Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2024/05298

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, шүүгч Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Д******* ХХК,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ц.Б-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 116 014 339 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******, М.А*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.С*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Ц*******,

Гуравдагч этгээд Ц.Б*******,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Г*******,

Иргэдийн төлөөлөгч Б.С*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч П.Э******* нь хариуцагч Д******* ХХК-д холбогдуулан гэм хорын хохирол 116 014 339 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1.П.Э******* миний бие Д ХХК-д 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Бичиг хэргийн ажилтанаар ажилд орсон. Манай ажилчид Улаанбаатар хотоос ажилдаа ирж очихдоо байгууллагаас гаргаж өгсөн машинаар явдаг бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 18.00 цагт ажлаасаа тараад Улаанбаатар хот руу хамт ажилладаг 13 хүний хамт Д аймгийн Х сумын нутаг дэвсгэрт байрлах, Т компаны Ханги мандал дахь кемпээс компаниас гаргаж өгсөн ДГО улсын дугаартай автомашинаар Улаанбаатар хот руу явж байх замд Д аймгийн У сумын нутаг дэвсгэрт явж байхад машины зөв талын урд дугуй салж унаснаас машин 2 удаа өнхөрч хамт явсан ажилчид жолооочийн хамт ямар нэгэн хэмжээгээр бэртэл гэмтэл авцгаасан тул 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гэмтлийн MBG хувийн эмнэлэгт нэгдсэн журмаар хэвтэцгээж эмчлүүлсэн. Миний хувьд хүндэвтэр гэмтэж, тус эмнэлэгт 20 хоног хэвтэн эмчлүүлсэн бөгөөд одоо ч ажилдаа орж чадахгүй эмчлүүлж байна. Тухайн осол болсон асуудлыг шалгаад Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт гаргасан боловч Д ХХК-аас эмчилгээний зардалд 1 000 000 төгрөг өгснөөс өөр ямар ч тусламж дэмжлэг үзүүлээгүй байна. Би албан ажилдаа өөрийн Note book-ыг ашиглаж байсан гэртээ харихдаа авч харьдаг, мөн 3 ширхэг гар утас эвдэрсэн, зүүж явсан монетон гинж мөн монетон 2 ээмэгний өрөөсөн нь алга болсон байсан. Монетон гинжээ 624 000 төгрөгөөр, ээмгээ 584 000 төгрөгөөр 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хамтад нь худалдан авч байсан. Авсан үнээр нь нэхэмжилнэ. Notebook /Samsung/ 2017 онд БНСУ-иас захиж 4 000 000 төгрөгөөр авч байсан, одоо 3 000 000 төгрөгөөр үнэлнэ. Эвдэрсэн гар утаснуудаа өөрөө бэлэн мөнгөө гаргаж засуулсан. IPhone XS маркын гар утсаа 380 000 төгрөгөөр, IPhоne 13 pro тах маркын утсаа 4 649 900 төгрөгөөр 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр худалдан авч байсан ба 55 000 төгрөгөөр засуулсан. IPhоne-5 маркын гар утсаа одоо засуулж амжаагүй байна. 1 өдөрт 11 цаг ажилладаг ба эхний 14 хоногийг энгийнээр энгийн тариф 6 000 000 төгрөг байдаг ба нэхэмжлэл бичих өдөр хүртэл 5 171 730 төгрөг гарч байгаа юм. Цаашид мэдрэлийн эмчийн байнгын хяналтанд байх ба ялтаст хагалгаанд орох шаардлагатай гэсэн, энэ нь бүтэн унтуулгатай ордог, эрсдэл өндөртэй гэсэн ба 2023 оны 5 дугаар сард товлодсон байгаа. Иймд Д ХХК-аас гэм хорын хохиролд  2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл ажиллаагүй хугацааны цалин 5 171 730 төгрөг, эмчилгээнд одоогоор гарсан зардал 1 142 000 төгрөг, гар утасны засварын үнэ 435 000 төгрөг, Notebook 3 000 000 төгрөг, Монетон ээмэг, гинж 1 208 000 төгрөг, Д аймгаас өмгөөлөгч авсны хөлс 3 000 000 төгрөг, бусад зардал нийт 14 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. 2022 оны 6 дугаар сараас 12 сар хүртэл үйлдвэрлэлийн осолд ороод ажилгүй байсан хугацаа нийт 8 сар, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон хугацаа 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 1 жил 32 542 650 төгрөг, үйлдвэрийн осолд орсон үеэс хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хийлгэхийг даалгах, 2022 оны 6 сараас 12 сар хүртэл эмчилгээний зардал нийт 1 810 101 төгрөг, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, сувилуулах зэрэг зайлшгүй зардал 1 692 620 төгрөг, захиалан авсан амин дэм 426 700 төгрөг, 2023 оны 01 сард MBG гэх гэмтэл согогийн эмнэлэгт хагалгаа, эмчилгээ үйлчилгээ зардалд 3 000 000 төгрөг, 2022 оны 12 сарын 01-ний өдрөөс 03-ны өдрийн хооронд Д аймгийн З сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүхийн шүүх хуралд оролцох замын зардал нийт 283 200 төгрөг нийт 39 755 181 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэжээ.

1.3.Нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д заасныг үндэслэн сэтгэцийн хор уршигийг арилгах, нөхөн төлбөрт тооцон 40 975 000 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Хариуцагч нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах үүрэгтэй тул сэтгэцийн хор уршгийн зэргийг 5-р зэрэглэл буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46 дахин нэмэгдүүлснээс 149 дахин нэмэгдүүсэнтэй тэнцэх хүртэл буюу 40 975 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

1.4.Нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Үүнд, хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааны 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаа сунгасан нийт 19 525 536 төгрөг, 2023 оны 4 дүгээр сараас 2024 оны 4 дүгээр сар хүртэл эм, хагалгааны үе болон хагалгааны дараах эмчилгээний зардал 1 758 622 төгрөг, нийт 21 284 158 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчийн үйлдвэрлэлийн осолд орсон үеэс хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг хийлгэхийг даалгуулахаар тус тус нэмэгдүүлж, нийт 116 014 339 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

