| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2024/0642/З |
| Дугаар | 128/ШШ2024/0748 |
| Огноо | 2024-09-26 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2024/0748
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э******* ХХК
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:
1.1 Э******* ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/512 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, газар ашиглах эрхийн хугацаа сунгахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, Э******* ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан шийдвэр гаргахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгах.
Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:
2.1 Нэхэмжлэгч нь анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Хны хязгаарлалтын бүсэд 1.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 2*******1 дугаартай Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ[1]-г 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2*******5 дугаар Газар ашиглаг гэрээ[2]-р 5 жилийн хугацаагаар олгосон байна.
2.2. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/368 дугаар тушаал, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2*******9 дугаар Газар ашиглах тухай гэрээ[3]-р газар ашиглах эрхийн хугацааг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 2 жилээр сунгасан.
2.3. “Э*******” ХХК-иас Газар ашиглуулах гэрчилгээ сунгуулах тухай хүсэлтээ[4] 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гаргасныг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хүлээн авч, тус захиргаанаас 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 663 дугаар “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр[5] “Э*******” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлжээ.
2.4. Гэтэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 966 дугаар албан бичгээр[6] Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг Байгаль орчин аялал жуулчлалын яамны цахим хуудас, цахим хаягаар нийтэд мэдээлсэн байна[7].
2.5. Э******* ХХК-иас 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12/26 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хандан газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлтийг гаргасан.
2.6. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/1491 дугаар албан бичгээр[8] нэмэлт мэдээллийг,
2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/35 дугаар албан бичгээр[9] газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах саналыг тус тус Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд,
мөн тус захиргаанаас 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01/243 дугаар “Э******* ХХК-ийн хүсэлтийг хүргүүлэх тухай” албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт тус тус хүргүүлжээ.
2.7. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/512 дугаар тушаалаар хугацаандаа хүсэлт гаргаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон байна.
2.8. Хариуцагч маргаан бүхий актаа гаргахдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтад заасныг үндэслэсэн.
2.9. Тус шүүхэд Э******* ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Э******* ХХК-ийн газар ашиглах эрхийг сунгах хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаа эс үйлдэхүй буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, газар ашиглах эрхийг сунгах хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШЗ2024/5368 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон.
2.10. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01/996 дугаар “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай” албан бичгээр[10] Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/512 дугаар маргаан бүхий актыг Э******* ХХК-д хүргүүлсэн байна.
2.11. Э******* ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн “Э******* ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/512 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, газар ашиглах эрхийн хугацаа сунгахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, Э******* ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан шийдвэр гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах” гэжээ.
2.12. Шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШЗ2024/5892 дугаар захирамжаар[11] дахин нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, нэхэмжлэгч 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр[12] хангаж ирүүлснээр шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШЗ2024/6175 дугаар захирамжаар Захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1 Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Манай компани Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Хны хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрхийн 2*******1 тоот гэрчилгээгээр 1 га газрыг ашиглуулах эрх олгосон ба Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын 2021 оны 11 сарын 17-ны өдрийн А/368 дугаар тушаалаар газар ашиглах эрхийн гэрчилгээг 2 жилийн хугацаатайгаар сунгасан.
Сайдын тушаалын дагуу манай компани ашиглах эрхийн гэрчилгээ бүхий газрыг Газрын тухай хууль тогтоомж, газар ашиглуулах гурвалсан гэрээний дагуу ямар нэгэн зөрчил дутагдалгүй ашигласаар ирсэн бөгөөд тухайн газарт аялал жуулчлалын цогцолбор байгуулах, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахаар инженер геологийн судалгаа, байр зүйн зураг, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, цахилгаан, худаг гаргуулах зөвшөөрөл, барилгын эскиз зураг гаргуулах, барилга барих зөвшөөрөл зэрэг төрийн эрх бүхий байгууллагаас тухай бүрт зөвшөөрэл авах үйл эжиллагааг хэрэгжүүлж 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх” зөвшөөрлийг авсан.
Барилгын ажлыг хаврын дулаан цаг эхлэхээр үргэлжүүлэхээр төлөвлөсөн боловч газар эшиглах эрхийн гэрчилгээний зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох хугацаа 2023 оны 06 дугаар оарын 09-ний өдрөөр дуусаж байсан тул хууль журмын дагуу газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулсны дараагаар үйл ажиллагааг эхлүүлэхээр 2023 оны 05 дугаар зарын 24-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан.
