Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 485

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

            Улсын яллагч П.Нямцэцэг,

            Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан,

Хохирогч Э.Шинэбаяр нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Б.Эт холбогдох 201725030946 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1980 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 29б байрны 155 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Б.Э (РД:0000000000000),

нь 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажилагаа явуулдаг “Гацуурт” хүнсний дэлгүүр дотор худалдагч Э.Шинэбаярыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Б.Э нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна” гэв.

            Б.Эоос мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:-Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Эрүүл явж байсан. Тэр залуугаас юм худалдаж аваад 5.000 төгрөг өгсөн. Задгай мөнгө байгаа хэрнээ байхгүй гээд хэл амаар доромжлоод байснаас маргаан үүссэн. Би тэр залуугийн нүүр орчим нь гараараа 1-2 удаа цохиод зууралдаж байгаад газар хамтдаа унасан. Газар унасан байхад нь дахиад шанаа орчим нь 1-2 удаа дахиж цохьсон гэжээ.

            Хохирогч Э.Шинэбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Шүүгдэгчтэй тохиролцсон” гэв.

Э.Шинэбаяраас мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2 хүн орж ирээд Гацууртын дэлгүүрээс ногоо авчихаад надаас 2 ширхэг алим авъя гээд бүхэл 10.000 төгрөг өгсөн. Мөнгө задлахгүй задгай мөнгөгүй байна гэхэд хамт явсан залуу нь хажуугаар орж ирээд намайг шууд цохиод авсан. Би цохиулснаас болж газар унахад намайг дээрээс дэвсэж газар чирч цохьсон. ... миний нүүрний уруул хэсэгт гараараа цохьсон. Түүнээс болж урд талын шүд хөдөлж уруул хавдсан, газар унасан байхад дээрээс цохьсон…” гэжээ.

Гэрчүүдээс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

1.Б.Баярсайханаас: “...2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Гацуурт дэлгүүрт ачигч хийж байхад Шинэбаяр дэлгүүр дотор эхнэр нөхөр бололтой 2 хүнтэй маргалдаад зогсож байсан. Нөхөр нь болох эрэгтэй үйлчилгээний байгууллага байж чамд яагаад задгай мөнгө байдаггүй юм гэж уурлаад Шинэбаярын нүүрэн тус газар цохьж унагаагаад унасан байхад нь дээрээс нь цохьж чирээд байхаар нь салгасан...” гэжээ.

2.Л.Алтанцэцэгээс: “...гэнэт дуу чимээ гараад байхаар нь харахад тэр залуу Шинэбаярыг цохьж унагаагаад дээрээс нь гараараа цохиод байсан. Тэр үед туслах Баярсайхан ах салгах гээд оролдоход тэр залууг дийлэхгүй байсан...” гэжээ.

Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.4.25-ны ¹5603 тоот дүгнэлтэд:

1.Э.Шинэбаярын биед дээд, доод уруулын дотор салстын язарсан шарх, цус хуралт, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүгсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Б.Э нь 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажилагаа явуулдаг “Гацуурт” хүнсний дэлгүүр дотор худалдагч Э.Шинэбаяртай “үйлчилгээний байгууллага атлаа хариулт задгай төгрөг байхгүй” гэх шалтгаанаар маргалдан түүнийг зодсоноос хохирогчийн биед дээд, доод уруулын дотор салстын язарсан шарх, цус хуралт, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал, хүзүүний зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Шинэбаярын “…Мөнгө задлахгүй задгай мөнгөгүй байна гэхэд хамт явсан залуу нь хажуугаар орж ирээд намайг шууд цохиод авсан. Би цохиулснаас болж газар унахад намайг дээрээс дэвсэж газар чирч цохьсон. ... миний нүүрний уруул хэсэгт гараараа цохьсон. Түүнээс болж урд талын шүд хөдөлж уруул хавдсан, газар унасан байхад дээрээс цохьсон” гэх мэдүүлэг, гэрч Б.Баярсайханы “...Шинэбаяр дэлгүүр дотор эхнэр нөхөр бололтой 2 хүнтэй маргалдаад зогсож байсан. Нөхөр нь болох эрэгтэй үйлчилгээний байгууллага байж чамд яагаад задгай мөнгө байдаггүй юм гэж уурлаад Шинэбаярын нүүрэн тус газар цохьж унагаагаад унасан байхад нь дээрээс нь цохьж чирээд байхаар нь салгасан” гэх мэдүүлэг, гэрч Л.Алтанцэцэгийн “...гэнэт дуу чимээ гараад байхаар нь харахад тэр залуу Шинэбаярыг цохьж унагаагаад дээрээс нь гараараа цохиод байсан. Тэр үед туслах Баярсайхан ах салгах гээд оролдоход тэр залууг дийлэхгүй байсан” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.4.25-ны ¹5603 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Боржигон овогт Б.Эыг бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хохирогч нь хохирлын талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч шүүгдэгчээс шүүх хуралдаан дээр хохирогчид 100.000 төгрөг бэлнээр төлж, 280.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхөө илэрхийлснийг дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овогт Б.Эыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Эын торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 03-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Э нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Шүүгдэгч Б.Эоос хохирогч Э.Шинэбаярт 100.000 (нэг зуун мянга) төгрөг төлсөн ба шүүгдэгчээс 280.000 (хоёр зуун наян мянга) төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор хохирогчид төлөхөө илэрхийлснийг дурдсугай.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 3 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