| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/01375/И |
| Дугаар | 320/ШШ2025/00102 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 320/ШШ2025/00102
| 2025 оны 01 сарын 24 өдөр | Дугаар 320/ШШ2025/00102 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **** багт байрлах, Х.А
хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *****оршин суух, Б.А
Нэхэмжлэлийн шаардлага: 1,700,000 (нэг сая долоон зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01375/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.К нь Хуваариа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрт-т хамрагдаж, түүнд 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 9,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зээлийн төлбөрийн 50 хувийг эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн.
Гэтэл Х.К нь зээлийн төлбөрөөс 2,800,000 төгрөгийг төлж, үлдэх 1,700,000 төгрөгийг төлөөгүй байна.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч тус ажиллагаа амжилтгүй болсон.
Иймд Х.К аас 1,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А тус шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Э.А нь Хөвсгөл аймгийн Х.....нэхэмжлэлтэй, хариуцагч Х.К д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ба хариуцагч Х.К нь гэрээний үүргийн гүйцэтгэл болох 1,700,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.А нь Х.К т холбогдуулан 1,700,000 (нэг сая долоон зуун мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.К нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,700,000 (нэг сая долоон зуун мянга) төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х.А нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Х.К аас 1,700,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 42,150 (дөчин хоёр мянга нэг зуун тавь) төгрөгийн тал хувь болох 21,075 (хорин нэгэн мянга далан тав) төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулахаар тогтов.
Хариуцагч Х.К нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х.А нэхэмжлэлтэй, хариуцагч Х.К т холбогдох, 1,700,000 (нэг сая долоон зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.К нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,700,000 (нэг сая долоон зуун мянга) төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х.А нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Х.К аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 21,075 (хорин нэгэн мянга далан тав) төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.К нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