1.5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Тухайн үед 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 05 цагийн үед Д аймгийн А суманд үйл ажиллагаа явуулдаг Д ХХК нь байгууллагын зүгээс гаргаж өгсөн ДГО улсын дугаартай, япон маркийн тээврийн хэрэгсэлд сууж Д аймгийн С сум руу зорчиж тэндээс Улаанбаатар хотод 14 хоног амрахаар явж байсан. Д аймгийн У сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт шороонд замд тус тээврийн хэрэгсэлийн зүүн талын дугуй салсын улмаас онхолдож, зам тээврийн осолд өртсөн 13 хүнийг 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр очиж 20 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Нэхэмжлэгчийн хувьд хэд хэдэн хагалгаанд орсон. Тухайн үйл явдлаас хойш хоёр ч удаа хагалгаад орсон байгаа, одоо нэг хагалгаа хүлээгдэж байгаа. Ослын үүссэн гэмтлээс болж нэхэмжлэгч нь удаа дараагийн олон удаагийн хагалгаанд орж байгаа. Эдгээр үйл баримтууд хавтас хэргээр авагдсан байгаа. Ингээд тус хэрэгт Д аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар зүйлийн 27.10.1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж тухайн хэргийг шалгаж 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шийтгэх тогтоолоор шийтгэсэн байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл гэмтсэн, бэртсэн нь үнэн гэхдээ жолооч нь хариуцах ёстой гэсэн байдлаар тайлбарлаж байна. Бид нар бол жолоочтой ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй. Хөдөлмөрийн гэрээгээр хариуцагч Д ХХК-тай нэхэмжлэгч нь бичиг хэргийн ажил албан тушаалд томилогдож эрх зүйн хөдөлмөрийн харилцаа үүссэн байдаг. Компанийн зүгээс гаргаж өгсөн автомашинд сууж байгаад хүнд осолд орж одоо Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын  2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 553591 дугаартай шийдвэрээр бүсэлхийн нурууны хугарал-4, ердийн жагсаалтын-1, 10, 13 заалтаар хөдөлмөр чадвар алдалтыг 50 хувь буюу 12 сараар 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тогтоосон байдаг. Хариуцагч талаас 9 сарын тэтгэмж, урьдчилгаа болон сүүл цалинг шилжүүлсэн гэж тайлбарлаж байна. Энэ нь тухайн үед осолд орсон байсан листний мөнгө орж байгаа болохоос байгууллагаас цалин хөлс олгож байгаа зүйлс биш. Мөн хариуцагчийн тэтгэвэр авч байгаа талаар дэлгэрэнгүй хэлээд түүнийгээ хохиролд тооцож авсан гэж ярьж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Мөн Амар даатгалаас 10 000 000 төгрөгийн нөхөн төлбөр олгосон. Бид нар гэмт хэргийн улмаас хохирч, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. Энэ мөнгөө шаардаж байгаа. Цалин хөлсний тухайд бид олох ёстой байсан орлогоо шаардаж байгаа. Өөрөөр хэлбэл  бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, энэхүү эрүүл мэнд, гэм хор учруулсанаас холбогдох гарсан зардал, нэмэгдэл хоол, өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газарт сувилуулах зэрэг зайлшгүй хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжилж байгаа. Гэтэл эмчийн жороор эм ёстой байсан тэр нь хуульд нийцнэ, харин орифлэймийн нэмэлт витаминуудыг хохирол төлбөрт орохгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд зөвхөн шүүхэд баримт бүрдүүлэх гэж аваагүй, захын хэрэглээний зүйлсээ аваад тэрэнд нь гутлын өнгөлөгч орсон байх. Харин орифлэймийн бүтээгдэхүүнийг Сүхбаатар дүүргийн эмчийн бичиж өгсөн жорын дагуу худалдаж авсан байдаг.Тэгэхээр хуульд нийцсэн баримтуудыг нэхэмжлэгч гаргаж өгч байгаа. Түүнчлэн эд хөрөнгийн хохиролд ээмэг, гар утас, нөүтбүүк гэж ярьж байна. Хамт ажиллаж байсан хүмүүс нь эрүүгийн хэрэгт мэдүүлэг өгсөн байдаг. Мөн өөрөө хохирогчоор асуугдаж байх үедээ яагаад мэдүүлээгүй гэхээр тухайн үед эмнэлэгт маш хүнд хагалгаанд орсон хагас унтуулгын байдалтай байхад нь мөрдөгч нэг удаа ирж мэдүүлэг тайлбар авсан байдаг. Түүний дараа биечлэн ирж уулзаж мэдүүлэг тайлбар аваагүй, утсаар ярьдаг. Тэгээд биеийн байдал нь сайжраад дээрдэх үедээ эд зүйлсээ ослын улмаас алдсан эдвэрсэн эд зүйлсээ хэлсэн байдаг. Тухайн үед мөрдөгч энэ талаар дахиад танаас мэдүүлэг тайлбар авна гэж хэлсэн боловч аваагүй. Маш богино хугацаанд шалгаж шийдээд хэрэг маргааныг 5 сарын хугацаанд шийдвэрлэсэн байдаг. Тийм учраас тухайн үед мөрдөгчдөө хэлж байсан боловч тодруулж мэдүүлэг, тайлбар аваагүй байдаг. Нэхэмжлэгч нь ажлаа хийж явж байгаад эд хөрөнгө болон эрүүл мэндээрээ хохирсон нөхцөл байдал тогтоосон байхад бид нар Амар даатгалаас гарч байгаа мөнгө болохоос үндсэндээ манай компаниас 10 000 000 төгрөгийн нөхөн олговор олгосон гэж байгаа. Мөн цалин гэж шилжүүлсэн мөнгө нь тухайн үед нийгмийн даатгалын сангаас орж ирж байгаа листний мөнгө тэрнээс компаниас цалин олгоод байгаа асуудал байхгүй. Олох ёстой байсан орлогоо нэхэмжилж байгаа. Нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл эрүүл мэнд болон эд хөрөнгөөрөө хохирчихоод явж байна, хоёр ч удаа сунгуулсан явж байгаа, дараагийн сунгалтыг тодорхой бичиг баримтаа үзүүлээд шинжилгээнд хамрагдаж байж сунгагдах байх гэж бодож байна. Тэгэхээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шаардаж байгаа 116 014 339 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.С******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сард Зам тээврийн осолд орж хөдөлмөрийн чадвар алдалтаа 50 хувиар алдсан. Үүнийг бид бүхэн мэдэж байгаа. Ингээд гуравдагч этгээдээр оролцож байгаа Ц.Б*******ыг тухайн үед эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх зүйл заалтаар Д аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байдаг. Манайх анхнаасаа ослын улмаас үүссэн гэм хор нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар буюу зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж маргаж байсан. Гэхдээ иргэний хариуцагчаар тогтоогдсон байна гээд нэхэмжлэгч талаас манайд холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч цалингийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо осолд орсон үе буюу 2022 оны 05 дугаар сараас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд өнөөдрийг хүртэлх хугацааны цалинг нэхэмжилсэн байдаг. Гэхдээ цалин хөлс нэхэмжлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтаас харахад Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн  505.1 дэх хэсэгт бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан.  Үүнд дутуу авсан цалин хөлс гэж байгаа. Нэхэмжлэгч нь дутуу авсан цалин хөлс биш үндсэндээ дундаж цалингаа өөрсдөө тодорхойлооод дундаж цалингаа нийт сар, хугацаагаар үржүүлж гаргаж ирж нэхэмжлээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Яагаад гэвэл нэхэмжлэгч нь компаниас үйлдвэрлэлийн осол гэж тооцсон, Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд зааснаар тухайн хүнд 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгсөн. Мөн нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгох хүртэл компаниас авсан цалин хөлс нийт 3 439 314 төгрөгийг нэхэмжлэгч рүү шилжүүлсэн баримт байдаг. Үүнийг бид баримтаар гаргаад өгсөн байгаа. Үүнд 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1 424 857 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр урьдчилгаа цалин гэсэн гүйлгээний утгатай 540 463 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10 сарын урьдчилгаа цалин 736 995 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр сүүл цалин 736 999 төгрөг, нийт 3 439 314 төгрөгийг шилжүүлсэн. Мөн нэхэмжлэгч нь 2020 оны 23 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл хөдөлмөр чадвар алдалтаа 50 хувь алдсан учир 579 684 төгрөгөөр тэтгэвэр нь тогтсон байдаг. Үүнтэй холбоотой баримтуудыг гаргуулахаар манайхаас хүсэлт гаргаад хавтас хэрэгт гаргаж өгсөн. Үүнээс харахад нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл 6 478 104 төгрөгийн тэтгэвэр, 2024 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 6 579 684 төгрөг нийт 12 854 628 төгрөгийн тэтгэвэр авсан байдаг. Мөн Амар даатгал ХХК-иас хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдуулан 10 000 000 төгрөгийн нөхөн төлбөр олгосон байдаг. Уг Амар даатгал ХХК нь Д ХХК-тай гэнэтийн ослын даатгал байгуулдаг. Гэхдээ даатгалын зүйлийг дотор нь хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн олговор гэж байдаг. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвар алдаад өвчтэй байх хугацаандаа нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаа. Үүнээс гадна компани ажил олгогчийнхоо хариуцлагын хүрээнд даатгалаар цалин хөлснөөс дутуу аваад байгаа орлогыг өгөх зорилгоор уг гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээнд зааснаар нэхэмжлэгч 10 000 000 төгрөгийг авсан. Мөн орон тооны бус судлан бүртгэх комиссоос  үйлдвэрлэлийн осолд орсон гэж үзэж хуульд заасны дагуу 9 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг олгосон байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу оногдох зохих тэтгэвэр, тэтгэмжээ авсан учраас цалинг хөлсийг бүхэлд нь нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ талаарх буюу тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой баримтаа нэхэмжлэгч нь хэрэгт гаргаж ирдэггүй. Нийгмийн даатгал, шимтгэл төлөлтэй холбоотой тайлбарлахад 2022 оны 05 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдчихсөн байгаа. Холбогдох баримтуудыг гаргаж өгсөн. Харин нөгөө нийгмийн даатгал шимтгэлийн нөхөн төлүүлэх нь хуулиараа хариуцагч хариуцах үндэслэлгүй. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.19, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг тухайн мөрдөгдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс даатгуулагчийн төлөх хур хэмжээгээр тооцож үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэмжийг даатгалын сангаас тэтгэврийн сан төлнө гэж байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг манай компаниас хариуцах үндэслэл байхгүй. Харин эм тариатай, эмчилгээтэй холбогдуулан тайлбар хэлэхэд нэхэмжлэгч баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрдүүлсэн үү гэдэг нь эргэлзээтэй байгаа. Эрүүгийн шүүх хуралдаанд зарим баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Гэхдээ тухайн үед нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж хүлээж аваагүй. Тэдгээр баримтуудтай холбоотой тайлбар шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэлсэн байдаг. Баримтууд дунд нэг газраас маш олон зарлагын баримт бичүүлсэн авсан байдаг. Үүнийгээ юу гэж тайлбарладаг гэхээр манай бэр ажилладаг байсан учраас авсан гэж хэлсэн байдаг. Бид хүн бэртсэн, гэмтснийг ойлгож байгаа, харамсаж байгаа. Гэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу баримтуудаа гаргаж өгөх нь зүйтэй. Мөн осол болсны дараа анхан шатны болон нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэсэн бүх эмчилгээний зардлуудыг гаргаж өгч байсан. Энэ талаар баримтуудыг шүүхэд гаргасан байгаа.  Компанийн зүгээс осолд өртсөн хүмүүст нэг шаардлага тавьж байсан нь компанийн нэр дээр төлбөрийн баримт үүсгүүлээд ир тэгвэл хамаагүй төлье гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл компанийн нэр дээр нэг ч төлбөрийн баримт үүсгэж ирээгүй. Түүнээс эмчилгээг үгүйсгэсэн зүйл огт байхгүй. Тийм учраас эмчилгээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас хагалгааны 3 000 000 төгрөг баримттай байгаа. Мөн асаргаа, сувилалтай холбоотой зардлын хувьд өдөр тутмын амьдралын ахуйн хэрэглээний зүйлсийг авсан байдаг. Тэр дунд гутлын тос авсан баримт хүртэл явж байдаг. Энэ нь гэм хортой яаж холбогдож байгаа нь тодорхойгүй байна. Түүнчлэн орифлэймийн нэмэлт бүтээгдэхүүн гэж ярьж байна. Бид бүхэн эм, эмчилгээг эмчийн заавраар жор бичиж өгдөг. Үүний дагуу худалдаж авдаг. Гэтэл орифлэймийн барааг хэн хэрэглэ гэсэн юм осолд орсон шалтгаан нөхцөлтэй нь хамааралтай юм уу гэдэг нь тодорхойгүй. Тийм учраас уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

2.1.Хариуцагчийн өмгөөлөгч Л.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч компанийн эрх, хууль ёсын ашиг сонирхлыг хамгаалж дараах тайлбарыг хэлье. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхой ярилаа. Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу гэм хорын хохирол буюу гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол нэхэмжилж байна гэж ойлгож байна. Эд хөрөнгийн хохиролд нөүтбүүк 3 000 000 төгрөг, монетон гинж, ээмэг 1 208 000 төгрөг, утасны засвар 435 000 төгрөг нийт 4 643 000 төгрөгийг нэхэмжилж байна. Гэтэл нэхэмжилж байгаа эдгээр эд хөрөнгө нь эрүүгийн хэрэгт огт шалгагдаагүй, эд хөрөнгийн хохирол нь хохирогч П.Э*******т гэмт хэрэг гарах үед өөрт нь байсан эсэх нь тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулж хэлбэл нэхэмжлэгч нь тухайн гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор оролцохдоо 3 удаа хохирогчоор мэдүүлэг өгсөн. Энд эрүүл мэндийн хохирлын асуудлаа яриад байгаа болохоос эд хөрөнгийн талаар огт мэдүүлж, шалгуулах хүсэлт гаргаж байгаагүй. Хэрэг мөрдөх ажиллагааны явцад хохирлын баримтаар гаргаж өгөөд шалгуулах бүрэн боломжтой байсан. Хоёрдугаарт хэрвээ иргэний шүүхэд зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирол гэж нэхэмжилж байгаа бол ослын үед өөрт нь байсан гэдгээ тодорхойлсон нотлох баримтыг гаргаж өгөх ёстой байсан. Гэтэл хэрэгт гаргаж өгч байгаа баримтууд нь засварласан, худалдаж авсан гэсэн баримтууд байсан. Тийм учраас эд хөрөнгөд учирсан хохиролд нэхэмжилж байгаа 4 643 000 төгрөг нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тул төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа авсан гэж өмгөөлөгчийн зардал 3 000 000 төгрөг нэхэмжилсэн байдаг. Өмгөөлөгчийн зардлыг гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол хор уршигт гаргуулвал зохих төлбөр гэж үзэхгүй. Учир нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дахь хэсэгт заавал өмгөөлөгч оролцох субьектыг тодорхой заасан байдаг. Тодруулбал хохирогч П.Э*******ийн хэрэгт заавал өмгөөлөгч авах заалтад хамаарахгүй, өөрийн сайн дурын үндсэн дээр авч болохоор хуульчилсан. Мөн Эрүүгийг хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох санхүүжүүлэх журмыг Засгийн газар батлана гэж заасан. Уг журмын 2.6.6 дахь хэсэгт насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлсэн гэрээнд заасан хэмжээгээр заасан байдаг. Энэ тохиолдолд зайлшгүй өмгөөлөгч авна гэж заасан байгаа тул өмгөөлөгчийн хөлс гаргуулах үндэслэлгүй байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн зардлыг хасаж тооцож өгнө үү. Гуравдугаарт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан нөхөн төлбөрт 40 975 000 төгрөг нэхэмжилсэн. Уг гэмт хэрэг 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гарсан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан бөгөөд тухайн хуульд энэ хэсгийг буцаан хэрэглэх талаар дурдаагүй. Мөн Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасан. Иймд сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хуулийн зохицуулалтыг хэрэгжиж ирсэн. 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх өдөр нь хамаарахгүй байх тул нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.

