Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 72

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Солонго,

Улсын яллагч Э.Бадрал,

Шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Э.Амархүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяуд  овогт Баярмаагийн Ууганбаярт холбогдох эрүүгийн 1711013110307 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Баяуд овогт Б.У, Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Зам-Үүд сумын 1 дүгээр баг, Төмөр зам 115-19 тоотод оршин суух,

2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 34 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулсныг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ..................................................................................

Шүүгдэгч Б.У нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Баяннуур аймгийн Эрээн хотод үйл ажиллагаа явуулдаг “Тэнгис” зочид буудлын урд С.Санчирыг зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би с.Санчирын эрүүн тус газарт нь гараараа нэг удаа цохиж авсан. Тэгээд С.Санчирыг чи эрүү хугалчихлаа гэхээр би эрүү нь хугарсан хүн ярьдаг юм уу худлаа яриад бай гээд гэдэс рүү нь 1 удаа цохиж авсан юм. Тэгээд маргааш өглөө С.Санчирыг ирэхээр нь Эрээн хотын эмнэлэгт очиж эрүүнийх нь зургийг авахуултал С.Санчирын эрүү нь үнэхээр хугарсан байсан ..” гэсэн мэдүүлэг /хх-77-78х/,

Шүүгдэгч Б.Уаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Санчир бид хоёр ачаа ачих зорилгоор хоёр машинтай БНХАУ-ын Эрээн хот руу орсон юм. Ачаа ачдаг буудал дээрээ очоод бид хоёр архи уугаад хоорондоо маргаад, намайг цохисноос болж эрүү нь хугарсан байсан. Маргааш өглөө нь эмнэлэгт очиж зургийг нь авхуулсан. Би эмчилгээний зардлыг төлсөн байгаа” гэсэн мэдүүлэг,

Хохирогч С.Санчираас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Б.У бид хоёр өөр өөрсдийн машинтай хамт Эрээн хот руу гарч Кэнтэ зочид буудалд өрөө авч орсон. Буудал руу орсныхоо дараа Б.У гарч доод талын дэлгүүрээс нь 0.5 граммын 1 шил хужаа архи болон ундаа ус авч орж ирсэн. Тэгээд бид хоёр нөгөө архи ус ундаагаа хувааж уусан. Тэгтэл Б.У хоёулаа манай буудал руу очиж ачаа байна уу асуугаад ирье гэхээр нь би Б.Уын хамт буудал дээр нь очсон. Тэгээд ачаагаа асуучихаад гарч ирэх үед гадаа 2-3 Монгол залуучууд хөзөр тоглож байсан. Тэгтэл Б.У тэр тоглож байсан хүмүүсээс нэгийг нь дуудаад дэлгүүрээс 1 шил архи ундаа зэргийг авахуулж уг авсан архи ундаагаа 3-уулаа хувааж уусан. Тэгээд цаашаа юу болсон талаар сайн санахгүй байна нэг мэдсэн шүлсээ хаяхаар амнаас цус гараад амаа ангайж чадахгүй болчихсон байхаар нь би буудал руугаа очоод унтах гэтэл ам цусаар дүүрээд байхаар нь тэнд ачаа зөөдөг 2 хуурай дүүгээ дуудаад гурвуулаа хамт Б.У дээр очоод би түүнд эрүү хугарчихсан юм шиг байна эмнэлэг оръё гэсэн. Тэгтэл Б.У эрүү нь хугарчихсан хүн ингээд явж байдаг юм уу худлаа яриад бай гээд элэгдэж унагаагаад надаас хэдэн төгрөг авмаар байна пизда минь гэхээр нь би 2 дүүгийнхээ буудалд очиж хоночихоод өглөө нь Б.У дээр очиж эрүү хугарчихсан байна зургийг авахуулъя гэхэд за тэгье гээд хамт явж эрүүнийхээ зургийг авахуултал хугарчихсан байсан. Тэгэхээр нь бид хоёр Замын-Үүд ороод эмнэлэгт үзүүлтэл эрүү чинь хугарчихсан хот руу яв гэхээр нь УБ хот руу явсан..” гэсэн мэдүүлэг /хх-59-62х/,

