Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2017/0391

 

 

 

 
2017 оны 06 сарын 02 өдөр     Дугаар 221/МА2017/0391             Улаанбаатар хот


Х.Е-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2017/0022 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээд, хариуцагч нарын давж заалдах гомдлоор, Х.Е-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 110/ШШ2017/0022 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х-с аймгийн Засаг даргад холбогдуулах гаргасан аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/472 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 22 дугаар зүйлийн 22.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Е-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/504 дүгээр захирамж, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ерөнхий архитекторын албан тушаалд Х.Е-ыг эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3.225.717 /гурван сая хоёр зуун хорин таван мянга долоон зуун арван долоо/ төгрөгийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга давж заалдах гомдолдоо: “... Аймгийн Ерөнхий архитектор Г.М нь 1998 онд төрийн захиргааны албанд анх орж ТЗ-4 зэрэглэлээр ажиллаж, төрийн албаны мэргэшлийн шалгалтад орж тэнцэн, 1999 онд аймгийн Засаг даргын 33 дугаар захирамжаар зэрэглэлээ ахиулан ТЗ-5-аар цалинжиж байсан төрийн захиргааны жинхэнэ албан хаагч мөн бөгөөд 2000 онд төрийн албанаас хууль бусаар чөлөөлөгдсөн, 2002 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Улсын Дээд шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдож урьд ажиллаж байсан албан тушаалд хэвээр үргэлжлэн ажиллаж байсан ба аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2003 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар тушаалаар өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар орон тоо нь хасагдан төрийн албанаас чөлөөлөгдсөн боловч Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 2.2.3, 4.2 дугаар заалт, Төрийн албаны тухай хуулийн 23.4, 23.5 дахь заалтын дагуу нөөцөд байгаад тооцогдож 2014 онд эргэж мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст төрийн жинхэнэ албан хаагч болон мэргэжилтнээр томилогдон ажилласан.
Г.М нь аймгийн ерөнхий архитектороор томилогдохоос өмнө аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст 2014 оноос 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл нийт 2,8 жил барилга архитектур, орон нутгийг хөгжүүлэх сан, төлөвлөлт, жижиг дунд үйлдвэр хариуцсан ажилтнаар ТЗ-5 зэрэглэлээр ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч тул Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2016 оны 1/1117 тоот зөвлөмж, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т аймаг, нийслэлийн ерөнхий архитекторыг 4 жилийн хугацаагаар аймгийн Засаг дарга томилон гэж заасны дагуу Г.М-ын мэргэжил, ажлын туршлага, мэргэшсэн байдал зэргийг харгалзан үзэж аймгийн Засаг даргын 2016 оны Б/504 дугаар захирамжаар аймгийн ерөнхий архитектороор томилсон.
Харин нэхэмжлэгч Х.Е-ыг “Өөрийн хүсэлтийн дагуу Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны Б/13 дугаар захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Уг захирамжийн 1 дүгээр заалтад “Тус чөлөөт бүсийн захирагчийн албаны хот төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Х.Е нь өөрийн хүсэлтээр ... шилжин ажиллах болсон тул 2016 оны 6-р сарын 27-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ. Өөрөөр хэлбэл Х.Е нь тухай байгууллагын ажлын зайлшгүй шаардлага, элдэв шахалт, зүй бус шаардлагаар бус зөвхөн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн нь дээрх захирамжийн 1 дүгээр заалтаар нотлогдож байгаа юм.
Энэхүү захирамжийн үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 22.1-ийг дурдсан боловч албан ажлын зайлшгүй шаардлагаар бус зөвхөн Х.Е-ын өөрийн хүсэлтээр чөлөөлсүгэй гэж захирамжийн 1 дүгээр заалтад тусгаж баталгаажуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 болон 17 дугаар зүйлийн 17.7-д тус тус зааснаар цаашид төрийн албаны нөөцөд бүртгэх боломжгүй юм. Учир нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан Насихатын гэрчийн мэдүүлгээр манайд ерөнхий архитекторын сул орон тоонд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд захиалга ирүүлсэн боловч төрийн албаны салбар зөвлөлөөс Х.Е-ыг томил гэж утсаар мэдэгдсэний дагуу Е-ыг тус албан тушаалд томилсон юм гэж мэдүүлсэн байна. Уг мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд ямар нэгэн хүний хэлсэн үгээр биш хууль журмын дагуу сонгон шалгаруулалт явуулж түүний дүнгээр төрийн албаны салбар зөвлөлөөс дүгнэлт гарч хуулийн дагуу томилогдох ёстой гэж үзэж байна.