 

3.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Г******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ц.Б******* нь 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Д аймгийн Х сумын нутаг дэвсгэрт байрлах Т компаний Ханги мандал дахь кемпнээс Д ХХК-ийн зөвшөөрлөөр 14 хоногийн ээжлийн ажлаас буусан 13 хүнийг машинаараа хүргэж өг гэсний дагуу тээвэрлэж хүргэж өгөх явцдаа машины дугуйны гэмтлийн улмаас онхолдож авто осол гарсан. Нэхэмжлэгч П.Э******* нь Д ХХК-ний 2020 оны 10 сарын 18-ны өдрийн тушаалаар бичиг хэргийн ажилтаны ажил албан тушаалд томилогдож хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан байдаг. Гэрээнд зааснаар талбайд ажиллах цалин хөлсийг хариуцах мөн ээлжийн ажлаас буух тохиолдолд компаний зүгээс авто машинаар  бүрэн хангаж, Улаанбаатар хотруу хүргэж, аюулгүй байдлыг хангахаар гэрээнд тусгаж оруулсан байна. Иймд нэхэмжлэгч П.Э******* нь нэхэмжлэлийг иргэний хуулийн 498 дугаар зүйлтийн 498.5-д зааснаар иргэний хариуцагчаар ХХК болон Д ХХК хариуцах ёстой гэж үзэж байна. Ц.Б******* нь тухайн ослын улмаас өөрийн машин маань ямар ч засвар авах боломжгүйгээр эвдэрч эд материалын их хохирол учирсан. Мөн өөрийн  маань биеийн байдал гэмтлийн улмаас өвчинтэй байгаа. Би хэдийгээр тухайн осол болох үед автомашиныг жолоодож явсан боловч дээрх компаний ээлжээс буух үед буусан ажилчдыг хүргэж өгөх үүргийг гэрээгээр хүлээсэн үүрэг байхгүй,  зөвхөн Д ХХК болон Фед транс ХХК-иуд гэрээгээр хүлээсэн үүрэгтэй. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцах үндэслэлгүй байна.

Миний үйчлүүлэгч Ц.Б******* нь 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байхад нь нэхэмжлэгч компанийн зүгээс ажилчдыг хүргэх унаа байхгүй байна, хүргээд өгөөч гэдэг шалтгаанаар гэрт нь очиж гуйсан байдаг. Ингээд нэхэмжлэгч компанийн ажилчдыг хүргэх зорилгоор Д аймаг явах замд дээрх зам тээврийн осол болсон. Миний үйлчлүүлэгчийн хувьд Д аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж ял шийтгэл хүлээсэн байдаг. Би хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй санал нэгтэй байна. Үүнд сэтгэцэд учирсан нөхөн төлбөрт 40 975 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёрдугаарт цалин хөлсийг бүхэлд нь нэхэмжилж байгаа. Үүн дээр мөн хариуцагч талын гаргасан тайлбарыг зөвшөөрч байна. Мөн эм, тариатай холбоотой зарим баримтууд тодорхойгүй, баримтын шаардлага хангаагүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд 8-11 насны 4 хүүхэдтэй, хөдөө амьдардаг, эрхэлсэн ажилгүй, машинаараа хэрэглээний мөнгө олдог, эхнэр нь маш хүнд өвчтэй байнгын асаргаатай байдаг. Ерөнхийдөө бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан тайлбартай санал нэг байна гэв.

 

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 202.09.06-ны өдрийн 0553 дугаартай итгэмжлэл, 2022.05.22-ны өдрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, Д ХХК-ийн 2022.07.04-ний өдрийн тодорхойлолт, 2022.09.12-ны өдрийн П.Э*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, цалин бодолт, эрүүл мэндийн үзлэг, эмчилгээний төлбөрийн баримтууд, Iphone 13 promax гар утас худалдаж авсан төлбөрийн баримт, 2021.11.30-ны өдрийн алт, мөнгөн эдлэл худалдсан тухай зар бичиг, 2022.07.27-ны өдрийн гар утас, засвар үйлчилгээний баталгаат засварын хуудас, 2022.07.27-ны өдрийн 2215035186 барьцаат зээлийн гэрээ, тоот дансны дэлгэрэнгүй хуулга, тоот дансны дэлгэрэнгүй хуулга, 2022.08.26-ны өдрийн хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, фото зурагнууд,  2023.01.12-ны өдрийн 0051 дугаартай итгэмжлэл, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, мөнгөн шилжүүлгийн баримт, тоот дансны дэлгэрэнгүй хуулга, гараар бичсэн банкны зарлага, эмчилгээний зардал, вагоны билет, Oriflame-н худалдан авалтын баримт, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, Рефлекс мэдрэлийн эмнэлгийн шинжилгээний дүгнэлт, цахилгаан шинжилгээ, Соронзон резонанст томографийн шинжилгээ, MBG эмнэлгийн бичиг, дүрс оношилгооны шилжилгээний хариу, харшлийн эм, эмчилгээний төлбөрийн баримтууд, өрхийн эмчийн бичиг, дүрс оношилгооны зураг,  / 1хх 1-60, 81, 135-163,  2хх 68-99, 242-250, 3хх 1-5, 6-14,  хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.10.10-ны өдрийн 22/089 дугаартай итгэмжлэл, 2023.02.27-ны өдрийн 23/050 дугаартай итгэмжлэл,  П.Э*******ийн тэтгэмжийн зардлын мэдээлэл, 9-н сартай тэнцэх тэтгэмжийн баримт, 2023 оны 01 сарын сүүл цалингийн тооцоолол, 2022.05.25-ны өдрийн төлбөр тооцооны хүсэлт, 2022.05.22-ны өдрийн нэхэмжлэх, 2022.11.18-ны өдрийн төлбөрийн баримт, төлбөрийн баримтууд, 2022.03.01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020.10.18-ны өдрийн 2020/55 дугаартай ажилд авах тухай тушаал, 2023.01.05-ны өдрийн 2023/Б-12 дугаартай нөхөн олговор ба урт хугацааны чөлөө олгох тухай тушаал, ажлын байрны тодорхойлолт, ХГ20/27 дугаартай хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 01 сараас 2022 оны  5 сар хүртэлх хугацааны ээлжийн график, 2022 оны 01 сараас 2022 оны 6 сар хүртэлх хугацааны цалингийн тооцоолол,  2021.01.20-ны өдрийн 2021/Б-37 тоот “Туршилтын хугацааг дуусгавар болгон жинхлэн ажиллуулах тухай” тушаал, дундаж цалин хөлс, Амар даатгалын 2023.04.10-ны өдрийн 23/04-030 дугаартай мэдэгдэл, Д ХХК-ийн шилжүүлгийн хуулга, Голомт банкны гүйлгээний баримт, Д ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, П.Э*******ийн цалин хөлс, НДШ-ийн төлөлтийн мэдээлэл, дундын цалин хөлсний мэдээлэл, байгууллагаас нийт олгосон мөнгөн дүнгийн баримт, 2024.02.27-ны өдрийн 24/035 дугаартай итгэмжлэл, 2024.03.29-ний өдрийн 24/035 дугаартай итгэмжлэл, Голомт банкны мемориалын баримтууд, Голомт банкны 2024.09.23-ны өдрийн 10/394 тоот тодорхойлолт, мемориалын баримт, гүйлгээний баримт, Амар даатгал ХХК болон Д ХХК-ийн хооронд байгуулсан 88С2200216 дугаартай даатгалын гэрээ / 1хх 64-66, 99, 101-104, 165-169, 2хх 32-56, 101-119, 145-201, 230-231,  3хх 24-28, 34-36, 44-49 хуудас/ гэсэн баримтуудыг

гуравдагч этгээдээс 2023.06.17-ны өдрийн 0606 дугаартай итгэмжлэл, Д аймаг Х сумын эрүүл мэндийн төвийн 2024.12.03-ны өдрийн 88 дугаартай тодорхойлолт /2хх 28, 3хх 50 хуудас/ гэсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Д аймгийн З сум дахь цагдаагийн газраас 2022.06.08-ны өдрийн 22000068 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, Д аймгийн З сум дахь сум дундын прокурорын газраас 2022.12.02-ны 2022/ШЦТ/104 дугаартай шийтгэх тогтоол, Нийгмийн даатгалын ерөнхий газраас П.Э*******ийн 2022 оны 5 сараас 2023 оны 03 сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, тэтгэвэр, тэтгэмжийн талаарх мэдээлэл, Д аймгийн З сум дахь сум дундын прокурорын газраас 2022.12.02-ны өдрийн ТЭ/137/2022/ШЦТ/104 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс П.Э*******ийн Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийн хэмжээ болон 2023 онд сар бүр олгосон тэтгэврийн мэдээлэл / 1хх 87, 112-118, 128-131, 176-229, 2хх 212-214 хуудас/-ийг нотлох баримтаар бүрдүүлсэн

.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2023.12.20-ны өдрийн 183/ШЗ2023/24012 дугаар шүүгчийн захирамжаар шинжээч томилж, Шүүх шинжилгээний ерөнхий газар дүгнэлт ирүүлсэн байна. /2 хх 216-217 хуудас/ 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч П.Э*******ийн хариуцагч Д ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 17 743 574  төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх  98 270 765 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Д ХХК-нд холбогдуулан уг компанид бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байхдаа 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Д аймгийн Х суманд байрлах ажлын байран дахь ээлжийн ажлаас буугаад Улаанбаатар хот руу явах замдаа зам тээврийн осолд орж, хүндэвтэр гэмтсэний улмаас учирсан хохиролд 116 014 339 төгрөгийг гаргуулах шаардаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодруулсан. Үүнд:

-2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ажиллаагүй хугацааны цалин 5 171 730 төгрөг, 2022 оны 6 дугаар сараас 2022 оны 12 сар дугаар сар хүртлэх ажилгүй байсан 8 сар, 2022 оны 12 дугаар сарын 01-нээс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртлэх 1 жил олгогдоогүй цалин 32 542 560 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааны 2023 оны 12 дугаар сарын 01-нээс 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаа сунгасан нийт 1 жилийн цалин 19 525 536 төгрөг, нийт цалинд 57 239 826 төгрөг,

-нийгмийн даатгалын шимтгэлийг үйлдвэрлэлийн осолд орсон үе болох 2022 оны 5 сараас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг хариуцагчид даалгуулах,  

-эмчилгээний зардал 1 142 000 төгрөг, 2022 оны 6 дугаар сараас 12 дугаар сар хүртлэх эмчилгээний зардал 1 810 101 төгрөг, орифлемээс захиалан авсан амин дэм 426 700 төгрөг, 2023 оны 1 сард МВС Гэмтэл согогийн эмнэлэгт хагалгаа, эмчилгээ үйлчилгээ хийсэн зардал 3 000 000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сараас 2024 оны 4 дүгээр сар хүртлэх эм, хагалгааны үе болон хагалгааны дараах эмчилгээний зардалд 1 758 622 төгрөг, нийт эмчилгээний зардалд 8 137 423 төгрөг,

-эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, сувилуулах зэрэг зайлшгүй зардал 1 692 620 төгрөг,

-сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 40 975 000 төгрөгийг гаргуулах,

-гар утасны засварын үнэ 435 000 төгрөг, зөөврийн компьютер 3 000 000 төгрөг, монетон гинж, ээмэг 1 208 000 төгрөг,

-эрүүгийн хэрэгт өмгөөлөгчийн хөлс 3 000 000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 01-нээс 03-ны хооронд Д аймгийн З сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хуралдаанд оролцох замын зардал 283 200 төгрөгийг тус тус гаргуулна гэж тодорхойлсон.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэгч П.Э*******ийг тус компанид ажиллаж байсан, мөн осол болсон үйл баримтын талаар хүлээн зөвшөөрсөн боловч хуулийнхаа дагуу үүргээ биелүүлж үйлдвэрлэлийн осол, хурц, хордлогыг судлан бүртгэх дүрэмд заасны дагуу үйлдвэрлэлийн осолд тооцон Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1 дэх хэсэгт зааснаар нөхөн төлбөрийг олгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн өгч, даатгалын гэрээгээр мөнгө олгогдсон тул хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн, осол компанийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан этгээд болох Ц.Б******* нь гэм буруутай гэж эрүүгийн хариуцлага хүлээсэн тул хариуцах ёстой, осол болсноос хойших хөдөлмөрийн чадвар алдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн, хохирол нь баримтаар тогтоогдохгүй байгаа тул зөвшөөрөхгүй, сэтгэцэд учирсан гэм хорыг хариуцахгүй гэж үгүйсгэсэн.

 

                4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтууд, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

                4.1.Нэхэмжлэгч П.Э******* нь хариуцагч Д ХХК-нд 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс бичиг хэргийн ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2020/55 дугаар Д ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, 20/27 дугаартай хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

                4.2.Хэрэгт авагдсан 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Д аймгийн З сум дахь сум дундын шүүхийн 2022/ШЦТ/104 дугаарт шийтгэх тогтоолоор Ц.Б******* нь 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 11 цагийн орчимд Д аймгийн У сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт шороон зам дээр ДГО улсын дугаартай УАЗ фургон маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.9а-д “тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтаар 3.4-т “дугуйн булны бэхэлгээ сул, бэхэлгээний эрэг, шурга дутуу найдваргүй бэхлэгдсэн үед замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч П.Э*******, Б.М, М.З нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 479.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар 177 696  төгрөгийг гаргуулж хохирогч П.Э*******т олгохоор шийдвэрлэжээ.

 

                4.3.2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актаар 2021.05.21-ний өдөр гарсан энэхүү зам тээврийн ослын нөхцөл нь Засгийн газрын 2015 оны 269-р тогтоолын хавсралт Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.5-д Ажилтан ажилдаа ирэх, буцах зам (ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд)-даа бүх төрлийн төөврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед заалтад хамаарч байгаа тул энэхүү актыг Хөдөлмөрийн /хөдөлмөрийн эрүүл ахуйн/ хяналтын улсын байцаагчид хүргүүлэн батлуулж холбогдох арга хэмжээг авах шаардлагатай гэж үзсэн байна.

 

                5.Талуудын маргааны зүйл нь гэм хор учруулсны төлбөрийг хэн хариуцаж төлөх эсэх талаар байна, гэм хор учруулсан үйл баримтын талаар маргаагүй байна.

6.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө”, 511 дүгээр зүйлийн 511.3-д “энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж зааснаар шаардах эрхтэй байна.

6.1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-д “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан бөгөөд хариуцагчид энэ үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.

6.2.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч П.Э******* нь хариуцагч байгууллагад бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан, хариуцагч нь ажилтны ажилдаа ирэх, буцах зардлыг хариуцах хууль болон гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ээлжийн ажлаасаа буусан нэр бүхий 13 ажилтныг ДГО улсын дугаартай УАЗ фургон маркийн тээврийн хэрэгслээр Д аймгаас Улаанбаатар хот хүртэл тээвэрлүүлэх үед Д аймгийн У сумын нутаг дэвсгэрт мөн өдрийн 11 цагийн орчимд зам тээврийн осолд орж, уг ослын улмаас нэхэмжлэгчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан үйл баримтын талаар зохигч маргаагүй.

6.3.Уг зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийн жолооч гэм буруутай боловч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.9а-д заасан хориглох заалтыг хариуцагч байгууллага зөрчиж, тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтод зааснаас илүү зорчигч тээвэрлүүлсэн гэм буруутай эс үйлдэлдээ хариуцлага хүлээсэн ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний хариуцагчаар Д ХХК-ийг татан оролцуулсан, тус хуулийн этгээдээс нэхэмжлэгчийг хохирлоо шаардах эрхтэй талаар шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан байх тул хариуцагчийн хохирлыг хариуцах этгээд биш гэх тайлбар үндэслэлгүй.

 

6.4.Хэрэгт авагдсан баримтуудаар зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан, уг гэмтэлтэй холбоотойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, эрх бүхий байгууллагаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон №0553591 дугаар актаар 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар 12 сараар тогтоосон, мөн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон №0652969 дугаар актаар 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоож 12 сараар сунгаж, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа үйл баримт тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг ажил, хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй болно.

 

7.Иймд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвараа алдсанаас түүний дутуу авсан цалин хөлсийг хариуцагч төлөх үүрэгтэй.

