Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2024/05265

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х дүүрэг, ** тоотод оршин суух, Т овогт Ж.Э /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сдүүрэг  өөрийн байранд байрлах Н*******т холбогдох

  Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны  өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И*******д шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.Э******* нь хариуцагч Н*******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие Ж.Э******* нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204******* дугаарт бүртгэлтэй, Б******* дүүргийн ******* хороо, ******* хотхон /13380/, ******* гудамж, байр, тоот хаягт байрлах 149.35 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгч бөгөөд тус орон сууцанд маань миний эцэг, эх амьдран суудаг билээ. 2017 онд миний нөхрийн танил гэх Т.Б буюу Б ХХК-ийн захирал нь миний нөхрөөс гуйж тухайн байрыг маань барьцаалж, зээл гаргуулахыг хүссэн. Тухайн үед Т.Б нь ямар ч асуудал гарахгүй, түр барьцаанд тавьж зээл аваад, удахгүй чөлөөлөөд өгчихнө гэж итгүүлэн, гуйсаар байгаад миний дээрх орон сууцыг Ганд барьцаалан зээл авсан бөгөөд миний бие Г болон Т.Б нараас нэг ч төгрөг аваагүй юм. Гэвч миний орон сууцыг чөлөөлж өгөлгүй 3, 4 жил болсон бөгөөд удалгүй 2021 онд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс намайг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ба миний бие өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа аваагүйн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхтэй оролцож чадаагүйн улмаас шүүх хуралдаан үргэлжилж, хэргийг шийдвэрлэсэн бөгөөд Улсын дээд шүүхэд гомдол гаргасан боловч нийт шүүгчдийн хуралдаанаар гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан. Ийнхүү Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШШ2021/00889 дүгээр шийдвэр,Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1017дугаар магадлалаар Б ХХК-иас 113 817 176 төгрөгийг гаргуулж, Г ХХК-д олгож, хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд миний өмчлөлийн дээрх орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн боловч Б ХХК буюу Т.Б нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрөө огт төлөхгүй байгаа гэж хариуцагч байгууллагаас тайлбарладаг бөгөөд шийдвэр гүйцэтгэгч нар нь зөвхөн над руу залгаж байрыг чинь хураана, албадан худалдана гэж сүрдүүлэх болсон. Миний бие хөгшин настай эцэг, эхийнхээ орон сууцыг алдахаас айж, арга буюу Т.Бийн өмнөөс төлбөрийг нь бага багаар төлсөөр байгаа бөгөөд Т.Б нь утсаа ч авахаа больж, манай гэр бүлийг хохироож байгаад маш гомдолтой байгаа юм. Гэвч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Т.Бд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийсэн эсэх нь огт тодорхойгүй бөгөөд зөвхөн миний орон сууцаар шууд үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагаа хийж байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Түүнчлэн, Н******* нь миний өмчлөлийн орон сууцыг намайг огт байлцуулалгүйгээр, мэдэгдэлгүйгээр битүүмжилж, хураасан байх ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4-92/7742 дугаар мэдэгдлээр дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 520 000 000 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдэгдсэн. Миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д "Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө" гэж, 55.7-д "Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно" гэж тус тус заасны дагуу эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч ийнхүү 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр мэдэгдэн, гардуулж өгсөн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргаж байна. Учир нь, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т "Хөрөнгийн үнэлгээний тайлан дараах шаардлагад нийцсэн байна" гээд, 8.2.3-д “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх” гэж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д “Хөрөнгийн үнэлгээний тайлан үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцсэн байх бөгөөд дараах зүйлийг тусгана” гээд, 8.3.9-д “хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл" гэж тус тус заасан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь миний өмчлөлийн 4 өрөө орон сууцыг битүүмжилж, хурааж, үнэлгээ хийх гэж байгаа талаар надад огт мэдэгдээгүй бөгөөд шинжээч нь миний орон сууцанд орж ч үзэлгүйгээр хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан нь тухайн тайлан Үндэслэлтэй, тодорхой байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. /Хөрөнгийн үнэлгээний тайланд орон сууцны зовхон гадна хаалганы зургийг хавсаргасан байгаагаар тодорхой харагдаж байна. Түүнчлэн, миний өмчлөлийн орон сууцны үнэлгээг гаргахдаа зөвхөн facebook группт тавигдсан нэг зарыг л үндэслэн үнэлгээг гаргасан байх бөгөөд үнэхээр тухайн зар тайланд үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоог тусгах шаардлагатай байсан эсэх тохойгүй, үндэслэлгүй байна. Тодруулбал, хоронгийн ухаа втал тухайн үнэлгээний тайланд нэг ч баримт, нотолгоо тусгагдаагүй байна. Энэ нь үнэлгэний тайлан үндэслэлтэй, тодорхой байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Ийнхүү Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын томилсон шинжээч нь үнэлж буй хөрөнгөтэй газар дээр нь танилцаагүй, давуу талыг шинжлэн судлаагүй, харьцуулж буй хөрөнгөтэй огт шинжилж харьцуулаагүй, харьцуулж буй хөрөнгийн талаар огт баримт, мэдээлэл нотолгоог тусгаагүй байх тул тус хөрөнгийн үнэлгээний тайлан нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байх бөгөөд миний хөрөнгийг үндэслэлгүйгээр, хэт үнэгүйдүүлэн үнэлгээ гаргасан гэж тухайн үнэлгээг эс зөвшөөрч байгаа юм.  Миний өмчлөлийн орон сууц нь байрлалын хувьд хотын А бүсэд байрлах, худалдаа үйлчилгээний төв болох Сансарын E-mart худалдааны төвийн хойно байрладаг бөгөөд их дээд болон ерөнхий боловсролын сургуулиудтай маш ойрхон, супер засвартай, нэг давхарт байрлах тул орж гарахад амар, дотоод зохион байгуулалт сайтай, давуу талтай орон сууц бөгөөд нэг м.кв нь 4 500 000 төгрөгөөс буухааргүй үнэлгээтэй орон сууц юм.  Гэтэл шинжээч нь миний орон сууцны үнэлгээг хэт үнэгүйдүүлэн, үндэслэлгүйгээр нэг м.кв талбайг 3 481 754 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4-92/7742 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн Ж.Э*******ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204******* дугаарт бүртгэлтэй, Б******* дүүргийн ******* хороо, ******* хотхон /13380/, ******* гудамж, байр, тоот хаягт байрлах 149.35 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 520 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн.

 

2.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Төлбөр төлөгч Би эс би ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулахгүй өдийг хүрсэн. Түүний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаалж нэхэмжлэгч Ж.Э*******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 2204******* дугаартай, Б******* дүүрэг, 0******* хороо, 103 байр, тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хураан авсан. Үүний дагуу Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авч талуудад танилцуулсан байдаг. Ингээд талуудаас үнийн санал ирүүлээгүй тул 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай тогтоолын дагуу шинжээчийг томилуулсан. Хөндлөнгийн шинжээчийн үнэлсэн үнэлгээ нь зах зээлийн ханшаар 520 000 000 төгрөг гэж тогтоосныг талуудад 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4-92/7742 дугаар мэдэгдлээр танилцуулан өмчлөгч болох Ж.Э*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.И******* өөрийн биеэр гарын үсэг зурж хүлээн авсан байдаг. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйл, 54 дугаар зүйл, 55 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

  4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/00889 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1017 дугаар магадлал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ГХ2022/00536 дугаар гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 22410312/03 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 22410312/04 дугаар эд хөрөнгө хураах тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4-92/7742 дугаар үнэлгээний мэдэгдэл, Орон сууцны үнэлгээний тайлан, итгэмжлэл /хэргийн 5-33-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ц.О*******т олгосон итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ГХ2022/00536 дугаар гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 22410312/03 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 22410312/04 дугаар эд хөрөнгө хураах тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 4-92/6167, 4-92/6166 дугаар үнийн санал ирүүлэх тухай албан бичиг, итгэмжлэл, 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3/100 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, Шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх акт, Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, Шинжээчид эрх үүрэг тайлбарласан тухай баримт, Д ХХК-ийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4-92/7741, 4-92/7740, 4-92/7742 дугаар үнийн мэдэгдэл /хэргийн 39,54, 77-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ надад мэдэгдээгүй, орон сууцанд орж үзээгүй, газар дээр нь танилцаагүй, давуу талыг нь шинжлэн судлаагүй, харьцуулж буй хөрөнгийн талаар баримт мэдээлэлгүй үнэлгээ хийж, орон сууцыг хэт үнэгүйдүүлэн зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, хөрөнгийн үнэлгээ бодитойгоор тогтоогдоогүй гэж үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч нь иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд талуудаас үнийн санал ирүүлээгүй тул шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан, шинжээчийн үнэлсэн үнэлгээ нь зах зээлийн ханшаар 520 000 000 төгрөг гэж тогтоосныг талуудад 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4-92/7742 дугаар мэдэгдлээр танилцуулан өмчлөгч болох Ж.Э*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И******* өөрийн биеэр гарын үсэг зурж хүлээн авсан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/00889 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 45******* зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Б ХХК-иас 139 702 059 төгрөгийг гаргуулан Г ХХК-нд олгож, хариуцагч шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Ж.Э*******ийн өмчлөлийн Нийслэлийн Б******* дүүргийн ******* хороо, ******* хотхон ******* гудамж байрны тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай 149,35 м.кв талбайтай 4 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 139 702 059 төгрөг гаргуулж, Г ХХК-нд олгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэжээ.

4.2.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1017 дугаар магадлалаар иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлоор хянан хэлэлцээд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/00889 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “...139 702 059 төгрөгийг гаргуулж Г ХХК-нд олгосугай” гэснийг “...113 817 176 төгрөгийг гаргуулж Г ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25 884 883 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

4.3.Н******* нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/00889 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1017 дугаар магадлал, 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Дугаар183/ГХ2022/00536 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.

4.4.Талууд иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, төлбөр төлөх талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан, 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” №22410312/03 дугаар тогтоолоор Б******* дүүрэг, ******* хороо, ******* хотхон ******* гудамж байр, тоотод байрлах 149,35 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжилж, 2024 оны  3 дугаар сарын 01-ний өдөр “Эд хөрөнгө хураах тухай” №22410312/04 дугаар тогтоолоор уг үл хөдлөх эд хөрөнгийг хураан авчээ.

4.5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь орон сууцыг байлцуулалгүйгээр мэдэгдэлгүйгээр битүүмжилж, хураасан гэсэн боловч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдсан эсэх талаар гомдол гаргасан баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

5.Талууд иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, эд хөрөнгүүдийг битүүмжлэн хураан авсан талаар маргаж байгаагүй, төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ хэт үнэгүйдүүлэн зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, үнэлгээг хийхдээ хууль зөрчсөн гэж маргаж байна.

 

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө”, 55 дугаар зүйлийн 55.2.2-д “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заажээ.

 

6.1.Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төлбөр төлөгч Б ХХК, Ж.Э******* нарт үнийн санал ирүүлэх тухай мэдэгдсэн боловч хэн аль нь ирүүлээгүй, харилцан тохиролцоогүй тул Ж.Э*******ийн өмчлөлийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204******* дугаарт бүртгэлтэй, Б******* дүүрэг, ******* хороо, ******* хотхон ******* гудамж байр, тоотод байрлах 149,35 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг үнэлгээ хийлгэхээр Д ХХК-ийн шинжээч Д.Эг шинжээчээр томилсон болох нь 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №3/100 дугаар тогтоолоор тогтоогдож байна.

 

7.2.Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж зааснаар хураагдсан хөрөнгийг шинжээчээр үнэлүүлснийг буруутгах үндэслэлгүй, хууль зөрчөөгүй.

7.3.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-д заасан "үнэлгээний хуулийн этгээд" гэж хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг, 3.1.11-д заасан "үнэлгээчин" гэж энэ хуулийн 15.1-д заасан үнэлгээ хийх эрх авсан иргэнийг, 15.1-д “хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага энэ хуулийн 14.1-д заасны дагуу шалгалтын дүнг үндэслэн үнэлгээчний эрхийг иргэнд гурван жилийн хугацаагаар олгоно” гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №3/100 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор, 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх актаар шинжээчээр Д ХХК, шинжээч Д.Эыг томилж, шинжээчид Шүүх шинжилгээний тухай хуулийн 9, 17, 18, 19, 49 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийг танилцуулж, хууль сануулжээ.

7.4.Мөн Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлгээг гүйцэтгэж, тайлан бичсэн мэргэшсэн үнэлгээчин Д.Э гэсэн байх ба Хөрөнгийн үнэлгээний тайланд “...ерөнхий мэдээлэлд Д ХХК, захирал Д.Э, эрх сунгасан хугацаа 2023 оны 5 сарын 10 хугацаагүй” гэсэн байх ба Шүүх шинжилгээний тухай хуулийн 10-д заасан үндэслэлийг тодруулахаар шинжээч Д.Эаас холбогдох мэдээллийг тодруулсан баримт, шинжээч Д.Эд хууль тайлбарласан тэмдэглэлийг үйлдсэн болох нь тогтоогдож байна. 

 

8.Хариуцагч нь шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр талуудад албан бичгээр мэдэгдсэн гэж тайлбартаа дурдсан, энэ нь хэрэгт авагдсан 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Үнэлгээний мэдэгдлээр тогтоогдож байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И*******д 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэн өгсөн байна. 

8.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд үнэлгээний талаарх гомдол буюу нэхэмжлэлээ 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан нь хуульд заасан хугацааг зөрчөөгүй байна гэж үзэв. 

 

9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үнэлгээг хийхдээ зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, бодитоор очиж үнэлгээг хийгээгүй орон сууцыг хэт үнэгүйдүүлэн 1 м.кв-ыг 3 481 754 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй, уг орон сууц нь хотын А бүсэд байрлалтай, худалдааны төв, сургуультай ойрхон супер засвартай, нэг давхарт орж гарахад амар, дотоорд зохион байгуулалт сайтай 1 м.кв нь 4 500 000 төгрөгнөөс буухгүй байхад 520 000 000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй гэсэн боловч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно. 

9.1.Хэрэгт авагдсан Д ХХК-ийн үнэлгээний тайланд “...Б******* дүүрэг, ******* хороо, ******* хотхон ******* гудамж байр, тоот хаягт байрлалтай орон сууцны өнөөгийн үндэслэлтэй өртгийг зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн нь бодит байдлыг илүүтэйгээр тусгаж байгаа гэж үзэж, 520 000 000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзэж байна” гэж тусгасан, мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг очиж үзсэн болох нь үнэлэгдэж буй хөрөнгийн фото зургаар тогтоогдож байна.

 

9.2.Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг үл хөдлөх хөрөнгө болох Б******* дүүрэг, ******* хороо, ******* хотхон ******* гудамж байр, тоот хаягт байрлалтай орон сууц нь зах зээлийн ханшаар хэдэн төгрөг болох, уг орон сууцтай ижил төстэй орон сууц нь зах зээлд хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байгаа талаарх мэдээллийг болон үл хөдлөх эд хөрөнгийг 520 000 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур буюу үнэгүйдүүлсэн болох талаараа баримтаар нотлоогүй тул шүүх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг үндэслэлгүй, хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

9.2.Иймд нэхэмжлэгч Ж.Э*******ийн хариуцагч Н*******т холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 

 

10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус дүүргийн шүүхэд 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШЗ2024/08178 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн. Мөн шүүх хуралдааныг 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг 30 минутаас товлон зарлаж, талуудад мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг нь хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан. Улмаар шүүх хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минутаас товлон зарлаж, хуралдааны товыг 2024 оны 1******* сарын 22-ны өдөр түүний 95118784 дугаарын утсаар нь мэдэгджээ.

10.1.Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч авах хүсэлтийг ирүүлсэн боловч түүний эзгүйд шийдвэрлүүлэх хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн.

10.2.Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д заасан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох”, Үндсэн хуульд заасан хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлээгүй,  мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 25.2.3-д заасан “шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх” үүргээ биелүүлээгүй болно.

 

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон   

                                                       ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Ж.Э*******ийн хариуцагч Н*******т холбогдуулан гаргасан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204******* дугаарт бүртгэлтэй, Б******* дүүргийн ******* хороо, ******* хотхон /13380/, ******* гудамж, байр, тоот хаягт байрлах 149.35 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Ж.Э*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус  дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ХУЛАН