Үүнээс үзэхэд Х.Е нь одоо төрийн жинхэнэ албан хаагч биш, төрийн албаны нөөцөд бүртгэлгүй бөгөөд цаашид төрийн албанд эргэж орох нөхцөлд дээрх хуулийн заалтын дагуу дахин мэргэшлийн шалгалтад орох ёстой.
Тухайн үед Х.Е нь Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын сул орон тоонд өрсөлдөж нөөцөд бүртгэгдсэнээр төрийн албаны салбар зөвлөлөөс нэрийг маань дэвшүүлэн чөлөөт бүсэд төрийн жинхэнэ албан хаагч болж томилогдсон гэсэн байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба Х.Е нь төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтад ороогүй зөвхөн төрийн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орсон байна. Үүнийг төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн гэж үзэх боломжгүй учир нь УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолын 40 дүгээр зүйлд тодорхой зааж өгсөн мөн Х.Е-ын шалгалт өгсөн гэсэн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын сул орон тоонд өрсөлдөж 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Төрийн албаны салбар зөвлөлийн 11 дүгээр тогтоолоор нөөцөд бүртгэгдсэн гэсэн боловч тус тогтоол нь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн архивд байхгүй байна.
Х.Е нь дээрх хуульд заасан заалтууд болон ажлын туршлага, мэргэжил, мэргэшлийн түвшин зэрэг шалгууруудыг хангахгүй байгаа тул аймгийн Ерөнхий архитектороор томилох боломжгүй ба анхнаасаа хууль бус томилогдсон гэж үзэж байна.
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2017/0022 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч давж заалдах гомдолдоо: “... Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын /цаашид ГХБХБГазар гэх/ дарга асан Х.Насихат нь тус газарт “аймгийн ерөнхий архитектор бөгөөд хот байгуулалтын хэлтсийн дарга”-аар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан Б.М-ын оронд Цагааннуурын чөлөөт бүсийн захирагчийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Хайсанай овогтой Есенболыг аймгийн ерөнхий архитектороор 2016 оны Б/16 дугаар тушаал гарган ямар нэгэн сонгон шалгаруулалт хийлгүйгээр шууд томилсноор дараах хэд хэдэн хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:
Х.Е нь урьд нь Цагааннуурын чөлөөт бүсийн захирагчийн 2016 оны Б/13 дугаар захирамжаар өөрийн хүсэлтээр төрийн албанаасаа чөлөөлөгдөж байсан тул Төрийн албаны тухай хуулийн 24.1.3, 17.7-д зааснаар төрийн өөр албанд эргэж ороход дахин мэргэшлийн шалгалтад орох ёстой боловч Х.Н нь хуульд заасан журмыг зөрчиж аймгийн ерөнхий архитектороор шууд томилсон.
Цагааннуурын чөлөөт бүсийн захирагчийн Б/13 дугаар захирамжид Х.Е-ыг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэж захирамж гарсан бөгөөд ажлын зайлшгүй шаардлагаар шилжүүлсэн тухай огт дурдагдаагүй байна.
Аймгийн ГХБХБГазрын дарга асан Х.Н нь Х.Е-ыг аймгийн ерөнхий архитектороор томилохдоо Төрийн албаны тухай хуулийн хуулийн 17.1, 17.3, 17.4-д зааснаар сул орон тоонд сонгон шалгаруулалт хийгээгүй.
Аймгийн ГХБХБГазрын харьяа дээд байгууллага болох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 24-ний Б/65 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 13 дугаарт бичигдсэн “Аймгийн ерөнхий архитектор бөгөөд хот байгуулалтын хэлтсийн дарга” гэсэн бүтэц орон тоог “аймгийн ерөнхий архитектор”, “барилга угсралт, техник хяналт хариуцсан мэргэжилтэн бөгөөд хэлтсийн дарга” гэж тусдаа салгаж томилон дээрх тушаалыг зөрчсөн.
