| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2024/0512/З |
| Дугаар | 128/ШШ2024/0700 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2024/0700
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А*******” ХХК,
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар нарын хоорондын улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н*******, Б.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 9/4946 дугаартай албан бичгээр мэдэгдсэн[1] “А*******” ХХК болон “Т*******” ХХК-иудыг нэгтгэсэн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох,
1.2 Холбогдох материалуудыг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгэхийг даалгуулах.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч “А*******” ХХК нь “Т*******” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч[2] бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 22/07 дугаар “Компани нэгтгэх гэрээ”[3] болон “А*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.*******ын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Х*******3 дугаар “Охин компанийг Компанид нэгтгэх тухай” шийдвэр[4]-ээр компанийн охин компани “Т*******” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, өөртөө нэгтгэсэн байна.
2.2. Компанийн өөрчлөлтийг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд татвар төлөгчийн хяналт шалгалтад орж, татвар төлөгчөөс хасуулах шаардлагын дагуу харьяаллын дагуу Нийслэлийн татварын албанд хандан, татварын хяналт шалгалт хийлгэж, “Т*******” ХХК-ийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр татвар төлөгчийн бүртгэлээс хасуулсан[5].
2.3. Компанийн өөрчлөлтийг бүртгүүлэхээр нэхэмжлэгч “А*******” ХХК-иас хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл маягтыг холбогдох бүрдүүлбэр бүхий баримтын хамт Улсын бүртгэлийн байгууллагад хандахад “бүртгэлийн хориотой” шалтгаанаар татгалзжээ.
2.4 Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр №24/046 “Гомдол хүргүүлэх тухай”[6] албан бичгээр хандсан боловч 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 9/4946 дугаартай албан бичгээр “...Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 1201 дүгээр зөвшөөрлөөр “А*******” ХХК-ийн хувьцааны шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан байх тул хуулийн этгээд өөрчлөн байгуулсныг улсын бүртгэлд бүртгэх боломжгүй” хариуг өгч, өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан байна.
2.5. Нэхэмжлэгч дээрх хариуг эс зөвшөөрч, нэхэмжлэлээ 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан болно.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “…Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын “Т*******” ХХК-ийг “А*******” ХХК-д нэгтгэхтэй холбоотой өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаагаас гадна дараах байдлаар хууль бус байна. Тодруулбал:
- Улсын бүртгэлийн байгууллагын татгалзал нь хууль бус болох тухай-Холбогдох улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж, хэм хэмжээний актыг зөрчиж буй тухайд:
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл буюу улсын бүртгэлийн зарчмын 4.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж, хуулиар тогтоосон нууцыг чанд хадгалах”, 19.4.3-т “холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, 20.1.1-т “улсын бүртгэгч нь үйлчлүүлэгчид хууль бус шаардлага тавих, зүй бусаар харьцах, үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”-ыг хориглосон байдаг.
Түүнчлэн уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор нарийвчилсан зохицуулалт бүхий эрх зүйн хэм хэмжээ болох Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18.1-т “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана: 18.1.1.улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу; 18.1.2.үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй; 18.1.3.өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн" гэж;
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/208 тоот тушаалын хавсралтаар баталсан Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 5 дугаар зүйлд “5.7. Хуулийн этгээдийг улсын бүртгэпд бүртгэхээс татгалзахад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийг тус тус баримтална. 5.2.Улсын бүртгэгч дараах тохиолдолд хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг бичгээр гаргаж, өргөдөп гаргагчаас ирүүлсэн баримт бичгийн хамт энэ журмын 2.4-т заасан этгээдэд шилжүүлнэ:5.2.1.ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу; 5.2.2.ирүүлсэн баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй; 5.2.3.хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн 5 3. Улсын бүртгэгч энэ журмын 5.2-т заасан улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийг цахимжуулан, тухайн хуулийн этгээдийн хувийн хэрэгт хавсаргахаар архивд шилжүүлнэ" гэж тус тус заасан.
