Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/05278

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 18 өдөр

Дугаар   102/ШШ2024/05278

              Улаанбаатар хот

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, Ерөнхий шүүгч Н.Хангал, шүүгч Г.Ариунаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

440,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , хариуцагч О.Ө , түүний өмгөөлөгч П.Б , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , иргэдийн төлөөлөгч Д.Б /цахимаар/, гэрч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч “А” ХК нь хариуцагч А.Х , Э.Д , О.Ө нарт холбогдуулан 440,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 “А” Хувьцаа компани нь Монгол Улсын үндэсний манлай үйлдвэрийн нэг бөгөөд шингэн хүнс үйлдвэрлэж гадаад улсад болон өөрийн улсад худалдан борлуулдаг билээ. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрийн охин компани болох хувьцааг нь 100 хувь эзэмшдэг “А” трейдинг ХХК-иар дамжуулан зах зээлд худалдан борлуулдаг бөгөөд хоорондын тооцоог бэлэн болон бэлэн бусаар төлж, хоёр байгууллагын кассын нярав анхан шатны санхүүгийн баримтыг бүрдүүлж, харилцан хүлээлцэж ирсэн юм. 2022 оны 9 сараас хойш “А” ХК-ийн бэлэн мөнгөний кассын үйл ажиллагаанд доголдол гарсан болох нь компанийн санхүүгийн албаны удирдлагад ажиглагдсан байдаг бөгөөд 2022 оны 9 сарын 14-ний өдөр “А” ХК болон “А” трейдинг ХХК-ийн бүтээгдэхүүний болон мөнгөн гүйлгээний орлого, зарлагад нэг зэрэг зогсоолт хийж, гэнэтийн тооллого хийхэд “А” ХК-ийн бэлэн мөнгөний касснаас 440,000,000 төгрөг бэлнээр дутагдсан байна. Компанийн эрх бүхий албан тушаалтнууд холбогдох шалгалтыг хийхэд “А” трейдинг ХХК-ийн кассын нярав А.Х , “А” ХК-ийн кассын нярав О.Ө нар 2017 оны 4 сарын сүүлээр А.Х болон түүний нөхөр Э.Д нарын “А” трейдинг ХХК-ийн бэлэн мөнгөний касснаас бэлнээр авч завшсан. 440,000,000 төгрөгийн хохирлыг “А” ХК-ийн кассанд бэлнээр тушаасан мэтээр О.Ө тэй үгсэн хуйвалдаж санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэн хуурамч орлого үүсгэсэн байдаг. Дээрх зөрчлийг 5 жилийн хугацаанд нуун дарагдуулж, удаа дараагийн санхүүгийн шалгалтуудаар хуурамчаар боосон мөнгө /гадна талд нь 20 мянгатын дэвсгэрт хийж дотор талд нь 1 мянгатын дэвсгэрт хийж багцлан боох байдлаар/ тоолуулж нуун далдлахаас гадна, А.Х , Э.Д нарын энэ хугацаанд бэлэн болон бэлэн бусаар төлсөн 110,000,000 төгрөгийг О.Ө нь хувьдаа завшсан байна. Эдгээр ажилчид болон гэм хор учруулахад дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон этгээдүүд нь компанид учруулсан хохирлоо арилгахаа илэрхийлсэн байдаг. А.Х , Э.Д , О.Ө нарын үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй боловч Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир иргэний журмаар нэхэмжлэл гаргахад хүрлээ. “А” трейдинг ХХК-ийн хувьд өөрийн ажилтан А.Х болон түүний нөхөр Э.Д ын компанид нь учруулсан хохирлыг шаардан гаргуулах эрхийг “А” ХК-д олгосон бөгөөд “А” ХК-ийн хувьд өөрийн ажилтан О.Ө ийн компанид учруулсан 95,000,000 төгрөгийн гэм хорын хохирол болон А.Х , Э.Д нарын 345,000,000 төгрөгийн учруулсан хохирлыг нэхэмжилж байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дах хэсгүүдэд заасны дагуу иргэн А.Х , Э.Д , О.Ө нараас 440,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ХК-д олгож өгнө үү.” гэжээ.

