| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2023/02246/И |
| Дугаар | 102/ШШ2023/03829 |
| Огноо | 2023-10-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2023/03829
2023 оны 10 сарын 24 өдөр Дугаар 102/ШШ2023/03829 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэлийн шаардлага: 26.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б
Хариуцагчийн төлөөлөгч Б.А
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анударь
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Э ” ХХК, хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан 26.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Э ” ХХК 2020 оны 09 дүгээр сард “Г ” ХХК-тай 700.0000.000 төгрөгийн ажлын гэрээ байгуулсан.
Гэрээгээр ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 10 дугаар сарын дундуур Б.А “Х ” хотхон дээр дуудаж 100 куб хөөс илүү өгөөч буцаагаад танд хөөсөөр нь юмуу эсвэл мөнгийг өгнө гэж хэлээд авсан.
Өмнө нь 150 куб хөөсийг “Г ” ХХК-д нийлүүлсэн байсан. Б.А гийн хувьд гэрээ хийгээгүй учраас хөөс аваагүй гэж байна.
Тиймээс 100 куб гадна фасадын хөөсний үнэ 26.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү , Материалны тооцоогоор 150 куб хөөс орох ёстой байсан.
Ингээд манайхаас 250 куб хөөсийг “Г ” ХХК-ийн хашаанд буулгаж илүү 100 куб хөөсийг өгсөн.
Хавтаст хэргийг 41, 42 дугаар талд материалын тооцоо авагдсан.
Тухайн үед Б.А танд хөөсний мөнгийг гаргуулж өгнө гэж хэлсэн болохоор итгээд өгсөн.
Компанийн захирал байж болно. Гэхдээ хүнийг ингэж хохироож болохгүй, гэжээ.
4.Хариуцагчийн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Г ” ХХК 2020 онд “Э ” ХХК-тай 700.000.000 төгрөгийн ажлын гэрээ байгуулсан.
Баянгол дүүрэг, “С” сургуулийн өргөтгөлийн барилгад гэрээ хийсэн. Үлдэгдэл ажил буюу гадна фасад, дотоод засал бүх ажлуудыг оруулж 700.000.000 төгрөгөөс хөл хорио тогтоох хүртэл хийсэн ажлыг талууд тооцоод 75.000.000 төгрөг болж энэгар үнэд машиныг бартераар өгсөн.
Гэтэл нэхэмжлэгч ажлаа дутуу хийгээд орхиод явсан.
Тухайн үед энэ хүний хийсэн ажлын үнэлгээ 48.970.000 төгрөг гэж харилцан тохиролцоод гарын үсэг зураад манайх 26.030.000 төгрөгийн авлагатай үлдсэн байдаг.
Ингээд “Э ” ХХК 26.030.000 төгрөгийн төлбөрт тоосго өгнө гэж албан бичиг явуулсан. Тэр үед гэрээ цуцлагдаагүй хавар ажил үргэлжлэх ёстой байсан боловч ажил хийгдээгүй.
Цар тахлын үе таарч энэ асуудал нөлөөлсөн байх. Үлдэгдэл төлбөрөө өгөхгүй байсан тул бид Төв аймгийн шүүхэд 26.030.000 төгрөгийг “Э ” ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж тус шүүхийн эцэслэн шийдвэрлэсэн шийдвэрээр дээрх мөнгийг “Г ” ХХК-д олгохоор гарсан.
Үүнтэй давхцаад “Э ” ХХК-аас 100 куб хөөсний мөнгө нэхэмжилсэн нэхэмжлэлийг гаргасан байдаг.
Манай компани эдний барилгын ажилд зориулж буулгасан хөөсийг явуулсан болохоос нэмэлтээр мөнгө тохирч хөөс авсан зүйл байхгүй.
Хэрвээ нэмэлтээр хөөс авсан бол бид 26.000.000 төгрөгийг нэхэмжлэхгүйгээр тооцоондоо оруулаад явах байсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна,
Бидний хувьд 100 куб хөөс нэмэлтээр авсан зүйлгүй. Буусан байсан хөөсийг зөөхөд 10 куб хөөсөн зөөсөн.
Таны яриад байгаа 100 куб хөөс бидний харилцан тохиролцсон үнэ дотор явж байсан хөөс. “Г ” ХХК-ийн хашаанд буусан гээд байгаа 150 куб хөөсийг манайд хүлээлгэж өгсөн талаар баримт байхгүй.
Энэ талаар бид мэдэхгүй учраас өөр тайлбаргүй.
Харин нэхэмжлэгч ажилдаа хэрэглЭ орхой хэмжээний хөөсийг барилгын ажлыг эд нар хийж байхад хүлээж авсан.
Гэвч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлж байгаа шиг их хэмжээний хөөс аваагүй. 150 метр куб гэдэг 1500 метр квадрат талбайг дулаалах байсан гэсэн үг.
Энэ хүн ажлаа дутуу хийгээд явсан учраас сайн мэдэхгүй байна гэв.
Ажлаа орхиод явахад бага зэрэг хөөс үлдсэн байсан. Тодорхой хэмжээний гүйцэтгэл гэж байдаг.
Энэ хүний гүйцэтгэлийг өндөр гаргахын тулд бүх материалыг болон хийсэн ажлыг нь тооцоод 48.970.000 төгрөгийн дүн гарсан.
Хөөс, хөөс тогтоох ажил, шавардлаг орсон. Тоосго өрлөг хийсэн үгүйг сайн санахгүй байна.
Ажил нь дуусаагүй учраас хөөс илүү гарсан шүү. Анх ажлаа эхлэхэд хөөс орж ирдэг. Тухайн хөөсийг бүртгэж аваад дээрх дүнд багтаад хөлсийг төлсөн учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.
5.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд
6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, “Э ” ХХК-ийн дүрэм, Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 151/ШШ2023/0 дугаартай Шийдвэр, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4 хуудас “Зарлагын баримт”, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 3 хуудас “Зарлагын баримт”, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 3 хуудас “Зарлагын баримт”, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Э ” ХХК-ийн Сэтгэмж цогцолбор 46 дугаар сургуулийн өргөтгөл, барилгын заслын ажлыг гүйцэтгэх ажлын график, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3 дугаартай “Э ” ХХК, “Г констракшн” ХХК-д “Хариу хүргүүлэх тухай”, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0 2 дугаартай “Э ” ХХК, “Г констракшн” ХХК-д ажлын гүйцэтгэлийн шинэчилсэн хуваарь
7.Хариуцагчаас 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 0дугаартай “Итгэмжлэл”, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 0 дугаартай “Итгэмжлэлээс татгалзах тухай”, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 0 дугаартай “Итгэмжлэл”, улсын бүртгэлийн гэрчилгээ, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 0 дугаартай Магадлал
8.Шүүхийн журмаар 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0 дугаартай Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн “Албан бичиг”, Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 0 дугаартай “Албан бичиг”, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 0 дугаартай “Албан бичиг”, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Барилгын ажил гүйцэтгэх гэрээний хавсралт”, Сэтгэмж цогцолбор 0 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын заслын ажлын материалын тоо хэмжээ, Сэтгэмж цогцолбор 0 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын заслын ажлын материалын тоо хэмжээ, дүн, Төсөвт өртгийн нэгдсэн товчоо, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн “Хэрэг танилцуулсан баримт”, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4 хуудас “Зарлагын баримт”, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 3 хуудас “Зарлагын баримт”, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 3 хуудас “Зарлагын баримт”, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 0 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 0 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Барилгын ажил гүйцэтгэх гэрээний хавсралт”, “Э ” ХХК
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б нэхэмжлэлийн шаардах эрхээ үндэслэлээ “Хоёр компани 700.0000.000 төгрөгийн ажлын гэрээ байгуулж, ажлын хөлс 72.000.000 төгрөгт машин авсан. Мөн 100 куб хөөс өгөөч буцаагаад танд хөөсөөр юмуу эсвэл мөнгийг өгнө гэж хэлээд авсан. Надад баримт байхгүй. Гэрээ хийгээгүй учраас хөөс аваагүй гэж байгааг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлав.
3.Хариуцагчийн төлөөлөгч Б.А татгалзлаа “Бид ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний дагуу тохиролцсон ажлын хөлсийг өгөөд дууссан. Ажил эхлэхэд хөөс орсон. Энэ хөөсний үнэ 72.000.000 төгрөгийн ажлын хөлсний мөнгөнд багтаад тооцоо нийлээд дууссан. Харин манайд тоосго нийлүүлнэ гэсэн боловч нийлүүлээгүй учраас шүүхэд хандаж илүү төлсөн 26.030.000 төгрөгийг буцааж өгөх шүүхийн шийдвэр гарсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж илэрхийлж байна.
4.Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.Анх нэхэмжлэгч “Э ” ХХК, хариуцагч “Г” ХХК-тай 2020 оны 09 дүгээр сард Баянгол дүүрэг, “Сэтгэмж” сургуулийн өргөтгөлийн барилгын гадна фасад, дотоод заслын ажлуудыг 700.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр, төлбөрөө бартераар харилцан тохиролцон ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байх ба нэхэмжлэгч гэрээний дагуух ажлаа бүрэн гүйцээж хийгээгүй учраас талууд тооцоо нийлсэн актаар хийсэн ажлын хөлс 75.000.000 төгрөгийг зөвшөөрч, төлбөрт бартераар суудлын автомашин өгч, аваад гэрээ цуцлагдсан талаар маргахгүй байна.
6.Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн төлөөлөгч 100 куб метр хөөсийг нийлүүлсэн, хариуцагч ийм хэмжээний хөөсийг нийлүүлээгүй энэ хөөсийг манай компанид хэн, хэзээ хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй, ажил хийх үед “Э ” ХХК-ийн нийлүүлсэн хөөс тухайн ажилд нь зориулагдаад дууссаныг нэхэмжлэгч өөрөө хийсэн учраас мэдэж байгаа гэж маргаж байна.
7.Иймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2 дахь хэсэгт худалдах,худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээх бөгөөд худалдагч худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй гэж заажээ.
9.Зохигчдын тайлбар, бичгийн баримтаас үзэхэд маргаан зүйл болох 100 метр куб хөөсийг нийлүүлсэн гэж тайлбарлаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаарддлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлож чадаагүй, хэрэгт нотлох баримтаар өгсөн “Н ” ХХК, “Э ” ХХК-уудын хооронд хийгдсэн материалын үнэ, хэмжээ дурдагдсан зарлагын баримтаар хариуцагчид хөөсийг нийлүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290.450 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Г” ХХК-д холбогдох 26.500.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290.450 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА