| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2018/0030/э |
| Дугаар | 51 |
| Огноо | 2018-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэнг суулган,
Улсын яллагч Б.Догмиддорж
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Батболд
Хохирогч Х.Т, Э.М
Шүүгдэгч Э.Б, Ц.Б, Б.Б нарыг оролцуулан,
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... овогт Э.Б, ....... овогт Ц.Б, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт Б.Б нарт холбогдох 1721002690160 дугаартай хэргийг 2018 оны 01 сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
1. Шүүгдэгч .......... овогт Э.Э, Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Дашбалбар сумын 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.
2. Шүүгдэгч ...... овогт Ц.Б, Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх ах, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн Маршалын 76Б байрны 75 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.
3. Шүүгдэгч ...... овогт Б.Б, Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эцэг, эх, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Цаг-Уурын 2-03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.
Шүүгдэгч Э.Б нь Ц.Б-тэй бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны орцонд шөнийн 00 цаг 20 минутын орчимд иргэн Х.Т-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.Б нь Э.Б-тэй бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны орцонд шөнийн 00 цаг 20 минутын орчимд иргэн Х.Т-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны гадна талд шөнийн 00 цаг 20 минутын орчимд иргэн Э.М-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй учраас мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ маргаангүйгээр хүлээж байна гэв.
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж яирх зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Х.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 10 сарын 28-ны өдөр дүүгээ дуудаад хадамынх руу явж байсан. Энэ гурван залуу манай дүүтэй өмнө нь таараад ам муруйгаад салсан гэсэн. 21 дүгээр байрны хойд талаасаа 3 дахь орцны гадаа надаас Б нь тамхи асууж байсан. Бид 2 бага зэрэг маргалдсан. Б өөрийгөө “буриад” гэхээр нь би, “казак” гэж хэлсэн. Би “монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэж хэлээд орсон. Орц руу орж байтал гэнэт шуугиад эд нар хаалга татсан. Тэгээд орж ирээд зодоон үүссэн. Үгийн зөрөөгүй намайг цохиод авсан, би биеэ хамгаалсан. Би яаж дөрвөн давхарт гарснаа санахгүй байна. Намайг нийлээд зодоод байхаар нь “одоо болио” гэж гуйсан. Хадам аав гарч ирээд цагдаа дуудсан. Эд нар хэргийн газраас зугтаасан. Би хадмын гэрт ороод бие эвгүй болоод бөөлжөөд эмнэлэг явсан. Миний даралт 60, 70 болтлоо унасан эмч нар яаралтай хэвт гэсэн. Би хэвтсэн. Энэ хэргээс болж би нэлээд эмчилгээ хийлгэсэн, цаашид ч хийлгэнэ, хохирлоо нэхэх болно. Одоогоор 650000 төгрөгний баримт бүрдээд байна. Үүнээс эдгээр хүмүүсийн өгсөн 250000 төгрөгийг хасаад үлдэх 400000 төгрөгийг нэхэмжилнэ гэв.
Хохирогч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 10 сарын 29-ний өдөр хүргэн ах эгч хоёр муудалцсан байсан юм. Орой 00 цагийн үед хүргэн ах намайг дуудсан. Хүргэн ахын гэр рүү очих гэж явж байгаад 19 дүгээр байрны урд найзтайгаа таарсан. Ахтайгаа цуг гэр рүүгээ орох гээд явж байтал орцны гадаа сууж байсан залуучуудын өндөр нь “тамхи байна уу” гэж хүргэн ахаас асуусан. Ах “байхгүй” гэж хэлсэн. Тэгээд жаахан маргасан. Гадаа зодоон болоогүй. Араас нүдний шилтэй нь татаж зулгаагаад саравчны тэнд аваачсан. Баттөгс нь намайг ганцаараа цохиж өшиглөсөн. Намайг дээшээ гарахад ах ухаан алдаад гэрийн үүдэнд хэвтэж байсан. Тэгээд цагдаа дуудсан. Ахыг эмнэлэгт үзүүлэхэд даралт нь буурсан байсан гэв.
Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Б 2-3 удаа толгой руу нь цохиод, 1 удаа өшиглөж байгаа харагдсан. Тэгэхээр нь голоор нь орж салгаад тэр залууг аваад гэр рүү нь явж ахтай нь уулзахаар болсон. Тэгээд орц руу дээшээ гарч явахад өөдөөс Б, Б хоёр бууж ирж байсан...” гэжээ. /хх 24/
Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 сарын 02-ны өдрийн 649 тоот дүгнэлтэд: “1.Э.М-ийн биед зүүн ухархайн дээд ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстын доорхи цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрхи гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 45/
Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 сарын 02-ны өдрийн 650 тоот дүгнэлтэд: “1.Х.Т-ын биед духны цус хуралт, баруун нүдний доод зовхи, баруун нүдний гадна булангийн цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хамрын нурууны цус хуралт, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын цус хуралт, цээжний ард зүүн талын зулгаралт, баруун тохойн хонхор, баруун шууны цус хуралт, баруун, зүүн тохойн зулгаралт, баруун сарвууны ар гадаргын зөөлөн эдийн няцрал, баруун 4, 5-р хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрхи гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 48/
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд: Гэрч Б.Т /хх 36/, Б.Б /хх 37-38/, Б.Б /хх 39-40/, Д.Д /хх 41/, Б.Б /хх 42-43/ нарын болон хохирогч Х.Т /хх 12-13, 19/, Э.М /хх 16-18/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, хохирогчоор, шүүгдэгч Э.Б, Ц.Б, Б.Б /хх 27, 34, 26, 25, 29/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 9/, Яаралтай тусламжийн хуудас /хх 46, 49-50/, Хохирлын баримтууд /хх 72, задгай 13ш/, Хохирол төлсөн баримт /задгай 1ш/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 73-75/, Хохирлын баримт /хх 72/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 83-85/ зэрэг болон хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
-Шүүгдэгч Э.Б, Ц.Б нар нь бүлэглэн 2017 оны 10 сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн 23 дугаар байрны орцонд шөнийн 00 цаг 20 минутын орчимд хохирогч Х.Т-г зодож, түүний эрүүл мэндэд “Духны цус хуралт, баруун нүдний доод зовхи, баруун нүдний гадна булангийн цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хамрын нурууны цус хуралт, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын цус хуралт, цээжний ард зүүн талын зулгаралт, баруун тохойн хонхор, баруун шууны цус хуралт, баруун, зүүн тохойн зулгаралт, баруун сарвууны ар гадаргын зөөлөн эдийн няцрал, баруун 4, 5-р хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол;
-Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн 23 дугаар байрны гадна талд шөнийн 00 цаг 20 минутын орчимд хохирогч Э.М-г зодож, түүний эрүүл мэндэд “Зүүн ухархайн дээд ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстын доорхи цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины няцарсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан доорхи:
Шүүгдэгч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруутай үйлдлээ хүлээн мэдүүлсэн “...Би тэр Т гэх залуугийн бөөр рүү нь 2-3 удаа өшиглөсөн...Б мөн өшиглөж зодсон...” /хх 27, 34, 69-70, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх, шүүгдэгч Ц.Б-н “...орцонд зогсож байсан өндөр залуу шууд намайг нүүр рүү цохиод дээшээ гүйхээр нь Б бид хоёр араас гүйж очоод барьж аваад нуруу далны хэсэг рүү 3-4 удаа өшиглөсөн, харин Б надтай адилхан өшиглөж зодсон, хэд цохисныг мэдэхгүй...” /хх 26, 64, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх, шүүгдэгч Б.Б “...тэр залууг гараар толгойных нь ар хэсэгт нь 2 удаа цохиод, доошоо тонгойхоор нь хөлөөрөө нэг удаа нүүрэн хэсэг рүү нь өшиглөсөн...Б, Б хоёр тэр өндөр залууг зодсон...Би М гэх залууг зодсон...” /хх 25, 29, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх мэдүүлгүүдийг давхар нотолсон:
Мэдүүлгийн эх сурвалжаа зааж, тогтвортой мэдүүлсэн хохирогч Х.Т-н “...М-н найз дээшээ гараад зугтаах шиг болсон, намайг тэр хоёр хүн хэдэн талаас зодож нүдээд байсан...” /хх 12-13, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх,
Хохирогч Э.М-н “...Тэгтэл нэг залуу нь намайг цохиод нүүр рүү өшиглөсөн...миний хажууд хоёр хүн байсан. Нэг нь цохиж зодоогүй, харин нөгөө залуу буюу Б гэдэг залуу намайг цохиж зодон миний биед гэмтэл учруулсан...” /хх 16-18, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх,
Болсон үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн гэрч Т.Б-ын “...Б 2-3 удаа толгой руу нь цохиод нэг удаа өшиглөж байгаа харагдсан...Б, Б хоёр дээрээс бууж ирж байсан...Б М гэх залуугийн толгойн араас 2-3 удаа гараараа цохисон, нүүрэн хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн...тэр М гэх залуу Б-ийг цохиж зодсон зүйл байхгүй...” /хх 24/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 9/, яаралтай тусламжийн хуудас /хх 46, 49-50/, мөн гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд хохирогч нарын биед хөнгөн гэмтэл үүссэн талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлтүүд /хх 45,48/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Х.Т-ын эрүүл мэндэд учирсан “цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол нь түүнийг цохиж өшиглөсөн шүүгдэгч Э.Б, Ц.Б нарын, мөн хохирогч Э.М-ийн эрүүл мэндэд учирсан “зөөлөн эдийн няцрал, цус хуралт, биед зүүн ухархайн дээд ханын хугарал, шарх” бүхий хөнгөн хохирол нь түүнийг цохиж өшиглөсөн шүүгдэгч Б.Б-ийн үйлдэлтэй тус тус шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Б, Ц.Б, Б.Б нарын үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Э.Б, Ц.Б нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Т мэдүүлэхдээ “...Намайг зодсон хоёр энэ хоёр хүнээс болж би эмчилгээний зардалд нийт 650000 төгрөг зарцуулсан. Үүнээс надад өгсөн 250000 төгрөгийг хасаж тооцоод, үлдэгдэл 400000 төгрөгийг гаргуулж авахыг хүсэж байна...” гэжээ.
Шүүх, иргэний нэхэмжлэлийн үндэслэл, нотлогдсон байдлыг хавтаст хэргийн хэмжээнд шинжлэн судалж дүгнэвэл, хохирогч Х.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд ирүүлсэн хохирлын нотлох баримтаас нийт 292792 төгрөгийн, хохирогч Э.М-д 20000 төгрөгийн хохирол бодитой учирсан нь гүйлгээний баримт /хх 72, задгай 9ш/-аар; мөн шүүгдэгч Ц.Б, Э.Б нар нь хохирогч Х.Т-д 250000 төгрөг төлсөн болох нь хохирол хүлээн авсан баримт /хх задгай 1ш/, хохирогчийн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Иймд хохирогч Х.Т-ын нэхэмжлэлээс эмчилгээнд зарцуулсан, нотлох баримтаар тогтоогдсон 292792 төгрөгийн хохирлоос шүүдэгч Ц.Б, Э.Б нарын төлсөн 250000 төгрөгийг хасаж, үлдэх 42792 төгрөгийг шүүгдэгч нараар хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Х.Т-д, шүүгдэгч Б.Б-с толгойны зурагны үнэ 20000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.М-д тус тус олгох үндэстэй байна.
Харин хохирогч Х.Т-н 2018 оны 01 сарын 04-ний өдрийн 129580 төгрөгийн үнэ бүхий /хх задгай/, 2017 оны 12 сарын 26-ны өдрийн 200000 төгрөгийн үнэ бүхий баримт /хх задгай/-тай нийт 329580 төгрөгийн нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь: Эмийг хэн хэрэглэсэн нь тодорхой бус, бүтээгдэхүүний нэр бичигдээгүй байх тул хохирогч нь 329580 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй ба огт нотлох баримтгүйгээр нэхэмжилсэн 27628 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ..... овогт Э.Б, ....... овогт Ц.Б нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, ....... овогт Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Б, Ц.Б нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ цагийн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 350 /гурван зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Ц.Б нарт оногдуулсан тус бүрийн 450 цагийн, шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.Б, Ц.Б, Б.Б нарт мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1721002690160 дугаартай хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Э.Б, Ц.Б нараас 42792 /дөчин хоёр мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн 70 дугаар байрны 17 тоотод оршин суух, хохирогч .......овогт Х.Т /....../-д, шүүгдэгч Б.Б-с 20000 /хорин мянга/ төгрөг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн 23 дугаар байрны 26 тоотод оршин суух, хохирогч ....... овогт Э.М /......./-д тус тус олгож, хохирогч Х.Т-н нэхэмжлэлээс 396780 /гурван зуун ерэн зургаан мянга долоон зуун ная/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогчид мэдэгдэж, нэхэмжлэлээс 27628 /хорин долоон мянга зургаан зуун хорин найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