| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2024/0537/З |
| Дугаар | 128/ШШ2024/0713 |
| Огноо | 2024-09-18 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2024/0713
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “У*******” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд /цаашид хуучин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нэршлээр бичигдэх/
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/484 дугаартай тушаалыг хүчингүй болгох тухай
Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:
2.1 Нэхэмжлэгчид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/649 дугаар тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын *******анд 1 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар 0*******7 дугаартай Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг[1] 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаагаар олгосон байх бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2*******6 дугаар газар ашиглах тухай гэрээ[2], 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2*******2 дугаар Газар ашиглах гэрээ[3] тус тус байгуулсан байна.
2.2.Гэтэл Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргаас өгсөн чиглэлийн дагуу Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглалтын байдалд хээрийн болон суурийн судалгаа хийж, энэ талаарх хээрийн судалгааны ажлын тэмдэглэлээ өөрийн фэйсбүүк /facebook/ пэйж хуудсаараа дамжуулан 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр олон нийтэд “Сонсох ажиллагааны мэдэгдэл болгон нийтэлжээ.[4]
2.3.Харин тус мэдэгдэлийн хавсралтын 10 дугаарт[5] “…У******* ХХК-Хар торон хашаатай /зургийн хамт/” тусгагдсан болно.
2.4.Улмаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар “Санал хүргүүлэх албан бичгээр[6] “…“У******* ХХК-ийн хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир хууль заасан арга хэмжээг авч холбогдох шийдвэрийг гаргуулах…”-аар ашиглаж буй 1 га газрын ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлсэн аж.
2.5. Дээрх санал болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны А/255 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан 14 дүгээр хурлаас шийдвэрийг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/484 дугаар тушаалаараа[7] Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, “эрхэлсэн асуудлын хүрээн дэх яам болон энэ хуулийн 183дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн удирдана” гэх засгийн газрын гишүүний бүрэн эрх, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хэрэгжүүлэх бүрэн эрх, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалт “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр буюу түүн дотроо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт болох “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” үндэслэлээр “У*******” ХХК-ийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
2.6.Гэвч энэхүү Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/484 дугаар тушаалыг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 533 дугаар албан бичгээр[8] “У*******” ХХК-ийн “Баянзүрх дүүрэг, *******,*******, тоот” хаягт Монгол шуудангаар дамжуулан 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүргүүлсэн боловч хаяглагдсан эзэндээ хүргэгдээгүй байна[9].
2.7.Харин нэхэмжлэгч маргаан бүхий актыг мэдсэн даруйд 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гардан авч[10], уг актыг эс зөвшөөрч 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ажээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1 Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “У*******” ХХК нь Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын *******ны хязгаарлалтын бүсэд 1.0 га газрын аялал жуулчлалын чиглэлээр ашиглахаар үндсэн үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/484 дугаартай “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалаар ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй тул Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 433 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуйн нэгжийн 1.0 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгосугай” гэж ашиглах эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.
Манай компанийн хувьд 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хувьцаа эзэмшигч бүрэн өөрчлөгдөн шинэ төсөл хэрэгжүүлэхээр зураг төсөл, хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэж байх хугацаанд хүчингүй болгон шийдвэрлэж байгаад хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаа бөгөөд хувьцаа эзэмшигчид мэдэгдэлгүйгээр уг газрын эрхийг хүчингүй болгохоор шийдвэрлэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан Сонсох ажиллагаа явуулах заалтыг зөрчжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/484 дугаартай тушаалыг Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 533 дугаартай албан бичгээр мэдэгдэхээр албан бичиг огноолсон боловч нэхэмжлэгчид огт гардуулсан болон мэдэгдсэн зүйл болоогүй.
Харин нэхэмжлэгч нь 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/484 дугаартай тушаалын хуулбар болон Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 533 дугаартай албан бичгийг Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны оффисд очин гардаж авсан.
Ийнхүү захиргааны актыг мэдсэн, гардан авнаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжпэл гаргах шаардлага бүхий хуулийн хугацаанд нэхэмжлэлийг гаргасан болно.
