Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 178

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

           улсын яллагч А.Мөнхзул,

            хохирогч О.Аварзэд,

шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тува овогт Тунгалагийн Сэрэглэнд холбогдох 1708024180454 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Т.С нь 2017 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө таарамжгүй харьцааны улмаас эхнэр О.Аварзэдийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дух хүзүүнд зулгаралт, дээд доод мөч, уруулд цус хуралт, эрүү, хуйх, ахар сүүл орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:     

- гэмт хэргийн талаарх өргөдөл, гомдол /хх-5/,

- хохирогч О.Аварзэдийн мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 11 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоогийн 1-31 тоотод байх гэрээсээ гараад гадуур ажил хөөцөлдөж явж байгаад орой 18 цагийн орчимд гэрт ирсэн чинь нөхөр өөрийн хоёр найз н.Гомбо-Очир, н.Санчир нарын хамт 2 литрийн пиво ууж байсан ба тэрийгээ дуусаад караоке орж дуулна гээд бид нар гэрээс 20 цагийн орчимд гараад Азука гэх нэртэй баар караокед орж 2 цаг орчим дуулаад пиво уусан. Би тухайн үед нэг шил пиво уусан. Тэгээд уг караокеноос нөхрийн хамт гараад 21 дүгээр хорооллын автобусны буудал хүртэл алхаад тэндээсээ такси бариад гэр лүүгээ явсан, явах замдаа таксин дотор эгчийгээ өмөөрөөд гараараа толгой руу олон удаа цохиж зодсон. Би жолооч ахыг зогс гэхэд гудамж өгсөж байх үедээ зогссон. Тэр хооронд таксинаас буухад нөхөр Т.С намайг үсдэж чирээд хоолой багалзуурдаад машинд суулгасан. Тэндээсээ такситайгаа гэрийн гадаа ирээд нөхөр таксины мөнгө төлсөн ба би тэр хооронд зугтаах гээд хашаанаас гарах гэтэл намайг барьж аваад үсдэж унагаагаад хөлөөрөө бөгс, гуя, салтаа зэрэг лүү олон удаа өшиглөж зодсон ба гараараа толгой руу хэд хэдэн удаа цохисон. Тэр үед би ухаан алдаж унасан. Нэг сэрээд ухаан ороход нөхрийн 2 дүү намайг өргөөд гэрт оруулж байсан. Тэгээд гэрт орсны дараа нөхөр дахиад намайг үргэлжлүүлэн зодоод гараараа толгой руу цохиж ухаан алдуулсан. Тэгээд сэрэхэд нөхрийн дүү Г.Бат-Оргил шанагатай ус авчрахад, нөхөр усыг нь булааж аваад миний нүүр лүү цацсан. Би хэсэг хэвтэж байгаад би босч байтал нөхөр намайг өргөж орон дээр хэвтүүлсэн. Надад учирсан гэмтлүүдийг манай нөхөр үүсгэсэн. Одоо толгой, нуруу байнгын өвдөж байгаа. Өдөр ирэх тусам өөрчлөлт их орж байгаа. Ямар нэгэн хохирол барагдуулсан зүйл байхгүй. Гомдолтой байна. Хуульд заасан арга хэмжээ авч өгнө үү...гэх мэдүүлэг /хх-9-10, 43-44/,

- гэрч Г.Бат-Оргилын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 23 цагийн орчимд гал тогооны өрөөнд цонхны хажууд ширээн дээр хичээлээ хийж байхад хашааны том хаалгаар машины гэрэл тусахаар нь би шууд гутлаа өмсөөд байшингаас гарахад ах Т.С машиныхаа зүүн урд талд сууж байсан. Манай бэр эгч ертөнцийн зүгээр зүүн талын банзан хашаа руу авирч байсан. Тэгээд бэр эгч хашааны доод дай модон дээр хальт гишгээд газар унасан. Унахаар нь би өөрийн төрсөн дүү н.Хонгорыг гэрт орж дуудаад, бид хоёр эгчийг тэврээд байшин руу орох гэж байхад ах ойролцоогоор 5 минут орчмын дараа дүү бид хоёр дээр ирээд эгчийн зүүн талын цээж, гарнаас өргөөд гэрт оруулсан. Гэрт ороод эгч үнэртэй ус аваад ир миний амьсгаа давчдаад байна гээд байсан. Манай дүү н.Хонгороо авчирч өгсөн. Тэгээд ах хүүхдүүд дүү нар битгий зовоогоод бай гээд эгчийн баруун талын хөл, шагай орчимд нэг удаа өшиглөөд гэрээс гараад гадаа үүдэнд тамхи татсан. Тухайн үед ах цагдаагийн байгууллагад дуудлага өгч байна гээд надаас гэрийн хаяг асуухаар нь би худлаа Мандал-Овоогийн 1-26 гэж хэлээд ах бид хоёр буцаад гэрт орсон. Тэгээд ах эгчийг орон дээр нь аваачиж унтуулаад өг гэхээр нь би дүүгийн хамт эгчийг өргөөд орон дээр гаргаж хэвтүүлсэн. Миний харснаар ах Т.С нь бэр эгчийн баруун хөл руу нэг удаа өшиглөсөн өөр цохиж зодоогүй. Миний нүдээр Сэрэглэн ах бага зэрэг согтуу, харин бэр эгч О.Аварзэд их согтуу хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Бэр эгчийн доод нь цус хураад хавдсан, мөн хоёр гар нь бугуй орчмоороо улайсан байсан...гэх мэдүүлэг /хх-12-13/,

- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №13610 дугаартай шинжээчийн:...О.Аварзэдийн биед тархи доргилт, дух, хүзүүнд зулгаралт, дээд доод мөч, уруулд цус хуралт, эрүү, хуйх, ахар сүүл орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх тухайн үед үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-16/

- ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-29, 65/

- гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээ, хурлын тэмдэглэл /хх-54-63/

- шүүгдэгч Т.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан  дүүргийн ард талд байдаг Базука нэртэй баар караокед Аварзэд болон найз нарын хамт 21 цагийн орчимд орсон. Баарнаас 23 цаг дөхүүлээд гараад эхнэр Аварзэд, Санчирын эхнэр /нэрийг нь санахгүй байна/ бид гурав 21-р хорооллоос такси барих гээд хамт явсан. Баарнаас гараад Санчирын эхнэр таксины мөнгө АТМ-ээс авна гээд хамт явах үед эхнэр Аварзэд болон Санчирын эхнэр 2 миний урд талд хамт яриад алхаж явсан. Тэр мөнгө авчихаад намайг “таксинд суулгаад өгөөч” гэхэд Аварзэд нилээн уурласан.  Санчирын эхнэр караокед байхдаа надад хандаж “намайг таксинд суулгаад өгөөч” гэхэд  Аварзэд уурлаад “тэгвэл бүгдээрээ хамт гаръя” гээд бүгдээрээ цуг гарсан. Тэгээд Аварзэд бид 2 хамт тэр хүүхнийг таксинд суулгаж явуулчихаад гэртээ харих гээд такси барьсан. Таксинд ороод би Аварзэдэд “чи яагаад уурлаад байгаа юм бэ” гэхэд Аварзэд намайг тэр хүүхэнтэй хардсан маягтай “чи яахлаараа айлын эхнэр таксинд суулгадаг. Тэр нөхөр нь хаашаа явчихсан юм бэ” гэсэн. Тэгээд тэр асуудлаас болж маргалдаж эхэлсэн. Их наран руу зам эргэх үед явж байсан машины. хаалгыг онгойлгоод Аварзэд үсрэх гэж оролдсон. Тэгэхээр нь би Аварзэдийн араас татаад хаалгыг хаасан. Тэгээд би Аварзэдэд “яагаад байгаа юм бэ, машинаас яагаад үсрэх гээд байгаа юм бэ” гэхэд Аварзэд “Зайл чамд хамаагүй, би үхмээр байна” гэсэн, цаашаа явж байхад Дунд буудлын орчимд бас таксины хаалгыг онгойлгох гэж оролдохоор нь би араас нь бас татаж болиулсан. Тэр үед таксины жолооч “та болиоч” гэхээр нь би Аварзэдийн араас тэврээд “одоо зүгээр ээ яв” гэсэн. Аварзэд миний урдаас гараараа маажих гэж оролдоод гарын бугуй хэсгээр маажиж, баруун хөлийн өвдөг рүү хөлөөрөө өшиглөөд учиргүй дайраад байсан. Тэр үед манай рүү очдог чигээрээ ордог гудамж руу орох үед дахиж машины хаалга онгойлгоод үсрэх гээд байхаар нь би таксины жолоочид “хөөе хөгшөөн зогсоорой” гэсэн. Машин зогсоогоод буусан. Машинаас буугаад Аварзэд гудамжинд “хүн аллаа” гээд орилж байсан. Тэгэхээр би араас нь гүйж очоод араас нь тэврээд “чи яагаад байгаа юм бэ” гэхэд Аварзэд гарнаас хүний атгасан гарнаас арай жижиг чулуу аваад өөрийнхөө духны зүүн хэсэг рүү зүүн гараараа чулуу бариад 2 удаа цохисон. Би Аварзэдэд “чи одоо яагаад байгаа юм бэ” гэж хэлээд арайхийж таксинд оруулж суулгасан. Таксинд ороод Аварзэд миний гар утсыг аваад цонхоор гаргаж шидсэн байсан. Тэндээсээ шууд хөдлөөд бид 2 ноцолдож явсаар байгаад хашаанд орж ирсэн. Хашаанд орж ирээд машин зогсох хаалгыг онгойлгоод хашаа давах гээд манай хашаа давдаг намхан хэсэг рүү гүйсэн. Аварзэдийг хашаа давах гэж байхад нь араас нь гүйж очоод тэврээд таттал хоёулаа хамт хойшоо газар унасан. Энэ үед манай дүү гэрээс гарч ирээд “юу болсон“ гэхээр нь “наад чинь тэнэгтэж өгч байна, өөрийгөө чулуугаар цохиод, хүн аллаа гэж байна, айлын хүүхдүүд аюултай болж гэж хэлсэн. Тэр үед Аварзэд “хүн аллаа, үхлээ” гээд орилоод байхаар нь миний уур хүрээд Аварзэдийн бөгс хавьд 2 удаа хөлөөрөө өшиглөсөн.  Тэр үед би гар утсаа хаяснаа мэдээд “наадахаа гэртээ оруулчих” гэж хэлчихээд такситай хамт утсаа олох гээд явсан. Намайг ороход Аварзэд дүүд “аниа нь татах гээд байна” гэж яриад сууж байсан. Би “энэ ямар санаатай ингэж өөрийгөө чулуугаар цохиод, хүн аллаа гэж орилж хашгирдаг юм бэ” гэж хэлээд 102 руу гэрээсээ гараад залгаж “манай эхнэр өөрийгөө чулуугаар цохиод, хүн аллаа” гээд байна гэсэн дуудлага өгсөн. Би тэр үед дүүгээсээ гэрийн хаягийг асуухад манай дүү надад сандарсандаа буруу хаяг өгсөн байсан. Намайг эргэж орж ирэхэд ор засчихсан Аварзэдэд “орондоо ор” гэж хэлээд байж байсан. Аварзэдийг оронд орсны дараа би хажуугаар нь ороод унтсан. Би тэр өдөр Аварзэдийг орилоод байхаар нь эгчийнх нь 8873-7373 дугаарын утас руу “дүүгээ ирж ав” гэж хэлэх гээд залгахад тухайн утас холбогдохгүй байсан. Маргааш нь өглөө нь намайг ажилдаа явахад Аварзэд гэртээ унтаад үлдсэн. Намайг орой ажлаасаа ирэхэд гэртээ байхгүй байсан. Духны гэмтлийг Аварзэд өөрөө чулуугаар цохиж гэмтээсэн. Уруулын цус хуралт, хүзүүний зулгаралт, эрүүний зөөлөн эдийн няцралт гэмтлийг таксин дотор ноцолдож байх үед авсан байх, Ахар сүүлний зөөлөн эдийн гэмтлийг намайг Аварзэдийн бөгсөн хэсэг рүү 2 удаа өшиглөх үед үүссэн байх. Хуйхны зөөлөн эдийн няцралт гэмтлийг хэн хэзээ үүсгэсэн талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-48-49/ зэрэг болно. 

 

Шүүгдэгч Т.С нь 2017 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоогийн 1-31 тоотод хоорондын таарамжгүй харьцааны улмаас эхнэр О.Аварзэдийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:   

- хохирогч О.Аварзэдийн мөрдөн байцаалтад өгсөн:...тэр үед Т.С намайг үсдэж чирээд хоолой багалзуурдаад машинд суулгасан. Тэндээсээ такситайгаа гэрийн гадаа ирээд нөхөр таксины мөнгө төлсөн ба би тэр хооронд зугтаах гээд хашаанаас гарах гэтэл намайг барьж аваад үсдэж унагаагаад хөлөөрөө бөгс, гуя, салтаа зэрэг лүү олон удаа өшиглөж зодсон ба гараараа толгой руу хэд хэдэн удаа цохисон. Тэр үед би ухаан алдаж унасан. Нэг сэрээд ухаан ороход нөхрийн 2 дүү намайг өргөөд гэрт оруулж байсан. Тэгээд гэрт орсны дараа нөхөр дахиад намайг үргэлжлүүлэн зодоод гараараа толгой руу цохиж ухаан алдуулсан...гэх мэдүүлэг /хх-9-10, 43-44/,  

- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №13610 дугаартай шинжээчийн:...О.Аварзэдийн биед тархи доргилт, дух, хүзүүнд зулгаралт, дээд доод мөч, уруулд цус хуралт, эрүү, хуйх, ахар сүүл орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх тухайн үед үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-16/,

- шүүгдэгч Т.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... хохирогчийн уруулын цус хуралт, хүзүүний зулгаралт, эрүүний зөөлөн эдийн няцралт гэмтлийг таксин дотор ноцолдож байх үед авсан байх...Ахар сүүлний зөөлөн эдийн гэмтлийг намайг Аварзэдийн бөгсөн хэсэг рүү 2 удаа өшиглөх үед үүссэн байх. Хуйхны зөөлөн эдийн няцралт гэмтлийг хэн хэзээ үүсгэсэн талаар мэдэхгүй…Аварзэд “хүн аллаа, үхлээ” гээд орилоод байхаар нь миний уур хүрээд Аварзэдийн бөгс хавьд 2 удаа хөлөөрөө өшиглөсөн....гэх мэдүүлэг /хх-48-49/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Иймд шүүгдэгч Т.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Гэмт хэргийн зүйлчлэл, талууд, оролцогчийн зарим дүгнэлт, саналд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан, мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байх тул  шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр буюу хүч чадлаа дайчилсан хүсэл зориг нь, идэвхтэй үйлдэл ба хор уршгийн хоорондын шалтгаант холбоо нь нотлох баримтын хууль ёсны эх сурвалжаар тогтоогдсон гэж үзнэ.    

Хохирол төлбөрийн тухайд:   

   Хохирогч О.Аварзэд нь нотлох баримтаар нийт 317.830 төгрөг /хх-35-37/ нэхэмжилсэн, шүүгдэгч төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгчээс гаргуулж, төлөх хугацааг 2 сараар тогтоов.  

Шүүгдэгчийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал 

Шүүгдэгч нь ял шийтгэлгүй /хх-65/, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.                 

Бусад асуудал    

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Харин гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ түүнчлэн  шүүгдэгчид торгох ял оногдуулахад харгалзах шаардлага хангагдахгүй, хохирлоо төлбөртэй зэрэг байдлууд байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “торгох ял”-ын тухай саналыг хүлээж авах боломжгүй гэж үзэв.   

  Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч Т.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Сг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчид учирсан хохиролд 317.830 төгрөгийг 2 сарын хугацаанд төлөхийг шүүгдэгчид даалгасугай.  

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

            7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Т.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР