Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 00280

 

 

 

 

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00280

 

 

 

 

 

И.М” ХХК-ийн

нэхэмжлэлтэй  иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/02116 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “И.М” ХХК-ийн хариуцагч Н.Х.О.Г, БГДЗДТГ-т холбогдуулан, гэрээний үлдэгдэл төлбөр 143 600 569 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.М ХХК нь Баянсоён заан ХХК-тай хамтран түншлэл үүсгэн БГД ЗДТГ хуучин хурлын заалыг буулгаж, шинээр өргөтгөл барих ажлыг гүйцэтгэсэн. Ингээд Н.Х.О.Г, БГД ЗДТГтай И.М ХХК, Баянсоён заан ХХК-иудын түншлэлийг төлөөлжИ.М ХХК-ийн захирал М.Мөнх-эрдэнэ ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, барилгын ажлыг эхлүүлсэн. Ажлын явцад талууд харилцан тохиролцож, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр БГД-ХААА/ОН14-13-02 тоот Засаг даргын Тамгын газрын байрны 2 дахь байрны өргөтгөл барих ажлын гэрээний хугацаа сунгалт-ын гэрээг байгуулсан. Хэдийгээр И.М ХХК, Баянсоён ХХК-иуд нь Түншлэл үүсгэн тендэрт оролцсон боловч гэрээнд заасан ажлыг И.М ХХК нь дангаараа гүйцэтгэсэн болно. Ийнхүү гэрээнд заасан ажлыг И.М ХХК нь 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хийж дуусган, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2016/664 дугаартай актаар Улсын комисс хүлээн авсан. Гэрээний нийт үнийн дүн нь 1 996 034 660 төгрөг байсан ба үүнд буулгалтын ажлын үнэ болох 143 600 569 төгрөг багтсан юм. Энэхүү буулгалтын ажлын хөлсийг нийт гэрээний хөлстэй хамт төлөх үүргийг захиалагч тал гэрээгээр хүлээсэн юм. И.М ХХК нь гэрээнд заасан ажлаа ямар нэгэн доголдолгүйгээр бүрэн хийж гүйцэтгэн Улсын комисст хулээлгэн өгсөн байхад гэрээний захиалагч тал болох Н.Х.О.Г, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрууд нь гэрээний нийт үнэд багтсан буулгалтын ажлын үнэ болох 143 600 569 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байна. Энэ асуудлаар удаа дараа тус байгууллагуудад хандсан боловч хамгийн сүүлд захиалагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2/2581 тоот албан бичгээр уг зардлыг манай газар шийдвэрлэх боломжгүй тул БГДЗДТГт хандана уу гэсэн хариуг өгсөн төдийгүй өнөөдрийг хүртэл өөр шийдвэртэй хариу өгөхгүй байна. Иймд дээрхи гэрээний үлдэгдэл төлбөр болох 143 600 569 569 төгрөгийг хариуцагч байгууллагуудаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: И.М ХХК нь Н.Х.О.Г ОНӨААТҮГ-т /цаашид НХОГ гэх/ холбогдуулан нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Н.Х.О.Г нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй барилга байгууламжийн ажлуудад захиалагчийн хяналтыг хэрэгжүүлдэг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм. Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/367 дугаар худалдан авах ажиллагааг зохион байгуулах тухай захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/368 дугаар Үнэлгээний хороо байгуулах тухай захирамжаар тус тус Дүүргийн 2013 оны орон нутгийн төсвийн харилцах дансны үлдэгдэл болон давсан орлогоор санхүүжих Засаг даргын Тамгын газрын байрны 2 дахь байрны өргөтгөл барих ажлыг зохион байгуулах үнэлгээний хороог байгуулсан байна. Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/368 дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны зөвлөмжид Засаг даргын Тамгын газрын байрны хоёр дахь байрны өргөтгөл барих БГД-ХАА/ОН-14-13 ажлыг И.М ХХК, Баянсоён заан ХХК-иудын түншлэлтэй байгуулж гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга /Л.Нарантуяа/-д даалгасан. Засаг даргын Тамгын газрын байрны хоёр дахь байрны өргөтгөл барих ажлыг нийт 1 996 034 660 үнийн дүнтэйгээр 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулахаар тохиролцож захилагчийн хяналт хэрэгжүүлэгчээр НХОГ, санхүүжүүлэгчээр Баянгол дүүргийн Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс, гүйцэтгэгч И.М ХХК, Баянсоён заан ХХК-иудын түншлэл нарын хооронд гэрээг байгуулсан. Нэхэмжлэлд дурдсан төсөл арга хэмжээ нь орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжсэн бөгөөд НХОГ нь захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн оролцох эрх, үүргийнхээ хүрээнд ажлын явцад хяналт тавьж, гүйцэтгэлийг баталгаажуулан ажиллах чиг үүргийг хэрэгжүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйл, НХОГ-ын дүрмийн 5-д үйлдвэрийн газрын эд хөрөнгийн талаар эдлэх эрх, үүргийг зааж өгсний дагуу улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг санхүүжүүлэх эрх тус байгууллагад хуулиар олгогдоогүй. Харин ажлыг гүйцэтгэлд хяналт тавьж ажилладаг газар юм. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Засаг даргын Тамгын газрын байрны хоёр дахь байрны өргөтгөл барих барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт баталгаажсан байна. Түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил юм. Иймд И.М ХХК-ийн нэхэмжлэлтэй манай газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч БГД ЗДТГ төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засаг даргын Тамгын газрын байрны хоёр дахь байрны өргөтгөл барих ажлын гэрээний хугацаа сунгалт БГД-ХААА/ОН14-13-02 дугаартай гэрээний дагуу нэхэмжлэгч буюу И.М ХХК болон Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хяналт тавьж, баталгаажуулсан гүйцэтгэлийн дагуу тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас тухай бүр санхүүжилтийг олгож ажилласан болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан гэрээний үнэд багтсан буулгалтын ажлын үнэ болох 143 600 569 төгрөг нь бодит байдалд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хавсаргаж өгсөн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, БГД ЗДТГ хурлын заалны буулгалтын ажлын гуйцэтгэл №1 гэх баримтад буулгалтын ажлын гүйцэтгэлийг 108 637 321 төгрөгөөр тооцож, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраар хянуулан баталгаажуулсан гүйцэтгэл болон тус байгууллагын банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас дээрх мөнгийг хүлээн авсан гэдэг нь харагдаж байна. Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульчилсан тул 2014 онд байгуулагдсан гэрээ болон гэрээний дагуу Засаг даргын тамгын газрын хурлын заалны буулгалтын ажлын гүйцэтгэлийг шилжүүлсэнтэй маргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу хариуцагч Н.Х.О.Г, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас 108 637 621 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “И.М” ХХК-нд олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34 962 948 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч “И.М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 875 955 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Х.О.Г, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас 701 138 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И.М” ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

Хариуцагч БГД ЗДТГ итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч БГД-ийн Засаг даргын Тамгын газар нь шүүх хуралдааны үед хэлсэн тайлбар болон шүүхэд бичгээр гаргаж өгсөн хариу тайлбарт шүүхийн шийдвэрт дурдсан үгийг хэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэр нь хариуцагчийн тайлбараас эрс зөрүүтэй байх ба хэлээгүй зүйлсийг хэлсэн мэтээр тайлбарлан түүнийгээ үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь шүүгч хэт нэг талыг баримтлан, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж, дүгнэлгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Хэргийн материалд Засаг даргын Тамгын газрын байрны хоёр дахь байрны өргөтгөл барих ажлын гэрээг нотлох баримтаар авагдсан байдаг ба уг гэрээний үнэ төлбөр тооцоо хэсэгт Санхүүжилтийг сангийн сайдын 2012 оны 290 дүгээр тушаалаар баталсан төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журмын дагуу гүйцэтгэлээр санхүүжүүлнэ мөн тус гэрээний тусгай нөхцөлд төлбөрийг үе шатны ажлын гүйцэтгэлээр санхүүжилнэ гэж тус тус заасан. Үүний дагуу БГДЗДТГ нь И.М ХХК-аас үйлдэн, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас баталгаажуулан ирүүлсэн 8 удаагийн гүйцэтгэлээр нийт 1 799 440 327 төгрөгийг шилжүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хамгийн сүүлийн гэрээ дүгнэсэн протокол болон “БГД-ийн 4-р хороо, Засаг даргын Тамгын газрын өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэл №8-р ажил эхэлснээс хойшхи гүйцэтгэлийг 92 хувьтай дүгнэсэн нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын эдгээр шийдвэрийг гүйцэтгэгч байгууллага хүлээн зөвшөөрч, гарын үсэг зуран, байгууллагын тамгаа дарж баталгаажуулсан үйл баримтуудаар энэхүү гэрээгээр хүлээсэн барилгын ажил нь бүрэн дууссан гэдэг нь нотлогддог. Мөн Засаг даргын Тамгын газрын байрны хоёр дахь байрны өргөтгөл барих ажлын гэрээний захиалагчаар БГД-ийн Засаг даргын Тамгын газар, захиалагчийн хяналтыг тавихаар Н.Х.О.Г, гүйцэтгэгчээр “И.М” ХХК ажилласан ба захиалагчийн эрх, үүргийг Сангийн сайдын 2012 оны 290 дүгээр тушаалаар баталсан “Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5.6 дахь хэсэгт “Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг захилагчийн төлөөлсөн эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг, тэмдгээр баталгаажсан барилгын ажлын гүйцэтгэлийг үндэслэн хянаж, санхүүжүүлнэ” гэж заасан. Энэхүү журмыг 2019 онд Сангийн сайдын 282 дугаар тушаалаар шинэчлэн баталсан болно. Дээрх журамд зааснаар захиалагчийн хяналт тавих эрх бүхий байгууллага буюу нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хянан баталгаажуулсан гүйцэтгэлийг үндэслэж, тус дүүргийн Засагдаргын Тамгын газар нь санжүүжилтийг тухай бүр олгосон болно. Иймд хариуцагч нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын “Буулгалтын ажлын хөлсийг санхүүжүүлэх боломжгүй бөгөөд БГД-ийн Засаг даргын Тамгын газарт энэ хэсгээр санхүүжилт хийх зөвшөөрөл олгоогүй. Буулгах ажпын хөлс нь 108 637 621 төгрөгийг эхний үе шатны төлбөрөөр гүйцэтгэгчид шилжүүлсэн ч сүүлчийн үе шатны төлбөр дээрээс буцаан суутгаж авсан” гэх шийдвэрт тус дүүргийн Засаг даргын Тамгын газрыг буруутгах боломжгүй тул тус анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу 108 637 621 төгрөгийг БГД-ийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжпэгч “И.М” ХХК-д олгох хэсгийг хүчингүй болгож, хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Засаг даргын Тамгын газрын байрны хоёр дахь байрны өргөтгөл барих ажлыг нийт 1 996 034 660 үнийн дүнтэйгээр 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулахаар тохиролцож захилагчийн хяналт хэрэгжүүлэгчээр НХОГ, санхүүжүүлэгчээр Баянгол дүүргийн Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс, гүйцэтгэгч И.М ХХК, Баянсоён заан ХХК-иудын түншлэл нарын хооронд гэрээг байгуулсан. Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/368 дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны зөвлөмжид Засаг даргын Тамгын газрын байрны хоёр дахь байрны өргөтгөл барих ажлыг И.М ХХК, Баянсоён заан ХХК-иудын түншлэлтэй байгуулж гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн херөнгө оруулалтын газрын дарга /Л. Нарантуяа/-д даалгасан. Нэхэмжлэлд дурдсан төсөл арга хэмжээ нь орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжсэн бөгөөд НХОГ нь захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн оролцох эрх, үүргийнхээ хүрээнд ажлын явцад хяналт тавьж, гүйцэтгэлийг баталгаажуулан ажиллах чиг үүргийг хэрэгжүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйл, НХОГ-ын дүрмийн 5-д үйлдвэрийн газрын эд хөрөнгийн талаар эдлэх эрх, үүргийг зааж өгсний дагуу улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг санхүүжүүлэх эрх тус байгууллагад хуулиар олгогдоогүй, харин ажлыг гүйцэтгэлд хяналт тавьж ажилладаг газар юм. Санхүүжүүлэх үүргийг хүлээж Баянгол дүүргийн Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс гэрээний нэг тал болон оролцсон байдаг. Шүүх дээрх маргаан бүхий нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж чадаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нзхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч “И.М” ХХК нь хариуцагч Н.Х.О.Г, Баянгол дүүргийн засаг даргын тамгын газруудад холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 143 600 569 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 68-69/