Манай компанийн гаргасан хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хүлээн авч 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 663 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд манай газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтийг дэмжиж санал хүргүүлсэн. Гэтэл 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “Сонсох ажиллагааны мэдэгдэл” ирүүлсэн бөгөөд уг мэдэгдлийн хавсралтад манай компанийг газрын төлбөр төлөөгүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлд хамааруулсан байсан.
Уг мэдэгдлийн дагуу манай компаниас газрын төлбөрийн үлдэгдэлгүй бөгөөд газрыг зориулалтын дагуу ашиглахаар дэс дараатай үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг гаргасан тухай тайлбарыг хүргүүлснээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/1491 дүгээр албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд нэмэлт мэдээлэл хүргүүлж, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/35 дугаар албан бичгээр мөн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах саналыг уламжилсан байдаг.
Ийнхүү удаа дараа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас манай компанийг газар ашиглах аливаа нэгэн зөрчил гаргаагүй болохыг тодорхойлж газар ашиглах эрхийг сунгуулах саналыг шийдвэр гаргах эрх бүхий этгээдэд уламжилсаар байтал Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасаар байсан учир манай компани 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөн хугацаа сунгах шийдвэр гаргаж өгөх хүсэлтийг мөн хүргүүлсэн.
Ийнхүү хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй эс үйлдэхүй гаргасаар байсан тул манай компанийн зүгээс 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжпэл гаргасны дараагаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/512 дугаар тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон тушаал гаргасан болохыг албан бусаар олж мэдлээ. Уг тушаалыг бидэнд албан ёсоор огт мэдэгдээгүй, гардуулаагүй болно.
Газар ашиглагчаас газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэл зоригоо илэрхийлсээр байхад шийдвэр гаргах эрх бүхий байгууллага үндэслэлгүйгээр удаа дараа газар ашиглах эрхийг цуцлах ямар нэгэн шалтаг гарган шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасаар ирсэн бөгөөд газрын төлбөр төлөөгүй, ашиглаагүй гэх үндэслэл ирүүлж байснаа манай компаниас гаргасан тайлбарыг үзээд дээрх зөрчил байхгүй болохыг мэдэж Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах...” гэж заасныг хэрэгжүүлээгүй гэж буруутгажээ.
Тус заалтаар хугацаа сунгуулах хүсэлт гаргах, хүсэлтэд хавсаргах баримтыг тодорхойлсон ба харин Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж тусгайлан зохицуулсан нь газар эзэмшигч, ашиглагчаас хугацаа дуусахаас өмнө хүсэлтээ гаргаагүй тохиолдолд хэрэгжих зохицуулалт гэж үзэх үндэслэлтэй.
Төрийн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн тухайн газарт зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахаар тодорхой хэмжээний хөрөнгө, цаг хугацаа зарцуулсан, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэл зоригоо илэрхийлсээр байхад газар ашиглагчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг үл хүндэтгэн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас манай хүсэлтийг удаа дараа шийдвэрлэхгүй орхигдуулж, улмаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон шийдвэр нь хуульд нийцэхгүй байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 сны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/512 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, Э******* ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан шийдвэр гаргахыг даалгах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...нэхэмжлэгч “Э*******” ХХК нь дараах 3 агуулгын хүрээнд үндсэн гурван нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Нэгдүгээрт, “Э*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/512 дугаартай актыг хүчингүй болгуулах.
Хоёрдугаарт, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоолгоё.
Гуравдугаарт, “Э*******” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан шийдвэр гаргуулахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгах. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад, хариуцагчид буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд гээд өөрчилж, тэмдэглэлд тусгуулах байдлаар явъя.