 

2. Хариуцагч А.Х , Э.Д нар хариу тайлбартаа: “2017 онд хэрэг гараад “А” ХК-ийн касснаас А.Х би 150,000,000 төгрөгийг бэлнээр авсан нь үнэн. Энэ мөнгийг буцаагаад компанийн нярав О.Ө ийн ХААН банкны данс 0 тоот дансруу 110,000,000 төгрөгийг цувуулан хийсэн. Бэлнээр 28,000,000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл 12,000,000 төгрөгийг “А” ХК-д өгөх ёстой.

Э.Д би энэ мөнгөний асуудалд хамаагүй. Тухайн үед манай гэр бүлд мөнгө хэрэгтэй байсан нь үнэн. Гэхдээ энэ мөнгийг миний эхнэр А.Х хууль бусаар авсан гэдгийг мэдээгүй учир Э.Д би хариуцагч болохгүй гэж үзэж байна. Тухайн үед “А” ХК-ын хуулийн алба, хамгаалалтын албаны дарга бид хоёрыг дарамталж мөнгө шамшигдуулсан учир шоронд орно гэж хэлсэн, 8-12 жилийн ялтай гэхээр нь бид айгаад шаардсан мөнгийг нь хүлээн зөвшөөрч байраа барьцаанд тавьж барагдуулна гэсэн бичиг хийж өгсөн.

Хэрэгтэй танилцахад А.Х намайг 440,000,000 төгрөгийг бэлнээр авсан мэтээр баримт үйлдсэн байсан. Би ийм мөнгө аваагүй гарын үсэг нь миний гарын үсэг биш юм. Иймд хэргийг зөвөөр шийдэж өгнө үү.” гэж маргажээ.

 

3. Хариуцагч О.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь “А” ХК-ын кассын нярваар ажиллаж байсан бөгөөд 2017 оны 04 сард “А трейдинг” ХХК-ийн кассын нярав А.Х гийн гуйлтаар “А трейдинг” ХХК-аас 440,000,000 төгрөгийг “А” ХК-нд бэлнээр тушаасан байдлаар баримт бичиж өгсөн үйлдэл хийсэн. Өөрөөр хэлбэл А.Х нь өөрийн “А трейдинг” ХХК-ны касснаас авч хэрэглэсэн мөнгөө бэлнээр тушаасан мэтээр хуурамч баримт бичүүлж авсан. А.Х болон түүний нөхөр Э.Д нар 2018 оны 08 сарын 24-ний өдрөөс 2021 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд надад дансаар 80,000,000 төгрөг, бэлнээр 15,000,000 төгрөгийг эргүүлэн төлсөн байдаг. А.Х , Э.Д нарын зүгээс эргүүлэн төлсөн мөнгийг би “А” ХК-ны дансанд төлөлгүй хувьдаа хэрэглэсэн. Учир нь А.Х , Э.Д нар надад 440,000,000 төгрөгийг буцаан өгөхдөө 600,000,000 төгрөг болгон өгнө гэж хэлсэн. Улмаар 2018 оны 08 сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн тойргийн нотариатчид очин 440,000,000 төгрөг авсан, мөн 15,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, үлдэгдэл 585,000,000 төгрөгийг өгнө гээд энэ талаарх баримтыг А.Х түүний нөхөр Э.Д нар үйлдсэн. А.Х , Э.Д нараас дансаар 80,000,000 төгрөг, бэлнээр 15,000,000 төгрөг нийт 95,000,000 төгрөгийг авсан. Миний зүгээс 95,000,000 төгрөгийг “А” ХК-д төлнө, бусад төлбөрийг А.Х болон түүний нөхөр Э.Д нар хариуцах ёстой.” гэж маргасан.

 

            4. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Итгэмжлэл /хх-4/, “А” ХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-6/, Борлуулалтын орлогын баримт /хх-7/, Мөнгө олгохыг хүссэн өргөдөл /хх-8/, Кассын зарлага /хх-9/, Кассанд байгаа бэлэн мөнгөний тооцоо бодсон акт /хх-10/, Бэлэн мөнгөний кассын тооллого /хх-11/, Олгогдоогүй баримт /хх-12/, Баталгаа /хх-13/, “Атрейдинг” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-14/, “Атрейдинг” ХХК-ийн дүрэм /хх-15-24/, Хөдөлмөрийн гэрээ /хх-25-27/, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх-28/, Хөдөлмөрийн гэрээ /хх-29-31, 34-35/, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх-32/  “Атрейдинг” ХХК-ийн үндсэн ажилтнаар авах тухай тушаал /хх-43/, “Атрейдинг” ХХК Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал /хх-44/, “А” ХК-ийн Ажилд томилох тухай тушаал /хх-45/, “А” ХК-ийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай /хх-46/, Фото зураг /хх-47/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

            Хариуцагч А.Х , Э.Д нараас Хариу тайлбар /хх-67-68/, Итгэмжлэл /хх-235/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

            Хариуцагч О.Ө ээс Хариу тайлбар /хх-78/, Мөнгө хүлээлцсэн акт /хх-81-83/, Дансны хуулга /хх-84-93/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

            Нэхэмжлэгч “А” ХК-ийн хүсэлтээр Э.Сос гэрчийн мэдүүлэг, хариуцагч А.Х , Э.Д нарын хүсэлтээр Шинжээчийн дүгнэлт /хх-106-120/, Аудитын шинжээчийн тайлан /хх-131-196/ зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх           үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч “А” ХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “А” ХК-ийн бэлэн мөнгөний кассаас 440,000,000 төгрөг бэлнээр дутагдсан. Компанийн эрх бүхий албан тушаалтнууд холбогдох шалгалтыг хийхэд “Атрейдинг” ХХК-ийн кассын нярав А.Х , “А” ХК-ийн кассын нярав О.Ө нар 2017 оны 4 сарын сүүлээр А.Х болон түүний нөхөр Э.Д нарын “Атрейдинг” ХХК-ийн бэлэн мөнгөний кассаас бэлнээр авч завшсан 440,000,000 төгрөгийн хохирлыг “А” ХК-ийн кассад бэлнээр тушаасан мэтээр О.Ө тэй үгсэн хуйвалдаж санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэн хуурамч орлого үүсгэсэн байдаг. “А” ХК-ийн хувьд хариуцагч О.Ө ээс компанид учруулсан 95,000,000 төгрөг, хариуцагч А.Х , түүний нөхөр Э.Д нараас 345,000,000 төгрөгийн гэм хор учруулсан гэж үзэж байгаа тул хариуцагч нараас 440,000,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна.” гэжээ.

 

3. Хариуцагч А.Х нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: “...“А” ХК-ийн касснаас би 150,000,000 төгрөгийг бэлнээр авсан нь үнэн. Энэ мөнгийг буцаагаад компанийн нярав О.Ө ийн ХААН банкны данс 0 тоот дансруу 110,000,000 төгрөгийг цувуулан хийсэн. Бэлнээр 28,000,000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл 12,000,000 төгрөгийг “А” ХК-д өгөх ёстой.” гэж маргажээ.

 

Хариуцагч Э.Д нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: “...Би энэ мөнгөний асуудалд хамаагүй. Тухайн үед манай гэр бүлд мөнгө хэрэгтэй байсан нь үнэн. Гэхдээ энэ мөнгийг миний эхнэр А.Х хууль бусаар авсан гэдгийг мэдээгүй. “А” ХК намайг дарамталснаас би мөнгийг нь хүлээн зөвшөөрч байраа барьцаанд тавьж барагдуулна гэсэн бичиг хийж өгсөн.гэжээ.

 

Хариуцагч О.Ө нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: “...2017 оны 04 сард “А трейдинг” ХХК-ийн кассын нярав А.Х гийн гуйлтаар “Атрейдинг” ХХК-аас 440,000,000 төгрөгийг “А” ХК-нд бэлнээр тушаасан байдлаар баримт бичиж өгсөн үйлдэл хийсэн. А.Х , Э.Д нар надад 440,000,000 төгрөгийг буцаан өгөхдөө 600,000,000 төгрөг болгон өгнө гэж хэлсэн. Нотариатч дээр очин 440,000,000 төгрөг авсан, мөн 15,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, үлдэгдэл 585,000,000 төгрөгийг өгнө гээд энэ талаарх баримтыг А.Х түүний нөхөр Э.Д нар баримт үйлдсэн. А.Х , Э.Д нараас дансаар 80,000,000 төгрөг, бэлнээр 15,000,000 төгрөг нийт 95,000,000 төгрөгийг авсан. Миний зүгээс 95,000,000 төгрөгийг “А” ХК-д төлнө, бусад төлбөрийг А.Х болон түүний нөхөр Э.Д нар хариуцах ёстой.” гэж маргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 “Атрейдинг” ХХК-ийн санхүүгийн газарт кассын няраваар А.Х г 2013 оны 11 сарын 20-ны өдрөөс үндсэн ажилтнаар ажиллуулахаар шийдвэрлэж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. /хх-43/ Улмаар “Атрейдинг” ХХК нь Санхүү бүртгэлийн газарт нярав ажилтай А.Х г өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасныг 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 276 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-44/

 

4.2 “А” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/0 дугаар тушаалаар О.Ө ийн хүүхэд асрах чөлөө дуусгавар болсон тул Санхүүгийн албанд няраваар томилжээ. Улмаар “А” ХК-ийн кассын нярав ажилтай О.Ө нь компанийн эд хөрөнгө болох кассын бэлэн мөнгийг дутааж, хувьдаа завшсан, ашигласан, өөрийн буруутай үйлдлийг нуух зорилгоор хуурамч баримт бүрдүүлсэн ноцтой зөрчил гаргасны улмаас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөр тасалбар болгон цуцалсан нь “А” ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар тогтоогдож байна. /хх45-46/

 

4.3 “А” ХК нь 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр кассын бэлэн мөнгөний үлдэгдэлд тооллого хийж “Кассанд байгаа бэлэн мөнгөний тооцоо бодсон акт”-ыг үйлджээ. Уг тооллогоор 440,000,006.56 төгрөгийн дутагдал гарсныг тооцоо бодсон актаар баталгаажуулж,  нягтлан бодогч М.Б, кассын нярав О.Ө нар гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан байна. /хх10-12/

4.4 Хариуцагч Э.Д нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “А” ХК-д Баталгаа гаргасан байна. Үүнд: “Э овогтой Д би “А” ХК-д 440,000,000 төгрөг төлөх өртэй. Үүнийг 2022 оны 10-28-нд өөрийн эзэмшлийн БГД-ийн 0 дугаар хороо, Е хотхоны 3 өрөө байрыг “А” ХК-д 300,000,000 төгрөгийн барьцаанд шилжүүлнэ. Мөн үлдэгдэл 140,000,000 төгрөгийн тодорхой хувийг буюу 11 сарын 30-нд 80,000,000 төгрөг, 12 сарын 30-нд үлдэгдэл 60,000,000 төгрөгийг төлж барагдуулна. Тус байрыг 1 жилийн хугацаанд 300,000,000 төгрөгийг буцаан төлж байраа барьцаанаас суллана.” гээд төлбөрийн баталгаа гаргасан Э.Д гэжээ. /хх-13/

 

5. Талууд нэхэмжлэгчид хохирол учирсан талаар маргаагүй, харин хохирлыг хариуцах этгээд нь хэн эсэх нь маргааны зүйл байна.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 497.3-т Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ”  гэж заасны дагуу гэм хор учруулсан этгээд хохирлыг арилгахад гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс бусдад гэм хорын хохирол учирсан, эдгээрийн хооронд шалтгаант холбоотой байхыг шаардана.

 

Нэхэмжлэгч “А” ХК нь “... Хариуцагч А.Х нь “Атрейдинг” ХХК-ийн бэлэн мөнгөний кассаас бэлнээр авч завшсан 440,000,000 төгрөгийн хохирлыг “А” ХК-ийн кассад бэлнээр тушаасан мэтээр О.Ө тэй үгсэн хуйвалдаж санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэн хуурамч орлого үүсгэсэн...” гэж тайлбарлан өөрт учирсан хохирол болох 440,000,000 төгрөгийг “Кассанд байгаа бэлэн мөнгөний тооцоо бодсон акт”, хариуцагч Э.Д ын “А” ХК-д гаргасан “Баталгаа”, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн хариуцагч нараас шаардсан.

 

7. Шүүхээс “А” ХК болон “Атрейдинг” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтуудыг үндэслэн кассын нярав А.Х , О.Ө нарт холбогдох орлого, зарлагын гүйлгээнээс зөрчилтэй гүйлгээ байгаа эсэх, зөрчилтэй гүйлгээний дүнг тогтоолгохоор аудитын шинжээчийг хариуцагч нарын хүсэлтээр томилсон. Аудитын шинжилгээний тайланд “...“А” ХК-ийн кассын нярав О.Ө ийн кассын орлогын 2017 оны 4 сарын 28-ны өдрийн 0 дугаар баримтаар 440,000,000 төгрөг, 5673 дугаар кассын орлогын баримтаар 100,000,000 төгрөгийг Хүлээн кассын нярав болон мөнгө тушаагчийн гарын үсэгтэй, Ерөнхий нягтлан бодогчийн гарын үсгээр баталгаажуулаагүй баримтаар орлогод авсныг “А” ХК-ийн Нягтлан бодох бүртгэлд 2017 оны 4 сарын 28-ны өдөр “Атрейдинг ХХК-Борлуулалтын орлого” гэх гүйлгээний утгаар бүртгэсэн байна. Энэ нь “Атрейдинг” ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын гүйлгээ хийгдээгүй /2017 оны дүгээр сарын 30-ны өдөр ажил гүйлгээг/,  “А” ХК-ийн кассд орлогод /2017 оны 4 сарын 28-ны өдөр/ ажил гүйлгээ хий бүртгэгдсэн гэж үзэхээр байна...” гэж дүгнэжээ.

 

Тодруулбал, хариуцагч А.Х , О.Ө нар нь “Атрейдинг” ХХК-аас бэлэн мөнгөний зарлагын гүйлгээг хийж “А” ХК-ийн кассад орлого орсон мэтээр баримт үйлдсэн хууль бус үйлдэл гаргасан, уг үйлдлийн улмаас нэхэмжлэгч “А” ХК-д бэлэн мөнгөний кассаас 440,000,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, эдгээрийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байх тул нэхэмжлэгч “А” ХК нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний журмаар хохирлоо хариуцагч нараас шаардах эрхтэй байна.

 

8. Хариуцагч А.Х , Э.Д нарын өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхээс “Шүүх шинжилгээний ерөнхий газар”-ыг шинжээчээр томилсон бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргасныг шүүхэд ирүүлжээ. Энэхүү шинжээчийн дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн 2017.04.30 гэсэн огноотой, 0дугаартай 440,000,000 төгрөгийн “Кассын зарлага” баримтын “Олгосон нярав” гэсний ард зурсан шинжилж буй гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн А.Х гийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загвартай тохирохгүй байна.” гэжээ.

 

9. Хариуцагч О.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд “...2017 оны 4 сард тооллого болно гэх үеэр “Атрейдинг” ХХК-ийн кассын нярав А.Х над дээр ирээд уйлан 440,000,000 төгрөгийг касснаас авч хэрэглэсэн талаараа хэлээд, өөрийн “А трейдинг” ХХК-ийн касснаас авч хэрэглэсэн мөнгөө бэлнээр тушаасан мэтээр надаар хуурамч баримт бичүүлж авсан. Би үүнийг зөвшөөрч гарын үсэг зурсан нь миний буруу болсон. А.Х , Э.Д нар надад 440,000,000 төгрөгийг буцаан өгөхдөө 600,000,000 төгрөг болгож өгнө гэж хэлсэн.” гэх тайлбар гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар тайлбараа нотлохоор 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “Мөнгө хүлээлцсэн акт” гэх баримтыг ирүүлсэн байна.

  

Дээрх баримтад “Э овогтой Д миний эхнэр А.Х нь О.Ө ээс 440,000,000 төгрөгийг авсан. Энэ мөнгийг 2017 оны 5 сард аваад 15,000,000 төгрөгийг буцаан өгсөн. Үлдсэн 585,000,000 төгрөгийг өгнө. Хүлээлгэн өгсөн Ө, Хүлээн авсан А.Х , Э.Д .” гэж гарын үсэг зурж нотариатаар батлуулсан байна. /хх-81/

 

Мөн хэрэгт авагдсан хариуцагч О.Ө ийн ХААН банкны дансны хуулгаар А.Х , Э.Д нараас 2018.07.01-ний өдрөөс 2021.11.01-ний өдрийг хүртэлх хугацаанд 13 удаагийн орлогын гүйлгээгээр нийт 80,000,000 төгрөгийг /Ө т 5 сая өгөв, k-s u-t 10.0 say tugrug, Х, Д-с Ө-т, Д.Э , g-s u-d niit 128 say bolov, g-s niit 130 say bolloo, g-s 134 say bolloo, Д.Э-н/ гэх гүйлгээний утгаар шилжүүлжээ. /хх84-93/

