Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 00331

 

 

 

 

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00331

 

 

“Д.Э.Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/02961 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Д.Э.Т” ХХК-ийн “Н.С” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээг цуцлах, үлдэх төлбөрт 16 486 697,31 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч С.Нандинцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Самал, нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь “Н.С” ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулан Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Соло молл худалдааны төвийн 5 дугаар давхрын 233 м.кв талбайг 1м.кв-г нь 23.000 төгрөгөөр тооцон түрээслүүлэхээр болсон юм. Мөн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “Нэмэлт гэрээ” байгуулан, 18.2 м.кв талбайг нэмж түрээслүүлэн, 2018 оныг дуустал түрээсийн төлбөр тооцохгүй байхаар тохиролцон, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс тухайн 18.2м.кв талбайг түрээслэхээ больсон. Ингээд 2020 оны 6 дугаар сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөрийг 100 хувь хөнгөлж, 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсийн төлбөр тооцож эхэлсэн. Түрээсийн төлбөр тооцож эхэлсэн хугацаанаас манай байгууллага нь хариуцагч талд 2018 оны 06 дугаар сард 100 хувь, 2018 оны 7, 8 дугаар саруудад 50 хувь, 2018 оны 8-12 дугаар сар хүртэл 80 хувь, 2019 оны 01 дүгээр сард 100 хувь, 2019 оны 02-04 дүгээр саруудад 50 хувь, 2020 оны 5-10 дугаар сар хүртэл 1 м.кв талбайг 15.000 төгрөгөөр тооцох хөнгөлөлтүүдийг тус тус үзүүлсэн. Хариуцагч нь түрээсийн гэрээний 6.1-т заасан түрээсийн төлбөр болон бусад төлбөрийг төлөх үүргээ удаа зөрчсөнтэй холбогдуулан гэрээг цуцлахыг албан ёсоор мэдэгдсэн. Хариуцагч нь түрээсийн төлбөрт нийт 22.728.226 төгрөг төлөхөөс барьцаа болох 5.000.000 төгрөг, “Н.С” ХХК-ийн Монгол зоогийн газраас урьдчилан авсан барьцаа 1.241.529 төгрөгийг тус тус суутган үлдэх 16.486.697 төгрөгийг гаргуулан, түрээсийн гэрээг цуцлаж өгнө үү гэжээ.

            Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Д.Э.Т” ХХК нь манай компанитай 2018 оны 04 сарын 20-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан Соло молл худалдааны төвийн 5 дугаар давхарт 233 м кв талбай түрээслэхээр болсон. Уг талбайг түрээслэхэд түрээсийн төлбөрийг 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс тооцож эхлэхээр болсон бөгөөд 1 м.кв талбайн түрээсийн үнийг 23.000 төгрөгөөр тооцож, 5.359.000 төгрөгөөр түрээслэхээр болсон. Улмаар дараагийн сараас 18 м.кв талбай нэмж түрээсэлсэн бөгөөд нийт түрээсийн талбай 251 м.кв болсон ба төлбөр сарын 5.773.000 төгрөг болсон бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хөнгөлөлт эдэлсэн. Энэхүү хөнгөлөөд байгаа шалтгаан бол агааржуулалт байхгүй, хүн үйлчлүүлэхгүй байсан тул хөнгөлөлт эдэлж байсан. 2019 оны 11 дүгээр сараас 18 м.кв талбайг буцаан хүлээлгэн өгч үндсэн 233 м.кв талбайг түрээслэхээр болсон тул түрээсийн төлбөр сарын 5.359.000 төгрөг болсон . Гэтэл коронна вирус өндөржүүлсэн бэлэн байдалд орсноос ямар ч үйлчилгээ явагдах боломжгүй болсон бөгөөд түрээсийн төлбөрөөс чөлөөлсөн болно. Түрээсийн төлбөр нь нийт 59.057.049 төгрөг бөгөөд үүнээс төлсөн нь 38.233.975 төгрөг бөгөөд үлдэх 20.823.174 төгрөг байна. Түрээслэгч тал барьцаа төлбөрт 5.000.000 төгрөг мөн Монгол зоогийн газраас урьдчилгаа төлбөр 1.950.000 төгрөг нийт 6.950.000 төгрөг авсан бөгөөд одоо үлдэх төлбөр болох 13.873.174 төгрөг төлөх ёстой юм. Мөн менежер н.Энхмаа түрээсийн төлбөр 1.000.000 төгрөгийг Хаан банкны дансаараа авсан тул одоо 12.873.174 төгрөг төлөхөөр байгаа боловч бидний хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Улмаар манай компанийн өмчлөлийн 120 сая төгрөгийн эд зүйлийг төлбөр төлөөгүй гэдэг шалтгаанаар надад мэдэгдэлгүйгээр намайг байлцуулахгүйгээр хураан авсан бөгөөд энэхүү бараа бүтээгдэхүүн дотор хурдан муудах бүтээгдэхүүн хүртэл байсан тул энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргах болно гэжээ.    

Шүүх: Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3, 287 дугаар зүйлийн 287.1, 294 дүгээр зүйлийн 294.1.3, 296 дүгээр зүйлийн 294.2.1-д заасныг баримтлан 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Т-18/16 дугаар “Түрээсийн гэрээ”-г цуцлаж, дуусгавар болгон, хариуцагч “Н.С” ХХК-иас 15.778.226 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Д.Э.Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаасүлдэх 708.471 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Д.Э.Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 240.384 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Н.С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 236.841 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх “Д.Э.Т” ХХК болон “Н.С” ХХК нарын хооронд Эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж буруу дүгнэсэн. 2018 оны 04 сарын 20-ны өдрийн Т-18/16 Түрээсийн гэрээ байгуулж Соло мол буюу 3,4-р хорооллын Emart худалдааны төвийн барилгын 5 давхарт байрлах 233 мкв талбайг хүүхдийн тоглоомын төв ажиллуулах зорилгоор түрээсэлсэн. Гэтэл шүүх тус харилцааг Иргэний хуулийн 287.1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө хөлсөх гэрээ гэж буруу дүгнэсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн. “Н.С” ХХК нь Соло мол дэлгүүрийн 5 давхрын 233 м.кв талбайг хүүхдийн тоглоомын төвийн зориулалтаар түрээслэж байгааг, түүнд зориулан 120 гаран сая төгрөгний тохижилтын ажлыг гүйцэтгэж орсныг хүлээн зөвшөөрч байсан. Мөн хоолны газрын зориулалтаар 65 м.кв талбайг нэмж түрээсэлсэн ба нийт 25 сая төгрөгний тохижилт тоног төхөөрөмж авч байршуулсан байсан. Түрээсийн төлбөр хэтэрхий өндөр байсан ба түрээсийн талбайг биет байдлын доголдолгүй байлгах шаардлагыг биелүүлээгүй. Түрээсийн гэрээний дагуу түрээслүүлэгч нь 9.1.1-д “эрхийн болон биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг түрээслэгчид шилжүүлэн өгөх” үүрэгтэй байсан. Гэвч түрээслэгч “Д.Э.Т” ХХК нь агааржуулалтын систем байхгүй, агаар орох боломжгүй талбайг шилжүүлэн өгснөөс болж хүүхдүүд тэнд тоглох байтугай хүн ажиллахад хүндрэлтэй нөхцөл үүссэн. Үйлчлүүлэгчид орж ирэхгүй төвөгшөөж гардаг байсан. “Ди Эй Ти” ХХК-д тус төвийн түрээслэгч олон аж ахуйн нэгжүүд нийлж агааржуулалтын системыг шийдэж өгөхийг удаа дараа хүссэн боловч гэрээгээр хүлээсэн биет байдлын доголдлыг арилгах арга хэмжээ аваагүй. Мөн анх тус төвийн 5 давхарт хамгийн анх хоосон байхад нь манай компани тоглоомын төв нээсэн ба хүүхдүүд үйлчлүүлэхгүй болохоор нэмж хоолны газар ажиллуулах санал гаргаж 65 м.кв нэмж түрээсэлсэн. Гэвч байдал дээрдээгүй үйлчлүүлэгч цөөхөн байсан. Би чадах чинээгээрээ өөр эх үүсвэр олж, банкнаас зээл авч түрээсийн төлбөрийг төлж байсан. Энэ хугацаанд 38 233 975 төгрөг, менежерт нь 1 000 000 төгрөг нийт 39 233 975 төгрөг төлсөн. Тухайн талбайг зориулалтын дагуу ашиглаж ашиг орлох боломжгүй болж алдагдад орсон. Нэмэгдэж 5 давхарын 10 гаран аж ахуйн нэгж түрээслэгчээр орж ирсэн ба бүгд дампуураад өрөнд ороод эд хөрөнгөө хураалгаад гарсан. Түрээсийн төлбөрийг зах зээлийн бодит байдал, орлого ашиг олох боломж, үйлчилгээ явуулах орчин нөхцлөөр хангаж өгөөгүйгээс бүх аж ахуйн нэгжүүд дампуурч түрээсийн төлбөрөө төлж чадахгүй байсан. Шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, энэ талаар тайлбар баримт гаргах боломжоор хангаж өгөөгүйд гомдолтой байна. Мөн хорио цээрийн нөхцөл байдалд Соло мол хаагдсан, Иргэний хуулийн 319.2 дугаар зүйлд зааснаар болон Засгийн газрын шийдвэрийн дагуу түрээсийн төлбөр тооцоогүй нь зүй ёсны хэрэг юм. Иймд Иргэний хуулийн 318.5, 289.5, 290.5 дугаар зүйл заасны дагуу түрээсийн төлбөрийг бууруулах үндэслэлтэй тул түрээсийн төлбөрийг 50 хувь бууруулж өгнө үү. Засан сайжруулалт болон хураан авсан эд хөрөнгийн үнийг түрээсийн төлбөрт оруулан тооцох тухай түрээсэлсэн талбай дотроос ганц ашиг олох боломжтой хэсэг нь хоолны газар байсан, хоолны газраас олсон орлогоос түрээсээ төлж дуусга, мөн “Д.Э.Т” ХХК нь түрээсийн төлбөрийг дахин хөнгөлж өгнө, хоолны газраа ажиллуул гэж хэлж байсан. Тоглоомын төвийн засварын ажилд 120 000 000 төгрөгний тохижилтын ажил хийсэн ба тус тохижилт нь салгаж үл болох эд хөрөнгүүд юм. Мөн хоолны газарт нийт 25 000 000 төгрөгний тоног төхөөрөмж хоолны материал байсан. Гэвч тоглоомын төвийн түрээсийн төлбөрөө төлөөгүй шалтгаанаар хэвийн төлөлттэй явж байсан хоолны газрыг битүүмжилж хаасан. “Д.Э.Т” ХХК нь хоолны газрын тоног төхөөрөмж хүсний бүтээгдэхүүн зэргийг бүгдийг хурааж өөр түрээслэгчид өгч манай тоног төхөөрөмж бүхий талбайд оруулсан. “Д.Э.Т” ХХК нь манай хоолны газрыг хааж, тоног төхөөрөмжийн хамт зөвшөөрөлгүй хураан авсан нь Иргэний хуулийн 301.2, 186.2-т заасан бусдын аж ахуйн үйл ажиллагааг зогсоохгүй байх хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх үүргээ зөрчсөн буруутай гэж үзэж байна. Иргэний хуулийн 93.3, 93.4 заасны дагуу болон түрээслүүлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, хэтрүүлсэнээс болж түрээслэгчид учирсан хорхирлоос түрээсийн төлбөр засан сайжруулалтын үнийг хасах үндэслэлтэй. Иймд тоног төхөөрөмж, засан сайжруулалтын зардлаа “Д.Э.Т” ХХК-иас нэхэмжлэх, түрээсийн төлбөрөө хасч тооцуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ талаар баримт гаргаж өгөх боломжоор шүүх хангаагүйд гомдолтой байна. Иймд түрээсийн төлбөрт төлсөн 1 000 000 төгрөгийг төлсөнд тооцож, түрээслүүлэгч үүргээ зөрчсөнөөс ашиг олох боломжгүй түрээсийн талбайн өгөөж буурсан тул түрээсийн төлбөрийг 50 хувь буруулж өгнө үү, түрээсийн төлбөрөөс засан сайжруулалтын зардлыг хасч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Д.Э.Т” ХХК нь хариуцагч “Н.С” ХХК-д холбогдуулан гэрээг цуцлах, үлдэх төлбөрт 16 486 697.31 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг эс зөвшөөрч маргажээ.