Үндэслэлийг товч дурдахад, 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар *******ын амны хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрхийн гэрчилгээг 2*******1 гэрчилгээгээр 1 га газрыг ашигах эрхийн олгосон байдаг. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/368 тушаалаар 2 жилийн хугацаатай сунгасан байдаг. Энэ хоёр актыг үндэслээд үзвэл газар ашиглах эрх нь 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс дуусах эрхтэй байсан. Энэ хугацаанд хангалттай олон бичиг цаасны ажлуудыг хийж байсан. Тоймлоод бүгд хэрэгт авагдсан. Газрын эрхтэй этгээд тухайн газраа хөгжүүлэх буюу барилгажуулахын тулд архитектур төлөвлөлтийн даалгавар авсан байх ёстой. Авсан нь баримтаар байгаа. Мөн барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлүүдийг авсан. Нэгэнт барилгын ажлын бичиг цааснууд хийгдэж байсан учраас Барилгын хөгжлийн төвийн холбогдох магадлалууд, төсөл тооцоолол, техник хэрэгслүүдийг талаар баримтаар авагдсан. Түүчлэн үнэлгээний шугам сүлжээний хангагч буюу зохицуулагч байгууллагуудаас өгсөн техникийн нөхцөлүүдийг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдсан. Цахилгаан дээр хоёр техникийн нөхцөл авсан. Цахилгааныг эзэмшиж, ашиглагдаж буй газар дээр нь байгаа цахилгааны шугамуудыг зайлуулах техникийн нөхцөл авсан байсан. Энэ ажлаа хийсэн байх. Дээрээс нь шугам сүлжээ угсрах шинэ техникийн нөхцөлүүд мөн авсан байсан. 2023 оны 09 дүгээр сард Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-ны харьяа Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны газраас сонсох ажиллагааны мэдэгдлийг ирүүлсэн. Сонсох ажиллагааны мэдэгдлийн олон компаниудтай бөөнд нь явуулсан юм билээ. Тус сонсох ажиллагааны хавсралтаар “Э” ХХК-ийг газрын төлбөр төлөөгүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр сонсох ажиллагаа явуулсан. Үүнтэй холбогдуулаад сонсох ажиллагааных нь холбогдох тайлбар, хүсэлтээ өгөөд, хугацаа сунгуулах хүсэлт болон хүсэл зоригоо Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-нд удаа дараа гаргасан байдаг. Нотлох баримт шинжлэн судлах явцад яригдана. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас сунгагдсан, цуцалъя гэдэг хэд хэдэн саналыг ялгавартай байдлаар өгөөд явж байсан байдаг. Гэхдээ миний ойлгож байгаагаар хамгийн сүүлийн байдлаар “Э*******” ХХК нь тухайн газар дээрээ олон бичиг цаас, цаг заваа зарцуулсан. “Манай цуцлах саналаас энийг нь хасаад өгөөч” гэдэг санал өгөөд, мөн тусгайлан газрын эрхийг нь сунгахад татгалзах зүйлгүй гэдэг. Би Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-ны газрын маргаан дээр тэр болгон ордоггүй. Энэ хугацаа сунгуулах хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-ны бизнесийн моделиор сунгасан гэрчилгээн дээр газар ашиглагч этгээдийн хүсэлт, тусгай зориулалтын захиргааны байгууллага болох Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслээд сунгадаг юм байна. Сунгасан гэрчилгээн дээр нь авагдсан байсан. Тэгэхээр энэ хүн хүсэл зоригоо илэрхийлээд, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь дэмжээд байдаг. Гэтэл гэнэт Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-ны маргаан бүхий 2023 оны А/512 дугаар тушаалаар дуусгавар болгож шийдсэн. Дуусгавар болгохдоо Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа буюу мэргэжлийн байгууллагынхаа саналаас ондоо буюу Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1-т заасан үндэслэлүүдийг үндэслээд явчихсан. Тэгэхээр хариуцагчийн зүгээс Газрын тухай хуулийн ерөнхий зохицуулалтыг эш татсан байна. Энэ газрын эрхийг дуусгавар болгож байгаа зохицуулалтуудыг ерөнхийд нь харвал тухайн газар эзэмшигч, ашиглагч этгээд нь тухайн газрыг ямар нэг байдлаар эзэмшиж, ашиглахыг хүсэхээ больчихсон, эсвэл аж ахуйн нэгж нь дампуурчихсан, эсвэл газар эзэмшигч, ашиглагч нь нас барчихсан, өөр хүн байхгүй гэх мэт байдлаар дуусгавар болж байгаа тохиолдолд захиргаанаас тухайн эрхийг дуусгавар болгож шийддэг зохицуулалттай. Гэтэл нэг нь хүсээд, нэг нь дэмжээд байж байтал тушаал гаргадаг этгээд нь гэнэтхэн л дуусгавар болгоод шийдчихсэн. Энд нь энэ компани гомдлоо гаргаад явсан юм билээ. Хэрэгт газраа сунгамаар байна гэдэг талаар хангалттай баримтууд авагдчихсан. Энэ газрыг үргэлжлүүлэн эзэмшиж, ашиглах хүсэлтэй гэдэг хүсэлт болон хүсэл зоригоо илэрхийлээд яваад байдаг. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/ маргаж байгаа актаараа тушаалыг хүчингүй болгуулсанд нь бол гомдолтой байгаа учраас дээрх гурван томьёоллоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хэргийг шийдэж өгнө үү” гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “…Маргаан бүхий тушаалыг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 966 дугаар албан бичгээр ирүүлсэн санал, “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 11 дүгээр хурлын шийдвэрийг үндэслэсэн.
Захиргааны байгууллагаас тушаал гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24-27 дугаар зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох тодорхой ажиллагаануудыг хийсэн. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас сонсох ажиллагааны мэдэгдлийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 966 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгчээс тодорхой хариу тайлбарыг ирүүлсэн.
Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны (хуучин нэрээр) Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас (хуучин нэрээр) Э******* ХХК-ийн газар ашиглах эрхтэй холбоотой дотоод хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Тус хяналт шалгалтаар газар ашиглах эрхийг цуцлах саналыг дээрх зөвлөлийн хурлаар “цуцлах санал”-тайгаар оруулахыг “сунгах” болгож оруулсан байж болзошгүй нөхцөл байдал илэрч, үүнийг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэхээр болсон.
Дээрх үйл баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Маргаан бүхий актын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1-т заасныг үндэслэл болгосон. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “газар эзэмшигч нь өөрийнхөө газрын хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараах баримт бичгийнхээ бүрдүүлбэрийг хангасан байна” гээд тодорхой баримт бичгүүдийг дурдсан байдаг. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлтээ гаргаагүй бол газар ашиглах, эзэмших эрхийн хугацаа дуусгавар болно” гэдэг заалтыг барьсан. Газрын тухай хуулийн ерөнхий заалтыг барихад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1-т зааснаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан байдлаар газар ашиглах эрх дуусгавар болох боломжтой гэдгийг зохицуулж өгсөн. Нэхэмжлэгчийн газар ашиглах хүсэлт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хэзээ ирсэн бэ гэдгийг сая нотлох баримтаар гаргаж өгч байх шиг байна. Хамгийн анхны газраа сунгуулъя гэдэг хүсэлт 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ирсэн байдаг. Газар ашиглах гэрээ болон гэрчилгээний хугацаа 2023 оны 06 дугаар сарын 09-ний дуусахаар байгаа. Тэгэхээр Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан “30-аас доошгүй хоногийн өмнө” гэдэг нөхцөл байдлыг хангахгүй байгаа учраас газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хоёрдугаарт, анх газар ашиглах эрхийг цуцлах саналыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн. 996 дугаартай сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлээд үүнээс ирсэн хариу үйлдлээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 1183 дугаартай албан бичгээр цуцлах саналыг ирүүлээд, энэ цуцлах санал нь Тусгай хамгаалалттай газар нутаг, газар ашиглах хэрэг хянан шийдвэрлэх зөвлөлийн 9 дүгээр хурлаар орсон. 9 дүгээр хурлаар ороод, газар ашиглах эрхийг цуцлъя гэсэн шийдвэр гарсан боловч үүний дараа цуцлах гэснийг сунгах болгож өөрчилсөн байж болзошгүй нөхцөл байдал илэрлээ гэж үзээд, удирдлагын өгсөн чиг үүргийн дагуу Хяналт шинжилгээний үнэлгээ, дотоод аудитын газар /хуучин нэрээр/-аас дотоод хяналт шалгалтыг хийсэн. Энэ дээр холбогдох хүмүүсийн тайлбар, мэдүүлгийг үндэслээд, 9 дүгээр хуралдаанаас “Э*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлахаар шийдвэр гарсан боловч албан хэрэг хөтлөлтийн программ дээр сунгахаар шийдвэрлэснээр сольж оруулсан байгаа нөхцөл байдал үүссэн талаар дүгнэлт хийсэн. Дүгнэлтийг хэрэгт өгсөн байгаа. Энэ дүгнэлтэд үндэслээд, дараагийн шатны хуулийн байгууллага холбогдох мэргэжилтнийг шилжүүлэхтэй холбоотой ажлууд хийгдээд, хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх чиг үүрэг өгсөн удирдлагын зүгээс анхнаасаа зөвлөлийн хурлаар цуцлах гэсэн шийдвэр гарч байхад сунгах болгож өөрчилсөн байгаа учраас цуцлах нь зүйтэй байна гэдэг байр суурийг илэрхийлсэн учраас газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Тэгэхээр хэрэгт цугларсан нотлох баримт бусад зүйлсээс харвал нэхэмжлэгчийн газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлт бол Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т заасан хугацаанд ирээгүй байгаа учраас 39 дүгээр 39.1-т заасны дагуу цуцалсан нь үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байна…” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв:Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1 Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах …”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр гэж, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар ашиглах эрх дуусгавар болохоор зохицуулсан бол, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хуулийн 33 дугаар зүйлийн 1-д Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор …гэрээний үндсэн дээр ашиглуулж болно гэж зааснаас үзвэл тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах гол үндэслэл нь эрх бүхий этгээдийн байгуулсан гэрээ байхаар байна.
4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлыг хуулийн дээрх зохицуулалттай холбон авч үзвэл, нэхэмжлэгч компанийн хувьд 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2*******9 дугаар Газар ашиглах тухай гэрээ[13]-р 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд Богд хан уулын дархан цаазат газрын Хны хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрхтэй байх бөгөөд дээрх хуульд заасан хугацаанаас өмнө буюу 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Газар ашиглуулах гэрчилгээ сунгуулах тухай хүсэлтээ[14] гаргасныг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хүлээн авч, тус захиргаанаас 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 663 дугаар “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр[15] “Э*******” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлсэн үйл баримт байна.
4.3.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Э*******” ХХК газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн[16] тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх-ийг эдлэхээр түүн дотроо Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д заасан “…эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах…; эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүй ёсны юм.
4.4. Гэтэл хариуцагчаас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 заалтад заасан Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр…” маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэх үндэслэл огт тогтоогдохгүй байхад шууд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон үндэслэлгүй.
4.5.Өөрөөр хэлбэл бусдын эрхийг хязгаарласан шийдвэр гаргахдаа зохих нөхцөл байдал, шалтгааныг тогтоолгүй асуудалд хандсан захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 “хуульд үндэслэх”, 4.2.5 “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” төрийн үйл ажиллагаанд тэгш байдлыг хангах нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимд нийцсэнгүй.
4.6. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/512 дугаар тушаалаар “Э*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн хууль бус гэж шүүх дүгнэлээ.
4.7.Харин дээрх шүүхээс өгч буй дүгнэлтээр нэхэмжлэгчийн даалгах шаардлагын урьдач нөхцөл хангадаж байгаа хэдий ч Монгол Улсын дээд шүүхийн захиргааны танхимын 2006 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ”Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай” зөвлөмжид энэ үйл баримттай холбогдох асуудлаар гэрээнд сунгуулах хүсэлтийн талаар тусгайлан хугацаа зааж зохицуулсан тохиолдолд хүсэлтийг эрх бүхий албан тушаалтан шийдвэрлээгүй бол өмнөх гэрээнд заасан хугацаагаар гэрээг сунгагдсанд тооцох нь зүйтэй. Хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д “…эзэмшигч сунгуулах эрхтэй” гэж заасан нь заавал сунгах ёстой гэсэн санааг агуулаагүй болох нь хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1,37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт тодорхой байгаа болно…” гэж тайлбарласнаас үзвэл энэ тохиолдолд шүүх хариуцагчийн эрх хэмжээнд шууд халдаж, гэрээ, гэрчилгээг сунгахыг тулган шаардахаас илүүтэй, нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахтай холбоотой баримтын бүрдүүлбэрийг хүлээн авч, хянаад хуульд заасан хугацааны дотор Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг сонгон …боломжийг хэрэглэн шийвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
4.8.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн даалгах шаардлагыг шүүхээс өөрчлөн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан /хуучин/ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/512 дугаар “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгосугай.
2.Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Э*******” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан шийдвэрийг хуульд заасны дагуу бүрдүүлбэрийн шаардлага хангасан баримтыг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР
[1] Хавтаст хэргийн 11 хуудас
[2] Хавтаст хэргийн 13 хуудас
[3] Хавтаст хэргийн 20 хуудас
[4] Хавтаст хэргийн 149-150 хуудас
[5] Хавтаст хэргийн 78 хуудас
[6] Хавтаст хэргийн 79 хуудас
[7] Хавтаст хэргийн 81 хуудас
[8] Хавтаст хэргийн 83 хуудас
[9] Хавтаст хэргийн 84 хуудас
[10] Хавтаст хэргийн 86 хуудас
[11] Хавтаст хэргийн 74-75 хуудас
[12] Хавтаст хэргийн 76 хуудас
[13] Хавтаст хэргийн 20 хуудас
[14] Хавтаст хэргийн 149-150 хуудас
[15] Хавтаст хэргийн 78 хуудас
[16] Хавтаст хэргийн 7-68 хуудас