Эцэст нь Аймгийн ГХБХБГазрын дарга асан Х.Н нь “Хот байгуулалтын тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан аймгийн Засаг даргын бүрэн эрхийг зөрчиж өөрийн эрх үүрэгт үл хамаарахгүй асуудлаар 2016 оны Б/16 дугаар тушаал гарган аймгийн ерөнхий архитектороор Х овогтой Е-ыг томилсон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дугаар заалтын дагуу илт хууль бус бөгөөд гарсан цагаасаа хууль зүйн үйлчлэлгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Энэхүү илт хууль бус тушаалыг ГХБХБГазрын даргын албанд шинээр томилогдсон миний бие 2016 оны Б/21 дүгээр тушаалаар “Хот байгуулалтын тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасныг үндэслэл болгон Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу Х.Н-ын 2016 оны Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгож, Х.Е-ыг аймгийн ерөнхий архитекторын ажлаас чөлөөлсөн минь хууль зүйн үндэстэй гэж үзэж байна. Гэвч иргэн Х.Е нь миний 2016 оны Б/21 дүгээр тушаалыг эс зөвшөөрч аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Хот байгуулалтын тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т аймгийн Засаг дарга аймгийн ерөнхий архитекторыг 4 жилийн хугацаагаар томилно гэж заасан байхад дээрх хуулийг Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга асан Х.Н-ыг Х.Е-ыг томилох эрх бүхий этгээд гэж үзэн шүүхээс үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Өнгөрсөн хугацаанд аймгийн ерөнхий архитекторыг орон нутагт томилохдоо “Хот байгуулалтын тухай хууль”-ийн 9.1.2-т заасныг ноцтой зөрчиж аймгийн ГХБХБГазрын даргын тушаалаар томилж чөлөөлж иржээ. Учир нь аймгийн ерөнхий архитектор нь Хот байгуулалтын газар олголтод шууд оролцдог, Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйл, аймгийн ерөнхий архитекторын дүрмийн заалт ёсоор аймгийн орон нутгийн удирдлагад мэргэжлийн зөвлөмж өгөх төрийн захиргааны албан тушаалтан байгаа тул үүнийг ГХБХБГазрын даргын тушаалаар томилж чөлөөлөн, гар хөлөө болгож өөрийн эрх мэдэлд байлгах, хот тосгоны барилгажилт газар олголтыг замбраагүйдүүлэх, хот суурин газрын эдэлбэр газрын зориулалтыг дураараа өөрчлөх хэрэгсэл болгох сонирхлын үүднээс албаар ийм хууль бус томилгоо хийж ирсэн.
Иймд аймгийн ерөнхий архитекторыг “Хот байгуулалтын хууль”-ийн 9 дүгээр зүйлийн дагуу аймгийн Засаг дарга томилж, архитектор нь газар олголтод аймгийн Засаг даргын нэрийн өмнөөс хяналт хэрэгжүүлэх нь “Хот байгуулалтын тухай хууль”-ийг хэрэгжүүлэхэд амьдрал практикт зайлшгүй шаардлагатай асуудлын нэг юм.
Ингээгүйгээс болоод Баян-Өлгий аймагт 2012- 2016 оны хооронд Өлгий сумын Засаг даргаас Өлгий хотын ерөнхий төлөвлөгөөг ноцтой зөрчиж газар доорх инженерийн шугам сүлжээний дээр нь барилга барих, зөвшөөрөлгүй газар олгож Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль зөрчсөн тухай МХГазараас дүгнэлт гарсан байна.
Энэхүү хууль зөрчиж ирсэн буруу хэвшлийг Х.Е-ын аав нь овжин ашиглаж өөрийн танил талыг ашиглан тэдэнтэй үгсэн хуйвалдаж байж ажлын туршлагагүй хүү Х.Е-ыг 2016 оны орон нутгийн сонгуулийн өмнөхөн 6 дугаар сарын 27-ны өдөр хууль бусаар томилуулан амжсан байна.
Ингэж үгсэн хуйвалдсан нь ГХБХБГазрын дарга байсан Х.Н-ын шүүхэд гаргасан гэрчийн тайлбарт “аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.М Х.Е-ыг томил гэж утастсанаар би томилсон” гэснээр батлагдаж байгаа юм.
Иймд 2016 оны Б/21 дүгээр тушаалыг хэвээр үлдээж, анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 110/ШШ2017/0022 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгохыг хүсье” гэжээ.
Гуравдагч этгээд Г.М давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх 110/ШШ2017/0022 тоот шийдвэр гаргахдаа хуулийг буруу хэрэглэсэн талаар:
Нэхэмжлэгч Х.Е нь Баян-Өлгий аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан “Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын” орон тооны сонгон шалгаруулалтад орж, 67.9 оноогоор тэнцэж, Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгдсэн байхад Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 29 дүгээр тогтоолоороо Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6.2.2 дахь заалтыг үндэслэж Х.Е-ыг Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн албаны “Хот төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн”-д нэр дэвшүүлсэн нь Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл хууль тогтоомжийг илтэд зөрчиж хууль бус эрхийн акт гаргасныг илтгэж байна.
Тухайлбал: Х.Е нь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 11 дүгээр тогтоолоор “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулалтад” оролцож, 67.9 оноогоор тэнцэж нөөцөд бүртгэгдсэн байна.
Энэ нь Улсын Их Хурлын 2003 оны 05 сарын 08-ны өдрийн “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг баталсан УИХ-ын 13 дугаар тогтоолоор зохицуулагдана.
Гэтэл Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл нь Х.Е-ыг 2016 оны 05 сарын 25-ны өдрийн “нэр дэвшүүлэх тухай” 29 тоот тогтоолоор Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн албанд мэргэжилтнээр “нэр дэвшүүлэхдээ” төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг баримталсан нь тогтоосон журмуудыг зөв ялгаж хэрэглээгүйг илтгэж байна.
Зүй нь 2003 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн УИХ-ын 13 дугаар тогтоолыг баримтлах ёстой байсан. Учир нь Х.Е нь 2016 онд төрийн албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орсон тул Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоол түүнд хамаарахгүй болно.
Иймд Х.Е-ыг “нэр дэвшүүлэх тухай” Баян-Өлгий аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 29 тоот тогтоол илт хууль бус эрхийн акт юм...
Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүйгээс анхан шатны шүүхийн 2017 оны 110/ШШ2017/0022 тоот шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй талаар:
Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/65 тоот тушаалаар “Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүтэц орон тоог” батлахдаа 1.Газрын удирдлагын хэлтэс, 2.Барилга хот байгуулалтын гэсэн хоёр хэлтэстэй байхаар тогтоож, тушаалын 1 дүгээр хавсралтын 13 дахь заалтад “Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга бөгөөд аймгийн Ерөнхий архитектор” гэж орон тоог баталсан байхад Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга асан Х.Н нь “Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга бөгөөд аймгийн Ерөнхий архитектор”-ын орон тоонд ажиллаж байсан Б.М өндөр насны тэтгэвэрт гарч сул орон тоо буй болоход Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2015 оны Б/65 тоот тушаалаар батлагдсан орон тоог дур мэдэн өөрчилж, албан тушаалын эрх мэдлийг хэтрүүлэн “Барилга хот байгуулалтын хэлтсийн даргын” орон тоог салгаж “аймгийн Ерөнхий архитекторын” орон тоог тустай буй болгож, хууль бус шийдвэр гаргасан нь нотлогдсоор байхад шүүх нотлох баримтад “зохигчид маргаагүй” хэмээн үзэж дүгнэлт хийгээгүй нь шүүх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас үнэлээгүй, хэргийг хэт нэг талыг баримталж шийдвэрлэсний нотолгоо юм.
Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга асан Х.Н нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/16 тоот тушаалаар Х.Е-ыг “аймгийн Ерөнхий архитекторын” албан тушаалд томилохдоо төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан “... төрийн жинхэнэ албан хаагчаас үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингээр сонгон шалгаруулах журмаар уг орон тоог нөхнө” гэсэн заалтыг баримталсан мөртлөө мон хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг зөрчиж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан “ерөнхий” 33 дугаар зүйлийн 33.5-д заасан “тусгай” шаардлага болон, тухай ажлын байрны тодорхойлолтын “В” хэсэгт заасан болзол шаардлагыг хангахгүй байгаа Х.Е-ыг томилсон явцад анхан шатны шүүхээс үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй байна. Тухайлбал: Ажил олгогчоос гаргаж өгсөн “Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга бөгөөд аймгийн Ерөнхий архитекторын ажлын байрны тодорхойлолтын “В” хэсэгт “Архитектор, Хот байгуулалтын архитектор, дизайны мэргэжилтэй, уг мэргэжлээр хоёроос доошгүй жил ажилласан байх тусгай шалгуур тавьсан байгаа юм. Гэтэл тухайн албан тушаалд томилогдсон Х.Е нь 2012 онд Турк улсаас “Ландшафт болон ногоон байгууламжийн архитектур” мэргэжлээр Ойн ангийн факультетыг төгссөн нь түүний нотлох баримтаар өгсөн 1238 тоот дипломын хуулбараар батлагдаж байна.
“Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга бөгөөд аймгийн Ерөнхий архитекторын” орон тоонд “Ландшафт болон ногоон байгууламжийн архитектур” мэргэжлийн хүнийг томилж байгаа нь ажлын байрны тодорхойлолтын” “В” хэсэгт заасан тусгай шаардлагыг илтэд зөрчсөнийг шүүх нотлох баримтын хүрээнд зөв үнэлж “дотоод итгэлээр” үнэлж чадаагүйг харуулж байна.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “... үйл ажиллагааны үр дүн мэргэжлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар орон тоог нөхнө” гэснийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга асан Х.Н 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/16 тоот тушаал гаргахдаа ноцтой зөрчсөнийг шүүх нотлох баримтыг үнэлэхдээ зөв үнэлээгүй.
Учир нь Х.Е нь төрийн албанд Цагааннуурын чөлөөт бүсэд томилогдохоос өмнө “нэгч хоног” ажиллаж байгаагүй бөгөөд Гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд 2012-2015 онуудад ажилласан гэх ганц тодорхойлолтоос өөр түүнийг албан тушаал эрхэлж байсныг нотлох тушаал, шийдвэр алга байна. Аливаа хүний “ажиллаж байсныг” хөдөлмөрийн тухай хуулийн дагуу тушаал шийдвэрээр нотлох учир Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэж ажиллаж байсныг нотлох боломжгүй. Хувиасаа төлж болох тул ажилласныг нотлох эрхийн акт биш юм. Х.Е нь Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн албанд “Хот төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн”-ээр томилогдож 7 хоног ажилласан хүн юм.
Эдгээр нотлох баримтууд хавтаст хэрэгт байсаар байтал анхан шатны шүүх нотлох баримтыг үндэслэлтэй эргэлзээгүй талаас үнэлэх талаарх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг зөрчсөн.
Нэхэмжлэгч Х.Е нь шүүхэд өгсөн нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж аймгийн ерөнхий архитектороор томилогдсон Г.М-ыг урьд өмнө төрийн албаны шалгалтад ороогүй, түр ажиллаж байсан гэж үзэн Г.М-ыг томилсон аймгийн Засаг даргын 2016 оны Б/504 дүгээр захирамжийг хүчингүй болгох хүсэлтийг шүүхэд гаргаж, Г.М намайг аймгийн ерөнхий архитектороор томилсон аймгийн Засаг даргын 2016 оны Б/504 дүгээр захирамжийг анхан шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд нийцээгүй гэж хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.
Учир нь аймгийн ерөнхий архитектор Г.М миний бие 1998 онд аймгийн Засаг даргын тамгын газрын Төлөвлөлт санхүү эдийн засгийн бодлогын хэлтэст дэд бүтэц хариуцсан мэргэжилтнээр анх орж аймгийн Засаг даргын 1998 оны 04 дүгээр сарын 15-ны 92 дугаар захирамжаар анх түр томилогдон нэг жилийн дараа аймгийн Засаг даргын 1999 оны 03 сарын 03-ны 37 дугаар захирамжаар зэрэг дэв, цалингийн зэрэглэлээ ахиулан үргэлжлүүлэн ажиллаж байсан маань төрийн жинхэнэ албан хаагч мөн болохыг гэрчилж байна.
Г.М миний 1998 онд төрийн албаны шалгалтад орсон тухай материалууд тухайн үеийн аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын хариуцлагагүйгээс олон хүний материалын хамт алга болж хадгалагдан үлдээгүй байгаа нь тухайн төрийн албан хаагчийн буруу биш юм.
Мөн Г.М миний бие аймгийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт санхүү эдийн засгийн бодлогын хэлтэст дэд бүтэц хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байх хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийн өөрчлөлт хийхэд аймгийн Засаг даргын 2000 оны 12 дугаар сарын 28-ны 294 дүгээр захирамж гарч ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдөж эргээд Улсын Дээд шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 22-ны 183 дугаар тогтоолоор ажилдаа эргүүлэн тогтоож байсан нь миний төрийн албаны жинхэнэ албан хаагч мөн болохыг давхар баталж байгаа юм.
Нөгөө талаар би 2002 онд дээд шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдоод үргэлжлүүлэн ажиллаж байгаад 2003 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 03 дугаар тушаалаар өөрөөсөө үл хамаарах шалтгаанаар орон тоо маань хасагдаж ямар нэгэн ажилд орохгүйгээр хариуцаж буй ажлаасаа чөлөөлөгдсөн болно.
Ингээд ажлаасаа 2003 онд өрөөсөө үл хамаарах шалтгаанаар чөлөөлөгдөж эргээд 2014 оны 01 дүгээр сарын 27-нд аймгийн Засаг даргын Тамгын газарт эрчим хүч, дэд бүтэц барилга, архитектур хариуцсан мэргэжилтнээр эргэж орох хүртэл Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 2.2.3, 4.2-т зааснаар төрийн албаны нөөцөд хэвээр байсан.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас Г.М намайг барилгын салбарт он удаан жил үр бүтээлтэй ажиллаж байсан туршлагатай, төрийн албаны нөөцөд хэвээр байгааг харгалзан нэр дэвшүүлэн сонгон шалгаруулж 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн эрчим хүч, дэд бүтэц барилга, архитектур хариуцсан мэргэжилтнээр томилсон бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 2 жил 8 cap төрийн захиргааны жинхэнэ албан тушаалд /ТЗ-5/ тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж байсан. Энэ бүхэн нь Г.М миний бие төрийн жинхэнэ албан хаагч мөн болохыг хөдөлшгүй баталж байгаа юм.
Аймгийн Засаг дарга А.Г-с Г.М намайг аймгийн ерөнхий архитектороор томилох үед аймгийн Засаг даргын Тамгын газар буюу холбогдох бусад хэлтэс агентлагуудад өөр архитектор мэргэжилтэй, төрийн захиргааны чиглэлээр мэргэшсэн төрийн захиргааны албанд он удаан жил ажиллаж байгаа хүн байгаагүй бөгөөд хот суурин төлөвлөлтийн архитектор мэргэжилтэй, Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтийг төрийн удирдлагын менежер цолтой төгссөн, он удаан жил барилгын захиалагчийн хяналтын инженер, барилгын улсын байцаагч зэрэг ажлыг хийж аймгийн барилгын салбарын бодлогыг хариуцан ажиллаж байсан, аймаг болон сумдын хүн ам, нийгэм соёлын талаар өндөр мэдлэгтэй, орон нутагт тохирох Хот байгуулалтын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах чадвартай гэж үзэн аймгийн ерөнхий архитектороор ажиллах ажлын байрны шаардлагыг илүү хангаж байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу, Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн аймгийн Засаг даргад хүргүүлж байсан 2016 оны 1/1117 тоот зөвлөмжийг харгалзан үзэж “Хот байгуулалтын тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шууд томилсон болно.
