Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 00281

 

 

 

 

 

 

“Т.А” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/02836 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Т.А” ХХК-ийн хариуцагч “С.Т” ХХК, Л.Ц нарт холбогдуулан гаргасан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 68 915 884 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “С.Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч “Т.А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.А” ХХК нь “С.Т” ХХК-ийн захирал Л.Цтай 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Орон сууц захиалгаар барих” гэрээ байгуулан, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 422 дугаар байрны 73 тоот 52.10 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 130 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Мөн талууд 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дээрх гэрээний нэмэлт гэрээг байгуулж, орон сууцны төлбөрөөс хариуцагч нь 60 000 000 төгрөгийг бэлнээр төлөх, үлдэх 70 000 000 төгрөгт тооцон барилгын ажил гүйцэтгэж өгөхөөр тохиролцож, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Л.Цаас байрны төлбөрт 44 000 000 төгрөгийг төлж, үлдэх 16 000 000 төгрөгт мөн ажил гүйцэтгүүлэхээр тохиролцсоны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Л.Цид шилжүүлсэн. Гэтэл Л.Ц нь гэрээгээр тохиролцсон барилгын ажлыг хийж гүйцэтгээгүй, орон сууцны үлдэгдэл төлбөрийг ч төлөөгүй. Эхний 16 000 000 төгрөгт тооцуулахаар 20 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулахад хугацаандаа ажлаа хийж гүйцэтгээгүй, орхиод явсан, цаашид бид ажил гүйцэтгүүлэх боломжгүй болсон. Хийж гүйцэтгэсэн ажлынх нь талаар гаргасан шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Иймд талууд захиалгаар барих гэрээ гэж нэрлэсэн боловч худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, тус гэрээний үлдэгдэл 68 915 884 төгрөгийг төлөөгүй байгаа тул С.Т ХХК-аас гаргуулна. Л.Ц нь одоо тус компанийг төлөөлөх эрхтэй этгээд биш болсон тул түүнийг хариуцагчаар оролцуулахаас татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Л.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тухайн үед “С.Т” ХХК-ийн нэрийн өмнөөс гэрээг байгуулсан. Би ажлаа орхиж яваагүй, тус компанийн инженер миний хийж байсан ажлыг болиулсны улмаас ажлыг гүйцэтгэж чадаагүй. Дараа нь инженерээс асуухад манай төсөл хариуцсан захирал та нарыг гаргаад дараагийн хүмүүсээ оруул гэж хэлсэн гэж байсан. Байрны үнийн хувьд нэхэмжлэгч нь төлбөрийг бартераар төлөх болсонтой холбогдуулж зах зээлийн үнээс өндөр үнээр зарсан. Одоо би “С.Т” ХХК-ийн захирал биш болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “С.Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Хонгор шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байна. Анхнаасаа байрны үнийг бартераар буюу ажил гүйцэтгэх гэрээгээр төлж дуусгах байсан. Эхний 20 000 000 төгрөгийн ажлыг гэрээний дагуу хийсэн, харин үнэлгээнд талууд маргалдсан. Тус орон сууцны тухайн  үеийн үнэ ханшаас яагаад өндөр байна вэ гэхээр ажил гүйцэтгэх гэрээнийхээ дагуу тухайн байрыг үнэлж өгсөнтэй холбоотой. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөх үндэслэлгүй, шинжээчээр гарсан үнийн дүнг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч тал өөрсдөө биднийг шахаж гаргасан учраас төлбөр төлөх боломжгүй болсон, цаашид ажил өгөхгүй байгаа тул төлөх боломжгүй байгаад байна гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “С.Т” ХХК-иас 68 915 884 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т.А” ХХК-д олгож, хариуцагч Л.Цид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 502530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С.Т” ХХК-аас 502 530 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Т.А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Т.А” ХХК нь Л.Цтай 2014 оны 12 сарын 25-ны өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулан, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 422 дугаар байрны 73 тоот 52.10 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 130 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Мөн 2014 оны 12 сарын 30-ны өдөр тус гэрээний нэмэлт гэрээг байгуулж, орон сууцны төлбөрийн 60 000 000 төгрөгийг бэлнээр төлөх 70 000 000 төгрөгт барилгын ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. 2014 оны 12 сарын 31-ний өдөр хариуцагч Л.Ц нь байрны төлбөрт 44 000 000 төгрөгийг төлж, нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Л.Цд шилжүүлсэн. Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр хариуцагч Л.Цаас татгалзаж, “С.Т” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 68 915 884 төгрөг гаргуулахаар шаардсан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2014 оны 12 сарын 25-ны өдөр орон сууц захиалгаар барих гэрээ болон 2014 оны 12 сарын 30-ны өдрийн нэмэлт гэрээний үүрэг гүйцэтгэх этгээд нь “С.Т” ХХК хэмээн дүгнэж, Л.Цт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Гэвч “С.Т” ХХК нь тухайн гэрээний үүргийг хүлээх этгээд биш буюу үндсэн гэрээг нэхэмжлэгч нь Л.Цтай байгуулсан, орон сууцны 44 000 000 төгрөгийн төлбөрийг 2014 оны 12 сарын 31-ний өдөр Л.Ц төлсөн орон сууцны гэрчилгээ Л.Цийн нэр дээр байгаа зэргээс үзвэл гэрээний үүргийг гүйцэтгэх этгээд нь Л.Ц юм. Иймд “С.Т” ХХК нь “Т.А” ХХК-тай байгуулсан худалдах худалдан авах гэрээний тал биш тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “С.Т” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчийн хоорондын маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч “Т.А” ХХК нь хариуцагч “С.Т” ХХК, Л.Ц нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 68 915 884 төгрөг гаргуулахаар шаардсан боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Цаас татгалзсан, хариуцагч “С.Т” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

            “Т.А” ХХК, Л.Ц нар нь 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Орон сууц захиалгаар барих 02-422-73 тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр захиалагч Л.Ц нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 422 дугаар байрны 73 тоот 52.10 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 130 000 000 төгрөгөөр бариулах, төлбөрийг мөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр төлөх, гүйцэтгэгч 2014 оны 1 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Мөн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний нэг тал болох иргэн Л.Цийг сольж, “Т.А” ХХК нь “С.Т” ХХК-тай гэрээг байгуулан “С.Т” ХХК-ийг төлөөлөн Л.Ц гарын үсэг зурсан, өмнөх гэрээний үүргийг үргэлжлүүлсэн болох нь орон сууц захиалгаар барих гэрээ, нэмэлт гэрээ, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. /хх-8-10/

            Анхан шатны шүүх “Т.А” ХХК болон “С.Т” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн гэж үндэслэл бүхий дүгнэсэн бөгөөд хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, дээрх тохиролцоогоор гэрээний нэг тал эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх, нөгөө талаас эд хөрөнгийн үнэ төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн байх тул худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй.

Хэргийн 39 дүгээр талд авагдсан Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд Л.Ц нь гэрээ байгуулах үед буюу 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл “С.Т” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй байсан нь нотлогдсон болно.

Түүнчлэн, нэхэмжлэгч “Т.А” ХХК нь Л.Цид орон сууцыг хүлээлгэн өгсөн, түүний нэр дээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй ба талууд нэмэлт гэрээний 3-д “... 422 дугаар байрны 73 тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн Л.Цид үл маргах журмаар шилжүүлэхээр ...” тохиролцсон учир Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар “С.Т” ХХК-д орон сууцыг хүлээлгэн өгсөн гэж үзнэ.

Иймээс “Т.А” ХХК нь “С.Т” ХХК-д худалдах худалдан авах гэрээний зүйлийг худалдагчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн учраас хариуцагч компани хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Худалдах худалдан авах гэрээний дагуу орон сууцны үнэд хариуцагч нь 44 000 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчид төлсөн нь Хаан банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдсон./хх62/

Орон сууцны үлдэгдэл үнийг төлөх зорилгоор “Т.А” ХХК болон “С.Т” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу “С.Т” ХХК нь 20 072 678 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон байх хэдий ч уг гэрээний дагуу “С.Т” ХХК нь 17 803 587 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, уг дүгнэлтийг үндэслэн шүүх төлбөрийн тооцоог хийснийг буруутгах боломжгүй. Тухайн шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах тухай хүсэлтийг зохигчийн хэн алины зүгээс гаргаагүй байна. /хх97-103/

Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... орон сууцны гэрчилгээ Л.Цийн нэр дээр байгаа, ... гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг гүйцэтгэх этгээд нь Л.Ц юм. “С.Т” ХХК нь “Т.А” ХХК-тай байгуулсан худалдах худалдан авах гэрээний тал биш ..” гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг маргааны үйл баримтад харьцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлж, хариуцагч “С.Т” ХХК-аас орон сууцны үлдэгдэл үнэ 68 915 884 /130 000 000-44 000 000-17 803 587/ төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Харин нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “С.Т” ХХК-ийн захирал Л.Ц гэх агуулгаар хариуцагчийг тодорхойлсон, анхан шатны шүүх ”С.Т” ХХК-д холбогдуулж хэрэг иргэний хэрэг үүсгэж, улмаар “С.Т” ХХК болон Л.Ц нарт холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.4 дэх хэсгийг зөрчсөн боловч нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны явцад Л.Цийг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны энэхүү зөрчил нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарахгүй болно.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/02836 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 502 530 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЭНХТӨР

                                       ШҮҮГЧИД                                Д.БАЙГАЛМАА

                                                                                       Б.НАРМАНДАХ