| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбатын Оюунсайхан |
| Хэргийн индекс | 003/2014/0027/З |
| Дугаар | 111/ШШ2015/0001 |
| Огноо | 2015-01-08 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 111/ШШ2015/0001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь 3 дугаар шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан даргалж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хаш-Эрдэнэ, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа, хариуцагч аймгийн Засаг дарга *******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарыг оролцуулан иргэн *******гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг дарга *******д холбогдох Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн *******, 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамжуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай аймгийн Засаг даргын захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул захирамжийг хүчингүй болгож, ажилд буцаан томилж ажилгүй байсан хугацааны цалинг олгож өгнө үү.
Заг сумын иргэн ******* миний бие Улаанбаатар хотын багшийн коллеж, МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын ангийг төгссөн. Бага ангийн багш, арга зүйч, Монгол хэл-Уран зохиолын багш, Сургуулийн өмнөх боловсролын багш арга зүйч мэргэжилтэй.
******* миний бие 2008 оноос Заг сумын цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 676 тоот захирамжаар ажлаас гэнэт халагдаж шүүхээр буруугүй нь тогтоогдон 2014 оны 8 дугаар сарын 20-нд ажилдаа эгүүлэн томилогдсон боловч 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн аймгийн Засаг даргын ******* дугаар захирамжаар ажлаас гэнэт үндэслэлгүй халагдсан.
Уг захирамжид: 1. Боловсролын тухай хуулийн 30.1.15-д Аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийн үр дүнгийн гэрээний хэрэгжилд болон аймаг нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэж заасан байтал энэ хуулийг үндэслэн халсугай гэжээ. Чөлөөлөх гэж байхад халсугай гэсэн нь хуулийг зөрчсөн байна.
******* миний ажлын үр дүн ажлаас халагдах түвшинд байгаагүй. 2013 оны ажлын үр дүнгийн үнэлгээ Боловсролын газрын үнэлгээгээр 84 хувьтай В, Заг сумын Засаг даргын үнэлгээгээр 84.4 хувьтай үнэлэгдсэн.
Боловсролын газрын даргын 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 234 дугаар албан бичиг гараагүй байхад аймгийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар захирамж гарсан гэж үзэж байна.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* тоот дүгнэлтийг үндэслэж ажлаас халсан нь шүүхийн шийдвэрээр буруу гэж тогтоосон.
Иймд: 1. Аймгийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болох 549888 төгрөгийг олгуулж өгнө үү.
2. ******* миний бие 2014 оны 7 дугаар сарын 04-нд шүүхийн шийдвэр гарч ажилдаа эгүүлэн томилогдсон байгаа боловч 8 дугаар сарын 20-нд ажилдаа эгүүлэн томилсон учир 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 8 дугаар сарын 20-ны хооронд ажилгүй байгаа үеийн цалин болох 747179 төгрөгийг олгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамжийг мөн хүчингүй болгуулах, нийгмийн даатгалын үимтгэлийн нөхөн төлүүлэх гэж тодруулж байна. гэв.
Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн *******гийн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэсэн заалтыг зөрчсөн байна.
Улсын дээд шүүхийн тайлбарт ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгуулагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино гэж тайлбарлажээ.
Мөн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэг ажил олгогчийн мэдлийн эд хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилуүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан гэж тайлбарласан байна.
*******гийн буруутай үйлдэл нь эрх бүхий байгууллага болох Мэргэжлийн хяналтын газрын 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* тоот дүгнэлтээр Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д заасныг зөрчсөн нь тогтоогдсон тул мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т заасан сахилгын арга хэмжээ авах үндэслэлтэй байна.
Аймгийн Засаг дарга нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгнээр зүйлийн 29.3-т заасан эрхийхээ хүрээнд уг ******* дугаартай захирамжийн үндэслэх хэсэгт холбогдох хуулийн заалтууд ороогүйг нэмж өөрчлөлт оруулсан аймгийн Засаг даргын захирамжийг хавсралтаар хүргүүлэв.
*******тай аймгийн Засаг дарга гэрээ байгуулаагүй хэдий боловч сумын Засаг дарга гэрээ байгуулсан, шат шатны Засаг дарга нар нь төрийн төлөөлөл байдаг бөгөөд гэрээ байгуулсан гэж үзэж болно.
Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан алжаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасны дагуу гэрээ байгуулсанд тооцож болох тул энэхүү үндэслэлийг тогтоолгохоор бид шүүхэд хандаж байгаа болно. гэжээ.
Гуравдагч этгээд ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа *******гийн нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргатай захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлтгүй байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд хандан Аймгийн Засаг даргын ******* дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болох 549888 төгрөгийг олгуулахшаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэлийн шаардлагыг Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн *******, 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамжуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэж нэмэгдүүлж, энэ шаардлагын хүрээнд шүүх дүгнэлт өгсөн болно.
Дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д заасан албан тушаалтнаас гаргасан захиргааны акттай холбоотой нийтийн эрх зүйн маргаан, түүнчлэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрэглэхгүйгээр хүлээн авч шийдвэрлэх боломжтой байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тухайд: Баянхонгор аймгийн Засаг дарга ******* дээрх захирамжийг гаргахдаа Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д Аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэж заасныг үндэслэсэн байна.
Үүнээс өмнө Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүх иргэн *******гийн нэхэмжлэлтэй, Аймгийн Засаг даргад холбогдох Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 676 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 11 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл, Заг сумын цэцэрлэгийн эрхлэгч *******г ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож, эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэн Баянхонгор аймгийн Засаг дарга ******* 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 512 дугаар захирамжаар ажилд нь эгүүлэн томилсноос 6 хоногийн дараа буюу 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ******* дугаар захирамжаар халсныг хууль бус гэж шүүх үзлээ.
Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 11 дүгээр шийдвэрт хэргийн оролцогч нарын хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болсон атал дээрх шийдвэрээр дүгнэсэн үйл баримтыг харгалзан үзэлгүй, 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар захирамжийг гаргасан нь нэхэмжлэгч *******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Боловсролын тухай хуулийн 30.1.15 дах заалтыг хэрэгжүүлэхэд буюу нэхэмжлэгч *******г албан тушаалаас нь чөлөөлөхдөө Аймгийн Засаг дарга түүнтэй үр дүнгийн гэрээ байгуулсан, тэрхүү үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг дүгнэсэн, түүнчлэн Боловсролын газрын саналыг үндэслэсэн байх шаардлагатай атал аль нь ч хангагдаагүй, түүнчлэн ажилтныг чөлөөлөх болон халах гэсэн хууль зүйн өөр үр дагавартай ойлголтуудыг ялгалгүй халахаар захирамжилсан нь хууль бус гэж дүгнэлээ.
Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тухайд: Баянхонгор аймгийн Засаг дарга ******* 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар захирамждаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно. гэж заасан нийтлэг бүрэн эрхийнхээ дагуу 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамжаар өөрчлөлт оруулжээ.
Ийнхүү өөрчлөлт оруулснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 70 дугаар зүйлийн 70.3 дах хэсгүүдийг үндэслэн нэхэмжлэгч *******г зөрчил гаргасан гэж үзэж, халсан тухайгаа тайлбарласан байна.
Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэнтэй холбоотойгоор цэцэрлэгийн эрхлэгч нь үр дүнгийн гэрээ байгуулж ажиллахаар хуульчилжээ.
Хэдийгээр нэхэмжлэгч *******гийн эрхэлж байсан албан тушаал болох Заг сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалтанд хамаарах бөгөөд үр дүнгийн гэрээний үндсэн дээр ажилладаг, хөдөлмөрлөх эрхийн харилцаа нь Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана.
Хуульд өөрчлөлт орсноор үр дүнгийн гэрээ байгуулж ажиллах эрх зүйн үндэслэл бүрдсэн байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дэх хэсэг буюу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах зохицуулалтыг үндэслэсэн, Баянхонгор аймгийн Боловсролын газраас 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 234 дүгээр албан бичгээр нэр бүхий 2 албан тушаалтанд ажлаас халах арга хэмжээ авахад татгалзах зүйлгүй талаарх саналыг нөхөж авснаар нэхэмжлэгч *******г ажлаас дахин халах үндэслэл бүрдэхгүй юм.
Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 11 дүгээр шийдвэрээр дүгнэсэн үйл баримтыг дахин дүгнэх боломжгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд амаар гаргасан тайлбаруудад дурдагдсан Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсгийг зөрчсөн эсэх асуудлыг энэ шийдвэрээр дүгнээгүй, энэхүү заалтыг үндэслэн гаргасан аймгийн Засаг даргын захирамж нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.
Иймд Баянхонгор аймгийн Засаг даргын Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн *******, 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна., Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч *******гийн ажилгүй байсан хугацааны буюу 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх 3.101.659 /Гурван сая нэг зуун нэг мянга зургаан зуун тавин есөн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам-ын 2.е-д хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө. гэж заасны дагуу нэхэмжлэгч *******гийн ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийг /11 хувь/ хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсгийг тус тус баримтлан Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн *******, 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамжуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3.101.659 /Гурван сая нэг зуун нэг мянга зургаан зуун тавин есөн/ төгрөгийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмаар нөхөн төлүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН