Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 175

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа, 

          улсын яллагч Ж.Э,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А,

шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Диш овогт Нямгэрэлийн Гуугандайд холбогдох 18030000010008 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч  мэргэжилтэй,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.Г нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр шөнийн дэлгүүрийн хойд замд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн Хьюндай HD-170 маркийн 83-08 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч ..............мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:    

Шүүгдэгч Н.Г нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр шөнийн дэлгүүрийн хойд замд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн Хьюндай HD-170 маркийн 83-08 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 9 настай З.Ядамдоржийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

          - гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /хх-10/,

- зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-8/,

- Техникийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 700 дугаартай:...Т.Хьюндай НД-170 маркийн 83-08 УНМ улсын дугаартай автомашины жолооч Н.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч З.Ядамдорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Тоормосны мөр бүрэн гараагүй дугуйн даралтын мөртэй байх тул хурдыг тодорхойлох боломжгүй...гэх дүгнэлт /хх-43/,

- насанд хүрээгүй хохирогч З.Ядамдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13 цаг 20 минутын орчим хичээлдээ явах гээд ангийнхаа Мөнхжин, Сувдаа нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “шөнийн дэлгүүрийн” буудлын замд явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарч яваад хог ачдаг том машинд мөргүүлсэн...Би явган хүний гарцаар зам гарах үед аймаар хурдтай орж ирээд намайг мөргөсөн...гэх мэдүүлэг /хх-14-15/

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн:...Ядамдоржийн биед зүүн хөлийн 1-р хурууны өлмий ясны далд хугарал, зүүн шилбэний шаант, тахилзуур ясны зөрөөтэй ил хугарал, зүүн шилбэ, зүүн тавхайн арьс, булчингийн эдийн дутагдал, шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-54/ 

- насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Энэ ослоос болж хүүхэд зүүн хөлөндөө хагалгаа хийлгэсэн...гэх мэдүүлэг /хх-16-17/,

- гэрч О.Баясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..би утсаа оролдоод явж байсан тул хүүхэд гүйсэн эсэхийг мэдэхгүй...хүүхдийг урд хэсгээрээ мөргөсөн. Буугаад хартал хүүхэд хөлөө барьчихсан уйлаад сууж байсан...гэх мэдүүлэг /хх-26/

- иргэний хариуцагч В.Мөнх-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Ослоос болж манай байгууллагын машинд эвдрэл учирсан зүйлгүй, хохирогчийн төлбөрийг даатгалаараа төлүүлнэ...гэх мэдүүлэг /хх-35-36/,

          - шүүгдэгч Н.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13 цаг 20 минутын орчим Улаанчулуутын хогын цэг дээр хог буулгах гээд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Шөнийн дэлгүүрийн” буудлын замд замын нэгдүгээр эгнээгээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй 50 орчим км/цагийн хурдтай Хьюндай НД-170 маркийн 83-08 УНМ улсын дугаартай автомашинтай О.Баясгалан, Б.Жавхлан нарын хамтаар явж байсан. Явган хүний гарцаар урдаасаа хойшоо чиглэлтэй бага насны эрэгтэй хүүхэд гэнэт гүйгээд гараад ирсэн. Тэр хүүхдийг би 20 орчим метрийн зайнаас хараад тоормос гишгээд амжаагүй, очоод явган хүний гарцан дээр мөргөсөн....гэх мэдүүлэг /хх-116/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

             Иймд шүүгдэгч Н.Гг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Гэмт хэргийн зүйлчлэл, талууд, оролцогчийн зарим дүгнэлт, саналд хийсэн хууль зүйн дүгнэлт:    

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Н.Гг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдоогүй, шинжээч нарын дүгнэлт, гэрч, хохирогчийн зэргийг хууль ёсны гэж үзэх үндэслэлтэй.

   Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогчийн төлөөлөгч Ц.Алтантуяа хохиролд холбогдох нотлох баримтыг бүрэн бүрдүүлээгүй байх боловч нийт 7.000.000 төгрөг /шүүхийн хэлэлцүүлэгт/ авсан тухай мэдүүлсэн болно.

Хохирогчийн төлөөлөгч 7.000.000 төгрөгийн хохирлын талаар шүүгдэгчтэй нотлох баримтын хэмжээнд тооцоо нийлсний дараа гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлыг нэхэмжлэх эсэх нь шийдвэрлэгдэхийг тэмдэглэв.    

Шүүгдэгчийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал

Шүүгдэгч жолооч ажилтай, ам бүл-3, 2 хүүхдийн хамт амьдардаг /хх-22/, ял шийтгэлгүй /х-92/ зэрэг хувийн байдалтай.      

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.    

Бусад асуудал  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.     

Шүүгдэгч Н.Гд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял оногдуулсан тул түүний 411940 дугаартай жолоочийн түр зөвшөөрлийн эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.  

Уг хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                                

 

ТОГТООХ нь:         

 

            1. Шүүгдэгч Н.Гг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Н.Гг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид хохирогчоос нотлох баримтын хүрээнд нэхэмжлэл гаргасан тохиолдолд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчилвөл хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.     

4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчийн төлөөлөгч авсан 7.000.000 төгрөгийн хохирлын талаар шүүгдэгчтэй нотлох баримтын хэмжээнд тооцоо нийлсний дараа гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлыг нэхэмжлэх эрх үүсэхийг тус тус дурдсугай.   

5. Шүүгдэгч Н.Ггийн 411940 дугаартай жолоочийн түр зөвшөөрлийн эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

            7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай. 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Н.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ГАНБААТАР