдох мэдээллийг орон сууц хувьчлан авах өргөдөлдөө тусгажээ. 

Д.Ж*******ын орон сууц хувьчлан авах өргөдлийг үндэслэн Орон сууц хувьчлах товчоо нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг явуулж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын 30 дугаар байрны 12 тоот орон сууцыг өргөдөл гаргагч болон түүний гэр бүлийн гишүүдэд өмчлүүлж, 2001 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор хувьчилж 0091281 тоот гэрчилгээ олгосон нь хууль ёсны дагуу үйлдэл болжээ. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа эцэг Д.Ж******* нь сэтгэцийн өвчтэй байсан тул өөрийн үйлдлээ хянах чадваргүй учир байраа хүү Х*******ын гэр бүлийнхнийг ам бүлдээ оролцуулан хувьчилж авсан, улмаар өөрт оногдох хэсгийг хүү Ж.Х*******таа бэлэглэсэн гэж дурдсан боловч Д.Ж*******ыг сэтгэцийн өвчтэй байсныг тогтоосон шүүхийн шийдвэр болон холбогдох нотлох баримт байхгүй байна. 

Түүнчлэн Д.Ж******* нь 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхэд өөрийн хурууны хээг дарсан, “маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр өөрийгөө тогтоолгохыг хүссэн” нэхэмжлэлийн шаардлагыг орон сууцаа хувьчилж авснаас хойш 7 жилийн дараа гаргаж байснаас үзэхэд түүнийг 2001 онд өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй, тэнэгрэх буюу сэтгэцийн өвчтэй байсан гэх байдлыг үгүйсгэж байна. 

Иймд нэхэмжлэгч Ж.Хээс шүүхэд гаргасан “Баянзүрх дүүргийн 5-р хороо 15-р хорооллын 30-р байрны 12 тоот орон сууцыг Д.Ж*******т 2001 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор хувьчилж 0091281 тоот гэрчилгээ олгож өмчлүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орон сууц хувьчлах тухай хуулийн 161 дугаар зүйлийн 1.1, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2.1, 18.2.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Хийн “Баянзүрх дүүргийн 5-р хороо 15-р хорооллын 30-р байрны 12 тоот орон сууцыг Д.Ж*******т 2001 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор хувьчилж 0091281 тоот гэрчилгээ олгож өмчлүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ОЮУМАА