Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 91

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,   

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,    

           улсын яллагч Х.Анхцэцэг,  

            шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч А.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:   

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Орхи овогт Найдангийн Оюунбаатарт холбогдох 201726011097 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1963 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехник машинист мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст сантехникийн слесарь ажилтай, ам бүл-3, хүүхдийн хамт,

 

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Н.О нь 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ....согтуурсан үедээ сүхээр Б.Наранцацралын толгой тус газар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:    

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-7/

- хохирогч Б.Наранцацралын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр өөрийн хамтран амьдрагч Х.Төмөрхуягийн хамт танил ах Лхагваагийн гэрт Баянхошууны 112-ын тэр хавьд очсон юм тэгээд тэдний гэрт байж байтал гаднаас Н.О, Луяа /Г.Лувсандагва/ ах хоёр нилээн халамцуу байдалтай орж ирээд нэг шил Монгол стандарт нэртэй 0.75 литрийн архийг Н.О, Луяа /Г.Лувсандагва/ манай нөхөр Х.Төмөрхуяг, Будхүү нар...хувааж уугаад дуусч байтал Оюунбаатар Луяа /Г.Лувсандагва/ ах хоёр гараад явсан ба буцаж орж ирээд Х.Төмөрхуяг бид хоёрыг гэрлүүгээ дагуулаад явсан. Тэгээд тэдний гэрлүү явж байхад замд Н.О ах надад хэлэхдээ найз хүүхнээ дуудчихсан гэр орон заваан байгаа чи жаахан цэвэрлээд хоол унд хийгээд өгчих гэхээр нь би зөвшөөрсөн, замдаа явж байхдаа Н.О ах дэлгүүрээс 2 шил 0.75 литрийн Монгол стандарт архи, тамхи, 5 ширхэг кофе авчихсан гарч ирсэн ба бид дөрөв Оюунбаатар ахын гэрт ирсэн. Тэгээд би ороод гэр орныг нь цэвэрлэчихээд хоол хийх гээд мах гэсэх зуур бид дөрөв хөзөр тоглоод Н.О Луяа /Г.Лувсандагва/ манай нөхөр Х.Төмөрхуяг тэр гурав нөгөө авчирсан архиа ууж байсан. Тэгтэл гаднаас жаахан халамцуу байдалтай 40 гаран насны Б.Цолмон гэдэг эмэгтэй ирсэн ба тэр хүүхэн тэр хэдтэй архи хувааж уугаад байсан ба намайг архи уу гээд шахаад байхаар нь би нэг л удаа уусан, өөр дахиж уугаагүй. Тэгээд би Н.О ахаас утсыг нь гуйгаад нэг ярьчих гэж хэлтэл зөвшөөрөхөөр нь би утсанд нь сим картаа хийгээд утсаар нь ярьсан. Тэгтэл нөгөө Б.Цолмон гэдэг эмэгтэй нь явлаа гээд гарсан чинь Н.О уурлаад араас нь гараад дагуулж орж ирсэн...төд удалгүй Н.О ах надаас миний гар утас хаана байна гэхээр нь би надад байна гэж хэлтэл алнаа гээд уурлахаар нь би та битгий маяглаад байгаач гэхэд “та нарыг бүгдийг чинь ална” гээд уурлаад байсан. Тэгээд би газар халуун тогооны хажууд хоол хийгээд сууж байгаад эргээд хартал яг аль гартаа сүх барьсан байсан эсэхийг санахгүй байна, ямар ч байсан сүх барьчихсан алнаа гээд л миний толгойны ар тал руу нэг удаа цохисон. Тэгээд миний толгой манараад байж байтал гаднаас манай нөхөр Х.Төмөрхуяг орж ирээд Н.Оыг тэвэрч аваад цаашаа явах шиг болсон. Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд тэрнээс хойш ухаан алдаад нэг мэдэхэд эмнэлэг дээр ирчихсэн байсан. Намайг цохих ямар ч шалтгаан байгаагүй гэж бодож байна. Намайг эргээд харахад жижгэвтэр төмөр сүхээр цохисон. Миний толгойн ар хэсэгт нэг удаа цохисон. Өөрөөр цохиогүй. Би маш их гомдолтой байна, эрүүл мэндээрээ хохирсон эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Хэрэв хохирлоо барагдуулчихвал надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-20-22, 116/,

- хохирогч Х.Төмөрхуягийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хамтран амьдрагч Б.Наранцацралын хамт Лхагваагийн гэрт байж байтал гаднаас 16 цаг өнгөрч байхад Н.О, Луяа /Г.Лувсандагва/ хоёр согтуу орж ирсэн. Тэгээд Н.О Б.Наранцацрал бид хоёрыг гаръя манайд очъё гээд гуйгаад байхаар нь Б.Наранцацрал бид хоёр хамт Н.Оын гэрт очихоор гарсан. Замдаа дэлгүүрээс 0.75 литрийн Монгол стандарт нэртэй архи 2 шил, тамхи, ундаа аваад Н.Оын гэрт ирээд бид нар нэг шил архиа задлаад хөзөр тоглоод сууж байтал гаднаас 40 орчим насны эмэгтэй Н.Оын найз гээд ирсэн. Тэгээд байж байтал манай эхнэр Б.Наранцацрал гэр орныг нь цэвэрлэчихээд хоол хийж байсан ба Б.Наранцацрал ахаас та утсаа өгч байгаач би сим картаа хийгээд нэг ярьчихъя гэж хэлээд түүний Нокиа маркийн гар утсыг авсан. Тэгээд Б.Наранцацралын утсаар ярьж байсан. Би бие засах гээд гараад гэрээс нь нэг их холдолгүй байхад байшин дотор манай эхнэр Б.Наранцацрал орилохоор нь би буцаад ортол манай эхнэр Б.Наранцацрал үүдэнд халуун тогооны хажууд орилоод сууж байхаар нь би Н.О ахын араас нь тэврээд автал Н.О ах урдаа барьж байсан сүхээрээ миний баруун шанааны хэсэгт хальт цохисон гэсэн. Тэгэхээр нь би эхнэрээ дагуулаад гараад зугтаж байгаад хорооны байран дээр ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Б.Наранцацралыг харахад толгойноос нь цус, чихнээс нь цус гараад байсан. Тэгээд цагдаа ирж Н.Оыг аваад би эхнэрийн хамт гэмтлийн эмнэлэг дээр очсон...гэх мэдүүлэг /хх-24-25, 115/,

- гэрч Г.Лувсандагвын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн орчим Н.О ахын гэрт Х.Төмөрхуяг, Б.Наранцацрал, Н.О бид 4 замаараа дэлгүүрээс архи аваад очсон. Н.Оын гэрт хүнгүй эзгүй байсан. Тэгээд архиа уугаад хөзрөө тоглож байтал Н.Оын найз Б.Цолмон гэх эмэгтэй ирсэн. Тэгээд хамт хөзөр тоглосон. Би их согтоод байсан болохоор унтсан. Тэгээд унтаж байтал нэг хүн орилох чимээ гарахаар нь сэртэл Б.Наранцацрал толгойгоо дарчихсан хажууд нь Н.О зогсож байсан. Шалан дээр цус гарсан байсан, бас хаалганы орчим Х.Төмөрхуяг зогсож байсан. Тэгтэл Х.Төмөрхуяг Б.Наранцацралын гараас хөтлөөд аваад гараад явсан. Тэгэхээр нь би Н.Оаас “би юу болсон талаар” асуухад “гар утаснаас болоод маргалдсан” гэж хэлсэн. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд Н.Оыг аваад явсан. Намайг унтахаас өмнө ямар ч хүмүүс маргалдаагүй зүгээр байсан...гэх мэдүүлэг /хх-28/,

- гэрч Г.Цэнгүүний мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 6 дугаар сарын 11-ний оройны 20 цагаас 2017 оны 6 дугаар сарын 12-ны 08 цагийн хооронд эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч М.Мөнхбаатарын хамтаар Ачит-114 чиглэлийн алаг машин дээр Сонгинохайрхан дүүргийн 10, 25, 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд Ачит-10-аас 2017 оны 6 дугаар сарын 11-ний 21 цаг 34 минутанд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороон дээр хүлээж байя манай эхнэрийг сүхээр цохилоо гэх дуудлагын дагуу очиж шалгахад Х.Төмөрхуяг гэх залуу манай эхнэр Б.Наранцацрал бид хоёрыг хамт архи уусан Н.О  сүхээр цохичихлоо гэсэн. Эхнэр гэх Б.Наранцацралын толгойн зүүн чихний ар хэсгээс их цус гарсан байдалтай байсан. Н.Оын гэрийг заалган очиход гэрийн үүдний орчим Н.О, нэг эрэгтэй хүний хамтаар байсан. Ингээд Н.Оыг шууд Дэнжийн мянгад байх нэгдсэн саатуулах байранд хүлээлгэн өгсөн.  Х.Төмөрхуяг, Б.Наранцацрал хоёрыг 103 дуудаад хүлээлгэн өгч явуулсан...гэх мэдүүлэг /хх-32-33/,

- гэрч М.Мөнхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:... 2017 оны 6 дугаар сарын 11-ний оройны 20 цагаас 2017 оны 6 дугаар сарын 12-ны 08 цагийн хооронд эргүүлийн офицер цагдаагийн ахлах дэслэгч Г.Цэнгүүний хамтаар Ачит-114 чиглэлийн алаг машин дээр Сонгинохайрхан дүүргийн 10, 25, 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэсэн, энэ хугацаанд Ачит-10-аас 2017 оны 6 дугаар сарын 11-ний 21 цаг 34 минутанд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар  хороон дээр хүлээж байя манай эхнэрийг сүхээр цохилоо гэх дуудлагын дагуу очиж шалгахад Х.Төмөрхуяг гэх залуу манай эхнэр бид хоёрыг цуг архи уусан Н.О сүхдчихлээ гэх бөгөөд эхнэр гэх Б.Наранцацралын толгойн зүүн чихний ар хэсгээ нилээн цус гарсан байдалтай байсан. Н.Оын ойролцоо байх гэрийг нь заалган очиход гэрийн үүдний орчии Н.О нэг эрэгтэй хүний хамтаар байсан. Н.Оыг шууд Дэнжийн 1000-д байдаг албадан саатуулах газарт хүлээлгэн өгсөн. Х.Төмөрхуяг, Б.Наранцацрал хоёрыг 103 дуудаад өгч явуулсан...гэх мэдүүлэг /хх-34-35/,

- гэрч Б.Хэрлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 21 цаг 51 минутанд манай 103 утсанд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны 28 дугаар хүнсний дэлгүүр дээр тосно, манай эхнэрийг хальт таньдаг Н.О ах сүхдээд хаячихлаа гэсэн дуудлага ирсэн. Тэгээд манай зохицуулагч 21 цаг 54 минутанд хүлээж аваад зохицуулагчаас 21 цаг 55 минутанд дуудлага ирсэн. Би дуудлаган дээр 22 цаг 26 минутанд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны орчим очиход хоёр цагдаа ирсэн, сүхдүүлсэн гэх эмэгтэй, эрэгтэй хоёр хүн байсан. Тэгэхээр нь би бээлийгээ өмсөөд нөгөө хоёр хүнийг машинд суулгасан. Тэр эмэгтэйн толгойд нь бас боолт хийгээд, тэр хоёрыг гэмтлийн эмнэлэгт хүргэсэн. Б.Наранцацрал шархнаас их цус гарсан байсан болохоор тэр хоёр хувцасаараа дарсан байсан, эмэгтэйн даралт нь баруун гартаа 60-тай, зүүн гартаа 80, 50-тай, зүрхний цохилт 1 минутанд 103-н удаа дэлсэлттэй байсан. Энэ нь цус их алдсаных гэсэн үг...гэх мэдүүлэг /хх-117-118/,

- шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2017 оны 6 дугаар сарын 11-нд сүхээр толгой руугаа цохиулсан гэх Б.Наранцацралын биед үзлэг хийхэд биед зүүн чамархай ясны хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, хугарлын харалдаа шарх, тархи доргилт, зүүн шуунд зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдсон, энэ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...Дээрх гэмтэл нэг удаагийн ирмэгтэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, бусад гэмтэл нь мөн мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...гэх мэдүүлэг /хх-113-114/,

-шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн №7895 дугаартай шинжээчийн:...Б.Наранцацралын биед зүүн чамархай яс хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, хугарлын харалдаа няцарсан шарх, тархи доргилт, зүүн шуунд зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-37/,

- ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-71/,

- шүүгдэгч Н.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 6 дугаар сарын 11-ний өглөө 10-11 цагийн орчим Г.Лувсандагва бид хоёр уулзаад гадуур нилээн архи уусан, н.Лхагважав ахын гэрт Г.Лувсандагва бид хоёр 16 цагийн орчим ороход Б.Наранцацрал, Х.Төмөрхуяг хоёр байсан. Тэд нар архи уугаад дуусч байсан. Б.Наранцацрал, Х.Төмөрхуяг, Г.Лувсандагва бид нар гарахаар болоод гадагшаа гараад дэлгүүрээс архи, тамхи, ундаа гэх мэт зүйлс аваад манай гэрт очсон. Манайд очиход 17 цаг орчим байсан байх, ингээд бид нар архиа уугаад хөзөр тоглосон. Тэр үеэр би өөрийн гар утсаа цэнэглээд тавьчихсан байсан. Тэгтэл Б.Наранцацрал миний гар утас цэнэггүй болчихлоо гээд гар утсанд сим картаа хийчихье гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд таньдаг Б.Цолмонг ирүүлэх талаар өдөр ярьсан байсан учраас Б.Цолмон манай гэрт 18 цагийн орчим ирсэн, ингээд бид нар архиа уусаар л байсан. Ингээд архи ууж хөзөр тоглоод дууссаны дараа 21 цагийн орчим би Б.Наранцацралаас гар утсаа авах гэтэл байхгүй гээд байсан, яг ингээд маргалдаж байх үеэр Б.Цолмон гараад явчихсан. Харин Г.Лувсандагва унтана гээд хэвтсэн байсан. Б.Наранцацрал хоол хийх гээд зогсож байсан. Тэгээд миний гар утсыг Б.Наранцацрал, Х.Төмөрхуяг хоёр гаргаж өгөхгүй байхаар нь миний уур хүрээд орны өмнө байсан бор өнгийн төмөр сүхийг аваад Х.Төмөрхуяг руу далайсан. Тэгтэл Х.Төмөрхуяг миний урдаас цээжний хэсгээр тэврээд авсан, миний сүхтэй гар сул байсан. Х.Төмөрхуяг өөдөөс сүхтэй гартай ноцолдоод байсан ба би угз татаж авахад ар талд зогсож байсан. Б.Наранцацралыг сүхний ишээр цохичих шиг болсон. Сүүлд харахад Б.Наранцацралын зүүн чихний ар хэсэгт сүхээр цохичихсон байсан. Би нилээн согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-65-66/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Н.О нь 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 3-28 тоот гэртээ согтуурсан үедээ хохирогч Б.Наранцацралтай гар утас өгсөнгүй гэх зүйлээс болж маргалдан cүхээр толгой тус газарт цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:    

- хохирогч Б.Наранцацралын:...тухайн үед Н.О ах надаас миний гар утас хаана байна гэхээр нь би надад байна гэж хэлтэл алнаа гээд уурлахаар нь би та битгий маяглаад байгаач гэж хэлтэл та нарыг ална гээд уурлаад байсан...сүх барьчихсан алнаа гээд миний толгойны ар тал руу нэг удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-20-22, 116/,

- гэрч Г.Лувсандагвын:...тэр үед унтаад, хүн орилох чимээ гарахаар нь сэртэл Б.Наранцацрал толгойгоо дарчихсан хажууд нь Н.О зогсож байсан. Шалан дээр цус гарсан байсан...гэх мэдүүлэг /хх-28/,

- гэрч М.Мөнхбаатарын:...цагдаагийн дуудлагын дагуу очиход Б.Наранцацралын толгойн зүүн чихний ар хэсгээ нилээн цус гарсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-34-35/,   

- шинжээчийн:...Б.Наранцацралын биед зүүн чамархай яс хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, хугарлын харалдаа няцарсан шарх, тархи доргилт, зүүн шуунд зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдсон, гэмтлийн хүнд зэрэгт хамаараах тухай дүгнэлт /хх-37/,

- шинжээч Ш.Цэцэгмаагийн:...дээрх хүнд гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр,  бусад гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...гэх мэдүүлэг /хх-113-114/,    

            - шүүгдэгч Н.Оын:...тэр үед гар утсыг Б.Наранцацрал, Х.Төмөрхуяг хоёр гаргаж өгөхгүй байхаар нь миний уур хүрээд орны өмнө байсан бор өнгийн төмөр сүхийг аваад Х.Төмөрхуяг руу далайсан...Х.Төмөрхуяг өөдөөс сүхтэй гартай ноцолдоод, би угз татахад ар талд зогсож байсан Б.Наранцацралыг сүхний ишээр цохичихсон...гэх мэдүүлэг /хх-65-66/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.    

 

Иймд шүүгдэгч Н.Оыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

Гэмт хэргийн зүйлчлэл, талууд, оролцогчийн зарим дүгнэлт, саналд хийсэн хууль зүйн дүгнэлт:      

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан, мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр буюу хүч чадлаа дайчилсан хүсэл зориг нь, идэвхтэй үйлдэл ба хор уршгийн хоорондын шалтгаант холбоо нь нотлох баримтын хууль ёсны эх сурвалжаар тогтоогдсон гэж үзнэ.   

2015 оны Эрүүгийн хуулийн буцаан хэрэглэх талаар:    

2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээ багассан, хорихоос өөр сонгох ялтай байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь зөв болно.       

Хохирол төлбөрийн тухайд:   

   Хохирогч Б.Наранцацрал нь баримтаар 400.568 төгрөг нэхэмжилсэн /хх-90-91, 140/, шүүгдэгч нь 560.100 төгрөг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ төлсөн тухай баримт гаргаж, мэдүүлсэн ба хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрх нь нээлтэтй болно.  

   Шүүгдэгчийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал

Шүүгдэгч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст 947.183 төгрөгийн цалинтай ажилладаг /х-134/, өмнө ял шийтгэлгүй зэрэг хувийн байдалтай.   

Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.        

Бусад асуудал    

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст сантехникч ажилтай, 947.183 төгрөгийн цалинтай /х-134, 151/, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр иргэний ахуйн зориулалттай газартай /хх-160/ зэргийг харгалзан торгох ял оногдуулав.   

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сүхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оын 2017.06.12-ноос 2017.06.27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 14 хоног /х-55-56/-ийн 01 хоногийг 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, эдлэх ялаас нь хасах нь зүйтэй.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:    

 

1. Шүүгдэгч Б.Оюунбаатарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Оюунбаатарыг 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Оюунбаатарт оногдуулсан 11.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оын урьд цагдан хоригдсон 14 хоногийн 01 хоногийг торгох ялын 15.000  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт 210.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Оюунбаатар нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

6. Хохирогч Б.Наранцацрал гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй, тус хэрэгт битүүмжлэгдсэн  эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.    

7. Эд мөрийн баримтаар хураагдсан сүх 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

            9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Б.Оюунбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.ГАНБААТАР