Гэрч Д.Гэрэлт-Одоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр БНХАУ-ын Эрээн хот руу 16 цагийн орчимд гарсан. 18-ны өглөө эрт хүний ачааг ачиж Замын-Үүд суманд оруулж ирэх байсан тул Эрээнд хоносон. Ингээд 10 дугаар сарын 17-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд зээлээс гараад өөрийн буусан Жин Ту нэртэй зочид буудал руугаа алхаж байтал Тэнгис зочид буудлын үүдэнд миний танил Б.У, С.Санчир нар зэрэгцээд суучихсан хоорондоо маргалдаж байсан. Тэр хоёрыг харахад халамцуу юм шиг харагдаж байсан. Би тэр хоёрын хажуугаар гарахдаа “ахын хоёр дүү жаахан юм уучихаад битгий маргалдаад бай”, “унтаж амарцгаа” гэж хэлчихээд хажуугаар гараад цааш явсан. Тухайн үед намайг харахад зодолдсон зүйл байгаагүй. Тэрнээс хойш би тэр хоёр залуустай дахиж таараагүй байж байгаад бүр сүүлд сураг сонсоход хоорондоо зодолдоод цагдаа дээр хэрэг нь шалгагдаж байгаа гэж сонссон ..” гэсэн мэдүүлэг /хх-68-69х/,

Гэрч Д.Цэрэндоржоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр БНХАУ-ын Эрээн хот руу гарахдаа Ууганбаяраас “Эрээн гарах уу” гэж асуухад “Машинаа янзлуулчихаад оройхон гарна” гэж хэлж байсан. Би ойролцоогоор 16 цаг өнгөрч байхад Эрээн хотод очсон. Тэгээд өөрийн буусан Тэнгис зочид буудалд байж байтал /ойролцоогоор 20 цаг болж байсан байх гэх/ Ууганбаяр нь үл таних залуугийн хамт гаднаас орж ирсэн. Тэгээд намайг “нэг шил архи хуваагаад уучихъя” гээд байхаар нь би хамт гарсан. Тэгээд бид гурав дэлгүүр рүү орж хятад архи нэг шилийг худалдаж аваад зочид буудлын гадаа сууж байгаад уусан. Ууганбаяртай хамт ирсэн залуу өөрийгөө Санчир гэж танилцуулсан. Бид гурав авсан архиа ууж дуусгачихаад байж байтал Ууганбаяр дахиж нэг шил архи ууя гэж хэлээд дэлгүүр рүү орсон. Би Санчирын хамт гадаа байж байтал Санчир хачин хачин юм яриад агсраад байхаар нь би буудал руугаа орсон. Өрөөндөө ороод хэвтэж байтал Санчир, Ууганбаяр нар хоорондоо маргалдах чимээ гарсан. Би онгорхой байсан цонхоор хартал өөд өөдөөсөө хараад зогсчихсон, бие бие заамдчихсан байсан ингэж байхдаа Ууганбаяр заамдаж байсан гараараа Санчирын эрүү рүү түлхэх шиг болсон. Тэгтэл Санчир чи эрүү хугалчихлаа гэж хэлээд нүүрээ дараад доош суусан. Тухайн үед 23 цаг болж байсан байх..” гэсэн мэдүүлэг /хх-70-71х/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13710 тоот дүгнэлтэд:

            “1. С.Санчирын биед эрүүний ооч болон эрүүний баруун суурь хэсгийн ташуу хугарал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон нэгээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн үед үүссэн байх боломжтой гэмтэл байна.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-19х/,

Шүүгдэгч Б.Уын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 81/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 53/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 74-76х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.У нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Баяннуур аймгийн Эрээн хотод үйл ажиллагаа явуулдаг “Тэнгис” зочид буудлын урд С.Санчирыг зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч  Б.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгохоор шүүх шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.У нь хохиролд 1.250.000 төгрөгийг төлсөн ба хохирогч С.Санчир нь өөрт учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд буюу 2018 оны 3 дугаар сарын 16-ны дотор төлүүлэх, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.