“И.М” ХХК нь Н.Х.О.Г болон БГДЗДТГтай 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Засаг даргын Тамгын газрын хоёр дахь байрны өргөтгөл барих ажлын гэрээ байгуулж, гэрээний ажил гүйцэтгэгчээр “И.М” ХХК, “Баянсоён заан” ХХК нарын түншлэл, захиалагчаар Н.Х.О.Г, санхүүжүүлэгчээр БГДЗДТГ тус тус оролцож, гэрээний нийт үнэ болох 1 996 034 660 төгрөгийн хөлс төлөх, санхүүжүүлэгч талаас захиалагчийн заавар хяналт, чиглэлийн дагуу санхүүжилтийг хийх үүрэгтэй байхаар харилцан тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээ, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. /хх6-8/

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж шүүх зөв дүгнэсэн ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч компани нь дээрх ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон БГД ЗДТГ хоёр дахь байрны өргөтгөл барих ажлыг гүйцэтгэж 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээлгэн өгсөн, захиалагч, санхүүжүүлэгч нарын зүгээс 1 799 440 327 төгрөгийг төлсөн болох нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, хурлын тэмдэглэл, банкны депозит дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хх123-125,126-128,130/

Хэргийн 74 дүгээр талд авагдсан 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “гэрээ дүгнэсэн протокол”-д тусгагдсанаар ажил гүйцэцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг 216 хоногоор хэтрүүлснээс захиалагч 18 030 816 төгрөгийн алданги тооцож санхүүжилтээс хасжээ. Мөн захиалагч техникийн хяналт хийсэн хувийн зардалд 34 962 948 төгрөг, магадлашгүй ажлын зардалд 34 962 948 төгрөгийг тооцсон талаар зохигчид тайлбарласан. Энэ талаар талууд маргаагүй. Эдгээрээс үзвэл хариуцагч нар 108 637 621 /1 996 034 660-18 030 816-34 962 948-34 030 816-1 799 440 327/ төгрөгийн хөлс төлөх үүрэгтэй болно.

Ажил гүйцэтгэх гэрээний нөхцөлийн 4-д буюу техникийн тодорхойлолт гэх хэсэгт БГД ЗДТГ 2 дахь өргөтгөлийг барих ажлын хүрээнд болон төсөвт өртөгт тухайн байршилд байгаа барилгын буулгалтын ажил багтсан болох нь тусгагдсан ба буулгалтын ажлыг гүйцэтгэгч талаас бодитой хийж гүйцэтгэсэн байна. /хх8,21/

Түүнчлэн, буулгалтын ажлын хөлс 108 806 438 төгрөгийг захиалагч, санхүүжүүлэгч нар гүйцэтгэлийг хянан зөвшөөрч, “И.М” ХХК-ийн Хаан банк дахь 5037459568 дугаар дансанд шилжүүлж төлсөн нь хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон. /хх16,17-19/

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг зохих ёсоор хүлээлгэн өгсөн тул хариуцагч нар нь захиалагчийн хувьд үлдэгдэл хөлсийг төлөх учиртай. Энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Ажил гүйцэтгэх гэрээний нэг тал буюу захиалагчаар Н.Х.О.Г, БГД ЗДТГ оролцсон тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн  242.1 дэх хэсэгт зааснаар тэднийг хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзнэ. Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан ба нэхэмжлэгч дээрх хоёр хариуцагчаас гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Иймээс хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн “... Буулгалтын ажлын хөлсийг санхүүжүүлэх боломжгүй бөгөөд БГД-ийн Засаг даргын Тамгын газарт энэ хэсгээр санхүүжилт хийх зөвшөөрөл Хөрөнгө оруулалтын газраас олгоогүй, Нийслэлийн Хөрөнгө орууулалтын газарт ажил үйлчилгээг санхүүжүүлэх эрх хуулиар олгогдоогүй. Санхүүжүүлэх үүрэгтэй эрх бүхий байгууллага буюу БГД ЗДТГ байхад Н.Х.О.Гт хариуцуулсан нь ойлгомжгүй ...” гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг маргааны үйл баримтад харьцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлсэн бөгөөд хариуцагч нараас гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс 108 637 621 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцнэ.

Тодруулбал, ажил гүйцэтгэх гэрээгээр Н.Х.О.Г нь ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, санхүүжилтэд зөвшөөрөл олгох, харин БГДЗДТГ нь уг ажлыг санхүүжүүлэх үүргийг тус тус хүлээсний хувьд хоёулаа хамтран хариуцлага хүлээнэ. Энэ нь нэхэмжлэгч хариуцагч талуудын хэн алины хөлс шаардах эрхээс татгалзах үндэслэл болохгүй. Уг хоёр хариуцагчаас төлбөрийг гаргуулж шүүх шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Хариуцагч нар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх тайлбар гаргах боловч ажил гүйцэтгэх гэрээний сүүлчийн хөлсийг тэд 2018 оны 4 сарын 14, 5 сарын 18-ны өдрүүдэд төлсөн, 2019 оны 08 сарын 20-ны өдрийн 2/2581 тоот албан бичгээр үлдэгдэл зардлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэдэгдэж байсан болох нь нотлогдож байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, дуусгавар болоогүй гэж шүүх дүгнэсэн нь зөв юм./хх16, 40/

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/02116 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 766 139 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ЭНХТӨР

                              ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

                                                                                   Б.НАРМАНДАХ