Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2020/01986

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2020/01986

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, шүүгч Ч.Батчимэг, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаа

      

      Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , хариуцагчийн өмгөөлөгч С.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

       

      Нэхэмжлэгч БГДЗ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

      МҮОР-р 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гарсан “Хотод юу өөрчлөгдөв” цуврал нэвтрүүлгээр Б дүүргийн талаар мэдээ мэдээллийг бэлтгэн олон нийтэд түгээсэн.

      Тус нэвтүүлгийн нэр “Хотод юу өөрчлөгдөв” бөгөөд нэрний утгаас үзэхэд нийслэл Улаанбаатар хот буюу нийслэлийн 0 дүүрэгт юу өөрчлөгдсөн талаархи мэдээлэл бэлтгэх агуулгаар илэрхийлэгдэх боловч зөвхөн Б дүүргийг сонгон авч, иргэдийн мэдээлэл болон сэтгүүлчийн дуранд өртсөн мэдээллийг нягтлаж холбогдох алба, албан тушаалтнаас тодруулга авч мэдээллийн тэнцвэрт байдлыг хангаагүй, цэнзүүрлэлгүй, холбогдох байгууллагааас тодруулалгүй иргэд, олон нийтэд хүргэж байгаа нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг “Олон нийтийн радио, телевиз үйл ажиллагаандаа хараат бус байх, бодит мэдээлэл олж авах иргэний эрхийг хүндэтгэх, олон ургальч үзэл, ил тод байдлыг эрхэмлэх, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн, улс төрийн намын эрх ашгийг бус нийт үндэсний эрх ашгийг дээдлэх үндсэн зарчмыг баримтална” гэх заалтуудыг зөрчсөн.

        Дээрх нэвтрүүлэгт дурдсанаар ”Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрийн бүх камеруудыг ажиллагаагүй болгосон, балгас болгохоо шахсан спорт цогцолборын барилга мөн хогоо эмх цэгцтэй хаях орчин нөхцлөөр хангаж чадаагүй дүүргийн удирдлагуудыг санаачилгагүй, ажиллагаагүй байдлын үр дүн, нөлөө” гэх мэтээр дүүргийн бүтээн байгуулалтын ажлуудын талаар иргэдэд худал мэдээллийг түгээж иргэдийг төөрөгдүүлж, тус дүүргийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан.

      Үүнээс 5 зүйл дурдагдахаар байна.

      Нэгдүгээрт: Б дүүргийг хог хаягдлын асуудлаар ямар нэгэн зүйл хийдэггүй, зохион байгуулалтгүй гэж нэвтрүүлэгт дурдсан. Хог хаягдлын асуудлыг сайжруулахаар ажил хийгээгүй гэж дурдсаны дараагаар “2019 оны дүүргийн төсвийн 44.000.000 төгрөгөөр үүсмэл хогийн цэгийг тоглоомын талбай болгосон” гэх залгаа өгүүлбэр явдаг.

      Сэтгүүлчийн зүгээс хог хаягдлыг бууруулах, гаргахгүй байх талаар ажил хийгээгүй гэж буруутгаж байна.

      Хоёрдугаарт: Үүсмэл хогийн цэгийг хүүхдийн тоглоомын талбай болгосон нь оновчтой шийдэл биш гэж буруутгаж байгаа нь ажил хийсэн ч буруудна, хийхгүй байсан ч буруудна гэсэн ойлголтыг өгч байна.

     Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар “хогоо хогийн сав болон цэгт хаях нь иргэний үүрэг” гэж заасан.

     Бид Б дүүргийн бодит байдал гэх нэвтрүүлэгтээ холбогдох албан тушаалтнуудаас ярилцлага авч баримтжуулсан. Үүн дээр иргэний ухамсартай холбоотой асуудал гэдэг талаас тайлбарласан.

    “Хотод юу өөрчлөгдөв” нэвтрүүлгийн эхний 45 секунтэд үүсмэл хогийн цэгт нэг иргэн хог хаяж буй хэсэг бий. Сэтгүүлч тухайн иргэний байдлыг бичлэгт буулгасан атлаа ярилцлага авдаггүй. Ил задгүй нийтийн эзэмшлийн талбайд хог хаяж буй хүнээс ярилцлага аваагүй мөртлөө жирийн гадуур явж буй иргэнээс “та хог хаядлыг юу гэж бодож байна? ” гэдэг байдлаар ярилцлага авч байгаа нь сэтгүүлч хэт нэг талыг барьсан гэж үзэж байна.

     Мөн Б дүүргийн тухайд Орон нутгийн өмчид аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай хамтраад гэр хороололд долоо хоногт нэг удаа, орон сууцны хороололд долоо хоногт хоёр удаа хог тээвэрлэлтийн гэрээ байгуулж ажилладаг.

     Хариуцсан “Б ” ХХК-ийн захирал, удирдлагууд ярилцлага өгч, энэ нь үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан.

     Түүнчлэн Б дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр явган хүний замгүй болж далан дээрээс ахмад настан, хүүхэд унасан бичлэг гардаг.
    Энэ бичлэг цацагдсанаас хойш гудамжны бүх камерийг ажиллагаагүй болгосон гэж сэтгүүлч ярьсан бөгөөд камерийг дүүргийн удирдлагууд ажиллагаагүй болгосон мэтээр бичлэг тавигдсан.

     Үүнтэй холбоотойгоор “Б дүүргийн бодит байдал” гэх нэвтрүүлэгт үзлэг хийхэд 0 дугаар цэгийг хариуцсан мэргэжилтэн н.Мөнгөнтулга яриа өгсөн байгаа.

     Б дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст, БГДЗын зүгээс албан бичиг явуулж энэ талаар тодруулсан баримтыг нотлох баримтаар гаргаж хэрэгт өгсөн.

     Нэгдүгээр хэлтсийн 80 цэгт 240 камер байрлан хэвийн үйл ажиллагаа тасралтгүй явагддаг. 53 дугаар цэг буюу хүн унасан гэх камер чухал үүрэгтэй гэсэн үг.

    Тэгэхээр 53 дугаар цэгийн камер унтарснаар хороолол, “Өргөө” орчмын камер тэр чигээрээ унтрах тул ажиллагаагүй байх боломжгүй.

    Үүнийг үзлэгийн тэмдэглэлд тодорхой тусгасан. Хариуцагч хариу тайлбараа “...2017 онд хүн унасан бичлэг. Тухайн үед хүн унасан талаар цагдаагийн газраас тодруулахад камер ажилладаггүй гэх хариу тайлбарыг бидэнд өгсөн” гэж бичсэн.

    Сэтгүүлч өөрөө 3 жилийн өмнөх буюу 2017 онд олж авсан мэдээллээ 2020 онд буюу өчигдөрхөн ийм байдал үүссэн юм шиг, өчигдрөөс ажиллагаагүй болсон юм шиг буруу ойлголт төрүүлсэн мэдээллийг цацсан.

    Цагдаагийн газраас тодруулсан гэж байгаа боловч хэн гэдэг хүнээс хэзээ, ямар байдлаар тодруулсан, яаж хариу өгсөн талаар тодорхой баримт байдаггүй.

    53 дугаар цэг өнөөдрийг хүртэл тасралтгүй хэвийн ажиллагаатай байгаа талаар “Б дүүргийн бодит байдал” нэвтрүүлгийн үзлэгийн тэмдэглэлд дурдагдсан.

    Гуравдугаарт: Сэтгүүлчийн зүгээс “Хотод юу өөрчлөгдөв” нэвтрүүлэгт 4-5 иргэнээс ярилцлага авдаг. Ярилцлага авахдаа “энэ тохижилтыг та юу гэж бодож байна бэ?” гэх асуултыг асуусан.

    Тухайн тохижилтын ажил нь юу бэ? гэхээр хорооллын замд баригдсан гэрэлтүүлэгтэй гарц бөгөөд иргэдээс үүнийг юу гэж бодож байна вэ? оновчтой шийдэл мөн үү? гэх байдлаар ярилцлага авсан.

     Харин иргэдийн зүгээс “...мэдэхгүй...” гэж хариулдаг. Сэтгүүлч хүнийхээ хувьд үнэн зөв мэдээлэл авах эрхийн үүднээс ямар ач холбогдолтой талаар холбогдох дүүргийн удирдлагуудаас тодруулаагүй.

       Гэтэл энэ тохижилтын ажил маань Б дүүргийн сөрөг урсгалтай замуудад байршсан гэрэлтүүлэгтэй гарц. Нэг урсгалтай зам, замынхаа хоёр талаас гудамжны, байрны гэрэлтүүлэгтэй байдаг учраас хүн гарцаар гарч байгаа нь харагддаг.

      Сөрөг урсгалтай замын хувьд сөрөг урсгалын зааг буюу нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж хэсгээр сөрөг урсгалыг дамжин өнгөрч гарахын тулд шөнө оройн цагаар явж буй автомашины гэрлийн гялбаанд өртөөд дайруулан, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл өндөр байдаг учраас үүнээс урьдчилан сэргийлж гэрэлтүүлэгтэй гарцыг хийсэн.

      Энэ талаас нь Замын цагдаагийн хэлтсээс холбогдох тайлбарыг албан бичгээр болон Замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажиллагаа хариуцсан ажилтнаас ярилцлага авч байгаа нь тусгагдсан.

      Б дүүргийн зүгээс гарцан дээр зам тээврийн осол их гардаг, 13 байршилд цацруулагчтай аюулгүйн гарц байгуулж байгаа. Энэ нь олон улсын жишигт хүлээн зөвшөөрөгдсөн нийслэлийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн ажлыг “та үүнийг ойлгож байна уу” гэж асуухаар нөгөө хүн нь “ойлгохгүй байна” гэж хариулна.

      Сэтгүүлч нэвтрүүлгээрээ дамжуулан иргэдэд ойлгохгүй байгаа зүйлийг ойлгуулах гэж хичээх ёстой байхад тэгэх гэж зориогүй гэдэг асуудал гарч байна.

      “Хотод юу өөрчлөгдөв” нэвтрүүлгийн оршил явдаг ба үүнд “...хотод юу өөрчлөгдсөн талаар анзаарч хараагүй өөчлөлтүүдийг харуулна” гэсэн байна.

       Сэтгүүлч мэргэжлийн байгууллагаас тодруулга аваад ийм ач холбогдолтой гэдгийг иргэдэд илүү таньж мэдүүлэх ажиллагаа хийсэн бол чухал ач холбогдолтой байхаар байлаа.

       Дөрөвдүгээрт: Төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулдаг талаар ярьсан.

       Үүгээрээ Б дүүргийн Гэр бүл ёслолын ордон, Б дүүргийн 40 дүгээр сургуулийн хашаанд баригдаж байгаа спорт цогцолборыг дурдсан.

      “Хотод юу өөрчлөгдөв” нэвтрүүлэгт дурдагдсанаар Б дүүргийн Гэр бүл ёслолын ордонг жилдээ 20-30 хүн хуримаа хийх гэж ордог, ямар ч ашиг орлого олдоггүй ийм газрыг байгуулж төсвийн мөнгийг үг ашигггүй зарцуулсан гэж буруутгадаг.

      Гэтэл Гэр бүл ёслолын ордон гэдэг маань төрийн байгууллага ба анхан шатны үйлчилгээг иргэдэд үзүүлж, иргэдийн хэрэгцээ шаардлагын хүрээнд энэ байгууллага байгуулагдсан болохоос заавал ашигтай ажиллах шаардлагагүй.

      Улсын хэмжээнд гэрлэх ёслолын ордон нэг байдаг. Гэтэл Б дүүрэг санаачлаад Гэр бүл ёслолын ордонг байгуулсныг буруутган ашиггүй ажиллаж байна гэдэг байдлаар тайлбарласан.

     “Хотод юу өөрчлөгдөв” нэвтрүүлгээр зөвхөн энэ байгууллагын хосуудын хурмын үйл ажиллагааг зохион байгуулж, ёсолдог байгууллага мэтээр иргэдэд ойлголт төрүүлсэн.

       Уг байгууллага хуримын өдөрлөг, шинэ төрсөн хүүхдүүдэд гэрчилгээ олгодог, 16 нас хүрсэн иргэний андгай зохион байгуулдаг, гэр бүлийн сайн сайхны төлөө үйл ажилллагаагаа чиглүүлж уламжлалт зан зүйл, ёс суртахууныг сурталчлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага учраас заавал ашигтай ажиллах шаардлагагүй.

       Иргэдийн хэрэгцээнд тулгуурлаж байгуулагдсан байгууллага. Мөн “...Б дүүргийн спорт цогцолборын суурь тавигдаад 5 жил болж байна. Балгас болохоо шахсан 40 сургуулийн хашаанд баригдсан” гэж сэтгүүлчийн зүгээс Б дүүргийн спорт цогцолборын ордны зургийг тавиад тайлбарласан.

        Улсын төсвөөр хийгдсэн бүтээн байгуулалтыг ёс зүйгүй зан гаргаж балгас гэж хэлж байна.

        Ийм балгас өнөөдөр хаана ч байхгүй. Анх 2014 оны Төвсийн тухай хуульд улсын төвсөөр хийгдэх барилга байгууламжийн жагсаалтанд орсноор улсын төсвөөр хийхээр болсон.

       2014 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтын 19.2.1.7 дахь хэсэгт Б дүүргийн спорт цогцолборын барилга 2014 онд эхлээд 2015 онд хийгдэж дуусахаар төсөвт мөнгө нь суугдсан ажил.

       Энэ нь дүүргийн удирдлагуудтай хамааралтай биш улсын төсвөөр хийгдэж байгаа ажил. 2015 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтын 16.2.15 дахь хэсэгт он дамжиж хийгдэж байгаа буюу 2014-2016 онд дуусахаар төсөвт тусгасан.

       2016 оны Төсвийн тухай хуулийн 17.2.1.3, 2017 оны Төсвийн тухай хуулийн 12.1.3, 2018 оны Төсвийн тухай хуулийн 13.1.3 дахь хэсэгт зааснаар 2014-2018 онд улсын төсвийн санхүүжилтээр хийж дуусахаар тусгаж өгсөн.

       Харин 2019 онд мөнгө нь төсөвт тусгагдаагүй учраас барилгыг өөрийн мөнгөөр үргэлжлүүлэх боломжгүй тул ажил зогссон.

       Нэг жилийн хугацаанд ажил зогсоход дүүргийн удирдлагуудыг муулаад, албаар санхүүжилтыг гацаагаад байгаа мэт сэтгүүлч тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
       Энэ талаар сэтгүүлч хариуцсан хүнээс яриа, тодруулга авахад бүх зүйл тодорхой болох байсан.

        Уг үйлдэлтэй холбогдуулан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 0, 0,  дугаартай албан бичгээр Монголын олон нийтийн радио телевизийн захирал, өргөдөл шалгах хороонд хандан худал мэдээллийг залруулсан залруулга гаргахыг шаардсан боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлээгүй тул Б дүүргийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, “2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Хотод юу өөрчлөгдөв” нэврүүлгийнхээ хэлбэр, хэмжээгээр нэхэмжпэгчээс уучлалт гуйх, худал мэдээллийг залруулсан залруулга, дүүргийн удирдлагуудын холбогдох баримт, албан тушаалтнаас тодруулан бэлтгэсэн нэвтрүүлэг гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хангаж өгнө үү.

       Мөн нэхэмжлэгч нэвтрүүлэгтэй холбоотой хариу нэвтрүүлэг бэлтгэснийг шүүхэд нотлох баримтаар өгч, тайлбарыг хийснээр нэхэмжлэлийн шаардлагаа нотлож байгаа билээ гэжээ.

 

       Хариуцагч МҮОР телевизор шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

       Манай байгууллагатай холбогдуулан БГДЗ ын 2020 оны 4 дугээр сарын 17-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.

       МҮОР телевизийн “Хотод юу өөрчлөгдөв” цуврал нэвтрүүлгээр Б дүүргийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, алдаа оноог харуулсан 3 цуврал нэвтрүүлгийг гаргасан.

       -2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Хотод юу өөрчлөгдөв” нэвтрүүлгээр Б дүүргийн 6 дугаар хороонд тавигдсан шинэ зам, талбай, хүүхдийн тоглоомын газар, 21 дүгээр хороонд баригдсан шинэ цэцэрлэг, 9 дүгээр хороонд баригдсан шинэ замын бүтээн байгуулалт иргэдийн өдөр тутмын амьдралд хэрхэн эерэгээр нөлөөлж байгаа тухай.

       -2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Хотод юу өөрчлөгдөв” нэвтрүүлгээр 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дээрх байрны дундах хогийн цэг, 9,10 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр гудамжинд үүссэн хогийн цэгийн талаар иргэдийн өгсөн ярилцлагын дагуу сурвалжлага түүнчлэл 4 дүгээр хорооллын нутаг дэвсгэр дээрх 17,18 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх явган хүний замын тохижилтын талаархи сурвалжлагыг гаргасан ба хөрөнгө оруулалтын бодлого, иргэдийн яриа, шилэн дансан дахь дүүргийн хөрөнгө оруулалтын ажлуудын мэдээлэл зэрэг эх сурвалжуудаас бэлтгэсэн сэтгүүлчийн эрэл хайгуул, эх сурвалжуудаас авсан үнэн бодит мэдээлэл болно.

        -2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн “Хотод юу өөрчлөгдөв” нэвтрүүлгээр тус дүүрэгт хуучны орон сууцнуудыг гаднаас нь дулаалж, дулаан алдагдлыг бууруулсан нь иргэдийн амьдралд хэрхэн сайнаар нөлөөлж байгааг сурвалжлан үзүүлсэн.

       “Хотод юу өөрчлөгдөв” цуврал нэвтрүүлгээр дүүргийн ажил хэргийн сайн талыг ч, муу талыг ч харуулсан нь сэтгүүлч хараат бусаар, бодит байдалд иргэдийн өгсөн үнэлэлт дүгнэлтийг харуулсан гэж үзэж байна.

        Эдгээр нэвтрүүлгээр Б дүүргийн оршин суугчдын санал бодлыг бодит нөхцөл байдал дээрээс сурвалжилсан тул Олон нийтийн радио, телевизийн тухай хууль, Шударга өрсөлдөөний тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна.

       Улмаар Б дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрийн бүх камер ажиллагаагүй болсон гэдэг нь 2017 оны ослын талаарх мэдээллийг авахаар очиход Б дүүргийн Цагдаагийн хэлтсээс тэнд зоосон камер ажилладаггүй гэж хэлсэн.

       Шав тавиад 5 жил болж байгаа спорт цогцолборын барилгын ажил зогсонги байдалд орж удсан тухай нутаг дэвсгэрийнхэн болон 0 дүгээр сургуулийн зүгээс хэлсэн.

     Мөн нэхэмжлэгчийн хийсэн бүтээснийг магтаж болдог, алдааг нь шүүмжилж болдоггүй сэтгүүл зүй гэж байхгүй.

     Тус дүүргийн 0 дугаар хорооны орон сууцнуудын гадна дулаалгын талаар нэвтрүүлэг хийх явцад хорооны оршин суугч А.Бямбаа “бидэн дээр өөрөө хүрч ирэн хогийн цэгийн асуудлаар ярилцлага өгөхийг хүссэн”.

     “Телевизорын сурвалжлага хийнэ” гэдэг бол бодит байдлыг камерийн бичлэгээр баталгаажуулан харуулдаг тул сэтгүүлч санаанаасаа зохиох боломж байхгүй.

      Бид хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаанаас гадуур үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд нэхэмжлэлд тусгагдсан үндэслэлүүд худал гэдгийг нотлох баримт харагдахгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

      Миний бие эдгээр цуврал гурван нэвтрүүлгийг бэлтгэн гаргасан. Энэ дүүрэгт амьдардаг хүний хувьд болж байгаа, болохгүй байгаа зүйлийг мэдэж байгаагийн хувьд нэвтрүүлэг хийсэн.

     Гэхдээ би байхгүй зүйлийг бий болгож санаанаасаа зохиож хийгээгүй. Хийсэн бүтээсний сайныг ч харуулсан, болохгүй байсан зүйлийг ч үзүүлсэн.

     Энэ нэвтрүүлгийг бэлтгэхдээ шилэн дансыг ашиглаж мөн тухайн дүүрэгт амьдардаг иргэд, хуримын ордонгийн талаар бодит байдлыг харуулан, сэтгүүл зүйн өнцгөөс үзүүлсэн.

      Нэгдүгээрт: Бид энэ нэвтрүүлэгт аль болох албаны эх сурвалжийг оруулахгүйгээр иргэдийн санал бодлыг харуулах үүднээс хийж эхэлсэн.

     Жишээ нь:

     Цэцэрлэг, сургууль яаж хүүхдийн амьдралд нөлөөлдөг бэ? гэх мэт асуудлыг иргэдээс өөрсдийнхөн нь бодлыг асуух маягаар хийгдсэн нэвтрүүлэг.

     2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн “Хотод юу өөрчлөгдөв” нэвтрүүлгийг яагаад хийх болсон бэ? гэхээр  барилгын дулаалга, гадна фасадны бичлэгийг хийж явахад бидэн дээр нэг иргэн гүйж ирээд “...манай байр орчимд үүсмэл хогийн цэг байдаг. Яах нь мэдэгдэхгүй том хог автомашинаар авч ирдэг. Хаана хаях нь мэдэгдэхгүй, ойр орчим хавиар нь хогоо хаядаг. Үүнээс маш их өвчний үүсвэр бий болж байна” гэж Б дүүргийн 0 дугаар хорооны иргэн хэлсэн.

     Үүнээс Б дүүргийн хог ямархуу байдаг бэ? гэдгийг сурвалжлахаар болсон бөгөөд хорооллын байрны дунд маш их хэмжээний хог, ялгадас байдаг.

     Би тэнд амьдардаг учраас ямархуу нөхцөл байдалтай байдаг талаар мэднэ. Хогийн цэг гэдэг ойлголт байдаггүй. Гудамжинд хогоо гаргаж хаядаг. Үүнд ямар нэгэн менежмент, онош тавьсан юм байхгүй. Ямар нэгэн байдлаар зөв болгох боломжтой байсан уу? гэхээр боломжтой. Би өөрөө ч харсан, камерийн бичлэгт ч үлдсэн.

     Камерийн бичлэгийн тухайд миний бие 0 дугаар цэгийн камер гэж онцолж хэлээгүй. Тэр гудамжны камерууд гэж хэлсэн. Камер ажилладаггүй гэдгийг яаж мэдсэн бэ? гэхээр  2017 онд миний аав тэнд амь насаа мөн манай байрнаас хоёр ч хүн тэр газарт амь насаа алдсан.

     Юунаас болж амь насаа алдсан гэдгийг тодруулахаар цагдаагийн байгууллагад хандахад “3 камер гудамж руу харж байсан мөртлөө нэг нь ч ажилладаггүй байсан. Цагдаа уучлаарай. Бид танай аавыг хэрхэн нас барсныг нотолж чадахгүй нь гадны нөлөөгүй нас барсан байна” гэж хэлсэн.

     Нэхэмжлэгч 53 дугаар цэгийн камер байнгын ажиллагаатай байсан гэж хэлж байгаа боловч хэзээнээс ажиллуулж эхэлснийг сайн мэдэхгүй байна. Нэхэмжлэгчийн тайлбар нэвтрүүлэг дээр 2012-2013 онд засвар хийгээд ажиллагаатай болсон гэж хариуцсан мэргэжилтэн ярьсан хэдий ч тайлбар нэвтрүүлэг хийх болсноор ажиллуулсан ч юм билүү сайн мэдэхгүй байна.

 

 

 

     Мөн гудамжны дагуу явган хүний гарц байдаггүй. Явган хүн явахад хэцүү. Өмнө нь энэ зам хаалттай байсан.

     Гэтэл автозамыг нээсэн үеэс автомашины хөдөлгөөн их болсон. Түүнээс болж явган явж байгаа иргэд эрсдэлд орох нөхцөл үүссэн. Байрны дундуур явж зах орж байгаа, сургуульд явж байгаа хүн бүр энэ замаар явдаг тухай мэдээлсэн.

    Спорт цогцолборын тухайд шав тавигдснаас хойш 5 жил болсон байдаг.

     Үүнийг улсын төсвөөр хийсэн үү, дүүргийн төсвөөр хийсэн үү гэж нэвтрүүлснээс биш улс ажил хийсэнгүй гэх зүйлийг яриагүй.

     0 дүгээр сургуулийн хүүхдүүдийн тоглодог талбайд ийм зүйл байгуулчихаад өчнөөн жил боллоо гэдэг байдлаар шүүмжилж хэлсэн. Гэрлэх ёслолын ордонд жил болгон улсын төсвөөс их хэмжээний мөнгө төсөвлөсөн байхад ашиггүй ажилладаг. Биднийг сурвалжлага хийхээр очиход хоосон байшинд дарга нь байхгүй хоёр гуравхан ажилтан өрөөндөө кофе уугаад сууж байсан.

     Энэ байгууллагатай танилцаж болох уу, ямар үйл ажиллагаа явуулдаг бэ? гэхэд “...манай дарга байхгүй байна. Та нарыг оруулж чадахгүй” гэж хэлсэн.

    Ордонд хүүхдийн төрсний гэрчилгээ олгодог, 16 нас хүрсэн хүүхдүүдийн иргэний тангарагийг өргүүлдэг гэж тайлбарласан

     Ингээд байгууллагын төсөв ямархуу байдаг талаар тооцоолж үзэхээр байнгын алдагдалтай ажилладаг байсан.

     Иймээс дүүрэгт яагаад 3000-4000 хүүхэд явдаг замыг тавьж болдоггүй. Хүүхдүүд автомашинд мөргүүлж байна. Зам тавиад өгөөч гэж хорооны засаг даргад удаа дараа хэлэхэд хариу, биелэлт байхгүй.0 дугаар сургуулийн ойр орчим адилхан.     

     Нэвтрүүлэг гарсны дараа тухайн газруудаар явж үзэхэд зам тавьсан байсан.     

     Өөрсдийнхөн нь анзаарч хардаггүй зүйлийг анзааруулж харууллаа. Надтай хэрүүл хийж суухын оронд тухайн ажлуудаа хийж баймаар санагдах юм.

     Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          

      Нэхэмжлэгч БГДЗ, хариуцагч МҮОР телевизид холбогдуулан Б дүүргийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, уучлалт гуйлгаж, худал мэдээллийг тараасан хэлбэрээр залруулга хийлгэх, дүүргийн удирдлагуудын холбогдох баримт, албан тушаалтнаас тодруулан бэлтгэсэн нэвтрүүлэг гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

 

      Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлахад,

    

     Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчийн гаргасан “Хотод юу өөрчлөгдөв” нэвтрүүлгийн агуулга болон энэ нэвтрүүлгээрээ нутгийн өөрөө удирдах, нутгийн захиргааны байгууллагын менежементийн үйл ажиллагааг буруушаах, дүүрэгт хийгдсэн бүтээн байгуулалтын бодит байдлыг илтэд үгүйсгэсэн, иргэдээс ярилцлага авч байгаа гэх боловч хэн гэдэг нь тодорхойгүй, тус дүүргийн оршин суугч мөн эсэх нь эргэлзээтэй, хэт нэг талыг барьсан мэдээ мэдээлэлийг бэлтгэн олон нийтэд түгээснээр дүүргийн нэр хүндийг гутаасан гэж мэтгэлцэж байна.

 

      Шүүхийн хэлэлцүүлгийн явцад талуудын тайлбараас харахад, нэхэмжлэгч нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчийн МҮОР телевизээр нэвтрүүлсэн “Хотод юу өөрчлөгдөв” нэртэй Б дүүргийн өнөөгийн байдлын талаар өгүүлсэн 2020 оны 2 дугаар сарын 18, 2020 оны 2 дугаар сарын 21, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн цуврал нэвтрүүлгийн тухай хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан, зохигчдын өгсөн CD-ны бичлэгт хийсэн үзлэгээр чухам ямар үг өгүүлбэр нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд ямар байдлаар халдсан нь тодорхойгүй, дээрх гурван нэвтрүүлэг хэвлэл мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалж бүтээн байгуулсан зүйлийг бүтээн байгуулснаар, хийгээгүй зүйлсийг хийгээгүйгээр нь, иргэдийн шүүмжлэлтэй хандсан бодит байдал дахь хогийн цэг,         Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл, төсвийн хөрөнгийг хир үр өгөөжтэй зарцуулж байгааг сайшаахыг нь сайшаан, шүүмжлэхийг нь шүүмжилсэн нэвтрүүлгийг бэлтгэн явуулсан нь нотлогдож байна.

 

      Тодруулбал, нэхэмжлэгч хэт нэг талыг барьсан мэдээ мэдээлэлийг бэлтгэн, бүтээн байгуулалтын ажлуудын талаар худал мэдээллийг түгээж иргэдийг төөрөгдүүлж, тус дүүргийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан нэвтрүүлэг явуулсан гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасанчлан баримтаар нотлож үгүйсгэж чадаагүй мөн дүүргийн аж байдал, дүр төрхийг магтсан 2020 оны 2 дугаар сарын 18, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрүүдийн нэвтрүүлгийг хүлээн зөвшөөрсөн атлаа шүүмжлэлтэй хандсан 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн нэвтрүүлгийг зөвшөөрөхгүй байгаа нь шударга ёсонд үл нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

      Иймээс Хэвлэл мэдээлэлийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт цензур тогтоохгүй”,

 

      Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

 

      Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр “Хотод юу өөрчлөгдөв” өргөн нэвтрүүлэг бэлтгэн, орон даяар цацсан нь нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, хор хохирол учруулсан, дүүргийн удирдлага, албан тушаалтнаас тодруулан бэлтгэсэн нэвтрүүлэг гаргахыг даалгах шаардлага ойлгомжгүй, эдгээр шаардлагуудын үндэслэл нь бичгийн баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдах нь зүйтэй.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

        115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

       

        1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг баримтлан БГДЗ ын нэхэмжлэлтэй, хариуцагч МҮОР телевизид холбогдох Б дүүргийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, уучлалт гуйлгаж, худал мэдээллийг тараасан хэлбэрээр залруулга хийлгэх, дүүргийн удирдлагуудын холбогдох баримт, албан тушаалтнаас тодруулан бэлтгэсэн нэвтрүүлэг гаргахыг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдсугай.

 

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.         

 

    4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ                                   Г.АРИУНАА

 

                                             ШҮҮГЧИД                                  Ч.БАТЧИМЭГ

                                                    

                                                                      А.САРАНТУЯА