Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 00332

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Цийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2021/00011 дугаар шийдвэртэй, Б.Цийн нэхэмжлэлтэй, Авто такси баазын 1979-1991 оны хөдөлмөрийн хөлс олгосон баримт буюу цалингийн цэс үрэгдсэн болохыг тогтоолгон алдагдсан эрхийг сэргээлгэх, 1979-1991 оны хооронд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ц, түүний төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Б.Ц тэтгэвэрт гарах болж холбогдох материалаа бүрдүүлэн ЧДНДХт хандахад 7 жилийн буюу 1979-1991 оны цалингийн баримт архивын байгуулагаас гарч ирэхгүй, Авто такси баазын материал архивт шилжиж очоогүйгээ болж тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгоход хүрээд байна. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын байгууллага Б.Цийн үйлдвэрчний эвлэлийн дэвтрийг үндэслэхгүй гэсэн бөгөөд тус дэвтэрт авч байсан цалингууд он тус бүрээрээ бичигдсэн, Б.Ц нь тухайн үедээ тээврийн жолооч хийж байсан, өндөр цалин авч байсан нь харагддаг. Мөн Б.Ц нь байгууллагын удаа дараагийн аварга бөгөөд улсад их хэмжээний орлого оруулж байсан. Гэтэл Авто такси баазын цалингийн баримт байхгүйгээс болж Б.Ц өндөр тэтгэвэр тогтоолгож чадахгүй, хохирч байна. Өөрөөр хэлбэл Авто такси баазын цалингийн цэсийг сэргээн тогтоовол Б.Ц нь өндөр тэтгэвэр тогтоолгох боломжтой болох юм. Гэхдээ Авто такси бааз өнөөдөр үйл ажиллагаа явуулахгүй байгаа, эрх залгамжлагч байгууллага нь Зам тээврийн яам гэж бид үзэж байгаа. Энэ байгууллагад хандаж хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдээгүй, гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар Авто такси баазын 1979-1991 оныг хүртэл ажиллаж байсан хөдөлмөрийн хөлс олгосон баримт буюу цалингийн цэс үрэгдсэн болохыг тогтоолгон алдагдсан эрхийг сэргээлгэх, Б.Цийн 1979-1991 оны хооронд Авто такси баазад жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох ЧДНДХ, түүний төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ц нь тэтгэвэрт гарах зорилгоор тус байгууллагад хандсан. Түүний ажиллаж байсан үеийн баримтууд хангалттай, тэтгэвэрт гарах эрх нь нээгдсэн, харин цалингийн баримтгүй байсны улмаас тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгохыг зөвшөөрөөгүй. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т зааснаар даатгуулагчийн 1995 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь архивын баримтаар нотлогдох боломжгүй тохиолдолд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан ажил, мэргэжлийн жишиг цалинд үндэслэн тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тодорхойлж болно гэж зааснаар Б.Ц нь тэтгэврээ тогтоолгон авч байх боломжтой. Үүний дараа цалингийн баримт нь олдсон тохиолдолд тэтгэврийн хэмжээгээ нэг удаа нэмэгдүүлж, өөрчлөх боломжтой, хуулиар зөвшөөрсөн. Ийм байхад Б.Ц өөрөө хүсэхгүй, заавал цалин тогтоолгоно гэж шүүхээр яваад байгааг ойлгохгүй байна. Тэгээд ч Авто такси баазын цалингийн баримт үрэгдсэнийг тогтоогоод Б.Цийг хэдэн төгрөгийн цалин авч байсан гэдгийг шүүх яаж тогтоох юм, боломжгүй, харин хуульд цалингийн баримтгүй бол яаж тогтоохыг хэлээд өгсөн байгаа, тэтгэврийн хэмжээг тогтоох нь манай байгууллагын асуудал. Манай байгууллагын зүгээс Б.Цийг тэтгэвэрт нь гаргахгүй, хохироогоод байгаа зүйл байхгүй. Түүнчлэн Б.Цийн 1979-1991 оны хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй. Учир нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтрээс үзвэл, Б.Ц нь 1979.09.01-ний өдрөөс 1980.03.01-ний өдрийг хүртэл авто сургуульд суралцаж, 1980.03.10-ны өдрөөс 1980.06.23-ны өдрийг хүртэл 3 сар, 13 хоног, 1983.08.06-ны өдрөөс 1991.08.16-ны өдрийг хүртэл 8 жил, 10 хоног, нийт 8 жил, 3 сар, 13 хоног ажилласан байдал нь бичилтээр баталгаажиж, тогтоогдсон байна. Иймд хүсэлт нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 148 дугаар зүйлийн 148.3, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Авто такси баазын 1979-1991 оны хөдөлмөрийн хөлс олгосон баримт буюу цалингийн цэс үрэгдсэн болохыг тогтоолгон алдагдсан эрхийг сэргээлгэх, 1979-1991 оны хооронд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай Б.Цийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Цийн тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Ц давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хурал эхлэхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж 147 гэсэн тооны алдааг засаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 148 дугаар зүйлд заагдсан хүсэлт гэж тодруулсан. Шүүх хуульд заагдсан үгийн шууд утгыг анхаарах ёстой ба 147 дугаар зүйл нь эрх олгосон баримт бичигт хамаарах бол 148 нь алдагдсан эрхэд хамаарах зохицуулалт гэж ойлгогдож байна. Б.Цэд цалин олгож байсан цалингийн хавтгай гэх санхүүгийн баримт устгагдаж алга болсон үйл явдалтай холбогдуулан хүсэлт гаргасан ба үүгээр Б.Ц нь тэтгэвэр тогтоолгох алдагдсан эрх нь сэргээгдэх учиртай юм. Б.Ц нь Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 10.6 дах заалтыг үндэслэл болгож хүсэлт гаргасан. Иргэний хуулийн 10.4 дэх заалтаар төсөөтэй харилцаа болох хөдөлмөрийн маргаанд олох байсан орлогыг тодорхойлох арга хэрэгсэл хамаарна гэж ойлгож байгаа ба 10.6 дах заалтаар зохицуулсан хэм хэмжээ байхгүй гэх үндэслэлээр шийдвэрлэхээс татгалзах болон хэрэгсэхгүй болгож болохгүй гэж ойлгогдож байна. Шийдвэрийн үндэслэл хэсэгт Д.Доржпүрэв, Б.Цэнгэл нарын мэдүүлэг,  тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулга, гуравдагч этгээдийн тайлбар зэргээс үзвэл Б.Ц нь Авто такси баазад жолоочоор ажилласан, 1979 онд 200-959 төгрөгийн, 198 онд 200 төгрөгийг 1984 онд 693-1152 төгрөгийн, 1952 онд 614-1294 төгрөгийн, 1986 онд 500-2527 төгрөгийн, 1987 онд 890-2149 төгрөгийн, 1988 онд 387-2282 төгрөгийн, 1989 онд 1041-1304 төгрөгийн, 1990 онд 1425-2527 төгрөгийн хооронд цалин хөлс авч байсан бөгөөд тэтгэвэрт гарах эрх нь нээгдсэн болох нь тогтоогдсон. Тэгэхээр шүүх ажиллаж байсан нь тогтоогдож тодорхой мөнгөн дүн бүхий цалин авч байсан нь тогтоогдсон гэж дүгнэлт хийгээд ажиллаж байсныг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй буюу өөрөө тогтоогоод, тогтоогдсон зүйлээ тогтоохоос татгалзсан нь өөрөө хууль бус юм. Олон удаа шүүхэд шинжээч томилуулах хүсэлт гаргасан ба шинжээч нар ажиллах бүрэн боломжтой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн Шүүх яагаад олон удаа шинжээч томилохоос татгалзаад байгааг нь ойлгоогүй ба шүүгч эрх зүйч мэргэжилтэй хүн ба эдийн засаг, нягтлан бодогчийн тусгай мэдлэг эзэмшээгүй хүн юм. Манай шаардлага өөрчлөгдөөд тэтгэвэр тогтоолгох цалинтай холбоотой шаардлагаа өөрчилж, алдагдсан эрх сэргээлгэх болгон өөрчилснөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дах заалтад заагдсанаар гуравдагч этгээд бол Нийгмийн даатгалын байгууллага биш харин Зам тээврийн яам байх ёстой ба энэ талаар хүсэлтээ шүүхэд гаргаж хэлсэн болно. Иймд дээрх 5 үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Ц нь Авто такси баазын 1979-1991 оны хөдөлмөрийн хөлс олгосон баримт буюу цалингийн цэс үрэгдсэн болохыг тогтоолгон алдагдсан эрхийг сэргээлгэх, 1979-1991 оны хооронд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл  тодорхой бус байна. Тодруулбал, бичиг баримт үрэгдсэнд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь юу болох, нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хохирч байгааг тодруулах шаардлагатай байжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд ЧДНДХ нэхэмжлэгчийг 1980 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 3 сар, 13 хоног, 1983 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 8 жил, 10 хоног, нийт 8 жил, 3 сар, 13 хоног ажилласан байдал нь бичилтээр баталгаажиж тогтоогдсон гэж тайлбарласан атал шүүх 12 жилийн хугацаагаар ажилласан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг “шүүхийн журмаар тогтоолгох шаардлагагүй” гэх үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон  нь учир дутагдалтай болжээ./хх-48-51/

Нэхэмжлэгчийн Авто такси баазад 1979 оноос 1991 онд ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагад 1980 оноос 1983 онд цэргийн алба хаасан хугацаа хамаарч байгаа эсэхийг тодруулах шаардлагатай.

Хэргийн 101 дүгээр талд авагдсан Б.Цэгмэдийн хөдөлмөрийн дэвтэрт “ 1980.06.23 Цэргийн албанд татагдсан учир үүрэгт ажлаас нь чөлөөлөв” гэж тэмдэглэсэн, “Улсын үзлэгээр 8 жил 3 сар 23 өдөр” ажилласан гэж дурджээ./хх105/

Мөн нэхэмжлэгчийн ажиллаж байсан гэх Авто такси бааз нь хэрхэн хэзээ, яаж татан буугдсан, хувьчлагдсан, эрх үүрэг, эд хөрөнгө, архивийн материал хэнд шилжсэн талаар тодорхойгүй, үүнийг тодруулсны эцэст Зам тээврийн яамыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэх боломжтой юм.

Шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримтыг бүрдүүлэхэд санаачлагатай оролцох учиртай.

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, нотлох баримт бүрдүүлэх эрх хуулиар олгогдоогүй тул гомдолд дурдсан үндэслэл болон хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2021/00011 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ

                                      ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

                                                                                                   Б.НАРМАНДАХ