 

Өөрөөр хэлбэл, 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “Мөнгө хүлээлцсэн акт” гэх баримт,  хариуцагч О.Ө ийн ХААН банкны дансны хуулга зэргээс үзвэл, маргааны зүйл болсон “А” ХК-д 440,000,000 төгрөгийн хохирлыг хариуцагч нарын гэм буруугийн хэлбэрээр бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан нь давхар тогтоогдож байх тул хуульд заасны дагуу гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Мөн 2017.04.30 гэсэн огноотой, 782 дугаартай 440,000,000 төгрөгийн “Кассын зарлага” баримтад олгосон нярав Х гэснийг нэхэмжлэгч болон хариуцагч О.Ө нарын хэн аль нь маргаагүй, мөн хариуцагч О.Ө ээс шүүх хуралдаанд “...Миний дансаар А.Х , Э.Д нараас 80,000,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нотариат дээр бэлнээр 15,000,000 төгрөгийг авсан нийт 95,000,000 төгрөгийг авсан, энэ мөнгийг “А” ХК-д буцаан өгөөгүй...” гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгчид учруулсан гэм хорын хохиролд хариуцагч О.Ө ээс 95,000,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

 

10. Түүнчлэн, хариуцагч А.Х гаас “… “А” ХК-ийн касснаас би 150,000,000 төгрөгийг бэлнээр авсан, энэ мөнгийг буцаагаад компанийн нярав О.Ө ийн ХААН банкны дансруу 110,000,000 төгрөгийг цувуулан хийсэн. Бэлнээр 28,000,000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл 12,000,000 төгрөгийг “А” ХК-д өгөх ёстой.” гэх, хариуцагч Э.Д оос “…Би энэ мөнгөний асуудалд хамаагүй. Энэ мөнгийг миний эхнэр А.Х хууль бусаар авсан гэдгийг мэдээгүй.” гэх агуулга бүхий тайлбарыг гаргасан ба энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох хуульд заасан үүргээ биелүүлээгүй болно.

 

Дээр дурдсан нэхэмжлэгчид учирсан хохирол бий болоход хариуцагч Э.Д Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дах хэсэгт “…түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” зааснаар хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Э.Д ын нэхэмжлэгч “А” ХК-д гаргасан “Баталгаа” болон хариуцагч О.Ө т ХААН банкны дансаар 80,000,000 төгрөгийг, 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “Мөнгө хүлээлцсэн акт”-аар бэлнээр 15,000,000 төгрөгийг тус тус төлсөн байдал, мөн гэрч Э.С н мэдүүлэг зэргээс үзэхэд  нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохиролд хариуцагч Э.Д хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй байх ба эдгээрийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байх тул нэхэмжлэгч уг хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3‑т зааснаар хариуцагч Э.Д оос шаардах эрхтэй, нөгөө талаар хариуцагч Э.Д хохирлыг нэхэмжлэгчид хариуцан төлөх үүрэгтэй болно.

 

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.” гэж зааснаар хариуцагч А.Х , Э.Д нар нь нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар үгүйсгэж няцаагаагүй. Иймээс хариуцагч А.Х , Э.Д нараас 345,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХК-д олгох үндэслэлтэй.

 

12. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Д.Б гээс хэргийн үйл баримт, зохигчдын гэм буруугийн талаар …нярав, нягтлан нар буруутай учраас байгууллагад хохирол учруулсан төлбөрийг төлүүлэх ёстой гэх дүгнэлт нь дээрх байдлаар шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй тохирч байна.

 

13. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч А.Х , Э.Д нараас 345,000,000 төгрөгийг, хариуцагч О.Ө ээс 95,000,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “А” ХК-д олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагч А.Х , Э.Д нараас 1,882,950 төгрөг, хариуцагч О.Ө ээс 632,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,358,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Х , Э.Д нараас 345,000,000 төгрөгийг, хариуцагч О.Ө ээс 95,000,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “А” ХК-д олгосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,358,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Х , Э.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,882,950 төгрөгийг, хариуцагч О.Ө ээс улсын тэмдэгтийн хураамжид 632,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Н.ХАНГАЛ

                                    ШҮҮГЧ                                                                  Г.АРИУНАА