Мөн тухайн компани нь ганц хувьцаа эзэмшигчтэй бөгөөд хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал Т.У нь ар гэрийн гачигдлын улмаас Эх нялхас эрүүл мэндийн төвд 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүү Б. нь зүүн хөлийн бүдүүн шилбэний ясны хавдрын хагалгаанд орж бүтэн жил эмч, эмнэлгийн хяналтад эмчилгээ, асаргаанд байж байгаад БНСУ-ын Сийн их сургуулийн хүүхдийн эмнэлэгт ясны хавдрын хагалгаанд дахин орох шаардлага үүссэн.
Улмаар 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл, мөн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хооронд БНСУ-ын Сийн их сургуулийн хүүхдийн эмнэлгийн хяналтад эмчилгээ хийлгэж, 2023 оны 07 дугаар сарын 04-ний зүүн хөлийн бүдүүн шилбэний ясны хавдрын хагалгаанд дахин орж донор яс суулгуулсан.
Дээрх хугацаанд компани ганц хувьцаа эзэмшигч болох Т.У нь хүүхдээ асарч байсны улмаас тухайн компанийн үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй болсон.
Иймд хуульд нийцүүлэлгүйгээр бидний эрхийг зөрчин захиргааны акт гаргасан байх тул Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/484 дугаартай тушаалыг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ... Тус компани нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хувьцаа эзэмшигч өөрчлөгдөж эцсийн байдлаар Т.У тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал болж зураг төсөл, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж байсан боловч Т.Уын хүү нь хүнд өвчний улмаас гадаадад эмчлүүлэх шаардлага гарсан тул цааш үйл ажиллагаа явуулах боломжгүй болж хөрөнгө оруулалт зогсон байдалтай байгаа. Мөн Т.У гүйцэтгэх захирлыг гадаадад хүүхдээ эмчлүүлж байх хугацаанд газар эзэмших эрхийг хүчингүй болгох сонсох ажиллагааны зарыг олон нийтийн цахим хуудас болох /facebook / нүүр номоор зарласан нь зохимжгүй. Хуульд зааснаар мэдэгдэх хуудас болон утсаар мэдэгдэх нь албан ёсоор мэдэгдсэнд тооцох ёстой. Мөн газар ашиглах гэрээнд заасан хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дуусгавар болох байсан...., гэрээг заасан нөхцөлийг 2 удаа зөрчсөн тохиолдол гэрээ дуусгавар болгоно гэж заасан байдаг. Гэвч манай талаас тус гэрээний заалтыг зөрчиж байгаагүй. Мөн газрын төлбөрт асуудал байхгүй байхад манай талыг оролцуулахгүй сонсох ажиллагаа явуулж газар эзэмших эрхийг цуцалсан нь хууль бус үйлдэл...” гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “…Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/649 дугаар тушаалаар “У*******” ХХК-д Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын ам гэх газар 1 га талбай бүхий газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/484 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.
Тус хүчингүй болгосон тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэж заасныг удирдлага болгосон.
Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй болох нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 443 тоот санал, газар дээр нь үзлэг хийсэн гэрэл зураг зэргээр нотлогдож байна.
Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлын бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.
Мөн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хийсэн болно
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/484 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдийг хэзээнээс эхэлж тооцоолсон хугацааг хариулах боломжгүй...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд хэргийн нөхцөл байдлыг тодруулсны эцэст нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “…байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, …газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно”,…37 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “…аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэнэ…” заалтуудыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын *******анд 1 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар 0*******7 дугаартай Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг нэхэмжлэгч “У” ХХК-д 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай олгосон.
4.3.Нэхэмжлэгч компанийн хувьд Газрын тухай хуулийн 34 дугаар зүйл“ Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журам”-д заасан үүрэг биелүүлэн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр №2*******6, 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр №2*******2 дугаартай “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрээ”-г Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны дарга болон Налайх дүүргийн Засаг дарга нартай тус тус байгуулсан байна.
4.4.Эдгээр гэрээнүүдийн хоёрдугаар зүйлийн 2.4-т газар ашиглах гэрээний хугацааг 2019-11-08-2024-11-08 дуусахаар тохиролцсон атлаа Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д заасан гэрээний биелэлтийг дүгнээгүй атлаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан нөхцөл бүрдсэн гэж үзсэн нь буруу.
4.5.Түүнчлэн нэхэмжлэгчийн хувьд газар ашиглах тухай гуравласан гэрээнд заасан газрын төлбөрийн хэмжээг төлбөр зохих хугацаанд бүрэн төлсөн, энэ талаар талуудын хэн аль маргадаггүй.
4.6.Гэвч нэхэмжлэгч компанийн хувьд нэг хувьцаа эзэмшигчтэй буюу үйл ажиллагааг дан ганц захирал Тын У[11] хариуцан явуулдаг байх бөгөөд тэрээр өөрийн төрсөн охин Бын г[12] “зүүн хөлийн бүдүүн шилбэний доод 1/3-д байрласан ясны уйланхайт хавдар”[13] өвчтэй болох нь эмнэлзүйн оношилгоогоор тогтоогдон хүндээр өвчилсөны улмаас 2022 оны 01 дүгээр 26-ны өдрөөс хойш 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд охиныхоо асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тасралтгүйгээр удаа дараа Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс руу эмчлүүлэхээр явсан болох нь түүний болон охин Б.гийн гадаад паспорт дахь Монгол Улсын хилээр нэвтэрсэн болон олон удаагийн виз олгосон тэмдэглэл[14], хэвтэн эмчлүүлэн эмчилгээ /мэс засал/ хийлгэсэн тухай Бүгд Найрамдах Солонгос Улсын Сийн үндэсний их сургуулийн эмнэлгийн дүгнэлт, тодорхойлолт[15] зэрэг баримтуудаар хуульд тодорхойлсон хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болох нь тогтоогдож байна.
4.7.Гэтэл хариуцагч нь зөвхөн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хийсэн хээрийн судалгааны ажлын тэмдэглэлийг туйлын үнэнд тооцон, газар ашиглах эрх авсан нэхэмжлэгч компанийг газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй хэмээн буруутгасан шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох, эрх нь хөндөгдсөн оролцогчийг сонсох ажиллагаа явуулалгүй Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг зөрчсөн болно.
4.8.Энэ тохиолдолд шүүхээс нэхэмжлэгчийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалсан хүндэтгэн үзэх шалтгаан бүхий нөхцөл байдлыг хэрэгт авагдсан баримтаар үнэлэн, хүлээн зөвшөөрөхүйц үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэгчийн компанийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт газар ашиглахтай холбоотой үүргээ бүрэн биелүүлэх боломжгүй болсон нь үндэслэлтэй шүүх үзлээ.
4.9. Иймд “У” ХХК-ийн цорын ганц эзэмшигчийн хувьд өөрийн хүсэл зоригоос үл хамаарсан шинжтэй байдал гэнэт бий болсны улмаас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй болох нь хавтас хэрэгт авагдсан болон маргааны үйл баримтад дурдсан бүхий баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4-ийн 1 дэх хэсэг заасан ...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан …хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй... буюу үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эрхийг хүчингүй болгосон[16] Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/484 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь эрх зүйт ёсонд нийцнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан /хуучин/ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/484 дугаартай тушаалыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчид улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР
[1] Хавтаст хэргийн 9 хуудас
[2] Хавтаст хэргийн 49-52 хуудас
[3] Хавтаст хэргийн 11-13 хуудас
[4] Хавтаст хэргийн 70 хуудас
[5] Хавтаст хэргийн 75 хуудас
[6] Хавтаст хэргийн 67-69 хуудас
[7] Хавтаст хэргийн 34 хуудас
[8] Хавтаст хэргийн 16 хуудас
[9] Хавтаст хэргийн 18 хуудас
[10] Хавтаст хэргийн 150 хуудас
[11] Хавтас хэргийн 7 хуудас
[12] Хавтас хэргийн 180 хуудас
[13] Хавтас хэргийн 178-179 хуудас
[14] Хавтас хэргийн 19-24 хуудас
[15] Хавтас хэргийн 181-191 хуудас
[16] Хавтас хэргийн 34-36 хуудас