Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2021/03133

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 29 өдөр

          Дугаар 102/ШШ2021/03133

Улаанбаатар хот

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, шүүгч Б.Азбаяр, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

      

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж:Б , төрийг төлөөлж прокурор Н.М , иргэдийн төлөөлөгч З.А , нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

      

   Нэхэмжлэгч Д.Б , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ч нар нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Нэхэмжлэлээ дэмжиж оролцоно.

          Нэхэмжлэгч эрүүгийн 0 дугаартай хэрэгт холбогдуулан сэжигтэн, яллагдагчаар татагдсан учир таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд бие эрүүл мэндийн болоод сэтгэл санааны хохирол учирсан.

           Ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон учир орлого олоогүй, онц хүнд гэмт хэрэгт буруутгагдсан учир хууль зүйн туслалцаа авах шаардлагатай болж өмгөөлөгч авсан учраас шүүхэд хандаж хөндөгдсөн эрхээ сэргээлгэж гэм хорын хохирол гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

          Нэхэмжлэл гаргахад нотлох баримт хуулбарлуулахад гарсан нотариатын төлбөр 43.300 төгрөг, эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлсэн өмгөөлөгч нарын төлбөр 7.500.000 төгрөг, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан учир 2017 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 0 дугаартай “Мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай” тогтоол гарсан хугацаа хүртэл тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон олох байсан орлогод 17.168.400 төгрөг, хорих ангид 2 жил хагас буюу Шүүгчийн захирамж гартал 906 хоног онц хүнд гэмт хэрэгт буруутгагдан, хоригдсон сэтгэл санааны хохиролд 1 хоногийг 100.000 төгрөгөөр тооцож 90.600.000 төгрөг, цагдан хорих ангийн чийгтэй, хүйтэн нөхцөлөөс шалтгаалан бие муудаж, олон дахин шүүх хуралдаанаас хүнд шийдвэр сонсож бие муудсан учир эмчилгээ хийлгэсэн эрүүл мэндийн зардалд 7.388.400 төгрөг нийт 122.700,.00 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж өгнө үү гэв.

Төрийг төлөөлж прокурор Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

           Нэгдүгээрт: Ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан гэж 17.169.000 төгрөг нэхэмжилсэн.

           Гэтэл нэхэмжлэгч 2008 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хойшлуулшгүйгээр баривчлагдсан байдаг ба түүний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаас харахаар 1995-2004 онуудын хооронд ажил, хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгал төлсөн байдаг.

          Үүнээс хойш ажил, хөдөлмөр эрхлээгүй явсаар 2008 онд баривчлагдаж, 2019 онд шинэ ажилд орсон байдаг.

          Өөрөөр хэлбэл нийт 15 жилийн хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй. Үүнийг ажил, хөдөлмөр эрхлэх бүрэн боломжгүй байсан мэтээр тайлбарлаж, байна. 

           Нэхэмжлэгчид холбогдох эрүүгийн хэргийг анх 2008 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үүсгээд, 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

          Д.Б ын хувьд 2004-2008, 2010-2019 оны хооронд ажил эрхлээгүй. Энэ нь нэхэмжлэгчид тухайн үед ажил, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхол байгаагүй гэж харагдаж байна.

           Тиймээс ажил хөдөлмөр эрхлэх байсан гэж хийсвэр зүйлээс мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй.

          Хоёрдугаарт: Сэтгэл, санааны хохиролд 90.600.000 төгрөг нэхэмжилсэн.

           Гэвч Д.Б гэдэг хүний сэтгэл, санаа хэрхэн яаж хохирсон талаар баримт байхгүй бөгөөд яаж хохироод, түүнтэй холбоотой ямар эмчилгээ хийлгэсэн эсэх талаар нотлох баримт байхгүй учраас хүлээж авах боломжгүй.

           Гуравдугаарт: Өмгөөлөгчийн хөлс нэхэмжилж байгаа. Мөн үүнийг хүлээж авах боломжгүй гэсэн байр суурьтай байна.

          2009 оны 10 дугаар сарын 10-ны өдөр н.М гэх өмгөөлөгчтэй 2.500.000 төгрөг, 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр н.Г өмгөөлөгчтэй 2.000.0000 төгрөг, 2009 оны 03 дугаар сарын 05-ны өдөр н.О өмгөөлөгчтэй 3.000.000 төгрөгийн гэрээ байгуулж, нийт 7.500.000 төгрөг болсон байна.

          Гэхдээ хавтаст хэрэгт цугларсан баримтаас харвал н.Г гэх өмгөөлөгч тухайн хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байсан эсэх нь тодорхойгүй.

          Эрүүгийн хэргийн эхний удаагийн хурлууд дээр зөвхөн н.О өмгөөлөгч оролцсон байдаг.

          Дараагийн удаа дахин шалгуулж нэмэлт ажиллагаа явуулахаар буцаахад н.М өмгөөлөгч явж байсан ба н.Г гэдэг өмгөөлөгч “Хууль зүйн туслалцаа” үзүүлээд явсан талаар баримт хэрэгт байхгүй.

          Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал өмгөөлөгчтэй оролцох албагүй. Өөрөө өөрийгөө өмгөөлөх эрх байсан, заавал өмгөөлөгч авах шаардлагагүй гэж үзэж байна.

          Дараагийн асуудал өвчин олж, хэвтэн эмчлүүлсэн гэж байгаа.

          Гэтэл хэрэгт ямар оноштой, ямар өвчин туссан талаар мэргэжлийн эмчийн гаргасан тайлбар байхгүй, юу нь өвдсөн талаар тодорхойгүй.

         Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

         Түүнчлэн гэм хорын хохирлыг мөрдөгч, прокурор, шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг шаардана гэсэн байдаг.

          Энэ хэрэгт мөрдөгч, прокурор, шүүхийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэсэн нотлох баримт байхгүй.

          Тухайн үед Д.Б гэдэг хүнийг сэжигтнээр татаж ажиллагаа явуулах шаардлага байсан. Тэр ч бүү хэл анхан болон давж заалдах шатны шүүхээс гэм буруутай байна гэж үзээд ялласан.

           Харин Дээд шатны шүүхээс нотлох баримт эргэлзээтэй байна гэсэн үндэслэлээр хэргийг буцаасныг тайлбарлах нь зүйтэй, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Д.Б гэм хорын хохиролд 122.700.100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

         

           Төрийг төлөөлж прокурор нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

           Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 121 дугаартай “Мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай” Прокурорын тогтоолоор “Д.Б , М.Б, Г.Т нарыг яллагдагчаар татсан тогтоол, байцаалтуудыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй.

       

           Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан талуудын тайлбар, бичгийн баримтаас харахад, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0 дугаартай Прокурорын тогтоолд “2008 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 дүгээр давхрын 0 тоот хаалганы гадна талд иргэн П.Х шатны бариулаас хоолойгоо боосон байдалтай нас барсан гэх хэрэг үйлдэгдэж, уг хэрэгт Д.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг, М.Б, Г.Т нарт мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татаж байцаасан ба тэдгээрийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй нөгөө талаар Монгол улсын Их хурлаас Эрүүгийн хуулийг 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шинэчлэн баталж, уг хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан дээрх нэр бүхий яллагдагч нарыг яллагдагчаар татсан тогтоол, байцаалтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн хүчингүй болгох шаардлагатай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.14 дэх заалтыг удирдлага болгоод, Эрүүгийн 0 дугаартай хэрэгт Д.Б , М.Б, Г.Т нарыг яллагдагчаар татсан тогтоол, байцаалтуудыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн нь тогтоогдож байна.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.1 дэх хэсэгт “яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүгдэгч, ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан бол хохирлыг төр хариуцан арилгана” гэж хуульчилжээ.

 

           Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө цуглуулж өгөх үүрэгтэй ба эрх үүргээ хэрэгжүүлэх боломжийг шүүх олгосон боловч хэрэгжүүлээгүй, баримтаар нотлож чадахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас олох ёстой орлого 17.168.400 төгрөг, хүнд шийдвэр сонсож эрүүл мэнд муудаж эмчилгээ хийлгэсний зардал 7.388.400 төгрөг, сэтгэл санааны хохирол 90.600.000 төгрөгнөөс 45.300.000 төгрөг нийт 69.856.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

           Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нотариатын зардал, хууль зүйн туслалцаа авахад төлсөн төлбөр гэрээ, төлбөрийн баримтаар нотлогдож, сэтгэл санаа, цагдан хоригдсон хоногийн хохиролд Д.Б 2008 онд эрүүгийн хэрэгт холбогдож, Шийтгэх тогтоол, Магадлалаар хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцогдон, 12 жилийн хорих ялаар шийтгэгдсэнийг “Прокурорын тогтоол”-оор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр байгаа бөгөөд дээрх үйл баримтаас нэхэмжлэгч 2008-2011 он хүртэл 906 хоног хоригдож, 9 жил сэтгэл санааны хямралтай амьдарч, биеийн эрүүл мэнд сульдаж ядран хохирч, тухайн үед цалин хөлсний орлогогүй байсан болох нь 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн УХТЭ-гийн эмнэлгийн “Эмнэлэгт үзүүлсэн, онош тогтоолгосон, эмчлүүлсэн тухай магадлагаа”, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 0 дугаартай Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын “Хариу мэдэгдэх хуудас”, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон тул 2008 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108.000 төгрөг байсантай уялдуулан, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 хувиар тооцон, сэтгэл санаа, цагдан хоригдсон хоногийн хохиролд 45.300.000 төгрөг+7.500.000 төгрөг /хууль зүйн туслалцааны хөлс/+43.300 төгрөг /нотариатын зардал/=52.843.300 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

     

           Мөн Баянгол дүүргийн иргэд нийтийг төлөөлж шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч З.А шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ “нэхэмжлэгч Д.Б 906 хоногийн турш цагдан хоригдсоноор сэтгэл болон эрүүл мэнд, цаг хугацааны хувьд хохирол амссан учир хохирлын мөнгийг гаргаж өгөх нь зүйтэй” гэх дүгнэлт хуульд нийцнэ байна гэж үзлээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн    115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан төрөөс /Хууль зүйн сайдын  багцаас/ гэм хорын хохиролд 52.843.300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 69.856.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

        

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

        

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.        

        

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Г.АРИУНАА

 

                                 ШҮҮГЧИД                                            Б.АЗБАЯР

 

                                                                                                      Н.ХАНГАЛ