Гэвч “Т*******” ХХК-ийг нэгтгэхтэй холбоотой ажлын хувьд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18.1, Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 5.2-т заасан хуулийн этгээдийн мэдээллийг бүртгэхээс татгалзах аль ч нөхцөл байдал үүсээгүй байхад холбогдох өөрчлөлтийг бүртгэхгүй байгаа нь Монгол улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны “хууль дээдлэх зарчим”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх", 20.1.1-т “...үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах"-ыг хориглосон хэм хэмжээг тус тус зөрчсөн явдал юм.
-Хориглолтын хүрээнд хамаарахгүй тухайд: Монгол улсад төдийгүй олон улсад компанийг нэгтгэх замаар өөрчлөн байгуулах, өөр компанид нэгтгэх (merger) хийх түгээмэл үйл явдал бөгөөд компанийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх, удирдлагын зардлыг багасгах зорилгын хүрээнд хийгддэг олон төрлийн үр ашигтай бизнес шийдвэр юм. Гэвч улсын бүртгэлийн байгууллагаас дээрх үйл явдлыг үл хайхран огт хамааралгүй төрлийн үйл ажиллагаанд тавьсан хоригийг үндэслэн компанийн мэдээлэлд орсон холбогдох өөрчлөлтийг бүртгэхгүй байгаа нь хууль зөрчсөн явдал юм. Тодруулбал:
Улсын бүртгэлийн байгууллагын үндэслэл болгож буй хувьцааны шилжилт хөдөлгөөн хязгаарлах тухай эрх бүхий албан тушаалтан, прокурорын хориг нь зөвхөн “А*******” ХХК-д тавигдсан буюу “Т*******” ХХК-ийг улсын бүртгэлээс хасаж, манай компанид нэгтгэхтэй огт хамааралгүй. Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1301 дугаартай Прокурорын зөвшөөрөл нь компанийн “хувьцааны шилжилт, хөдөлгөөнийг хязгаарласан” шинжтэй буюу зөвхөн хувьцаа эзэмшигчийн мэдээлэл, хувьцааны тоо хэмжээ зэрэгт өөрчлөлт оруулахыг хязгаарласан хориг юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт "гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, үйлдэж олсон байж болох, эсхүл хэрэгт ач холбогдолтой хөрөнгийг нуух, устгах, эрх шилжүүлэх үндэслэл бүхий сэжиг байвал прокурорын зөвшөөрлөөр хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана” гэж заасан. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжүүлдэг дээрх хязгаарлалтын арга хэмжээний зорилго нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан байж болох хөрөнгө, орлогыг нуух, устгах, бусдад шилжүүлэхээс урьдчилан сэргийлэх явдал билээ.
Дээрх компани нэгтгэх үйл ажиллагааны хүрээнд компанийн хувьцаа эзэмшигч Д. *******ын хувьцааны тоо, хувь хэмжээнд огт өөрчлөлт орохгүй буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан хязгаарлалтын арга хэмжээнд огт нөлөөлөхгүй юм. Гэвч улсын бүртгэлийн байгууллагаас манай компанийн үйл ажиллагаагаа үр ашигтай болгож, өргөжүүлэх зорилгоор өөрийн охин компанийг нэгтгэсэн үйлдлийг дээрх огт хамааралгүй хязгаарлалтын арга хэмжээнд үндэслэн бүртгэхгүй байгаа нь хууль зөрчсөн явдал юм.
-Компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж буй тухайд: Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т “...хувийн аж ахуй эрхлэх эрхтэй" талаар тус тус заасан. Манай компанийн хувьд хуульд заасан журмын дагуу холбогдох баримт бичгийн бүрдүүлбэрийг хангаж, удаа дараа улсын бүртгэлийн байгууллагад хандсан боловч дээр дурдсан шалтгаанаар татгалзсаар өдийг хүрч байгаа нь бидний Үндсэн хуулиар олгогдсон “хувийн аж ахуй эрхлэх” буюу бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах эрхэд шууд халдаж байна. Тодруулбал:
Монгол Улсын Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дэх хэсэг, Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “нэг компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нэгтгэх гэнэ" хэмээн заасан бөгөөд Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2 дах хэсэгт компанийг өөрчлөн байгуулах буюу нэгтгэх эрхийг хувьцаа эзэмшигчдийн хуралд олгосон байдаг. Үүний дагуу манай “А*******” ХХК 100 хувийн хувьцааг нь эзэмшдэг өөрийн охин компани болох “Т*******” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, өөртөө нэгтгэх шийдвэр гаргасан. Мөн Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-т заасны дагуу компани нэгтгэх үйл ажиллагааны хүрээнд “Аурум Металс” ХХК-ийн дүрэм болон бусад хуулийн этгээдийн мэдээлэлд аливаа өөрчлөлт оруулаагүй.
Компанийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т “нэгдэж байгаа компанийг улсын бүртгэлээс хассанаар, хэрэв нэгтгэсэн компанийн дүрэмд өөрчлөлт орсон бол түүнийг улсын бүртгэлд бүртгэснээр тэдгээрийг өөрчлөн байгуулагдсанд тооцно”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21,2-т“нэгтгэх замаар өөрчлөн байгуулах тохиолдолд нэгдэж байгаа хуулийн этгээдийг ... улсын бүртгэлээс хасах бөгөөд нэгтгэж байгаа хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэнэ" гэж тус тус заасан. Дээрхээс үзэхэд “А*******” ХХК-ийн хуулийн этгээдийн мэдээлэлд аливаа өөрчлөлт ороогүй тул “Т*******” ХХК-ийг улсын бүртгэлээс хассанаар хоёр компани нэгдсэн бөгөөд “Т*******” ХХК-ийн бүхий л эд хөрөнгө, тоног төхөөрөмж, ажилчид нь манай “А*******” ХХК-д нэгдэж, үйл ажиллагааны хувьд мөн аль хэдийн нэгдмэл болсон.
Гэвч Улсын бүртгэлийн байгууллага огт хамааралгүй шалтгааны улмаас холбогдох өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэж, нэгтгэсэн компанийг улсын бүртгэлийн мэдээллээс хасахгүй байсаар өнөөг хүрч байгаа бөгөөд бодит байдал дээр хэдийнээ нэгдмэл болон үйл ажиллагаагаа явуулж компанийн холбогдох мэдээллийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс үндэслэлгүйгээр татгалзсаар байгаа нь холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, иргэн, хуулийн этгээдийн хуулиар олгогдсон “хувийн аж ахуй эрхлэх” буюу аж ахуйн үйл ажиллагаагаа хэвийн явуулах, “төрийн байгууллагад өргөдөл гомдол гаргаж шийдвэрлүүлэх” зэрэг эрхэд шууд халдсан хууль бус шийдвэр юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 болон 106.3.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 9/4946 дугаартай албан бичиг нь хууль бус болохыг тогтоож, “Т*******” ХХК-ийг “А*******” ХХК-д нэгтгэхтэй холбоотой өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгэхийг даалгаж өгнө үү.” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Манай А******* ХХК нь 2005 онд байгуулагдаж байсан. 