Иймд энэхүү давж заалдах гомдлын үндсэн дээр анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2017/0022 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийн зөв тайлбарлан хэрэглэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч Х.Е нь “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/472 дугаар, 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/504 дүгээр захирамжийг, мөн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, аймгийн Газрын харилцаа, хот, байгуулалтын газрын ерөнхий архитекторын ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 6 сар 7 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажил олгогчоос нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад холбогдуулан гаргажээ.
Баян-Өлгий аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар “Баян-Өлгий аймгийн Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны хот төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Х.Е-ыг өөрийнх нь саналыг харгалзан албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцсон” гэх үндэслэлээр аймгийн ерөнхий архитекторын ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар томилжээ.
Гэтэл Баян-Өлгий аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар “Баян-Өлгий аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгосугай” гэж Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасныг үндэслэн аймгийн ерөнхий архитектороор ажиллаж байсан Х.Е-ыг ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Тодруулбал, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “аймаг, нийслэлийн ерөнхий архитекторыг 4 жилийн хугацаагаар томилох” гэж зааснаар аймгийн ерөнхий архитекторыг аймгийн Засаг дарга нь томилох байтал Баян-Өлгий аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар нэхэмжлэгч Х.Е-ыг аймгийн ерөнхий архитетороор томилсон нь хууль зөрчсөн гэж хариуцагч Баян-Өлгий аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч дээрх тушаалыг гаргажээ.
Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын 07 дугаар тушаалаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүтэц, орон тоог баталсан бөгөөд уг тушаалын хавсралтаар “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга 1 орон тоотой, газрын харилцааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн 1 орон тоотой” гэж заасан байна.
Мөн “Хот байгуулалтын тухай хуульд зааснаар ерөнхий архитекторын эрх, үүрэг нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын чиг үүрэгт хамаарна. Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар тушаалаар Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ерөнхий архитекторын үүрэгтэй ажиллахаар баталсан болно” гэсэн Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1/114 дүгээр албан бичгийг Баян-Өлгий аймгийн Засаг даргад хүргүүлж байжээ.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын “аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах” 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/65 дугаар тушаалын хавсралтад “Барилга, хот байгуулалтын хэлтэс” гэж тодорхойлон “хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектор” гэж орон тоог баталсан байна.
Уг тушаалд “аймгийн Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектор” гэж байгаагаас үзэхэд Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “аймаг, нийслэлийн ерөнхий архитекторыг 4 жилийн хугацаагаар томилох” гэж заасан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргыг томилох, чөлөөлөхөд хамаарах хуулийн зохицуулалт юм.
Өөрөөр хэлбэл, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргыг томилох, чөлөөлөх шийдвэр гаргах эрхийг дээрх хуулиар аймгийн Засаг даргад олгосон. Харин өөрийн бүтэц, орон тоонд хамаарах ажилтан,  албан тушаалтныг ажилд томилж, чөлөөлөх шийдвэрийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газрын дарга гаргах эрхтэй гэж үзлээ.
Тиймээс Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “аймаг, нийслэлийн ерөнхий архитекторыг 4 жилийн хугацаагаар томилох” гэж заасныг үндэслэн Х.Е-ыг төрийн албанаас чөлөөлж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж заасныг хариуцагч зөрчсөн байна.
Дээрх үйл баримтаас дүгнэхэд “аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ерөнхий архитектор” гэх ажил, албан тушаалаас Х.Е-ыг чөлөөлсөн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/21 дүгээр тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзлээ.
Нэгэнт нэхэмжлэгч Х.Е-ыг ажлаас чөлөөлсөн дээрх тушаал хууль бус болох нь тогтоогдсон тул түүний өмнө эрхэлж байсан Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ерөнхий архитекторын албан тушаалд Г.М-ыг томилсон аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/504 дүгээр захирамжийг хүчингүй болгох нь зөв бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Мөн анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Баян Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын даргын түр орлон гүйцэтгэгчээр К.Б-ыг томилсон” тухай аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/472 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.
Тиймээс эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
                                                                                ТОГТООХ нь:
     1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2017/0022 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
     2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


                    ШҮҮГЧ                         Г.БИЛГҮҮН
                    ШҮҮГЧ                         О.НОМУУЛИН
                    ШҮҮГЧ                         Э.ХАЛИУНБАЯР