| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2024/0855/З |
| Дугаар | 128/ШШ2024/0845 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2024/0845
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэлд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Б*******д холбогдох 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 0630575 дугаартай М.Б*******д торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Нийслэлийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Нийслэлийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Б******* миний бие Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэлд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******гийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 0630575 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нийслэлийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Б******* 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 0630575 дугаартай шийтгэлийн хуудаст “…М.Б*******гийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь заалтад заасны дагуу 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулсугай…” гэж өөрчлөлт оруулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.
Өөрөөр хэлбэл Нийслэлийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Б*******гээс өөрийн үйлдсэн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 0630575 дугаартай иргэн М.Б*******д торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас дахь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг удирдлага болгосон заалтаа Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь заалтад заасан шийтгэл оногдуулах гэж өөрчлөн зөвтгөхөө илэрхийлсэн аж
Энэ нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэлд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******гийн “2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 0630575 дугаартай шийтгэлийн хуудасны олсон нь хэсэгт “…М.Б******* нь …Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдан авсан… болох нь… М.Б*******гийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дах заалтад заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул шийдвэрлэх зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь заалтад заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул…” гэж шийдвэрлэх нь хэсэгт “…М.Б*******гийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь заалтад заасны дагуу 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулсугай…” гэж өөрчлөлт оруулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Нийслэлийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Б******* зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тус шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.БАТБААТАР