2021 онд Т******* ХХК-ийг өөртөө нэгтгэх болсон шалтгаан нь уурхайн нөөц багасаж дахин хайгуулын тусгай зөвшөөрөл авахтай холбогдуулан өрмийн зардал их гарах тул өөрсдөө өрөмтэй болох хэрэгтэй гэж шийдсэний үндсэн дээр “Т*******” ХХК-ийг худалдаж аван өөрсдөдөө нэгтгэсэн. Харин Улсын бүртгэлд бүртгэх гэхээр А******* ХХК нь прокуророос хувьцааны шилжилт хөдөлгөөнийг хориглосон тул бүртгэх боломжгүй гэсэн. Харин А******* ХХК-ны зөвхөн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг хориглосон. Гэтэл Улсын бүртгэлийн байгууллага системд шилжилт хөдөлгөөн хориглоход, бусад бүртгэлийг хийж болох техникийн тохиргоо байдаггүй. Тухайн компанид шилжилт хөдөлгөөн хориглосон бол өөр бүртгэл хийж болохгүй техникийн асуудлаас болж бүхэлд нь хязгаарлалт тавьснаас болж энэ асуудал үүсэж байна. Мөн бид прокурорын байгууллагаас тодруулахад тус хэрэг нь шүүхийн шатанд шилжсэн тул прокурорын байгууллагаас зөвшөөрөл гаргах боломжгүй гэх хариу хэлсэн. Нэмж хэлэхэд А******* ХХК-ны 100 хувийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал Д.******* нь тухайн хэрэгт хамааралгүй сэжигтэн, яллагдагчаар татагдаагүй этгээд. Ямар учиртай манай компанийн хувьцааны шилжилт хөдөлгөөн хаасан тухай тодруулахад мөрдөн байцаалтын нууц гэх шалтгаанаар хэлж өгөөгүй учир бидний зүгээс прокурорын байгууллагаас ямар нэгэн зөвшөөрөл авах боломжгүй. Бидний сонссоноор бусад байгууллага ийм нөхцөл байдалтай ч гүйцэтгэх захирлаа сольсон жишээ байна. Яаж сольсон бэ гэхээр Улсын бүртгэлийн байгууллага түр хугацаанд хоригоо цуцлаад бүртгэх боломжтой гэсэн. Гэтэл манай компани дээр бүртгэж өгөхгүй байгаа шалтгааныг ойлгохгүй байна. Мөн компани нэгтгэх процесс нь толгой компани болох А******* ХХК-д “Т*******” ХХК-ийн бүх хувийн хэрэг, үйл ажиллагааг нэгтгэн нэг болох юм. Гэхдээ Т******* ХХК татан буугдаагүй зөвхөн өөр компанитай нэгтгэх үйл ажиллагаа. Цаашдаа Т******* ХХК-д ямар нэгэн эрх зүйн зөрчил гарахад А******* ХХК бүх эрх үүргийн хүлээнэ. Тийм учраас ямар нэгэн эрх зүйн асуудал гарахгүй бөгөөд тус “Т*******” ХХК-ийг өөрсдөдөө нэгтгэх процесс явагдах үед бүтэн жилийн хугацаанд татварын шалгалт явуулж ямар ч өр төлбөргүй гэж үзэн татвараас хасалт хийж, хасалтын карт авсны дараа Улсын бүртгэлийн газар очиж бүртгүүлэх гэхээр хувьцааны шилжилт хөдөлгөөн хоригтой гэх шалтгаанаар бүртгээгүй үр дагавар нь Төрийн өмчид компанийн өрмийн тендерт Т******* ХХК-аар оролцох гэхээр эрх зүйн эрхгүй болсон учраас оролцох эрхгүй болсон. Харин А******* ХХК-аар оролцох гэхээр Т******* ХХК-ийг нэгтгэж Улсын бүртгэлд бүтгэгдээгүй учраас оролцох эрхгүй гацаанд орсон байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “…Нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
“А*******” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар Д.******* бүртгэлтэй байх ба Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1301 дүгээр зөвшөөрлийн дагуу хувьцааны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэл нь шинээр байгуулах хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх, өөрчлөн байгуулагдах замаар шинээр байгуулагдах хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх, татан буулгасныг улсын бүртгэлд бүртгэх гэсэн үндсэн төрлүүдтэй байхаар хуульчилсан.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн тавдугаар бүлэгт өөрчлөн байгуулагдах замаар шинээр байгуулагдах хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх асуудлыг зохицуулсан байна.
Манай байгууллагын зүгээс “А*******” ХХК-тай холбогдож, Прокурорын байгууллагаас хориг нь нэгтгэн өөрчлөн байгуулагдах замаар шинээр байгуулагдах хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхэд хамаарах эсэх талаар тодруулга авч ирэх талаар хэлсэн боловч бичгээр хариу авч шүүхэд хандана гэсэн тул албан бичгээр хоригтой талаар хариуг хүргүүлсэн.
Хэрэв Прокурорын байгууллагын зүгээс уг хориг нь нэгтгэн өөрчлөн байгуулагдах замаар шинээр байгуулагдах хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхэд хамаарахгүй гэвэл улсын бүртгэлд бүртгэх боломжтой юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн прокурорын газраас А******* ХХК-д 2022 оны 301 гэх тогтоолын дагуу хувьцааны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч тал улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргах үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй холбоо барьж байсан. Би хэлэхдээ прокуророос гаргасан хязгаарлалт хоёр компани нэгтгэх асуудалд хамаарахгүй гэх хариу аваад ирвэл бүртгэж өгье гэж утсаар ярьсан. Хэд хоногийн дараа дахин холбогдоод татгалзсан хариугаа бичгээр аваад шүүхэд нэхэмжлэл гаргана гэх хариу хэлсэн. Прокурорын байгууллагаас тавьсан хориг нь нэгтгэх ажиллагаанд хамаарахгүй гэх хариуг аваад ирвэл Улсын бүртгэлийн нэгдсэн системд бүртгэж өгөхөд асуудалгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд хэргийн нөхцөл байдлыг тодруулсны эцэст нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.2. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-д “хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх“-ийг улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглохоор заасан.
4.3. Үүнд Компанийн тухай хуулийн 18 дугаар зүйл “Компанийг өөрчлөн байгуулах, 19 дүгээр зүйл “Компанийг нийлүүлэх”, 20 дугаар зүйл “Компанийг нэгтгэх”-д заасан бүхий л үйл ажиллагаа хамаарах бөгөөд энэ тохиолдолд хариуцагч төрийн захиргааны байгууллага “А*******” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Х*******3 дугаар “Охин компанийг Компанид нэгтгэх тухай”, Компанийн үйл ажиллагаа зогсоож, “А*******” ХХК-д нэгтгэх тухай шийдвэр болон мөн өдрийн 22/07 дугаар “Компани нэгтгэх гэрээ” зэрэг шийдвэрийг үндэслэн А*******” ХХК-ийг “Т*******” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон хэмээн холбогдох баримт, хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл бүхий мэдүүлгийг[7] хүлээн авч, холбогдох бүртгэл хийх боломжгүй юм.
4.4.Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын14-ний өдрийн 1301 дүгээр[8] “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” прокурорын зөвшөөрлөөр …Эрүүгийн 1741000360244 дугаартай хэрэгт ач холбогдол бүхий хуулийн этгээдийн эрх шилжүүлж болзошгүй үндэслэл нотлох баримтаар тогтоогдож байх тул “А*******” ХХК /РД:*******/... хувьцааны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан.
4.5.Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, үйлдэж олсон байж болох, эсхүл хэрэгт ач холбогдолтой хөрөнгийг нуух, устгах, эрх шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор … улсын бүртгэл, …, гэрчилгээ, лиценз, тусгай зөвшөөрөл,…хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг прокурорын зөвшөөрлөөр зохих байгууллагад даалгах шийдвэр[9] бөгөөд хариуцагчаас маргааны үйл баримттай холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1 дэх хэсэг “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох” байдлаар, мөн 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь хэсэгт заасан “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” хориглосон үйлдлийг хийлгүйгээр татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
4.6.Иймд дээрх үндэслэлээс үзвэл маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 9/4946 дугаартай албан бичиг нь хууль зүйн үндэслэлтэй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул энэхүү захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн бүрдүүлсэн холбогдох материалуудыг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгэхийг даалгах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1, 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь хэсэгт заасныг баримтлан “А*******” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 9/4946 дугаартай албан бичгээр мэдэгдсэн “А*******” ХХК болон “Т*******” ХХК-иудыг нэгтгэсэн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох, холбогдох материалуудыг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР