Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/07

 

Б.З холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

      Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

          прокурор Э.Нэргүй,

          өсвөр насны шүүгдэгч Б.З хууль ёсны төлөөлөгч П.О,

          өмгөөлөгч Г.Энхжаргал,

         насанд хүрээгүй хохирогч Э.Т хууль ёсны төлөөлөгч Я.Б,

           өмгөөлөгч Х.Оюунсүрэн,

         шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн нарыг оролцуулан,

       Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баттулга даргалж шийдвэрлэсэн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/28 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч насанд хүрээгүй хохирогч Э.Т, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Б нарын гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.З холбогдох 2317000180030 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын  23-ны өдөр  хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

       Монгол Улсын иргэн, 2005 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сүмбэр сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 12Б ангийн сурагч, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дугаар баг, - дүгээр байрны - тоотод оршин суух, Н овогт Б З /РД:- /,

        Өсвөр насны яллагдагч Б.З нь 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 20 цагийн орчим Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах нутгийн удирдлагын ордны баруун талд хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу найз охин шоглосон гэх шалтгаанаар 16 настай Э.Т маргалдан түүний нүүрэн тус газар гараараа 2-3  удаа цохих, төмсөг орчим 1 удаа өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд баруун 1 дүгээр шүд, зүүн 1 дүгээр шүдний уналт, баруун дээд 2 дугаар шүдний сулрал, зүүн дээд 2 дугаар шүдний сэлтэрсэн хугарал, дээд, доод уруулын дотор салстын цус хуралт, баруун хацрын сэлтэрсэн хугарал, дээд, доод уруулын дотор салстын цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн талын хуухнагийн цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн талын хуухнагийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

      Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Б.З үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

       Анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Н овогт Б З хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.З ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.З хянан хүмүүжих хугацаандаа зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.З хүлээлгэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.З хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг өсвөр насны шүүгдэгч Б.З эх П.О даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гэм хорын хохиролд 2 742 200 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2023.01.24 83 дугаартай гомдолд хавсаргах гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн 1 ширхэг СD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, насанд хүрээгүй хохирогчийн сэтгэл санааны хохирол 3 000 000 төгрөг, шүдний эмчилгээ хийлгэх зардал 9 135 000 төгрөгийг тус тус нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.З урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, өсвөр насны шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

         Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Б.З нь 2023 оны 01 дүгээр сарын 24-ний орой 20 цагийн орчимд миний хүү болох 16 настай Э.Т бүжгийн, спортын бэлтгэлээ тараад гэрлүүгээ явж байх замд найз охинтойгоо хардаж, хэрүүл үүсгэн, улмаар нүүр ам руу нь цохиж, төмсөгрүү нь өшиглөх зэргээр хүнийг өрөвдөж хайрлах сэтгэлгүйгээр зэрлэгээр зодож, хацар уруулын зөөлөн эдийн гэмтлээс гадна үүдэн 1, 2 дугаар шүдийг унагаж, хажуугийн 2 шүд сэтэрсэн болон суларсан нь шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэг гэж тогтоогдсон юм. Шүүгдэгч Б.З холбогдох дээрх хэргийг Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Б.З хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.Т хууль ёсны төлөөлөгч Я.Б миний бие дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна.

     1. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.З эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар  хийсэн дүгнэлтдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзсэн байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа гэж дүгнэж эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах шийтгэлийг оногдуулсан. Гэвч би шүүхийн энэ дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж зөвшөөрөхгүй байна. Учир нь: шүүгдэгч Б.З энэ хууль бус үйлдэл нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэж дүгнэх үндэслэлгүй бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотруу тоглолтоор яваад ирсний дараа мөн манай хүүг дуудаж, найз охин оролдоод байна уу гэж хоргоож байсан. Хэрэг болдог орой бэлтгэлээсээ тархад нь амдаж тосож байсан зэрэг нь найз охиноо хардаж, мөшгих үйлдлийг бүр өмнөөс хэрэгжүүлж байсан нь тодорхой байхад тохиолдлын шинжтэй үйлдэл гэж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна. Мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нэг үндэслэл гнэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Шүүгдэгч Б.З миний хүүг нотлогдоогүй шалтгаанаар зодохдоо эхлээд шанаа орчимд нь цохиод өвдөлтөндөө доошоо тонгойход нь уруул амруу нь хүчтэй цохиж үүдэн 2 шүдийг нь унагасан хэрнээ 2 шүд уначихлаа гэхэд тэгээд гэж хэлээд хамрын баруун талд нь дахин цохиж, төмсөгрүү нь өшиглөх зэрэг үйлдэл хийснийг тохиолдлын шинжтэй хөнгөн үйлдэл гэж дүгнэсэнд гомдолтой байна. Б.З найз охиныг шоглож дээрэлхэх үйлдэл гаргаж байгаагүй гэдэг нь гэрч Энхсаруулын мэдүүлгээр нотлогдож байгаа /хх-32 хуудас/.

       2. Анхан шатны шүүх мөн шүүгдэгч Б.З гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна гэж үзэж байна. Тодруулбал: шүүгдэгч Б.З  миний хүүг зэрлэгээр зодож гэмтээчихээд өөрөө ч эцэг, эх нь ч нэг удаа уучлалт хүсэж бидэнтэй уулзаж байгаагүй бөгөөд хохирол төлбөрийн тухай ямар ч санаа тавихгүй байсаар, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах үед хүүгээ эмчлүүлэх, асарч сувилхад зарцуулсан 2 600 000 төгрөгийг өгөөд шүүх хуралдаан болох өдөр 140 000 төгрөг өгсөн. Гэтэл хүүхдийн маань үүдэн 2 шүдийг булга цохиж насан туршдаа анханы байдалдаа сэргэх боломжгүй хөдөлмөрийн чадварыг 10 хувиар тогтонги алдагдуулчихаад цаашид арай баталгаатай, удаан хугацаагаар хэвэндээ байх чанарыг нь бодож, ясанд суулгасан имплант шүд хийлгэх шаардлагатай байгаагаа удаа дараа учирлаж, зардлыг нэхэмжлэхэд өдий хүртэл өгөөгүй байгаад маш их гомдолтой байна. Иймд шүүгдэгч Б.З үйлдсэн гэмт хэрэгт зөв дүгнэлт хийж, нэхэмжилсэн хохирлыг төлүүлэхээр анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж бидний хохирлыг барагдуулж өгнө үү гэж хүсч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг заасан үндэслэлээр гомдлыг гаргаж байна гэв.

      Насанд хүрээгүй хохирогч Э.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Э овогтой Т миний бие 2023 оны 01 дүгээр сарын 24-ний орой бүжгийн бэлтгэлээ тараад гэртээ харих гэтэл сургуулийн хаалган дээр Б.Э нь хамт явъя гэхээр нь хамт явж байтал араас найз хөвгүүн Золбоо нь ирж намайг чирж, алгадаж шүдийг маань унагаж намайг насан туршид минь шүдгүй болгосонд би асар их гомдож байна. Миний эмзэг эрхтэн буюу төмсөг руу өшиглөж хавдаж, цус хуралт үүсгэсэн. Би ирээдүйд үр хүүхэдгүй болохгүй байх гэхээс маш их айж байна. Шүүх эмнэлэгийн дүгнэлт хөнгөн гарсанд маш их гомдож анхан шатны шүүх Б.З 1 жилийн тэнсэн харгалзах ял өгсөнд би гомдолтой байна. иймд давж заалдах шатны шүүх тохирох ял шийтгэлийг оноож миний гомдлыг барагдуулж өгнө үү. Мөн Б.З нь эртнээс заналхийлж миний шүднүүдийг унагааж, эмзэг эрхтэн руу санаатайгаар өшиглөж гэмтээсэнд гомдолтой байна. Мөн 2 имплант шүд хийлгэх зардал, мөн нэг шүд маань суларч  гэмтсэн тул энэ бүх зардал нийлээд 9 275 000 төгрөгийг Б.З гаргуулж авмаар байна гэжээ.

       Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Х.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуулийн үндэслэлийг тодруулъя. Хуулийн үндэслэл нь шүүхийн тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж гомдол гаргасан байгаа. Яагаад ийм дүгнэлтэд хүрсэн гэхээр анхан шатны шүүх ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн байгаа. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлнэ гэсэн заалт нь шүүхийн тогтоолд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг миний бие хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэхгүй байна. Яагаад гэхээр 18 насанд хүрээгүй хүүхэд хардлагын сэдэлтэй хохирогчийн биед халдахдаа заавал хүний нүүр хэсгийн толь болсон үүдэн 2 шүдийг булга цохиж гэмтэл учруулсан. Шүд унасан байхад шүд уначихлаа гэж хэлэхэд тэгээд гээд төмсөгийн хуйхнаг хэсэгт өшиглөсөн байдаг. Хөнгөрч үзэх шалтгаан биш гэж үзэж байна. Өөрийнхөө үйлдсэн хэрэгт гэмшиж байгаа гээд байгаа. Гэмшиж байгаа бол өдий насны хүүхэд хагас жилийн хугацаанд ямар байдалтай байгааг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ярьлаа. Эмнэлэгээс нь бичгийг нь аваад байхад хохиролоо төлөхгүй байгаа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж үзэхгүй байна. Тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн Эрүүгийн хуулийн Ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно гэж шүүгдэгчийн хийсэн үйлдлийг тохиолдлын шинжтэй гэж үзэхгүй. 2022 оны 11 сараас эхлэн чи одоо манай найз  охинтой байгаад байна ямар учиртай гэсэн асуудлыг ярьсаар яваад орой тарахад замд нь отож байгаад зэрлэгээр зодсон байгааг тохиолдлын шинжтэй гэж авч үзснийг буруу гэж үзэж байна. Эцэст нь хөнгөрүүлээд байгаа нөхцөл байдал хэрэгт нотлогдсон байх ёстой. Энэ бол нотлогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож ахин шийдвэрлүүлэх саналтай байна. Хохирогчийн төлөөлөгч ялын хөнгөрүүлэх саналгүй хохиролоо төлбөл болно гэсэн саналтай байна. Би үйлчлүүлэгчийнхээ саналыг дэмжих ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулчихвал заавал хүчингүй болгуулах шаардлагагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхэд 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн эмчилгээний төлөвлөгөө гэсэн нотлох бармыг гаргаж өгөхөд тамга тэмдэг дарагдаагүй, хууль ёсны шаардлага хангахгүй нотлох баримт байна гэж анхан шатны шүүх үзсэн. Я.Б нь хууль зүйн мэдлэг дутмагаас болж хуулбарлаж өгсөн байсан. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа тухайн баримтын эх хувийг өгсөн байгаа. Анхан шатны шүүхэд хуулбар хувийг өгсөн учраас шүүхэд хэлэлцээгүй гэв.

        Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийт эмчилгээний зардал 9 275 000 төгрөг гаргуулж өгнө үү гэж гомдол гаргасан байна. Хавтаст хэргийн 157 дугаар хуудсанд байгаа төлөвлөгөө Ц гэсэн хүний гарын үсэгтэй 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн төлөвлөгөө гэсэн баримт байгаа. Энэ дээр ямар ч тамга тэмдэг байхгүй. Давж заалдах шатанд орж ирэхдээ нөхөөд тамга зуруулсан ард нь мэс заслын эмчээр энэ хүн имплант шүд хийлгэх шаардлагатай гэсэн тодорхойлолт  хийлгээд ирсэн. Энийг нотлох баримт гэж үзэхгүй. Имплант шүд гэдгийг цахим орчноор зөндөө судаллаа. Имплант шүдийг ямар тохиолдолд хийх ёстой гэхээр 18-аас дээш насны хүн буюу эрүү, хоншоорийн ясны хөгжил буурсны дараа хийлгэдэг. Үнийн хувьд харьцангуй өөр байдаг юм байна. Өнөөдрийн байдлаар хамгийн дээд талдаа 2 900 000 төгрөг, хамгийн багадаа 1 900 000 төгрөг байдаг юм байна 1 шүд хийлгэхэд. Тэгээд энэ 3 600 000 төгрөгийг хаанаас гаргаад ирсэн юм. Энэ тодорхойгүй байна. Эмч нарын зөвлөгөөнөөр орж хийх эсэх асуудлыг шийддэг шүдний хувьд нарийн ажиллагаа явагддаг юм байна. Зүгээр нэг хийчихье гээд хийдэггүй юм байна. Тэгэхээр энэ бол нотлох баримтын шаардлага хангахгүй. Хохирлыг нэхэмжлээд байгаа бол бид шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн авч яваад шүдийг нь хийлгэе, эсхүл шүдээ хийлгэчихээд баримтаа аваад ир гээд байгаа. Иргэний журмаар баримтаа гаргаад ирвэл нэхэмжилвэл төлнө. Энэ Ц гэдэг хүнтэй ярихад тэр Тэмүүлэн гэдэг хүүхдийн ээж нь ирээд уйлаад байхаар нь тамга, тэмдэг дараад өгсөн гэсэн. Эмч нарын төлөвлөгөө гэж байгаа. Энэ одоо ямар учиртай юм. 18 наснаас дээш хийлгэх ёстой. Хүүхэд өнөөдөр 16 настай. Энэ асуудлыг 2 жилийн өмнө шийдвэрлэнэ гэж байхгүй. Энэнээс хойш ямар ч өөрчлөлт орохын билээ өнөөдрийн хугацаанд шүүхээр гаргах боломжгүй байна. Би шинжээч гаргуулах ёстой гэж бодсон. Харьцангуй өөр өөр үнэлгээтэй болохоор нэгдсэн нэг дүгнэлт гарах хэрэгтэй, шинжээчийн дүгнэлт хэрэгтэй байх гэж бодож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан саналыг хэрэгсэхгүй болгож өгөөч гэв.

     Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч П.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдийг нь манай хүүхэд зодсон нь үнэн болохоор ямар нэгэн аргаар хохирлыг нь төлөхөд бэлэн байна гэв. Анхнаасаа хэлсэн бүгдийг нь дагуулж яваад бүх юмыг үзүүлж харуулаад явъя гэсэн.  Ээжид нь хэлсэн хүлээн зөвшөөрсөн, аав нь бас хүлээн зөвшөөрсөн. Хохирогч талд 2 500 000 төгрөг өгөөд байгаа бензин тос гээд бүх зардлыг төлсөн. Хүүхдийнхээ өмнөөс маш их гэмшиж байгаа. Энэ хүүхдийг бас хохироогоод үлдээмээргүй байна. Ямар үндэслэлээр 9 000 000  төгрөг гаргасан байгаа юм. Надтай яваад хамтраад бүх зардлаа анхнаас нь гаргаад явъя гэж хэлсэн байгаа нь ямар үндэслэлээр ингэж байгаа юм мэдэх юм алга гэв.

     Прокурор Э.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс хохирогчийн эмчилгээтэй холбоотой зардлыг үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

    Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар  давж заалдсан гомдлуудын агуулгаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

     Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

      Өсвөр насны шүүгдэгч Б.З холбогдох хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

             Өсвөр насны шүүгдэгч Б.З нь 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 20 цагийн орчим Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас 16 настай Э.Т маргалдан түүний нүүрэн тус газар гараараа 2-3  удаа цохих, төмсөг орчим 1 удаа өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь  тархи доргилт, дээд баруун 1 дүгээр шүд, зүүн 1 дүгээр шүдний уналт, баруун дээд 2 дугаар шүдний сулрал, зүүн дээд 2 дугаар шүдний сэлтэрсэн хугарал, зүүн талын хуухнагийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь өсвөр насны шүүгдэгч Б.З гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Э.Т, насанд хүрээгүй гэрч Б.Э, шинжээч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 48 дугаар дүгнэлт, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй зөв болжээ.

          Өсвөр насны шүүгдэгч Б.З үйлдсэн хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлсөн болон төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан түүнд ял оногдуулахыг тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан нь  шүүгдэгчийн гэм буруу, насны онцлог, шүүгдэгч нь ерөнхий боловсролын сургуульд суралцдаг зэрэг нөхцөл байдалд тохирсон ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж үзлээ.

            Насанд хүрээгүй хохирогч  Э.Т хууль ёсны төлөөлөгч Я.Б “   “ ... шүүх шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь хэргийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй ... мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа гэж дүгнэсэн нь нийцээгүй ...цаашид ....имплант шүд хийлгэх зардлыг нэхэхэд өгнө гэх боловч одоо болтол өгөөгүйд гомдолтой ...З заавал ял оногдуулах ёстой гэхгүй ...  шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэж давж заалдсаныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь хохирогч нь анхан шатны шүүх хуралдаанаас өмнө хэрэгт өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй учраас нотлох баримтаа бүрдүүлсний эцэст жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Давж заалдах гомдол гаргахдаа гомдолд хавсаргаж ирүүлсэн баримт нь хэрэгт авагдсан баримтаас тамганы хувьд зөрүүтэй байгаа,  эдгээр нь нэг баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж үзэхэд учир дутагдалтай байгаа болно.

        Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, насанд хүрээгүй хохригчийн хууль ёсны төлөөлөгч Я.Б давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

         Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:      

          1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/28 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.     

      2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           О.ОДНЯМАА

  ШҮҮГЧ                                                 Н.БОЛОРМАА

   ШҮҮГЧ                                                 Г.ТЭГШСУУРЬ