Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/06

 

Г.А холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

      Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

           Прокурор Ш.Батсүх,

           Шүүгдэгч Г.А,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Сайханаа,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн нарыг оролцуулан,

        Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баттулга даргалж шийдвэрлэсэн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/27 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Сайханаагийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.А холбогдох 2217001690021 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Однямаагийн  илтгэснээр  хянан хэлэлцэв.

        Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохин байгуулагч, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Б сумын - дүгээр баг, - дүгээр байрны - тоотод оршин суух,

         урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 702 000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн гэх Б овогт Г А /РД:-/,

        Шүүгдэгч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг дарга Г.А нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Говьсүмбэр, Дундговь аймагт инженерийн хийцтэй 9 худаг шинээр гаргах ажил”-ыг гүйцэтгэх 220202/04-227 дугаартай гэрээ, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/50 дугаартай “Шинээр гаргах худгийн байршил батлах тухай” тушаалд заасан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Давайн хормойн оройн зүүн” гэх газар гаргах ёстой байсан 30 020 708 төгрөгийн төсөвт өртөгтэй инженерийн хийцтэй худгийн байршлыг ажил гүйцэтгэгч “М” ХХК-ийн ажилчдад зориудаар худлаа зааж өгч 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр худаг гаргахаар тогтсон цэгээс 24 километрын зайд байх тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нүдэнгийн бор гүвээ” гэх газар буюу өөрийн малыг малладаг малчин Д.Н өвөлжөөнөөс баруун урд зүгт 1,7 километрын зайд өрөмдлөг хийлгэж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон өөрийн малыг малладаг малчинд давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ. 

       Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Г.А үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Г А нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө,  бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.А нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А 1 /нэг/ жилийн хугацаанд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолж, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний нэхэмжлэгч “М” ХХК нь инженерийн хийцтэй худгийн ажил гүйцэтгэсэн зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Сайханаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч Г.А Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/50 дугаар “Шинээр гаргах худгийн байршил батлах тухай” тушаалд заасан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2-р багийн нутаг дэвсгэр “Давайн хормойн оройн зүүн” гэх газар гаргах, худгийн байршлыг өөрчлөх хүсэлтийг холбогдох газарт нь хүргүүлж шийдвэрлүүлэлгүйгээр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж худгийн байршлыг өөрчилж гаргуулсан гэм буруутай гэж ял шийтгэл оногдуулсан нь хуульд нийцэхгүй байна. Мөн “худгийн байршлыг өөрчлөх хүсэлтийг холбогдох газарт нь хүргүүлж шийдвэрлээгүй” гэдэг нь ямар хууль тогтоомжинд үндэслэсэн нь ойлгомжгүй байна. ХХААЯ-ны сайдын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/50 дугаар “Шинээр гаргах худгийн байршил батлах тухай” тушаал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 12.1.6 дахь заалт, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Байгаль орчны сайд, Сангийн сайдын 2005 оны 101, 189, 194 дугаар тушаалаар батлагдсан Инженерийн хийцтэй худаг, уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргах, санхүүжүүлэх, эзэмших, ашиглах, нийтлэг журам зэргийг зөрчиж үйлдэгджээ. Өөрөөр хэлбэл орон нутгийн чиг үүргийн асуудлыг сумын Засаг дарга, иргэдийн санал дээр тулгуурлаагүй төрийн захиргааны төв байгууллага тушаал шийдвэр гаргах нь хууль бус үйлдэл юм. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.7, 59.1.8, 59.1.23, 22 дугаар зүйлийн 22.1.7, 22.1.8, 27 дугаар зүйлийн 27.5.11, 27.5.13, 27.5.26-т сумын засаг даргын эрх хэмжээнд бэлчээр худаг, уст цэгийн байршлыг тогтоох эрхтэй. Иймд шүүгдэгч Г.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсанг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.А давж заалдах шатны шүүхийн хуралдаанд гаргасан тайлбартаа: Худаг гаргуулах захиалгыг бол анх Сум орон нутгаас өгөөгүй. Хэргийн материалд байгаа. 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/50 дугаартай тушаал гэж гарсан. Сүмбэр сум, Шивээговь сум худгийн захиалга өгсөн. Манайх худаг гаргуулая, одоо энэ Давайн хормойн оройн зүүн гэдэг газар худаг гаргая гэдэг хүсэлт ирээгүй. Харин өмнө нь 2021 онд, 2019 онд эвдэрсэн Нүдэнгийн бор гэдэг газар 4 айл байдаг. 3000 гаруй малтай. Энэ талаар хэргийн материалд багийн Засаг даргын тоот хүртэл байгаа. ХХААЯ-д хүртэл явуулж байсан. 7 өрхийн айлд зориулсан худгийг гаргах хүсэлтүүдийг гаргаад өгч байсан. Хуучин 2021 оны 04 дүгээр сард би тухайн үед бичиг хэргээс нь канондаж авч хэргийн материалд гаргаж өгч байсан. Худаггүй айлуудын хүсэлтүүд өгч байсан. 2021 оны  04 дүгээр сарын 21-ний  худаг эвдэрсэн, худаггүй байгаа айлуудын худаг засч өгөөч гэсэн бичиг. Тухайн үед худгийг засуулах гээд 3 000 000 төгрөгөөр орон нутгийн хөгжлийн сангаар санхүүжүүлээд, 2019 оны газар хөдлөлтийн үеэр бетон цагаан хоолоотой байсан худаг нь нурсан юм билээ. Худаг гаргах боломжгүй. Дахиад шинээр худаг гаргана гэсэн тухайн үед 2, 3-н компани байсан. Тэгээд энэ худгийг цаашид гаргах засварлах шаарлагатай гээд, манай мал байгаа Нямсүрэнгийн 2022 онд өгсөн мэдүүлгэн дээр байгаа. Тэр өвөлжөөн дээр хороо барьсан байдаг. Төвийн малчдын мал мод бут идээд байгаа учраас төвийн малчин айлуудыг гарга гэсэн шийдвэр гаргаж байсан. Тухайн үед Засаг дарга байсан. Ингээд Н төв дээр малаа малладаг. Бид нар 4, 4 хоногоор малаа ээлжилж малладаг байсан. Би Солонгос явж ирээд өөрийн амьдралын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн 130 гаруй мал авсан. Энэ Н өвөлжөө авсан. Өвөлжөө аваад 2,3-н жил болсон болохоор хороо бариад гарсан. Н бол Д гээд хөгшин байгаа. Тэрний 160-аад мал, Б гээд хүний 180-иад мал, миний нэг 130-аад мал байгаа. Тэр хүн өөрийнхөө 200 хэдэн малтай малладаг. Төвийн малыг аваад гарч байгаа юм. Ингээд нэг хэдэн мал тэднийд байдаг болсон. Н садан төрлийн холбоотой биш эхнэрийг нь танина. Баянтал суманд 1 дүгээр ангиасаа хамт өссөн. Ерөнхийдөө эргэн тойронд худаг байхгүй хэцүү байсан. Ганцхан Н, миний мал байх биш Г, М, Э гээд тойрсон айлууд байдаг. Энэ айлуудын 2300 гаруй малыг айл өрхийг Баянталаас зөөж усалдаг устай, М маргалддаг, ойр хавьдаа худаггүй ийм хэцүү байсан. Тухайн үед газар дээр нь би яг ажиллаж амьдарч байгаа. Зөвхөн би энэ худгийг айлд зориулж гаргаагүй. Цооногийг нь өрөмдсөн байгаа. Нөгөө компани 2022 оны 10 дугаар сард ирээд цооногийг нь  өрөмдчихөөд яваад өгсөн. Тэр газар нь хэрэгцээ шаардлагатай урьд нь ингээд бүх юмнууд ирсэн байсан учраас тэр худгийг гаргуулах шийдвэрийг гаргаж өгсөн байгаа. Тэрнээс тухайн айлд зориулж гаргаж өгөөгүй.  2-рт гэрч Д, гэрч М, гэрч Б энэ хүмүүс газар дээр нь Д, Б хоёр явж үзсэн байгаа. Хавтаст хэрэгт ч гэсэн байгаа. Мөнх толгойтод гаргасан худаг шинээр өрөмдлөг хийсэн газарт нилээдгүй малчид нутагладаг. Энэ бол хэрэгцээ шаардлага гарсан учраас худгийг гаргасан гэж үзэж байна гээд мэдүүлгэн дээрээ Хөдөө аж ахуйн бодлогыг барьдаг Аймгийн дээд мэргэжилтэн, Хөдөө аж ахуйн дарга Д бичиж өгсөн байгаа. Хэрэгцээ шаардлага гарчээ гэж үндэслээд Б, М гээд энэ 3-н хүн үзсэн. Инженер хийцтэй холбоотойгоор 3-н сайдын хамтарсан тушаал байгаа. 2005 оны Усны тухай хууль, Хөдөө аж ахуй, бэлчээрийн тухай хууль дагалдуулж гарсан худаг усны журам дээрээ худаг усыг гаргахад яах ёстой вэ, анхан шатны бүрдүүлбэрийг зааж өгсөн байсан. Ерөнхийдөө бид нар гаргаж өгөхийг ч мэдээгүй. Би 10 дугаар сарын 06-ны өдөр том машинтай 3-н хүн орой ажил тарж байхад хүрээд ирсэн. Би хаана ямар худаг гаргах гэж байгаа юм бэ гэсэн. Давайн хормойн оройн  зүүн гэх газар гаргах гэж байна гэж ирсэн байсан. Хагас сайн өдөр ирсэн байсан. Буудалдаа 1 дэх өдөр хүртэл хонуулсан. Тэр хүмүүс 2,3  хонолоо одоо худгаа барихгүй бол болохгүй гэж байсан. Ингээд шахагдаад гарсан. Тэрнээс би бол бичиг баримтыг өгч чадаагүй юм. Байршлыг тогтоож худаг гаргах цэгийг яах ёстой вэ гэхээр багийн нийтийн хурлаар оруулж иргэдийнхээ хүсэлтийг аваад тэрний дагуу Сумын засаг даргын тодорхойлолттой ингээд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт өгч дээшээ уламжлуулж гардаг худаг байгаа юм. Энэ худгийн өнөөдөр захиалга өгсөн албан ёсны хүсэлт өргөлдөл өгсөн тийм зүйл ерөөсөө байхгүй. Хөдөө аж ахуй дээр ч байхгүй, суманд ч байхгүй. Тэр нь хавтаст хэрэгт байгаа. Тухайн үеийн Тамгын дарга, Засаг даргын тоот дээр байгаа. Худгийн захиалга Давайн хормойн оройн зүүн гэх газар өгч байгаагүй ээ гээд байгаа. Бас багийн Засаг даргын тоот байдаг. Гэрч Г-Э гээд 2022 оноос хойш багийн Засаг дарга хийж байна. Давайн хормойн оройн зүүн гэх газар ямарваа нэгэн хүсэлт ирж байгаагүй гэж мэдүүлгэн дээрээ ч мэдүүлсэн байгаа. Энэ бас Хөдөө аж ахуйн яаманд энэ газрыг өөрчлүүлэх гээд тухайн үедээ 03 дугаар сарын 22-ны 30 дугаартай тоотыг явуулж байсан. 2020 оноос хойш энэ газарт хүсэлт ирж байгаагүй гэж.  Давайн хормойн оройн зүүн гэх газар ойролцоо байгаа Наранбаясгалан, Ц.А нар тус тусдаа гүний худагтай болно гээд тодорхойлоод өгөөд явуулж байсан. Тэгээд энэ худгийн байршил анхнаасаа тогтоогүй, хэн захиалга өгсөн нь байхгүй. Давайн хормойн оройн зүүн гэх газар гаргахыг би бол тухайн үедээ зөвшөөрөөгүй. Багийн дарга нар ч зөвшөөрөөгүй. Яагаад гэхээр хүсэлт ирээгүй учраас цаанаасаа яагаад ирчихдэг юм, хэрэгцээ шаардлагатай үед нь гаргая гэж гаргасан юм. Давайн хормойн оройн зүүн гэх газар гэрч Э гээд миний орлогч дарга залуу байгаа. Залуу мэдүүлэг дээрээ Давайн хормойн оройн зүүн гэх газрыг би утсаар одоо Батсуурь даргын туслах М өөрөө өгсөн гэж хэлсэн. Дээр нь  04 дүгээр сарын 10-ны өдөр  Аймгийн иргэдтэй уулзах үеэр нэг сумыг нь ялгачихдаг юм уу? Яагаад Баянталыг хоцроочихдог юм бэ гэхэд энэ сайдын тушаал 02 дугаар сарын 09-нд гарсан. Тэгсэнээ 04 дүгээр сарын 10-нд дахиад сайдын тушаалд нэмэлтээр орсон иймэрхүү хэл ам гараад ирсэн. Тэрнээс хувьдаа завшаад хувьдаа ашигласан зүйл ерөөсөө байхгүй. Би Баянталын хүүхэд байгаа, тэгэхээр тэнд хэн хэн яаж амьдардаг вэ гэдгийг мэднэ, нутаг усандаа холбоотой асуудлууд би өөрөө газар зохион байгуулалт мэргэжилтэй, газар зохион байгуулалт инженер газрын албанд нилээдгүй ажлыг хийж байсан. Тэгэхээр би хувийн ашиг сонирхол харсан юм байхгүй. Тэгээд иргэдээсээ сонгогдсон төлөөлөгчийн хувьд 1-р багтаа гаргах  худгийг 2-р багт гаргах шаарлагагүй гэж үзээд 1-р багтаа гаргасан. Би Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулаад энэ хуулийн  нилээдгүй олон заалтыг сумын Засаг дарга шийдвэр гаргах эрхийг заагаад өгсөн байгаа. Энэ хуулийн 7.1 дэх хэсэг, 22 дүгээр зүйл дээр тодорхой заагаад өгсөн. Худаг усны байршлыг Засаг дарга тогтооно гээд. Мөн тус хуулийн  59.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүртэл заагаад өгсөн. Аймгийн Засаг даргатай жил болгон хамтран ажиллах гэрээ байгуулдаг. Гэрээнийхээ дагуу хамтран ажиллах арга хэмжээ гэрээгээ хэрэгжүүлэх төлөвлөгөө гэж гаргаад төлөвлөгөөгөө Аймгийн Засаг даргаар батлуулдаг. 6 бүлэг 170 хэдэн заалттай энэ дотор худаг ус гаргах, сэргээн засах заалттай бйдаг. Энэний дагуу ажлаа төлөвлөж, ажлаа дүгнүүлж хийсэн ажлынхаа урамшууллыг авдаг. Манай орлогч дарга Э энэ худгийг бол утсаар Давайн хормойн оройн зүүн гэх газар гээд нэрийг нь өгсөн байдаг. Энэ нэр нь ямар учиртай гэхээр манай Э аав Э гэж хүн байдаг. 4 удаа багийн Засаг дарга хийсэн хүн бий. Энэ хүмүүс Давайн хормойн оройн зүүн гэх газарт хонд авсан юм билээ. Би 2020 оны 10 дугаар сарын 30-нд томилогдсон. Энэ хүмүүс 2020 оны 09 дүгээр сарын 30-нд авсан байдаг юм билээ. Миний өмнөх Засаг дарга яг сарын өмнө энэ хондыг бууцыг Э ахад эзэмшүүлсэн байдаг. 2021 онд Э ах над дээр орж ирсэн. 2020 онд авсан бууцаа өөрийн дунд охины хүргэн Дундговь аймгийн Гурвансайханы малчин хүүд шилжүүлэх гэж орж ирэхэд би шилжүүлээгүй. Тийм юм байхгүй ээ анхнаасаа наад бууц чинь малчин өрхийн эзэмших бууц байхад танайх нэг ч малгүй эзэмшчихсэн байна тийм болохоор хүчингүй болгоно гэсэн. Манай орлогч дарга аавынхаа бууцны нэрийг өгчихсөн байгаа юм. Аймаг орон нутгаас хүсэлт яваагүй. Хэрэгцээ шаардлагатай байгаа малчдадаа  гаргаж ирсэн худаг байгаа юм. Тэгээд одоо энэ хөрөнгө мөнгө нь улсаас гарна. Энэ худгийг барьж дээр нь байшин барилга бүх юмыг барьсаны  дараа улсын комисст хүлээлгэж өгөхөөр тэр компани шалгарсан байгаа. Энэ компани нь нэхэмжлэгч гэж орсон байдаг.  Ш нь гомдол өгсөн. Энэ гомдлыг өгсөн Ш нь бид нар хамтраад олон жил ажиллаж байгаа. Орлогч дарга байсан хүн байгаа. Би тэр хүнийг 2021 оны 05 дугаар сарын 14-нд  ажлаас нь чөлөөлсөн. Дараа нь Г гэдэг хүнийг чөлөөлж байсан. Олон хүнийг чөлөөлж байснаас энэ хүмүүс гомдож өсөрхсөндөө иймэрхүү байдалтай явж байна. Одоо бас авлигатай тэмцэх газар гомдол мэдүүлээд яваад байна. Би төрийн албанд тасралтгүй 19-н жил ажиллаж байгаа хүний хувьд үнэнч шударгаар ажиллаад явж байхад хүмүүсийн хэл ам орсон бололтой. Энэ шийдвэрийг хүчингүй болгож, ялыг минь хөнгөрүүлж өгөөч гэж хүсч  байна гэв.

Прокурор Ш.Батсүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн тайлбартай танилцлаа. Г.А хэнд хохирол учруулаад байгаа юм бэ хохирсон асуудал байхгүй байна гэсэн асуудал яригдлаа. Үүндээр тухайн ус цэгийг гаргах ёстой байршлаас нь 24 км зайд гаргаад байгаа нь 1-рт улсад, 2-рт иргэдэд хохирол учруулж байна. Яагаад ингэж үзэж байна гэхээр Г.А зүгээс Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгжийн тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, мөн тус хуулийн 22.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт Засаг дарга нь ус цэгийг төлөвлөх асуудал байгаа. Гэтэл Г.А хувьд 2021 онд тухайн худгийг худаггүй болсон учраас   гаргасан нь зөв гэж яриад байгаа. Хэрэв тийм байсан бол бусад сумд шигээ Хүнс хөдөө аж ахуйн газартаа хүсэлтээ өгөөд тухайн худгийн асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой байсан. Гэтэл өгөөгүй. Хүнс хөдөө аж ахуйн газраас сайдын тушаал гарсан байхад Г.А нь дур мэдэн, өөрийн малчин болон мал байдаг гэх газраас 1,7 км-н зайтай бүхэл бүтэн 24 км-н цаанаас худгийн байршлыг өөрчлөөд өөрөө тогтоочиж байгаа. Энийгээ зөвтгөж ярих нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн  22.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан төлөвлөж болно гэсэнтэй андуураад байх шиг байна.Танай сумын зүгээс худаг ус цэг байгуулах талаар санал хүсэлт гаргаагүй ээ байгуулах шаардлагагүй байсан гэсэн асуудал ярьж байна. Байгууллага хүсэлт өгөөгүй байхад тухайн ус цэгийн байгуулах шийдвэр гаргасан байсан учраас энэ бол миний зөв. Хэрэв  тийм бол Г.А өнгөрсөн хугацаанд худаг ус цэгийн өөрчлүүлэхээр хүсэлт саналаа холбогдох газруудад гаргаад шийдвэрлүүлэх боломж байсан. Н, А гэх хоёр малчин өрхөд анх худаг гаргах байсан цэгийн тэнд. Хоёр малчин бол хувийн худаг нь байдаг. Тухайн малчид зөвхөн өөрийн хөрөнгөөр өөрийн малаа усалдаг. Энэ малчид худаг ус гаргасан асуудлаас болж өнөөдөр гэмт хэрэг үйлдэгддэг. Ийм асуудлаас үндэслээд миний зүгээс харж байгаа асуудал хэргийн матералд авагдсан шийдвэрүүдийг урьдчлан сэргийлэх үүднээс гаргасан гэж итгэж байгаа. Шүүхэд худаг ус цэгийн бариулах талаараа анхны худгаа эвдэрсэн, бариулах талаараа хүсэлт өгсөн гэж байна.  2021 онд малчин Н сумын Засаг даргад хүсэлт өгсөн асуудал байдаг. Худаг ингээд эвдэрчихлээ гээд. Тухайн үед Г.А хууль дүрмээ хэрэгжүүлж ажилласан бол худаг ус цэгийг шинээр гаргах хүсэлтээ Хүнс хөдөө аж ахуйн бусад газарт хүсэлтээ өгөөд шийдвэрлүүлэх боломжтой байсан тэгсэн бол өнөөдөр ийм зүйл яриад байж байхгүй байсан. Тухайн үед энэ хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан. Худаг ус цэгийг байгуулах хүсэлт гаргасан гэж ярьлаа. Г.А зүгээс хүсэлт гаргасан асуудал байдаггүй. Хэзээ гаргасан бэ гэхээр 2023 онд энэ эрүүгийн хэргээр шалгагдаж дуусаад  шүүхэд хэрэг ирсний ард хүсэлтээ гаргаж Н хүсэлттэй хавсаргаад албан тоотоор хүргүүлсэн байдаг. Г.А анхнаасаа худаг ус цэг дээр өөрийн ашиг сонирхол малчныхаа  ашиг сонирхлын үүднээс давуу байдал үүсгэж 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тухайн ажил гүйцэтгэгч “М” компанийн  ажилтнуудад худаг гаргах цэг чинь Давайн хормойн орой зүүн гэх газар энэ гэж зааж өгөөд гаргуулахаар 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдөр тухайн газар өрөмдлөгийг хийхээр тоног төхөөрөмжөө бэлдэж байхад Хүнс хөдөө ажуйн газрын мэргэжилтэн Б очсон байдаг. Энэ газар худаг гаргаж болохгүй. Худаг гаргахаар болбол анх шийдвэр гаргасан газартаа мэдэгдэж байж цэгийг өөрчлөх нь зүйтэй гэдэг шаардлагыг тавьсан. Гэтэл тухайн газраасаа 500 метрийн зайд хөдлөөд өөрчилсөн мэт болоод тухайн худгаа өрөмдүүлчиж байгаа юм. Тэгэхээр ердөөсөө өөрийн эрх ашгийн төлөө энэ хүн тэнд худаг гаргуулах. Өнөөдөр хэрэгт авагдсан нотлох баримтаар Г.А бог мал малчин Н гэдэг айл дээр байдаг. Н нь тэнд өвөлжөө хороо бууцтай. Ердөөсөө л энд гаргах асуудал байна. Хэрэв тэр худаг ажилдаггүй байсан бол өөрсдөө хол явж малаа услах ажил байсан учраас өөрийн малчиныхаас 1,7 метрт худаг гаргахын төлөө энэ хүн ажиллаж тухайн хүмүүст газрын байршлыг худлаа зааж ажиллуулсан гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн 27 дугаартай Г.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилээр  хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэж байна гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1. 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

           

           Шүүгдэгч Г.А нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргаар  ажиллаж байхдаа 2022 оны 05 дугаар сарын 02-ны  өдрийн  ‘’Говьсүмбэр, Дундговь аймагт инженерийн хийцтэй 9 худаг шинээр гаргах ажил-ыг гүйцэтгэх 220202/04-227 дугаар гэрээ, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/50 дугаар Шинээр гаргах худгийн байршил батлах тухай’’ тушаалд заасан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэсгэр Давайн хормойн оройн зүүн гэх газар гаргах ёстой байсан 30 020 708 төгрөгийн төсөвт өртөгтэй инженерийн хийцтэй худгийн байршлыг ажил гүйцэтгэгч М ХХК-ийн ажилчдад худлаа зааж өгч 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр худаг гаргахаар тогтсон цэгээс 24 киломертрын зайд байх тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Нүдэнгийн бор гүвээ гэх газар буюу өөрийн малыг малладаг малчин Д.Н өвөлжөөнөөс баруун урд зүг  1.7 километрын зайд өрөмдлөг хийлгэж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон өөрийн малыг малладаг малчинд давуу байдал бий болгосон  гэмт хэрэгт холбогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан гэж үзэх үндэслэлтэй ба анхан шатны шүүх хэргийг хавтаст хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

            Мөн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль зөрчсөн асуудал байхгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Анхбаяр нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон  гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            иргэний нэхэмжлэгч Т.Ц “ ... Гэрээнд заасан худаг гаргах байршил өөрчлөгдсөнийг бид мэдээгүй. Манай инженер Ж.Т нь ч өөрөө өөр газар худаг гаргаж байгаагаа мэдээгүй байсан. Баянтал сумын Засаг дарга тухайн газрыг зааж өгсөн гэдэг. Инженер Ж.Т нь гэрээнд заагдсанаас өөр газар худаг гаргавал худгийг хүлээн авахгүй, санхүүжилт олгогдохгүй гэдгийг сайн мэдэж байгаа. Тиймээс байршил нь өөр газар байсан гэдгийг мэдсэн бол худгийн өрөмдлөг хийхгүй. Манай компаний зүгээс албан тушаалтан буруу газар зааж өгснөөс үүдээд зардал гарсан. Яллагдагч Г.А 22 613 012 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд төлөгдөөгүй болно... “ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 155-156, 177-178/

             гэрч Ш.Ш “ ... Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Давайн хормойн оройн зүүн гэх газар инженерийн хийцтэй худаг гаргах ажил хийгдэх ёстой байсан. Уг газар нь олон жил худаггүй байсан. Гэтэл Баянтал сумын Засаг дарга Г.А нь Мөнх толгой гэх газар буюу өөрийн малчны хажууд тухайн худгийг гаргуулж, өрөмдүүлсэн, өрөмдөхөөр очсон хүмүүс нь хүртэл зориулалтыг нь өөрчлүүлж өөр газарт өрөмдүүлсэн гэж хэлж байсан... “ /1-р хх-ийн 158-159/  

             гэрч Д.Нямцэрэнгийн “ ... *******ын 100 гаруй тооны бог малыг малладаг. ...2022 оны 10 сард санагдаж байна худгийн өрөмдлөг хийх компаний хүмүүс манай гэрийн ойролцоо ирсэн. ... сумын Засаг дарга ******* ирээд манай гэрээс баруун урагш 2 километр орчмын зайд газар зааж өгснөөр худаг гаргах компанийн хүмүүс өрөмдлөгийн ажлаа эхэлсэн, 7 хоног ажиллаад буцсан ... “ /1-р хх-ийн 161-162/

             гэрч А.Б “... Би Баянтал сумын нутаг дэвсгэрт 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өөр ажлаар явж байхдаа давхар очоод шалгачихья гээд очиход Мөнх толгой гэх газарт байрлах хуучин худгийн хажууд өрөмдлөг хийлгэх гэж байсан. Би очоод энэ байршил нь биш байна. Яамнаас тогтоосон худаг барих байршлыг сольж болохгүй шүү, солихоор бол хүсэлтээ өгч байж шийдвэрлүүлнэ гэдгийг хэлсэн.“ /1-р хх-ийн 205-206/

             гэрч Ж.Т “... аймгийн мэргэжилтэн Б ирээд та нар наанаа өрөмдлөг хийж болохгүй, худгийн хажууд худаг өрөмдөнө гэж байхгүй. Та нарын худаг байгуулах ёстой газар өөр газар гэж хэлсэн. Тэгэхээр нь би Засаг дарга Г.А луу ярихад надад нэг газар зааж өгсөн. Тэр зааж өгсөн газар нь өрөмдлөгийг хийсэн. /хх-ийн 166-167/ гэх мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн бөгөөд шүүгдэгч Г.А үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь хэргийн зүйлчлэлийн хувьд тохирсон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзлээ.

                       

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “ ... шүүгдэгч Г.А Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/50 дугаар “Шинээр гаргах худгийн байршил батлах тухай” тушаалд заасан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2-р багийн нутаг дэвсгэр “Давайн хормойн оройн зүүн” гэх газар гаргах, худгийн байршлыг өөрчлөх хүсэлтийг холбогдох газарт нь хүргүүлж шийдвэрлүүлэлгүйгээр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж худгийн байршлыг өөрчилж гаргуулсан гэм буруутай гэж ял шийтгэл оногдуулсан нь хуульд нийцэхгүй байна. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.7, 59.1.8, 59.1.23, 22 дугаар зүйлийн 22.1.7, 22.1.8, 27 дугаар зүйлийн 27.5.11, 27.5.13, 27.5.26-т сумын засаг даргын эрх хэмжээнд бэлчээр худаг, уст цэгийн байршлыг тогтоох эрхтэй. Иймд шүүгдэгч Г.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсанг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

           

            Шүүгдэгч Г.А нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын тушаалаар батлагдсан Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Давайн хормойн оройн зүүн гэх газар гаргах худгийн байршлыг дур мэдэн өөрчилсөн, өөр газар худаг гаргахаар  байгаа бол холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлж шийдвэрлүүлэх боломжийг хэрэгжүүлэлгүй албан тушаалаа урвуулан ашигласан ба өөрийн малыг малладаг малчинд  давуу байдал бий болгосон гэж үзэх үндэстэй байна.

 

Харин шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн нөхцөл байдал /Мөнх толгой гэх газар худаг гаргах хэрэгцээ шаардлага байсан/ зэргийг харгалзан өмнөх Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчлөн торгох ялаар солих  боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/27 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтны “1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй “ гэснийг “ 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5 400 000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй“ гэж,

тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А оногдуулсан 5 400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5 400 000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай гэж,

тогтоох хэсгийн 4 дүгээр заалтыг ... Шүүгдэгч Г.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй гэж,

тогтоох хэсгийн 5 дугаар заалтны ... зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэсгэснийг ‘’торгох ял оногдуулсан үеэс гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 Анхан болон давж шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.ТЭГШСУУРЬ

                 ШҮҮГЧ                                              Н.БОЛОРМАА

                 ШҮҮГЧ                                              О.ОДНЯМАА