7.1.Нэхэмжлэгч нь хариуцагч Д ХХК-иас 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ажиллаагүй хугацааны цалин 5 171 730 төгрөг, 2022 оны 6 дугаар сараас 2022 оны 12 сар дугаар сар хүртлэх ажилгүй байсан 8 сар, 2022 оны 12 дугаар сарын 01-нээс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртлэх 1 жил олгогдоогүй цалин 32 542 560 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааны 2023 оны 12 дугаар сарын 01-нээс 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаа сунгасан нийт 1 жилийн цалин 19 525 536 төгрөг, нийт цалинд 57 239 826 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг үйлдвэрлэлийн осолд орсон үе болох 2022 оны 5 сараас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг хариуцагчид даалгуулахаар шаардсан.

7.2.Хариуцагч нь нэхэмжлэгчид 9 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжид 9 801 450 төгрөг олгосон болох нь хэрэгт авагдсан Голомт банкны албан бичиг, мемориалын баримт, дансны гүйлгээгээр, Амар даатгалаас 10 000 000 төгрөгний нөхөн төлбөр олгосон болох нь Амар даатгалын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 23/04-030 албан бичиг,  2022 оны 5 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгох хүртэл компаниас цалин хөлсөнд нийт 3 439 314 төгрөгийг нэхэмжлэгч рүү шилжүүлсэн болох нь Голомт банкны цахим гүйлгээний баримтуудаар тогтоогдоно, мөн нийгмийн даатгалын сангаас сар бүр мөнгөн хэлбэрээр тэтгэмж, тэтгэвэр олгогдож байгаа нь нэхэмжлэлээс бүгд хасч тооцогдоно гэж мэтгэлцсэн.

 

7.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дээрх тэтгэмж 9 801 450 төгрөг, даатгалаас олгогдсон 10 000 000 төгрөгийг болон цалинд 3 439 314 төгрөг, нийгмийн даатгалын сангаас сар бүр мөнгөн хэлбэрээр тэтгэвэр авч байгаа талаар маргаагүй боловч энэ нь дутуу авсан цалин хөлснөөс хасч тооцогдохгүй гэсэн. 

 

7.4.Нэхэмжлэгч нь зам тээврийн осолд орсон үеээс эхлэн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон хугацаанд дутуу авсан цалин хөлсийг гаргуулахаар шаардаж дундаж цалинг 1 627 128  төгрөгөөр тооцно гэсэн боловч шүүх нэхэмжлэгчийн цалин хөлсийг тооцохдоо хэрэгт авагдсан хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг үндэслэн нийгмийн даатгалын байгууллагын тогтоосон хэмжээгээр буюу сарын дундаж цалин 1 053 973 төгрөг, 1 өдрийн 49 022 төгрөгөөр, мөн зам тээврийн осолд орсон үеэс ажил эрхлээгүй байх тул хугацааг 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэж, хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг сунгасан 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 631 өдрөөр тооцох нь зүйтэй гэж үзэв. /49 022х631=30 932 882/

 

7.5.Иймд дээрх дутуу авсан цалин хөлснөөс нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжид нийгмийн даатгалын сангаас олгосон буюу Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн баримтаар 2023 онд олгосон тэтгэврийн хэмжээ нь нийт 6 478 104 төгрөг байх тул 2024 оны тэтгэврийн  хэмжээг 579 684 төгрөгөөр тооцож 6 376 524 төгрөг /11сар х 579 684=6 376 524/, нийт 12 854 628 төгрөг, мөн ажил олгогчоос цалин гэж олгосон 3 439 314 төгрөг, нийт 16 293 942 төгрөгийг хасч, цалингийн зөрүүд 14 638 640 төгрөгийг олгож, цалин гаргуулах нэхэмжлэлээс 42 600 886 төгрөгийг хэрэгсэхгүй болгов. /6 478 104+6 376 524=12 854 628+3 439 314=16 293 942, 30 932 882-16 293 942=14 638 940/ 

7.6.Хариуцагч нь Амар даатгалаас нэхэмжлэгчид олгосон 10 000 000 төгрөгийг болон үйлдвэрлэлийн ослын улмаас олгосон нөхөн төлбөр болох 9 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж 9 811 350 төгрөгийг хасч тооцно гэсэн боловч  Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллага нь үйлдвэрлэлийн ослын улмаас нэхэмжлэгчид учирсан хохиролд олгосон төлбөр болон даатгалын нөхөн олговрыг хасч тооцох үндэслэлгүй юм. 

 

7.7.Хариуцагч нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг осолд орсон үеээс буюу 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд бүрэн төлж барагдуулсан гэж тайлбарласаныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүлээн зөвшөөрсөн маргаагүй, хэрэгт авагдсан нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээлэл гэсэн баримтаар тогтоогдож байх бөгөөд харин 2023 оны 12 сарын 01-нээс 2024 оны 12 дугаар сарыг 01-ний хүртлэх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэв. /хх-ийн 1х,129 хуудас/

7.8.Учир нь зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан, 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт үйлдэж, үйлдвэрлэлийн осолд тооцон энэ шалтгааны улмаас нэхэмжлэгчид нийгмийн даатгалын сангаас үйлдвэрлэлийн ослын тэтгэвэр олгож байгаа болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.

7.9.Тиймээс Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.19, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэврийн даатгалын санд төлөгдөж байгаа болно.

 

8.Нэхэмжлэгч нь хариуцагчийг эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг төлөх үүрэгтэй тул  эмчилгээний зардалд 1 142 000 төгрөг, 2022 оны 6 дугаар сараас 12 дугаар сар хүртлэх эмчилгээний зардал 1 810 101 төгрөг, орифлемээс захиалан авсан амин дэм 426 700 төгрөг, 2023 оны 1 сард МВС Гэмтэл согогийн эмнэлэгт хагалгаа, эмчилгээ үйлчилгээ хийсэн зардал 3 000 000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сараас 2024 оны 4 дүгээр сар хүртлэх эм, хагалгааны үе болон хагалгааны дараах эмчилгээний зардалд 1 758 622 төгрөг, нийт эмчилгээний зардалд 8 137 423 төгрөгийг, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, сувилуулах зэрэг зайлшгүй зардал 1 692 620 төгрөгийг, эрүүгийн хэрэгт өмгөөлөгчийн хөлс 3 000 000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 01-нээс 03-ны хооронд Д аймгийн З сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хуралдаанд оролцох замын зардал 283 200 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсан.

8.1.Хариуцагч нь дээрх зардлууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, зайлшгүй гарах зардал эсэх нь эргэлзээтэй гэж маргаад 2023 оны 1 сард хагалгаа, эмчилгээ хийлгэсэн зардал болох 3 000 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэсэн.

8.2.Нэхэмжлэгч нь эмчилгээний зардалд 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ одоогоор гарсан эмчилгээ, эм тарианы зардал 1 142 000 төгрөг гэсэн байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар Эм Би Жи Мэд рентген 45 000 төгрөг, Гүнтулга эм 2 696 төгрөг, Рефлекс 110 000 төгрөг, Хангайн болор шүүдэргэнэ эмний зарлагын баримт 158 450 төгрөг, 390 150 төгрөг, Эн Жи Юнайтэд фарма 72 800 төгрөг, 44 700 төгрөг, 216 485 төгрөг, 105 000 төгрөг нийт 1 145 281 төгрөгийн /хх-ийн 1 х, 18-28-р хуудас/,

2022 оны 6 дугаар сараас 12 дугаар сар хүртлэх эмчилгээний зардал 1 810 101 төгрөг гэсэн байх бөгөөд хэрэгт авагдсан эмийн баримтуудаар /151 134+34 334+5 400+4 500+392 450+158 387+437 056+30 000+11 550+2 308+ 6 660+46 989+5 750+4 100+28 800+550+24 765+80 200+24 200+20 000+10 150+20 000+12 500+2 100+105 000+1000+800+5 770+40 800+550+4 600+960=1 673 363/ нийт 1 673 363 төгрөгийн /хх-ийн 1х, 148-156хуудас/,

2024 оны 4 сарын 23-ны өдрийн ихэсгэсэн шаардлагад 2023 оны 4 сараас 2024 оны 4 сар хүртлэх эм, хагалгааны үе болон хагалгааны дараах эмчилгээний зардалд 1 758 622 төгрөг гэсэн байх бөгөөд хэрэгт авагдсан эмийн НӨАТ-ын баримтуудаар /1 290+3 181+1 363+2 350+1 400+5 360+100 150+1000+5 900+6 000+5 000+10 500+2 580+2 500+3 640+9 545+1000+2 300+6 320+6 150+49 050+6 000+5 900+19 600=285 990/ 285 990 төгрөгийн /хх-ийн 2х, 242-250хуудас/ зардал гарсан болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь 2023 оны 1 сард МВС Гэмтэл согогийн эмнэлэгт хагалгаа, эмчилгээ үйлчилгээ хийсэн зардал 3 000 000 төгрөг /хх-ийн 1 х, 147 хуудас/ -ийг хүлээн зөвшөөрсөн тул нийт эмчилгээний зардалд /1 145 281+1 673 363+3 000 000+ 285 990 төгрөг=6 104 634/ 6 104 634 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

8.3.Харин дээрх эм, эмчилгээний зардлуудаас орифлемээс захиалан авсан амин дэм 426 700 төгрөгийг болон бусад зайлшгүй зардалд тооцогдохгүй зардлууд,  мөн нотлох баримтын огноо, үнийн дүн нь гаргагдахгүй баримтууд, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, сувилуулах зэрэг зайлшгүй зардалд тооцон нэхэмжилсэн 1 692 620 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

8.4.Мөн нэхэмжлэгч нь гар утасны засварын үнэ 435 000 төгрөг, зөөврийн компьютер 3 000 000 төгрөг, монетон гинж, ээмэг 1 208 000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 01-нээс 03-ны хооронд Д аймгийн З сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хуралдаанд оролцох замын зардал 283 200 төгрөгийг тус гаргуулахаар шаардсан боловч бинзен авсан баримт замын зардал нь хаанаас хаашаа явсан нь тодорхойгүй уг эд зүйлийн хохирлыг эрүүгийн хэрэгт нэхэмжилж байсан боловч хохиролд тооцон гаргуулаагүй гэж хариуцагчийн төлөөлөгч нь тайлбарласан бөгөөд энэ нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоол болон Д аймгийн З сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна гэж үзэв .

8.5.Нэхэмжлэгчээс уг эрүүгийн хэрэгт өмгөөлөгчтэй оролцсон тул өмгөөлөгчийн хөлс 3 000 000 төгрөгийг гаргуулна гэж 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Хууль, эрх зүйн туслалцаа үзүүүлэх гэрээг нотлох баримтаар ирүүлсэн, уг гэрээнд өмгөөлөлийн хөлсийг бэлнээр төлж барагдуулав гэсэн боловч энэ талаарх баримт үйлдээгүй, мөн өмгөөллийн хөлсийг хохиролд тооцон гаргуулах үндэслэлгүй байна. 

 

9.Нэхэмжлэгч нь сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 40 975 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, гэмт хэргийн улмаас сэтгэцэд хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 134 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр нотлогдоно гэсэн.

9.1.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зохицуулсан байсан бөгөөд Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар дээрх заалтыг Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж өөрчлөн найруулж, уг хуулийн үйлчлэлийг Шүүх шинжилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан. Ийнхүү өөрчлөхдөө сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой шинээр зохицуулсан хэм хэмжээг буцаан хэрэглэх талаар Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуульд заагаагүй тул дээрх заалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш болж өнгөрсөн үйл явдал буюу энэ үеэс үүссэн эрх зүйн харилцаанд хэрэглэнэ гэж ойлгоно.

9.2.Гэтэл 2022 оны 5 дугаар сарын 21-ны өдөр болсон зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан тул нэхэмжлэгчийн сэтгэцэд учирсан хохиролд 40 975 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

10.Иймд хариуцагч Д ХХК-иас гэм хорын хохиролд нийт 17 743 574 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Э*******т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 98 270 765 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. /дутуу авсан цалин хөлсний зөрүү 14 638 940 төгрөг, эм, эмчилгээний зардал 1 145 281+3 000 000+1 673 363+ 285 990 төгрөг=17 743 574, 116 014 339-17 743 574=98 270 765/

 

11.Иргэдийн төлөөлөгч Б.С******* нь “...тухайн компани шаардлага хангаагүй машин техникээр хангасан учир уг хэрэг зөрчил үүссэн учир Д компани нь буруутай” гэсэн дүгнэлтийг шүүхэд бичгээр гарган өгсөн болно.

 

12.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч П.Э*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227 950 улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч П.Э*******т буцаан олгож,  хариуцагч Д******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 246 668 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Э*******т олгох нь хуульд нийцнэ.

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д ХХК-иас гэм хорын хохиролд 17 743 574 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Э*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 98 270 765 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч П.Э*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227 950 улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч П.Э*******т буцаан олгож, хариуцагч Д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 246 668 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Э*******т олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.ХУЛАН

 

                                   ШҮҮГЧИД                                           Б.МӨНХЖАРГАЛ

                                                                       

                                                                                                 Н.ГЭРЭЛТУЯА