Талуудын гэрээний тохиролцоо, гэрээний агуулгыг зохигчдын тайлбартай харьцуулан дүгнэвэл тэдгээрийн  хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө хөлслөх гэрээ” байгуулагдсан гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”, 318.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна”  гэж тус тус заасан. Хэрэгт нэхэмжлэгч “Д.Э.Т” ХХК нь уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болох, тухайн обьектыг түрээслэх эрхтэй эсэхийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.

Өөрөөр хэлбэл, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаж байгаа тохиолдолд гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ ач холбогдолтой байна. Шүүх уг түрээсийн гэрээг талууд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх үүрэгтэй байсан эсэхэд дүгнэлт өгөх учиртай. Энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

Нэхэмжлэгч түрээсийн төлбөрийг тооцож шаардахдаа хариуцагчийн төлбөл зохих  төлбөрөөс “... “Н.С” ХХК-ийн Монгол зоогийн газраас урьдчилан авсан барьцаа 1 241 529 төгрөгийг суутгасан...” гэж, хариуцагч татгалзлын үндэслэлдээ нэхэмжлэгч нь “... Монгол зоогийн газраас урьдчилгаа төлбөр 1 950 000 төгрөг авсан...” гэж тайлбарласан. Анхан шатны шүүх хэргийн оролцогчид зөрүүтэй тайлбар гаргасан байхад хангалттай мэтгэлцүүлээгүйгээгээс талуудын хооронд үүссэн түрээсийн гэрээний үүргийн хэмжээг эцэслэн тодорхойлох боломжгүй байна.

Эдгээр нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/02961 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141 175 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

  

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

               

                             ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                    Б.НАРМАНДАХ