Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/20

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

 

  П.Бд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Б.Үүрийнтуяа,

Нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Уламбаярын гаргасан эсэргүүцлээр П.Бд холбогдох 2238003700087 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, А у овогт Пжийгийн Б, ….. оны …. дугаар сарын …-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, …. настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг, Хөвсгөл аймаг Асум 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ….. оны … дүгээр сарын ….-ний өдрийн. …. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар П.Бд холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн /регистрийн дугаар ........................./.

Шүүгдэгч Б нь Хөвсгөл аймгийн Асумын 2 дугаар баг Дгэх газраас 2022 оны 8 дугаар сарын үеэр өөрийн гэртээ түлээ бэлтгэх зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр цахилгаан хөрөө ашиглан 4 ширхэг хуурай мод бэлтгэж өөрийн эзэмшлийн 01ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн экологи-эдийн засагт 763,603 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/114 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Актоду овогт Пжийгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, шүүгдэгч Пжийгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч П.Баас 2,290,806 /хоёр сая хоёр зуун ерэн мянга найман зуун зургаа/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:9085084/ Төрийн сангийн дахь 100900013040 тоот дансанд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Прокурорын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг 8 үйлдэхдээ ашигласан П.Бын эзэмшилийн 5,600,000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөгийн үнэлгээтэй 01ХӨА улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгслийг, 4.5276 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай модыг тус тус хурааж үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн 2238003700087 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх өнгийн цахилгаан хөрөө 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Уламбаяр эсэргүүцэлдээ: ...Шийтгэх тогтоолыг 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1 .Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник, тээврийн хэрэгсэл, бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодит аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх тусгай мэдлэг бүхий этгээдийн гаргасан үнэлгээг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ноогдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар заасан бөгөөд мөн зүйлийн      2-т гэмт хэрэгт үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тооцон хурааж байхаар зохицуулсан ба гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан П.Бын эзэмшлийн 5,600,000 төгрөгийн үнэлгээтэй 01ХӨА улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгслийг хураан авч хохирол төлүүлэхээр заасан нь үндэслэлтэй байна. Харин П.Бын хууль бусаар бэлтгэсэн 4,5276 мкуб хэмжээтэй 2,290,806 төгрөгийн үнэлгээ бүхий шинэс төрлийн модыг хураан авч хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж олсоон хөрөнгө, орлогыг, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна” гэж заасан бөгөөд шүүгдэгч П.Бын хууль бусаар бэлтгэсэн 4,5276 мкуб хэмжээтэй мод нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгөнд хамаарах бөгөөд тэрхүү модыг хурааж, гэмт хэргийн улмаас экологи эдийн засагт учруулсан нөхөн төлбөрийг төлүүлэх нь буруу юм .

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:

Анхан шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байна гэсэн заалтыг зөрчсөн байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаарх дүгнэлтэд “...шүүгдэгч П.Бын гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 763,602 төгрөгийн шууд хохирол учирсан нь ...шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4 дэх хэсэгт заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 2,290,806 төгрөгийн хохирол нөхөн төлбөр тооцсон байна, уг хохирол нөхөн төлбөрийг шүүгдэгч П.Б төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул 2,290,806 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгох нь зүйтэй байна” гэж, шүүгдэгчид хүлээлгэх эрүүгинй хариуцлагын талаарх дүгнэлтэд: ... гэмт хэрэг үйлдэж олсон 4,5276 мкуб хэмжээтэй шинэс төрлийн 2,290,806 төгрөгийн үнэлгээ бүхий модыг тус тус хурааж үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг даалгах нь зүйтэй байна гэсэн нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэсэн байна.

Иймд шийтгэх тогтоолын 6 дахь заалтад шүүгдэгч П.Бын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 4,5276 мкуб хэмжээтэй шинэс төрлийн модыг хурааж, улсын орлого болгох, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5,600,000 төгрөгийн үнэлгээ бүхий портер загварын .... ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч үнийн дүнгээс экологи эдийн засагт учруулсан хохирол, нөхөн төлбөр болох 2,290,806 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарах 3,309,194 төгрөгийг улсын орлогод оруулах гэсэн өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэр гаргасан байна гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 73а дугаартай яллах дүгнэлтээр П.Быг Хөвсгөл аймгийн Асумын 2 дугаар багийн нутаг ..............гэх газраас 2022 оны 8 дугаар сарын үеэр өөрийн гэртээ түлээ бэлтгэх зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр цахилгаан хөрөө ашиглан 4 ширхэг хуурай мод бэлтгэж, өөрийн эзэмшлийн .... ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн экологи эдийн засагт 763,603 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба прокуророос гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдээгүй байхад анхан шатны шүүх уг гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь буруу юм.

Өөрөөр хэлбэл Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Быг 4.5276 м3 модыг өөрийн эзэмшлийн .......ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн хэдий ч хуульд заасан “гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” үйлдлийг яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд нарийвчлан заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан “...Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай заана”, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” гэснийг тус тус зөрчсөн гэж үзнэ.

Мөн шүүх гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн үйлдэлд яллах дүгнэлт үйлдээгүй байхад энэ гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтуудад заасан шүүхийн шийдвэр гаргахад шаардагдах ерөнхий шаардлагуудыг зөрчсөн гэж үзэх юм.

Хяналтын прокуророос П.Быг хууль бусаар бэлтгэсэн модыг өөрийн эзэмшлийн 5624ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, яллах дүгнэлт үйлдсэн нь мөн учир дутагдалтай болжээ.

Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрч Н.Тэлмэнгийн мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр тал/-ээс үзэхэд ......ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь П.Бын эзэмшлийн автомашин болох нь нотлогдохгүй байна.

Нөгөөтэйгүүр хэрэгт тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 20 дугаар тал/ авагдсан байх боловч энэхүү баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлэх боломжгүйн дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарт тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Н.Тэлмэн гэж бичигдсэн байна.

Иймд П.Быг өөрийн эзэмшлийн 5624ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр мод тээвэрлэсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, яллах дүгнэлт үйлдсэн нь учир дутагдалтай.

Дээрх зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэнтэй нийцэхгүй байна.

Хөвсгөл аймгийн прокурорын газар болон Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

                                                 ШҮҮГЧИД                                Л.ЭРДЭНЭБАТ 

                                                                                      Н.БАЯРХҮҮ